Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2021/0279

 

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн

Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.1, 75.3, 75.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.5, 47.2-т заасныг тус тус баримтлан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөх хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хараат бус 2 гишүүнийг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөх хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоолыг “Төрийн орон сууцны корпораци” гэдэг төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд 7 гишүүн томилоод албажуулсан. Компанийн тухай хуулийн дагуу 9 гишүүн томилох ёстойгоос хоёрыг нь томилолгүй үлдээсэн эс үйлдэхүй нь захиргааны байгууллагаас хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй орхигдуулсан гэж үзэхэд хүргээд байна. Энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн /47 дугаар зүйлийн 47.3, 47.1.5, 47.2 дахь заалтууд/ хүрээнд илт хууль бус болох тул бүхэлд нь хүчингүй болгуулах эрх зүйн үндэслэлтэй байна.

Гэтэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д төрийн өмчийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байхыг хуульчилсан бөгөөд төрийн захиргааны байгууллага нь хуулиа дагаж мөрдөөгүй үйлдэлтэй шүүгч эвлэрч байгааг зөвшөөрөх боломжгүй юм.

Шүүгчийн зүгээс хуулийн заалтыг баримтлах шаардлагагүй гэсэн хууль, эрх зүйн зөрчилтэй дүгнэлт хийсэнд ихэд харамсахын зэрэгцээ хэрхэвч зөвшөөрч болохгүй гэж үзэж байна.

Аливаа маргааныг шүүгч өөрийн үзэмжээр бус, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, хуулийн зүйл заалтын хүрээнд шийдэж байгаа цагт Монгол Улсын шүүх шударгаар ажиллаж байна гэж ойлгогдоно. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиуд, Компанийн тухай хуулийн зүйл заалт нь нийгмийн бүх харилцаанд эрх тэгш үйлчилж байх зарчим нь 202 дугаар шийдвэрт алдагдсан гэж үзээд түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч дүгнэлт нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөх хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад уг тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн байна.

Улмаар нэхэмжлэгчээс эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хараат бус 2 гишүүнийг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” хэмээн анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Энэхүү хууль бус шийдвэрийн улмаас олон тооны ажилчдыг ажлаас халсан. “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан миний биеийг мөн хууль бусаар ажлаас халж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Хамтын гэрээ байгуулахаас зайлсхийж, хуулийн дагуу эрх ашгаа хамгаалахаар эвлэлдэн нэгдсэн ажилчдын эрх ашгийг илэрхий хохироож, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай болон Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн ... 203 дугаар тогтоол илт хууль бус болж эрх зүйн үйлчлэлгүй болчихвол эрх зүйн үйлчлэлгүй төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрүүд нь цуцлагдаад бас эрх зүйн үйлчлэлгүй болно гэж ойлгож байгаа” гэж тайлбарлан маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5-д ”Энэ хуулийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “... илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хэрхэн, яаж тодорхойлсноос хамаарч шүүхээс түүний хүрээнд шийдвэрлэнэ.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж зааснаас үзэхэд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхыг шаардах бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн уг хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бусд тооцуулахаар маргаж буй актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн, яаж зөрчигдсөн талаар дүгнэлт өгөлгүй, “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Компанийн тухай хууль, дүрэм, журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг томилох чиг үүрэг хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д заасныг заавал баримтлах байсан гэж үзэхээргүй байна” хэмээн буруу дүгнэлт хийсэн байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 203 дугаар тогтоолыг шүүхээс илт хууль бус болохыг тогтоож, хараат бус 2 гишүүнийг ТУЗ-д томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон  тохиолдолд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг уг төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрүүд хүчингүй болж, улмаар нэхэмжлэгч Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болон бусад гишүүдийг ажилд эгүүлэн томилох, Хамтын гэрээ байгуулах зэрэг үр дагавар шууд үүсэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нэхэмжлэл хангагдсанаар сэргэхгүй бөгөөд нэхэмжлэгч Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болон гишүүд хууль бусаар ажлаас халагдсан, хамтын гэрээ байгуулахаас зайлсхийж, эрх ашгаа хамгаалахаар эвлэлдэн нэгдсэн ажилчдын эрх ашгийг хохироож байна гэж үзэж буй тохиолдолд уг асуудлаар маргах эрх нь нээлттэй хэвээр байна.

Нөгөөтэйгүүр Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 62.1.7-д “төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох” гэж, 80 дугаар зүйлийн 80.5-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилсон 203 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороог ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан үндэслэлээр илт хууль бусд тооцох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэл нь уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаас илт хууль бусд тооцох үндэслэлд хамаарахгүй.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...203 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.3, 80 дугаар зүйлийн 80.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.5, 47.2-т заасныг үндэслэн” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Батын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН