Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 464

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 12 дугаар

сарын 14-ний өдөр                                  Дугаар  464                                   Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р багт оршин суух /РД:ЛД57072030/, Боржигон овогтой Содовын Лутбаатарын 

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Лутбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч С.Лутбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1970 онд сургуулиас гарч  “Гайхамшигт” нэгдэлд аав, ээжийн хамт мал малласан. 1975-1978 онд цэрэгт татагдсан. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ мал малласан. Иймд миний 1973-1975 он, 1978-1991 оныг хүртэл “Гайхамшигт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Боржигон овогтой Содовын Лутбаатар нь 1973-1975 он, 1978-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

С.Лутбаатар нь 1973 оны 2 дугаар сараас 1974 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 8 дугаар сараас 1990 оны 8 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 07-р сарын 28-ний 189/15 тоот лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,

 

-гэрч Дожоо  овогт Ичинноровын Очирбат /РД:ЛД64041717/-ын: С.Лутбаатар нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1973 оноос эхлэн малчнаар ажиллаж байгаад 1975-1978 онд цэрэгт яваад 1978 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Манай ах Бийраа гэдэг хүн байсан. Тус нэгдэлд үхэр хариулж байсан хүн. Би тэр ахындаа байнга очдог байсан.

С.Лутбаатар нь үхэр сүрэгтэй, үхэр малладаг хүн байсан. Хавар үнээ нь тугалаад зун болохоор тасаг дээр үнээнүүдээ өгөөд, намар болохоор тухайн сааж байсан үнээнүүдээ суурьт хүргэж өгдөг байсан. Тухайн үед би тасаг дээр үнээнүүдийг нь  С.Лутбаатар ахынд хүргэж өгч байсан мэдүүлэг,

 

-гэрч Сайрий  овогт Сайрийсүрэнгийн Ганхуяг /РД:ЛД57020112/ -ын: С.Лутбаатар нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” 1970 оноос эхлэн малчнаар ажиллаж байгаад 1975-1978 онд бид хамт 3 жилийн хугацаатай цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1978 оноос эхлээд нэгдэл тартал буюу 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үедээ сайн малчин байсан гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд С.Лутбаатарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хүсэлт гаргагч  нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  Боржигон овогтой Содовын Лутбаатар нь 1973 оны 2 дугаар сараас 1974 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 8 дугаар сараас 1990 оны 8 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч  С.Лутбаатар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ