Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 33

 

 

Д.Жанчивт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

          Прокурор Т.Баярмаа /онлайн/

          Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг

         Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлж Г.Урантогос

         Иргэний хариуцагч Ц.Дөлбадрах, Ч.Энхжин

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолтой Д.Жанчивт холбогдох 201616010085 дугаартай эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгч “Говь транс ложистикс” ХХК, иргэний хариуцагч “Үйлсийн зам” ХХК-ийн өмгөөлөгч Б.Нарандолгор нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат, 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Милпорт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 13 дугаар баг, Шинэ хороо 3 дугаар гудамж, 14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашдондогийн Жанчив /регистрийн дугаар: ЙС65030611/

 

          Шүүгдэгч Д.Жанчив нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний шөнө тус аймгийн Баян-Овоо сум, Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замд “Милпорт” ХХК-ийн эзэмшлийн 18-44 УНЦ улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан “Говь транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн жолооч Ч.Энхболдын жолоодож явсан 84-31 УНЦ улсын дугаартай “HOWO” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ч.Энхболдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Д.Жанчивт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Анхан шатны шүүх: Д.Жанчивыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Жанчивын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1-д зааснаар иргэний хариуцагч “Милпорт” ХХК-иас 8.333.333 төгрөгийг, “Гашуунсухайт автозам” ХХК-иас 8.333.333 төгрөгийг, “Үйлсийн зам” ХХК-иас 8.333.333 төгрөгийг тус тус гаргуулан “Говь транс ложистик” ХХК-нд олгож, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Говь транс ложистик” ХХК-ийн нэхэмжилсэн 23.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар чиргүүлтэй холбоотой 12.000.000 төгрөгийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Говь транс ложистик” ХХК-иас 23.400.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, 10-221 тоотод оршин суух Ч.Чулуундалайд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 60.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, ялтан Д.Жанчив нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн 462066 дугаартай Д.Жанчивын жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Жанчивт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч “Говь транс ложистикс” ХХК давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүх манай компанийг үйлдвэрлэлийн осолтой холбогдуулан тухайн эрүүгийн гэмт хэрэгт иргэний хариуцагчаар татаж оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Учир нь манай компани нь гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол буюу гэм хор учруулаагүй бөгөөд харин энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьсан иргэний нэхэмжлэгч юм. 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Милпорт” ХХК-ийн өмчлөлийн 18-44 УНЦ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Д.Жанчив нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Баян овоо сумын нутаг дэвсгэр Гашуун сухайт автозамын Ухаа худгаас урагш 86 км-т зам тээврийн осол гаргаж, манай компанид жолоочоор ажиллаж байсан Ч.Энхболдын амь насыг хохироосон болно.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” хэлнэ гэжээ. Манай компани нь тухайн хэрэгт иргэний нэхэмжпэгчээр оролцож байгаа учир иргэний хариуцагчаас энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох автомашины эвдрэл, гэмтэлтэй холбоотой 37000000 төгрөг мөн үйлдвэрлэлийн ослын улмаас хохирогчид нөхөн төлөх 23400000 төгрөгийг хууль ёсоор хариуцвал зохих этгээдээс нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн юм. Гэвч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Манай компани талийгаачид 23400000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөх тал дээр маргаагүй. Нэгэнт үйлдвэрлэлийн ослын акт гарсан тул нөхөн олговорыг төлнө. Энэ асуудлаар маргаагүй байхад манай компанийг хариуцагч болгон таслан шийдвэрлэх тогтоолд заасан. Улмаар тус компани иргэний нэхэмжлэгч гэдгийг шүүх ойлгосонгүй. Харин уг төлөх нөхөн олговор нь манай компанийн гэм буруугаас шалтгаалаагүй бөгөөд “Милпорт” ХХК-ийн жолоочийн эрүүгийн гэмт хэргийн улмаас жолооч осолдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т заасны дагуу төлөх үүрэг бий болсны улмаас тус компанид үүссэн гэм хор, хохирлыг гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргаж байгааг анхаарч үзсэнгүй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйл, 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм хороо тухайн компаниас нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нөхөн төлбөрийн талаар маргаагүй байтал манай компаниас гаргаж хариуцуулсан атлаа гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид бодит учирсан гэм хорын хохирол нь ажиллах хүчээр хохирсон, эдийн засгийн хохирлын нэг хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийн олговор. Анхан шатны шүүх хохирлыг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Тухайн зам тээврийн осол нь үйлдвэрлэлийн ослын шинжийг агуулж байгаа боловч манай компанийг үйлдвэрлэлийн осол гаргасан гэж үзсэн шинжээчийн дүгнэлт нь оновчтой биш юм. Учир нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актанд үйлдвэрлэлийн осол

 

 

гаргахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл нь эсрэг урсгалаас автомашин ирж мөргөсөн талаар тодорхой бичсэн байдаг. Тухайн актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Батмөнх баталсан. Мөн энэ акттай холбогдон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг мөн л Б.Батмөнх гаргасан байна. Энэ дүгнэлтэнд өөрийн буруугаас үл хамаарах шалтгаанаар осолд өртсөнийг дурьдсан боловч тодохойлолт маягийн актыг үндэслэж гарсан шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Энэ байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Гэмт үйлдлийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-д заасан нөхөн төлбөрийг тухайн ажилтныг ажиллуулж байгаа ажил олгогчийн үүрэг мэт агуулгатай дүгнэлт хийж шийтгэх тогтоолд үүнтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь манай компанид илэрхий хохиролтой, иргэний нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

Ер нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгоогүй, нөхөн төлбөрөө өгч амжаагүй байгаа явдалд үнэлэлт өгч, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон явдал нь гэмт хэрэг үйлдэж гэм хор, хохирол учруулсан этгээдээс хохирлоо нэхэмжлэх боломжгүй болгож байгаад гомдолтой байна. Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтанд өөрчлөлт оруулж, “...иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Говь ложистикс” ХХК-ийн нэхэмжилсэн 23400000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

Иргэний хариуцагч “Үйлсийн зам” ХХК-ийн өмгөөлөгч Б.Нарандолгор давж заалдсан гомдолдоо: Шүүгдэгч Д.Жанчив нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны шөнө Баян-Овоо сум, Могойт багийн нутаг дэвсгэрт Норд бенз маркийн 18-44 УНЦ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж, эсрэг урсгалд орж, өөдөөс ирж явсан И.Энхболдын 84-31 УНЦ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, ослын улмаас Ч.Энхболд нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар тогтоогдсон.

“Гашуун Сухайт авто зам” ХХК, “Үйлсийн зам” ХХК нь осол гарахад гэм буруугүй гэдэг нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны шинжээчийн дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно.

Иймд хохирол болох 8333333 төгрөгийг төлөх үндэсгүй болно гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжингээс гаргасан тайлбартаа: “Говь транс ложистикс" ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

 

 “Гашуун сухайт авто зам" ХХК нь тухайн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай замын засвар арчлалт, менежментийг хариуцан ажиллаж байна. 2016 онд замын засвар арчлалтыг гэрээгээр “Үйлсийн зам” ХХК-д шилжүүлсэн. Гэрээний дагуу “Үйлсийн зам” ХХК тус замын засвар арчлалтыг гүйцэтгэн ажиллаж байгаа болно. “Үйлсийн зам” ХХК болон “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хооронд байгуулсан уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай авто замын 2016 оны засвар арчлалт болон шуурхай бэлэн байдлын ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар “Үйлсийн зам” ХХК нь тус замыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд бэлэн байлгаж, хэрэглэгчдэд техник ашиглалтын болон үйлчилгээний шаардлага хангасан замаар үйлчлэх, Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан нөхцөл болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, нормд заасан нөхцлийн дагуу гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэгтэй.

 “Үйлсийн зам” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 4.1, 12-т зааснаар Ажил гүйцэтгэх явцад аюулгүй ажиллагааг хангаагүй, гүйцэтгэж буй ажилдаа болгоомжгүй, хайнга хандсан, ажлыг чанаргүй гүйцэтгэсэн, холбогдох стандарт журмыг мөрдөөгүйн улмаас замаар явагдах тээвэрлэлт саатсан, захиалагчийн болон гуравдагч этгээдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд учирсан хохирол, зардал \хууль зүйн болон үйл ажиллагааны бусад\-ыг бүрэн хариуцаж, барагдуулахаар заасан байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1-д зааснаар иргэний хариуцагч  “Гашуун сухайт авто зам" ХХК-иас 8333333 төгрөгийг гаргуулан “Говь транс ложистикс" ХХК-д олгож гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бус гэж үзэж байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.

Д.Жанчив нь “Милпорт” ХХК-ийн үндсэн ажилтан бөгөөд тус компанийн тээврийн хэрэгсэлийг жолоодон ачаа тээвэр хийж байхдаа бусдын эд хөрөнгө, амь насанд гэм хор учруулсан тул тус хуулийн заалтаар “Милпорт" ХХК хариуцан арилгах үүрэгтэй. Шинжээчийн дүгнэлтээр тухайн хэрэг нь 18-44 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Жанчивийн буруутай үйлдлээс болж гарсан.

Замын эвдрэл тухайн өдөр гарсныг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хөдөлгөөнт эргүүлээс 15-н цагийн үед мэдээлэл зохицуулалтын ажилтан руу мэдээлсэн. Замын хяналтын инженер тухайн өдөр сүлжээгүй газар ажилтай явж таарснаас орой 19-н цагийн орчимд замын эвдрэлийн талаарх мэдээллийг аваад “Үйлсийн зам” ХХК руу яаралтай засвар арчлалт хийх талаар мэдээлсэн байдаг.

 “Үйлсийн зам” ХХК тухайн өдрөө ямар нэг замын засвар арчлалт хийгээгүй. Тус гэрээний 4.1.28-д заасны дагуу замын бүрэн бүтэн байдлыг хамгаалж, өдөр тутам үзлэг хийж захиалагчийн 24 цагаар ажилладаг мэдээлэл шуурхай зохицуулалтын ажилтанд

 

мэдэгдэх харилцан мэдээлэл солилцох, үйлчилгээний түвшин өндөртэй, техник ашиглалтын шаардлага хангасан зам, замын байгууламжаар хэрэглэгчдэд үйлчлэх үүргээ биелүүлээгүй байна.

“Говь транс ложистикс" ХХК-иас гаргасан давж заалдах гомдлыг анхан шатны шүүхийн шийдвэр холбогдох хуулийн зүйл, заалтын дагуу үндэслэлтэй байх тул хэрэгсэхгүй болгож, “Гашуун сухайт авто зам" ХХК-иас гаргуулах 8333333 төгрөгийг Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.4-т зааснаар ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хор гэж үзэх тохиолдолд “Үйлсийн зам” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шийдвэрлэж өгнө уү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан тайлбартаа: Уг гарсан осол маань замын эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор гарсан, тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүдээс харагдана. Зам тээврийн ослыг анх очсон замын цагдаагийн зохицуулагчийн тавьсан акт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд гарсан байдаг. Энэхүү дүгнэлтүүдээр “Үйлсийн зам” ХХК, Гашуун сухайт зам” ХХК-ийн буруутай, өөрөөр хэлбэл замын эвдрэл гэмтэл, ашиглалт, хамгаалалт, нөхөлт хийгээгүйгээс болж энэ зам тээврийн осол гарсан юм гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Анхан шатны шүүх эдгээр хоёр компаниас тус бүр 8333333 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. “Говь транс ложистикс” ХХК-ийн гаргасан гомдлын хувьд Ч.Энхболд нь энэ компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нь нотлогддог. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр үйлдвэрийн ослоор нас барсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Эдгээр нөхцөл байдлаас харвал Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт зааснаар талийгаачид 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг “Говь транс ложистикс” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь мөн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар гомдол гаргасан байдаг. Миний үйлчлүүлэгч Д.Жанчивт оногдуулсан ял шийтгэл, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн гомдол хэргийн оролцогчдоос гаргаагүй байна. “Говь транс ложистикс” ХХК-ийн гаргасан гомдлыг би ойлгохдоо үйлдвэрийн осол биш гэж маргаж гомдол гаргасан юм болов уу гэж ойлголоо. Тэгэхээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрийн осол мөн байна гэсэн дүгнэлт гаргасныг мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогч нараас үндэслэлгүй биш байна гэсэн гомдол гаргаагүй байдаг. Анхан шатны шүүх хуралд шинжээчийн дүгнэлт дээр маргасан зүйл байдаггүй. Хэрэг шийдэгдсэний дараа шинжээчийн дүгнэлтийн талаар гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “Говь транс ложистикс” ХХК шийтгэх тогтоолын 4 дэх заалтад заагдсан

 

 

нөхөн төлбөрийг үүргийнхээ дагуу төлөх ёстой гэж үзэж байна. Иймээс шийтгэх тогтоолд ямар нэгэн өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэгээс гаргасан тайлбартаа: Миний хэлэх гэж тайлбарыг ерөнхийдөө Баярмаа өмгөөлөгч хэлчихлээ. “Говь транс ложистикс” ХХК энэ хэрэгт нэгэнт иргэний хариуцагчаар татагдан оролцоод ирсэн учраас нөхөн төлбөрийн асуудлыг хариуцах ёстой гэж үзэж байна гэв.  

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Урантогосоос гаргасан тайлбартаа: Шүүгч давж заалдсан гомдлын талаар дэлгэрэнгүй уншиж танилцууллаа. Давхардуулахгүйгээр ганц зүйл нэмж хэлье. Манай компаний зүгээс ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудал нь бодитой учирсан хохирол мөн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах гомдолдоо тодорхой дурьдсан байгаа учраас давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Ц.Дөлбадрахаас гаргасан тайлбартаа: Манай “Гашуун сухайт авто зам” ХХК нь гэрээгээр авто зам эзэмшигч компани юм. Энэ утгаараа “Үйлсийн зам” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээнийхээ дагуу ажиллаж байгаа. Үнэхээр замын буруугаас болсон гэж тогтоогдсон бол яг хариуцах компани нь “Үйлсийн зам” ХХК юм. Авто замын буруугаас болж осол гарсан бол Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч хэрэгжилтэнд нь хяналт тавьж, дүгнэлт гаргах ёстой. Гэтэл тэр дүгнэлтийг гаргуулаагүй. Авто замын бэлэн бус байдлаас болж осол гарсан бол “Үйлсийн зам” ХХК бүрэн хариуцана гэж гэрээн дээр заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр манай компани төлөх үндэслэлгүй болчихоод байгаа юм гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж зөвхөн гомдолд дурдсан үндэслээр бус хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Д.Жанчивт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт ... гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдуулан иргэний нэхэмжлэл

 

гаргах бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх хэргийн хамт хянан шийдвэрлэхээр, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт ...эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан бол хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэл, нөхцөлийг Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар тодорхойлохоор тус тус заасан тул гэм хорыг Иргэний хуульд зааснаар арилгана. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс учирсан гэм хорыг гэм хор учруулсан тал нь тээврийн хэрэгслийг ашиглагчаас гадна эзэмшигч, өмчлөгчийн хэнд нь ч холбогдуулан шаардлага гаргаж болохыг нарийвчлан зохицуулж өгсөн. Иймээс энэ төрлийн гэмт хэргээс учирсан гэм хорыг хэн, хэрхэн хариуцах нь хохирогч буюу иргэний нэхэмжлэгчийн өөрийнх нь шаардлагаас хамаарч байна.

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Жанчиваас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэх нөхцөл  байдал тогтоогдохгүй байхад Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх буруу хэрэглэн Д.Жанчивт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож байгаа тул иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын давж заалдсан гомдлуудад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.2 дахь хэсэг, 317 дугаар зүйлийн 321.1.2 дэх хэсэг, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Жанчивт бусдын батлан даалтанд байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ГЭРЭЛМАА