| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0448/и |
| Дугаар | 463 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 463
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 12 дугаар
сарын 14-ний өдөр Дугаар 463 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багт оршин суух /РД:ЛН65111505, утасны дугаар 98811913/, Боржигон овогтой Жигжидийн Алтанцэцэгийн
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 12-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1981-1988 оны дунд хүртэл Мөнххаан сумын “Гайхамшигт нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан. 1988-1994 он хүртэл Бүрэнцогтын нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт үнэн зөв бичигдээгүй, “Гайхамшигт” нэгдэл тарахдаа хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ хайхрамжгүй хандсан зэргээс болсон байх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуулах гэсэн юм. Иймд миний 1981-1990 оныг дуустал ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Боржигон овогтой Жигжидийн Алтанцэцэг нь 1981-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Ж.Алтанцэцэг нь 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2016 оны 11-р сарын 23-ны өдрийн 273/15 тоот лавлагааны хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 5-р сарын 24-ний өдрийн 129/15 тоот лавлагын хуулбар иргэний үнэмлэхний хуулбар,
-гэрч Дожоо овогт Ичинноровын Очирбат /РД:ЛД64041717/-ын: Би Алтанцэцэгийг бага наснаас нь танина. Би Алтанцэцэгийн ах Баатартай найз байсан учраас тэднийхээр байнга орж гардаг байсан. Ж.Алтанцэцэг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” бага насаасаа эхлээд нэгдэл тартал буюу 1990 оныг дуустал малчин буюу туслах малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-гэрч Сайрий овогт Сайрийсүрэнгийн Ганхуяг /РД:ЛД57020112/-ын Ж.Алтанцэцэг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт 1980-1988 он хүртэл туслах малчнаар ажиллаж байгаад 1988 онд хүнтэй суугаад Бүрэнцогтын уурхай буюу Баянтэрэм хоршоололд 1988-1994 он хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан. Ж.Алтанцэцэг нь 5 хүүхэдтэй одоо хүүхдүүд нь тусдаа гарсан. Одоо ганц бие Мөнххаан сумын 3-р багт амьдардаг гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Иймд Ж.Алтанцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж.Алтанцэцэг нь 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ