| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2020/0114/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/119 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/119
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагч: Г.Уянга,
Шүүгдэгч Н.Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 2018000070088 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “ ******* ” ХХК-д дугуй засварчин ажилтай, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Д-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Н.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө******* тоот хашаанд иргэн Э.Э.У-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Н.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө******* тоот хашаанд хохирогч Э.Э.У-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Н.Д-гийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018000070088 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч Э.Э.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим гэрээсээ гараад Б.-тэй машинд нь суугаад Б.О-- Б.-гийн машиныг бариад бид гурав М.-гийн гэрт очиж М.-д аваад дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Хараа архи аваад А--гийн гэрийн гадна очоод А--г дуудаад М.-, А--, Б.- бид 4 авсан архиа хувааж уугаад дахиад нэг шил 0.75 литрийн Хараа архи аваад А--гийнд орж хувааж ууцгаасан. Тэгээд бид гараад М.-г хүргэж өгөөд гэр рүү нь А-- бид хоёр оруулж өгсөн. М.- гэртээ оронгуутаа 2 дүүдээ А-- яагаачгүй, Э.У-э ах намайг зодсон, зодоодох гэсэн чинь М.-гийн бага дүү нь ирээд нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон чинь ээж нь салгаад намайг хаалгаар түлхэж гаргаад тэгээд би гадаа гараад юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр сэрсэн.” гэх мэдүүлэг /хх 11/,
Насанд хүрээгүй гэрч Н.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний шөнө гэртээ ээж, ах, дүү нарынхаа хамтаар унтаж байсан. Тэгэхэд манай хамгийн том ах болох М.- шал согтуу байдалтай найзууд болох А--, Э.У-э нартай хамт гэрт ороод ирсэн. Тэгснээ хоорондоо маргалдаад байхаар нь би босоод хувцасаа өмсөхөд Н.Д- ах ч босоод хувцсаа өмссөн Э.У-э ах намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж барьж аваад зууралдаад ноцолдсон. Тэгэхэд удалгүй Н.Д- ах гэрээс орилж гарч ирээд Э.У-э ахыг цохиод байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх 17/,
Гэрч Н.М.-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим А--, Б.-, Э.У-э бид 4 А--гийн гадаа 0.75 литртэй 2 шил Экс хувааж уусан. Тэгээд намайг Э.У-э, А-- нар оруулж өгөхөөр нь би гэрт ороод Э.У-э ахаа та яагаад намайг цохиж байгаа юм бэ? гээд маргалдсан чинь манай бага дүү******* ирээд Э.У-этэй маргалдсан. Гадаа гараад Э.У-э ахыг******* цохисон чинь А--г Н.Д- цохисон. Би нэлээн согтуу байсан болохоор яг хэдэн удаа яаж цохисон гэдгийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх 18/,
Гэрч Г.Б.-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.-гийн хашааных нь хаалгыг онгойлгуулаад ороход Э.У-э газар уначихсан М.-гийн дунд талын дүү 1 метр урттай мод барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч Г.А--гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гадаа гарсан чинь Э.У-э доошоо хараад хэвтчихсэн, Н.Д- надад найзыгаа аваад зайл гэж хэлсэн. Тэгээд би Э.У-ийг босгоод эмнэлэг рүү авч явсан. Тэр үед Б.-, түүний дүү Болороо 2 гадаа машинтай хүлээгээд байж байсан” гэх мэдүүлэг /хх 23/,
Шинжээч эмч Д.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Э.У-ийн биед учирсан тархи доргилт дангаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн духны баруун хэсгийн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин нүүрний зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх 25/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Э.Э.У-ий биед тархи доргилт, духны баруун хэсгийн шарх, нүүрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Э.Э.У-ий биед илэрсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.Э.Э.У-ий биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”” /хх 27-28/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,
Хохирогч Э.Э.У-ий яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /хх 29-30, 60-69/,
Шүүгдэгч Н.Н.Д-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа /хх 42-50/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.Н.Д-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Д-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг таван сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанад биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ