| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0277/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/289 |
| Огноо | 2020-04-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/289
2020 4 01 2020/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0277/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: П.Ганбаатар;
шүүгдэгч: Л.О нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-д холбогдох эрүүгийн 1909043770207 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, компьютер математикийн загварчлал мэргэжилтэй, “Эм Эл Макс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын байрны 5 тоотод оршин суудаг, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны №266 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №174 дугаартай тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцаасныг, шалгалтын ажиллагаа явуулж Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №06 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн Л.О /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Л.О нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Түшигмаад Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О-н өгсөн: “Би Түвшинтөгс гэх бөө хүнээр хааяа нэг засал хийлгэдэг учраас таньдаг байсан. Энэ хүн намайг “Солонгос хүнийг таньдаг гэдэг үүднээс Түшигмаад тусал гэж гуйсны үндсэн дээр эдгээр үйл явдлууд эхэлсэн. Надад Түшигмаа гэх хүүхдийг залилах, хуурч мэхлэх санаа зорилго байгаагүй. Тухайн үед Түшигмаа ямар визний материалаа бүрдүүлж өгснийг нь би мэдэхгүй, өөрөө аваачиж өгсөн байдаг. Надад визний материалаа өгсөн гэдгээ хэлж байсан. Үүний үндсэн дээр би таньдаг хүндээ хэлж, ярьж гуйсан. Гэтэл Элчин сайдын яамнаас татгалзсан хариу өгсөн байсан. Түшигмаагийн ах нь намайг авсан мөнгөө 10.000.000 төгрөг болгож өг гэх шалтгаанаар маргаан үүссэн. Миний хийсэн үйлдэл буруу байсан гэдгийг маш сайн ойлгож байна. Түшигмаагийн хохирлыг зуун хувь төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Г.Түшигмаа нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Л.О-н "Хас" банкны 5001655227 тоот данс руу 5.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 8-9 тал/,
Л.О-н "Хас" банкны 5001655227 дугаартай дансны орлого, зарлагын хуулга /хх-ийн 36-39 тал/,
Хохирогч Г.Түшигмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...би 2019 оны 01 дүгээр сарын эхээр Оюунсайханаар дамжуулж Л.О-той холбогдоход намайг визнийхээ материалыг аваад ир гэсэн. Тэгээд Л.О Зам тээврийн яамны хажууд байх манай ажлын гадаа ирсэн бөгөөд тэр үед анх уулзсан. Тэр үед уулзахаас өмнө утсаар холбогдоход 5.000.000 төгрөг хэрэгтэй, энэ мөнгийг дундын дансанд байршуулаад ажил бүтвэл мөнгийг Л.О авна, бүтэхгүй бол намайг мөнгөө ав гэж хэлж байсан. Тэгээд уулзаад ярилцаж байхад Л.О мөнгийг дундын дансанд байршуулаад хэрэггүй, шууд миний дансанд хийчих, ажил эхлэх гэж байхад хэрүүл хийж яах гэсэн юм, яагаад надад итгэхгүй байгаа юм, би найдвартай гаргаад өгнө, Солонгосын визний хариу их уддаг, чинийхийг хүлээх шаардлага байхгүй, хурдан гаргаж өгнө, би урьд нь олон хүний виз гаргаж өгч байсан гараагүй тохиолдол бараг байхгүй, найдвартай гэж хэлсний дагуу дансаар 5.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Ингээд миний виз гаргаагүй тул Л.О-с мөнгөө нэхэхэд өгөөгүй 3-4 cap болчихсон. Тэгээд Элчинд ажилладаг миний танил Солонгосын дансанд байгаа, тэр хүн одоогоор байхгүй байгаа, ирэхээр нь аваад өгье гэж ярьсан бөгөөд өгөөгүй тул Цагдаагийн байгууллагад хандсан. Л.О нь хамгийн анх 2019 оны 01 дүгээр сард холбогдоход надад Солонгосын виз гаргаж өгдөг гэж хэлж байсан. Анх Л.О-г би Солонгосын элчинд ажилладаг гэж ойлгож байсан, мөнгөө хурдан олж авмаар байна. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр миний дансанд 500.000 төгрөгийг хийсэн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Гэрч Г.Мэндсайханы өгсөн: "...Анхнаасаа Л.О нь ажлын хөлс нь 5.000.000 төгрөг, үүнээс гадна дансанд байршуулах 5.000.000 төгрөг шаардлагатай гэж хэлж байсан. Тэгээд Л.О нь надад виз гаргаж өгдөг найдвартай 1 хүн байгаа гэсэн. Ямар ч байсан визийг чинь гаргуулж өгнө, гээд байхаар нь дүү Түшигмаа 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэж явсаар байгаад 6 cap хүргэсэн бөгөөд утасгүй болсон гээд огт холбоо барьж чадаагүй. Энэ мөнгөнөөс 500.000 төгрөгийг л буцааж шилжүүлсэн. Өөр ямар нэгэн байдлаар мөнгө өгсөн зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч Д.Түвшинтөгсийн өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын орчимд намайг эмнэлэгт хэвтэж байхад Оюунаа эгч над руу залгаад энгийн ярилцаж байгаад Оюунаа эгч надад манай нэг дүүгийн виз гарахгүй байна, гарах гэж олон удаа виз мэдүүлээд гараагүй, уг нь явчих хүсэлтэй байгаад байна, гэхэд нь би хүнээс асуугаад өгөх үү гээд хэлчихсэн юм. Үүний дагуу би Л.Отай утсаар холбогдож асуусан. Л.О тэгэхэд хүнээс асууя боломж байна уу асуугаад буцаад хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа яриад Л.О нь нөгөө хүнтэй чинь уулзаад үзье гэхээр нь би Л.О-д Оюунсайхан эгчийн утасны дугаарыг, Оюунсайхан эгчид Л.О-н дугаарыг өгсөн. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад 5-6 сарын үеэр Түшигмаа гэх хүний ээж яриад Л.О гэдэг хүүхэн чинь виз гаргаж өгөлгүй мөнгө аваад их удлаа, наадах чинь худлаа яриад байгаа юм биш үү гээд ярьсан. Тэгээд би Л.О, Түшигмаагийн ээжтэй холбогдоод 3-уулаа өдөр товлоод уулзсан. Тэгээд тэр 2 эхэндээ их маргаантай байж байгаад сүүлдээ визээ гаргах асуудал дээр тохироод хүлээсэн. Тэрнээс хойш Л.Отай ерөнхийдөө холбоотой байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Яллагдагч Л.О гэрчээр өмгөөлөгчийн хамт мэдүүлэхдээ: "...тэгээд И Дэ Ёон гэх хүнд 4.000.000 төгрөг, өөрөө 1.000.000 төгрөгийг авсан. "...тухайн үед надаас мэдүүлэг авсан мөрдөгч Солонгос Улсын элчинд ажилладаг ямар хүнд мөнгөө өгсөн юм гэж асуухаар нь сандраад Солонгосын Элчинд ажилладаг хүнд өгсөн гээд хэлчихсэн юм. Түүнээс надад үнэндээ Солонгосын Элчинд таньдаг хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Яллагдагч Л.О-н өгсөн: "...их юм бодолгүй дансаа өгөхөд 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ явдлаас хойш 2019 оны 10 дугаар сард виз нь гараагүй. Би 500.000 төгрөгийг буцааж өгсөн, өнөөдөр 4.500.000 төгрөг өгнө..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Хохирогч Г.Түшигмаагийн “хохирлоо бүрэн авсан, гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 83 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Л.О нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Гантүшигийн Түшигмаад Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 5.000.000 /таван сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.О-н Бүгд найрамдах Солонгос улсын Элчин сайдын яамны бүрэн эрхэд хамаарах Монгол Улсын иргэдэд тус улсад зорчих виз олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй ажил, албан тушаал хашдаггүй, өөрт нь ийм эрх огт олгогдоогүй гэдгийг мэдсээр байж иргэн Г.Түшигмаад БНСУ-ын виз найдвартай гаргаж өгнө гэж түүнээс 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Л.О нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Л.О-н хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө төгрөг олж амьдрах, хувьдаа ашиг хонжоо олох гэсэн шунахай зан байдал нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Л.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Түшигмаагийн зүгээс “хохирлоо бүрэн хүлээж авсан, гомдолгүй” гэх хүсэлт хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Л.О-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс Л.О-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Л.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөрөө барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд улсын яллагчаас гаргасан ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.О-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Л.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Л.О-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Л.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР