| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0102/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 123
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч П.М
Хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Б.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000560070 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газарт салааны захирагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Б.Г,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум Өргөө баг “Жаст ойл” шатахуун түгээх газрын хажууд иргэн П.М эрүүл тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь доод эрүүний хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
П.М “...н.Б, н.И бид гурав н.Б гэрт 21:00 цагийн үед 2,5 литртэй 3 пиво хувааж уучхаад, 23:00 цагийн үед манай найз охинтой уулзахаар явж байтал замын эсрэг талаар явж байсан энэ хоёр ах бид гурвыг хөөе нааш ир гэж дуудаад байсан. Тухайн үед н.Б түрүүлж яваад, н.И нөгөө хоёр ах дээр очиж өндөр улаан куртиктай ахтай цохилцож эхэлсэн, н.Б бид хоёр салгахаар очиход энэ ах баруун гараараа миний эрүүний зүүн тал руу цохиж, намайг тонгойход миний нүүр лүү өшиглөсөн, ...Бид нар н.Б гэрт очиж унтах гэсэн боловч миний эрүү өвдөөд унтаж чадахгүй байсан учир 04:00 цагийн үед эмнэлэгт үзүүлж, маргааш өглөө нь юу болсон талаар эгч нартаа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, ...өмнө гарсан эмчилгээний зардалд 1 сая төгрөг авсан, цаашид гарах зардалд зориулж 1 сая төгрөг өгье гэж байгааг авна” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.А “...1 нь газар унасан байдалтай тэр залууг 1 залуу дээрээс нь цохиж зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч С.И “...манай найз М-ийг улаан куртиктэй 30 гаран насны ах гараараа 1 удаа цохиод хавсарч унагаагаад өшиглөөд байхаар нь бид 2 найзыгаа өмөөрч маргалдаад зодолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч Ш.Ш “...манай найзуудыг зүгээр байхад нь дуудаж ирээд зодсон гэсэн. Манай найз залуу Мөнх-Эрдэнийн эрүү хугарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч М.Б “...нэг эрэгтэй хүүхдийг газар унагаагаад 1 дундаж нуруутай 30 гаран насны залуу өшиглөөд зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Насанд хүрээгүй гэрч Б.Б “...намхан залуу Г нь манай найз М нүүр рүү 1 удаа цохиж унагаад унасан хойно нь нүүр рүү нь 1 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би гүйж очоод Г гэх тэр ахыг салгаж авсан бөгөөд М газраас босож ирээд замын урагшаа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаартай “...П.М биед доод эрүүний хоёрлосон хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуульд зааснаар хууль бус үйлдлээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба шүүгдэгч Б.Г нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг төлж, цаашид гарах эмчилгээний зардалд сайн дураар 1,000,000 төгрөг төлсөн байна. Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хохирогч нь цаашид дээрх хэргийн улмаас эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба уг зардлаас шүүгдэгчээс сайн дураар урьдчилан төлсөн 1,000,000 /нэг сая төгрөг/ хасагдах болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тогтмол орлоготой, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Б.Г-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч Б.Г нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан төлбөрт хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1,000,000 /нэг сая төгрөг/, мөн цаашид гарах эмчилгээний зардалд 1,000,000 /нэг сая төгрөг/ төлсөн, хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД