Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/113

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч:  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Т.Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2018001570110 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.Т.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг “ ******* ” ХХК-ны байранд иргэн Н.Н.Л-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Т.Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Т.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг******* ХХК-ны байранд хохирогч Н.Н.Л-г “машины буфер хагалсан” гэж маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Т.Т.Б-гийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018001570110 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

            Хохирогч Н.Н.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Б- будааны өрөөнөөс гарахдаа намайг мөрөөрөө түлхээд гараад явсан. Би тэгэхээр нь чи яагаад байгаа юм бэ пизда минь гэсэн чинь өөдөөс маргалдаад доош буугаад барилцаж авсан. Тэгээд барилцсанаасаа болж нааш цааш түлхэлцэж байх үед шалан дээр байсан цахилгааны кабел далдалсан модон хаалтанд өсгий нь тээглээд ард байсан жижиг цонхыг тохой юм уу мөрөөрөө хагалчих шиг болсон. Бид хоёрыг салгах гээд Х- зогсоод салгаж гэж зууралдаж бйайсан. Намайг Г- хажуу талаас баруун гарыг цээжин хэсэгтэй тэврээд барьчихсан байсан. Ингээд бид хоёрыг зууралдсан байхад тэр хочр салгах үед Т.Б- миний нүүр рүү 2 удаа цохиж зүүн нүдний доор болон, зүүн хацар, уруулны дээр цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх 8/,

            Гэрч И.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 02 сарын 12-ны орой 18 цагийн үед ажлынхаа будааны операторынхаа өрөөнд хамт ажилладаг Х-ын хамтаар сууж байхад гаднаас манай үйлдвэрийн жолооч нар болох Н.Л-, Т.Б- нар маргалдаад ороод ирсэн. ...тэгээд Н.Л-, Т.Б- хоёр маргалдаж заамдалцсан байхдаа нааш цаашаа түлхэлцсэн бөгөөд Н.Л- Т.Б-г заамдсан гараараа түлхэхэд Т.Б- хойшоо болохдоо толгойн ар хэсэг нь өрөөний цонхны жижиг дөрвөлжин цонхыг хагалчихсан. Би Н.Л-г хойноос салгах гээд татсан ингэж салгаж байх үед Т.Б- нь Н.Л-гийн нүүр рүү 2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх 12/,

            Гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Б-, Н.Л- нар маргалдаж нэг нэгнийгээ заамдаж аваад түлхсэн. Т.Б- пааранд тээглээд хойшоо болохдоо операторын өрөөний жижиг цонхонд толгойн дагз хэсэг нь цохигдож улмаар тухайн шил хагарсан. Тэгээд Н.Л- түүнийг эргүүлж татаад тонгорох гэсэн чинь Т.Б- унаагүй ээ. Тэгээд би дундуур нь орж салгасан. Ингэж салгах үед Т.Б- Н.Л-гийн нүүр рүү гараараа 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 13/,

            Гэрч Д.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ажил дээр нь очоод түүнтэй уулзахад зүүн талын нүдний доор 2 см орчим хөндлөн язарсан шархтай байсан бөгөөд тэр шархнаас нь цус гарсан байдалтай байсан. Мөн зүүн хацар дээр болон уруул орчимдоо шархтай байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад хамт ажилладаг******* гэдэг залуу намайг гуфер хагалсан гээд байхаар нь би хагалаагүй гэдгээ хэлэхэд надтай маргалдаад ийм юм болчихлоо гэж ярьж байсан.с” гэх мэдүүлэг /хх 15/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Н.Н.Л-гийн биед тархи доргилт, зүүн хацрын болон дээд уруулын салстын язарсан шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрний цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Н.Н.Л-гийн биед илэрсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Н.Н.Л-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх 18-19/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,

Хохирогч Н.Н.Л-гийн яаралтай тусламжийн хуудас /хх 20-21/,

Шүүгдэгч Т.Т.Б-гийн ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34-41/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Т.Т.Б-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогч зүй бус харьцаа нөлөөлсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Б-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг таван сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанад биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ