| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2020/0078/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/89 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/89
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Г.Уянга,
Хохирогч М.Б-,
Шүүгдэгч Ж.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-М-т холбогдох эрүүгийн 1918007970057 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “ ******* " ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж-М-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Ж-М- нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 96 дугаар брак байрны орчим иргэн М.М.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Ж-М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрийн гадаа архи ууж байхад М.М.Б- ах тааралдаж, тамхи байна уу гэхэд нь байхгүй гэж хэлсэн чинь тамхи аваад өг гэсэн. Надад тамхины мөнгө байхгүй гэхэд, аваад өгөөч гэж байна гэж хэлэхэд нь тийм зүйл байхгүй шүү гэж хэлээд түлхээд, нэг удаа цохичхоод би яваад өгсөн. Би найзуудтайгаа уулзаад, цагийн дараа гэртээ ирэхэд хохирогч манай гэрт очиж намайг асууж, гэртээ ганцаараа байсан эхийг минь айлгаж, ичээсэн байсан. Намайг миний гар хөлийг гэмтээчихлээ гэж хэлсэн учир би оны өмнө шүүгдэгчтэй уулзахад, надтай уулзчих, баяр болох гэж байна, чамайг цагдаад хэлэхгүй ээ, гомдол саналгүй гэсэн. Би хохирогчид байгаа нь 100,000 төгрөг байна гэж хэлээд өгсөн. Тэрнээс хойш намайг цагдаад өгсөн байсны цагдаагаас намайг дуудахад би мэдсэн” гэв.
Хохирогч М.М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ж.Ж-М- согтуу байсан. Надаас гал байна уу гэж асуухаар нь тамхиа өгчих би асаагаад өгье гэж хэлэхэд намайг шууд цохиж унагаагаад зодсон. Би шүүгдэгчид зодуулчихаад гэртээ харьж хоночихоод, маргааш өглөө нь цай уух гэхэд ууж чадахгүй байсан. Шүүгдэгч Ж.Ж-М-тай 3 хоногийн дараа уулзаж, ийм зүйл болсон гэж хэлэхэд тантай цалин мөнгө буухаар уулзана гэж хэлчихээд алга болчихсон. 12 сард нэг удаа уулзахад надад 100,000 төгрөг өгөхөд нь би Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгнө, тэр үед надад мөнгөний тусламж үзүүлээрэй гэж хэлэхэд за гэж хэлчихээд ор сураггүй алга болчихсон. Одоо миний хөлөөс судас авч гарт суулгах эмчилгээ хийнэ гэсэн, би сая уушгины хатгаа авч, эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн” гэв.
Эрүүгийн 1918007970057 дугаартай хэргээс:
Гэрч Р.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим миний хүү М.Б- гаднаас зүүн гараа сойгоод барьсан байдалтай, хувцас хунар нь шороо болсон, нүүр нь хүнд зодуулсан орж ирээд миний зүүн гар, давсаг, бөөр өвдөөд байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би М.Б-ыг ор руу оруулж хэвтүүлээд тухайн үедээ за за эрэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдэж, зодолдохыг алийг тэр гэхэв гэж бодоод цагдаа, эмнэлэгийн байгууллагад дуудлага өгөөгүй юм. Ингээд маргаашнаас нь М.Б-ын зүүн гар нь тэр чигтээ хөхөрч хавдаад эхэлсэн бөгөөд өдөр ирэх тусам хавдар нь буусан бөгөөд М.Б-ын зүүн гар нь жижигрээд хатаад эхэлсэн. Тэгэхээр нь би М.Б-ыг дагуулаад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн чинь 13А маягт бичиж өгөөд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Улаанбаатар явах зардлын мөнгөгүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр явж шинжилгээ өгсөн. Тэгэхэд шинжилгээний хариу нь шууны мэдрэлийн эмгэгшил гэсэн хариу гарсан” гэх мэдүүлэг /хх 64/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт
1.3.М.М.Б-ын биед шууны мэдрэлийн эмгэгшил тогтоогдлоо
2.Дээрх эмгэгшил нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй цохих, өшиглөх, дэвсэх үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх 20-21/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 03/,
Шүүгдэгч Ж.Ж-М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 33-38/,
Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх 53/, reflex мэдрэлийн эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх 54/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Ж-М- нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 96 дугаар брак байрны орчим иргэн М.М.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ж-М- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Ж.Ж-М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Ж-М- нь хохирол төлбөрт 100.000 төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй байна.
Хохирогч М.М.Б- нь шүүхийн хэлэлцүүлгийн үед эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн ба холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байгаа нь иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Хохирогч М.М.Б-ын эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс шалтгаалах тул цаашид гарах хагалгааны зардал, эм эмчилгээ, замын зардлыг урьдчилан тооцох боломжгүй тул тухай бүр нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт эрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж-М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Ж-М-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-М-т оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ялыг долоон сарын хугацаанд сар бүр 142 857,8 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М.Б-ын 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь хохирогч М.М.Б-од 1 00 000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж-М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ