Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,

Насанд хүрээгүй хохирогч И.Г,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О,

Шүүгдэгч Б.Г, А.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Б.Г, Ц овогт А.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918005700012 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1964 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн селекцийн секторын эрхлэгч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, ............ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б.Г,

 

2. Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн аж ахуйн менежер ажилтай, ам бүл-1, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, ............ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт А.О,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Г, А.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г нь Хөдөө аж ахуйн их сургууль Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн селекцийн секторын эрхлэгч, шүүгдэгч А.От мөн хүрээлэнгийн аж ахуйн менежерийн албан үүрэг тус тус гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам мөрдүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг Мангирт 4 дүгээр гудамж 8 тоот хашаан дотор 12 настай И.Г тус хүрээлэнгийн үр тарианы селекцийн секторын туршилтын талбайгаас гарах гэж явахдаа тус талбайд ажил үүрэг гүйцэтгэж явсан жолооч Л.Л жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн дугуйнд хөлөө дайруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч И.Г “...2019 оны 07 дугаар сард шувуу үргээх ажилд орсон. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 06 цаг 30 минутын үед өглөөний ээлжинд ажиллахаар ирсэн. ...13 цаг хүртэл ажилласан, өдрийн ээлжний хүүхдүүд ирж байсан, бид нар буух гэж байхад Л ах пад буюу трактортойгоо явж байгаад зогсохоор нь 4 хүүхэд хоёр эмэгтэй тэгээд ***** бид дөрөв чиргүүл дээр суугаад явж байгаад А намайг бууя гэхээр нь бид 2 үсэрч буусан, буучхаад дахиж авираад чиргүүл дээр гарах гэж байгаад би дугуйн дор хөлөө оруулж дайруулчихсан. ...жолооч ах урагшаа харсан чигтээ яваад байсан тэгээд цаана очиж зогсоод намайг газарт сууж байхад ирэхээр нь би хөлөө дайруулчихлаа гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33/,

 

Гэрч Л.Л “...эргээд харахад И.Г үсрээд бууж байгаа харагдсан. Тэгээд би цаашаа яваад талбайн захад ирээд зогсоход хүүхдүүд бууж явсан. Тэгтэл цаана ***** суучихсан байхаар явж очиход ...агаа би хөлөө дайруулчихлаа гэхээр нь яахаараа дайруулчихдаг юм гэхэд дугуйн доогуур хөл ороод дайруулчихлаа гэсэн. ...Дарга нар ирж заримдаа үүрэг өгдөг, зааварчилга нэгдсэн журмаар өгч байсан, надад энэ трактортой холбоотой зааварчилга өгч байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/,

 

Гэрч И.Д “...үр тариаг 07 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 20-н хүртэл бор шувуу иддэг, энэ хугацаанд 30-40 хүүхэд ажилласан. Энэ ажлыг насанд хүрсэн хүмүүсээр хийлгэх гэхэд ганц нэг хоног болоод хаяад явчихдаг. Тэр ажил хийгээгүй хүмүүсийн нэр дээр цалин бодоод тэр цалинг хүүхдүүдэд хувааж өгдөг. ***** дарга намайг шувуу үргээх хүүхэд ол гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49/,

 

Гэрч Б.Б “...Л.Л нь нь манай байгууллагын селекцийн секторын талбайн сахиул ажил эрхэлдэг. 2014 оноос одоо хүртэл тасралтгүй ажиллаж байна. ...аж ахуйн менежер О аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан. Тийм болохоор О хариуцна” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 62/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /1-р хх-ийн 16-21/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 685 дугаартай “И.Г биед зүүн тавхайн 2-4 дүгээр шивнүүрийн 3 дугаар үений ил хугарал, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу тракторт дайруулах үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 76-77/,

 

Зам тээврийн осол мөн эсэх талаар дахин бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дүгнолт/ хх-ийн 102-103/,

 

Үйлдвэрлэлийн ослын талаарх шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19/09 дугаартай “...Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 12 настай И.Г гэмтсэн гэж үзэж байна. ...Насанд хүрээгүй 12 настай И.Г шувуу үргээгчийн ажил хөдөлмөр эрхлүүлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.6 дахь “Энэ хуулийн 109.1, 109.3-т зааснаас бусад тохиолдолд насанд хүрээгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтын зөрчиж ажил үүрэг гүйцэтгүүлсэн, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын дагуу зааварчилгаа өгч бүртгэл хөтлөөгүй байна. ...Насанд хүрээгүй хүүхдээр шувуу үргээлгэж байсан ажил нь Селекцийн секторын хамаарах асуудал тул ХААИС-ийн харъяа УГТСЕШХ-ийн захирлын 2011 оны 15 дугаар тушаалаар томилогдсон селекцийн секторын эрхлэгч Б.Г насанд хүрээгүй хүнийг ажиллуулсан гэж үзэх үндэслэлтэй. УГТХүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хамт олны хурлаар хэлэлцэж баталсан ХААИС-ийн харъяа УГТХ-ийн эрдэм шинжилгээний төвийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1-д “...Хөдөлмөрийн хамгааллын инженер хөдөлмөр хамгааллын итгэмжлэгдсэн төлөөлөгч Аж ахуйн менежер хариуцаж ажиллана”, 8.2-т “...нийт ажилтан, ажиллагсдад хөдөлмөр хамгааллын урьдчилсан зааварчилга өгч лаборатори, үйлдвэрлэлийн нэгжүүдийн ажилтнуудад давтан зааварчлага тогтмол өгүүлж, бүртгэл хөтлөж, гарын үсэг зуруулсан байна”, Үр тарианы селекцийн секторын эрхлэгч Б.Г ажлын байрны тодорхойлолтын 5.1-д зааснаар “Аж ахуйн менежер, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг холбогдох хууль, дүрэм, журам, байгууллагын дотоод журмын дагуу хангаж ажиллах” гэж тус тус зааснаар Аж ахуйн менежер А.О, үр тарианы селекцийн секторын эрхлэгч Б.Г нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хангуулан ажиллах ёстой. ...Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д И.Г хийж байсан гэх шувуу үргээгчийн ажил мэргэжил тусгагдаагүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-110/,

 

Үйлдвэрлэлийн ослын талаарх дахин бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05-078/07 дугаартай дүгнэлт /хх-ийн 125-128/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г, А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгжээр торгох ялаар шийтгэх тухай прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г, А.О нар нь хохирогчид 1,225,000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 хуудас бүхий дөрвөлжин шугамтай 1 ширхэг дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б.Г, Ц овогт А.О нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Б.Г, Ц овогт А.О нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, А.О нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 хуудас бүхий дөрвөлжин шугамтай 1 ширхэг дэвтрийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, А.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД