| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0103/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 122
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Насанд хүрээгүй хохирогч Б.Ш,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Ч.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018001230106 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 39 настай, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнs 0-10 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Ч.Э,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ч.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, “Оргил” худалдааны төвийн хажуугийн автозамын орчимд насанд хүрээгүй 16 настай Б.Ш машины хаалга чанга хаалаа гэх шалтгаанаар зүүн хацар руу алгадаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Ш “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой 20 цагийн орчим Оргил худалдааны төв орохоор Парк тауны зам дээрээс таксинд суухад арын суудалд нэг эгч байсан. Замаас хүн суугаагүй явсаар Оргил худалдааны төвийн зам дээр машинаас буугаад явж байтал жолооч хөөе гээд цонхоороо орилохоор нь эргэж хараад айн гэсэн чинь машины хаалга хаачихлаа гэхээр нь гайхаад дахиад айн гэсэн чинь тэр ах машинаасаа бууж над руу дөхөн ирээд машины хаалга чанга хаачихлаа гээд миний зүүн талын хацар, чих орчим нэг удаа алгадсан. Тэр үед машин дотор сууж байсан эгч машинаас бууж ирээд яагаад хүүхэд алгадаж байгаа юм бэ? гэсэн чинь нөгөө ах би аяархан алгадсан гээд машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Миний чих дүнгэнэж, толгой өвдөж байна. Би урьд өмнө 2017 оны зун зүүн чихэндээ хэнгэргэн хальсаа нөхүүлэх эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед сонсгол муудаад байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд зүүн чихний хэнгэргэн хальс цоорхой байна гээд эмчилгээ хийлгээд нөхүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Б “...Ш миний төрсөн охин байгаа юм. Миний охин урьд өмнө чихний хэнгэрэг нь цоороод нөхүүлэх эмчилгээ хийлгэсэн байсан. Тэгтэл сая таксины жолооч алгадаад уг хэнгэрэг нь ахиад цоорсон. Бид эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Нийт 90.000 төгрөг болсон. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгт хэвтүүлсэн. 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсний төлбөр 280.000 төгрөгийг мөн нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, “...Эцэг хүний хувьд гомдолтой байна. Бодит учирсан 490,000 төгрөг, дахин хагалгаанд орох 600,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Бид эмнэлэгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаартай “...Б овогтой Ш 2017 оны 08 дугаар сарын 12-нд Хр, сухой мезотимпанит оношоор хэвтэж тимпанопластик хагалгаа хийлгээд 8 хоног эмчлүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 03-нд тулгуурыг авахад нөхөөс бүх ирмэгээр сууж хэнгэрэг бүтэн болсон байсан. 2020 оны 02 дугаар сарын 03-нд Зүүн чих рүүгээ алгадуулсан сонсгол муу, чих шуугина гэсэн өгүүлэмжтэй ирж үзүүлэхэд хэнгэрэг цоорсон, чихний гадна сувагт цусархаг бохир ялгадастай байсан. 02 сарын 06-наас амбулториор 10 хоног эмчилгээ хийлгэсэн боловч цоорхой битүүрээгүй.” гэх тодорхойлолт /хх-ийн 42/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 144 дугаартай “...Б.Ш биед чихний хэнгэргэн хальсны нөхүүлсний дараах цоорлын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Ш биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ч.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Э нь гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд хохирогч Б.Шүрэн-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нартай 1,090,000 төгрөгийг 3 хувааж буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 490,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн байх тул энэ талаар тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ялаар шийтгэж, улирлын чанартай буюу хувиараа барилгын ажил хийдэг байдлыг нь харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Ч.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шүүгдэгч Ч.Э 1,090,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ш түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарт олгож, шүүгдэгч нь хохирогч Б.Ш, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нартай 1,090,000 төгрөгийг 3 хувааж буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 490,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД