Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 205

 

Ц.Итгэмжлэхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/00856 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Итгэмжлэхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Найдансүрэнд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 780 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цэрэндолгор

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Итгэмжлэхийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.Итгэмжлэх нь Д.Найдансүрэнтэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Форд маркийн саарал өнгөтэй, 44-89 УБ улсын дугаартай суудлын автомашиныг 40 000 000 төгрөгөөр худалдахаар 2015 оны 6 сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж машинаа Д.Найдансүрэнгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Д.Найдансүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөнгөө төлөхөөр тохиролцсон боловч энэ хугацаанд төлөөгүй. Алдангийг бич гэсэн боловч би итгээд бичээгүй ба мөнгөө төлөхийг шаардсан боловч элдэв шалтаг хэлсээр 11 сарын хугацаа өнгөрсөн. Байр авч зөрүүг төлөхөөр хүсэлт гаргаж байсныг нь нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Д.Найдансүрэн гэрээний үүргийг биелүүлээгүй, 337 хоногийн хугацаа хэтрүүлсэн ба хоног тутам 0.5 хувийн алданги тооцвол 67 400 000 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу 20 000 000 төгрөг болж байгаа ч үндсэн төлбөрөө богино хугацаанд төлбөл үүнийг нэхэмжлэхгүй. Иймд Д.Найдансүрэнгээс 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Эрдэнэбатад миний машиныг барилгын материалаар солилцохоор хэлэлцэх эрх байхгүй. Д.Найдансүрэн нь эхнэртэйгээ хамт ирж миний машиныг үзээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Д.Найдансүрэн надаас машин худалдаж авахын тулд 2 удаа ирж үзээд, өнгийг нь сонгож, үнэ өртөгөө тохирсон. Үүнийг хүсэл зоригийн илэрхийлэл биш гэх үү. Барилгын материал авна гэж ер тохиролцоогүй. Би найзыгаа засварын материал авна гэхэд нь хариуцагчаас авахуулж үнэ 780 000 төгрөгийг нь авсан тул автомашины үлдсэн үнээс 780 000 төгрөгийг хасаж тооцож болно. Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч Д.Найдансүрэнгийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Манай эхнэр н.Хурцэцэг нь "Мон-Арк" ХХК-ийг ажиллуулдаг бөгөөд вакум цонх, хуурай хольцын үйлдвэрлэл эрхэлдэг. Д.Найдансүрэнгийн хүргэн Мандахын хамаатан н.Эрдэнэбат нь 2016 оны 6 сард барилгын материалын талаар асууж сураглаж яваад барилгын вакум цонх хийлгэнэ, хар цагаан замаска, плитаны цавуу нийлүүлээч гэхэд нь "зээлээр бол өгч чадахгүй, бараа материалаар бартердаж болно" гэдгээ хэлэхэд нэг удаа Форд маркийн автомашин байна, бид барилгад бараагаа нийлүүлж машиныхаа мөнгийг өөрсдөө гаргаад авчихна гэхэд нь зөвшөөрсөн. Улмаар машиныг нь очиж үзэхэд 44-89 УБ дугаартай автомашин байсан ба нэр шилжүүлснийхээ дараа аккумлятор хийж асааж авсан болно. Гэтэл н.Эрдэнэбатын барилгад бараа материал нийлүүлэх ажил нь бүтээгүй, өөрсдөө бараа материалаа авалгүй удааширсан.

Уг автомашиныг н.Эрдэнэбатын машин гэж ойлгож байсан боловч Ц.Итгэмжлэх гэдэг хүний машин болохыг сүүлд мэдсэн. Надтай гэрээ хийе гэхэд нь нэгэнт 40 000 000 төгрөгийн бараа материал нийлүүлэх юм чинь гэдэг үүднээс 40 000 000 төгрөгөөр уг автомашиныг худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан. Ц.Итгэмжлэх "бараагаа үйлдвэрийнх нь үнээр нийлүүлээч" гэхэд нь зөвшөөрсөн. Улмаар 2016 оны 7 сард эхлээд дээж авъя гээд бүх материалаас дээж авсан. Гэтэл Ц.Баасанжав гэдэг хүн Амгаланд баригдаж байгаа барилга дээрээ материал авч байгаа, үнийг нь Ц.Итгэмжлэхэд өгнө, бид ярьж тохиролцсон гэсний дагуу 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэг ч төгрөг нэмэлгүй үйлдвэрийн үнээр нь, өөрсдөө тээвэрлэн 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 780 000 төгрөгийн бараа материал авсан. Өөрсдөө бараа материалаа цаг хугацаанд нь аваагүй. Барилгын материал авч бусдад нийлүүлээд автомашины үнээ гаргаад авчихна гэж тохиролцсон нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх бараа нийлүүлсэн баримтуудаар нотлогдож байгаа ба автомашин худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Манайхаас бараа материал авахын тулд автомашинаа арилжаалж байна гэж бодож байсан. Иргэн Ц.Итгэмжлэх өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, бараа материал авах бус, автомашинаа худалдах санаа зорилгоор гэрээг хийсэн байх тул 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан шилжүүлсэн Форд маркийн автомашиныг буцааж, шилжүүлсэн барилгын материалын үнэ болох 780 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан Д.Найдансүрэнгээс 39 220 000 төгрөг гаргуулж Ц.Итгэмжлэхэд олгож, нэхэмжлэгчийн 780 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-ыг баримтлан хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжилсэн 780 000 төгрөг нь үндсэн нэхэмжлэлд суутган тооцогдсоныг дурьдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 354 050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 357 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяагийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Итгэмжлэх нь хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр шүүх хуралд хүрэлцэн ирээгүй. Иргэний хэрэгт өмгөөлөгч Ж.Цэрэндолгортой байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр бүрэн төлөөлөх боломжгүй байтал ИХШХШ тухай хуулийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаах үндэслэлийг зөрчин хэргийг шийдвэрлэсэн.

            ИХШХШ тухай хуулийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Итгэмжлэх нь шүүхэд өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийж болох талаар хэрэгт ямар нэг байдлаар хүсэлт гаргаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэдийгээр хуульд зохигч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болох талаар дээрх хуулийн 100.3-т заасан хэдий ч мэтгэлцэх боломжийг олгоогүй.

                        Хариуцагч Д.Найдансүрэнгийн хувьд тухайн цаг үед барилгын бараа материал
авах юм чинь гэдэг үүднээс машиныг 40 сая төгрөгөөр худалдах, худалдан
авах гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Худалдах, худалдан авах гэрээнд л шүүх ач холбогдол өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тухайн цаг үед Форд маркийн авто машин 40 сая төгрөг байгаагүй, бараа материалаар солио хийж арилжиж байгаа гэдэг үүднээс үнийн дүнг тухайн цаг хугацаанд зөвшөөрсөн учир тухайн үеийн зах зээлийн ханшаар уг авто машин ямар үнэлгээтэй байсан талаар үнэлгээг хийлгэхийг хүсэж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй явдал нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Хэрэгт уг авто машины үнэ төлбөртэй холбоотой ямар ч нотлох баримт байхгүйг харгалзан үзээгүй болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаан бүхий үйл баримтын талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Итгэмжлэх нь хариуцагч Д.Найдансүрэнд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гэрээ байгуулан  нэхэмжлэгч Ц.Итгэмжлэх нь Форд маркийн 44-89 УБ улсын дугаартай автомашиныг хариуцагч Д.Найдансүрэнд 40 000 000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 40 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.   

 

            Нэхэмжлэгч автомашиныг бичиг баримтын хамт хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч автомашины үнэд 780 000 төгрөгийн барилгын материал нэхэмжлэгчид өгч, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа нь зохигчдын тайлбар, хэргийн 19-23 дугаар талд авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч автомашины үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагч тал “автомашиныг 40 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалаар арилжихаар харилцан тохиролцсон” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, автомашины төлбөрийн зарим хэсэг болох 780 000 төгрөгийг эд хөрөнгөөр төлсөн үйл баримт нь арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

            Талуудын байгуулсан гэрээнд нэхэмжлэгч автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч түүний үнэ 40 000 000 төгрөгийг тодорхой хугацааны дотор нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн нь худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байх ба уг хэлцлийг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцох нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.   

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Түүнчлэн хариуцагчийн “нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байхад шүүх нэхэмжлэлийг буцаагаагүй, хэргийг эзгүйд нь шийдвэрлэж, мэтгэлцэх боломж олгоогүй, автомашины зах зээлийн үнийн талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон” гэх гомдол үндэслэл муутай байна. Учир нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цэрэндолгор оролцсон байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсэг заасныг зөрчсөн, хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагчаас гаргасан автомашины үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2016/04360 дугаартай захирамжаар хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэл заан хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/00856 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ 

           

                             ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                         

                                                                                               А.МӨНХЗУЛ