| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2016/00206/И |
| Дугаар | 0251 |
| Огноо | 2016-02-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 0251
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, Мангиртын 1-р хэсэг 1-р гудамжны 03 тоотод оршин суух Тайж Баян-Очирын Өлзийбуян /РД: ОО-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р баг, төв хэсэг гудамж, 47 тоотод оршин суух Ихмонгол Цэрэннадмидийн Наранбаатар /РД: МФ0/-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 10 сая төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг 2016 оны 10-р сарын 28-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Өлзийбуян, хариуцагч Ц.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Өлзийнбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…: Би анх 2005 онд энэ хүнтэй танилцаж байсан. 2006 онд хүүхэдтэй болсон. 2007 оноос хамтдаа амьдраад, 2008 оноос хашаа байшин авсан. Хашаа байшин анх авахдаа банкнаас зээл аваад авсан. Тэгээд бид хоёр 2008 оны 11 дүгээр сард хуримаа хийх болсон. Хурим хийх гэж байхад банкны мөнгө нэхэгдээд аав, ээжээсээ хуримын бэлгээ урьдчилж авсан. Тэгээд 2 000 000 төгрөгөөс, 1 600 000 төгрөгийг урьдчилж авсан. Үлдэгдэл мөнгийг нь ээж, аав хоёр бид хоёрт хуримаар авчирч өгсөн. Нэг ёсондоо хашаа байшингийн мөнгийг манай аав, ээж хуримын бэлэг гэж өгсөн. 2009 онд би оюутан болсон. Эхний жил 1 дүгээр курсд би хадмындаа байсан. Хоёрдугаар курсдээ жилийн чөлөө авсан. Тэгээд сурч байгаад дахиад жилийн чөлөө аваад сурч чадаагүй. Тэгээд саяханаас үргэлжлүүлэн сурч байгаа. Хоёрдугаар курсээсээ би байр түрээслээд сурч байсан. Хүүхэд, нөхөртэйгөө байдаг байсан. Намайг маш их харддаг байсан. Салах шалтгаан нь хардалт байсан. Албан ёсоор 2013 онд салсан. Байнга зоддог байсан. Цагдаа, шүүхээр их явсан. Хүүхдээ би энэ хүнд өгөхгүй, өөрөө өсгөнө. Гэрлэлтээ цуцлуулаад, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хашаа байшинг манай аав, ээж хоёр авч өгсөн тул, би мөнгийг нь хариуцагчаас гаргуулж авна. Хашаа байшин анх аваад ордероо гаргуулж авахдаа Наранбаатар ганц бие гээд өөрийн нэр дээр ордерийг нь гаргуулж авсан. Тэгээд 10 000 000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөнөөс би аваагүй... Хүүхэд Наранбаатарын хүүхэд мөн, би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эцэг тогтоох шинжилгээ хийлгэе гээд хариуцагчид хэлэхэд хариуцагч хариу тайлбар, хүсэлт гаргаагүй... Хашаа байшинг манай аав, ээж 2008 оны 11 дүгээр сард авч өгсөн... бид 2006 онд хүүхэд гараад нэг гэрт орсон... Хашаа байшин зарагдаад 3 жил болж байна... 10 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа. Эхэлж хашаа байшин авахдаа банкнаас зээл аваад авсан. 11 сард зээл нь нэхэгдсэн. Тэгээд би 11 дүгээр сард хурим болох гээд банкны мөнгө нэхэгдээд байхаар нь аав руу утасдаад урьдчилаад 600 000 төгрөгийг нь банкинд хийгээд өгөөч гээд банкинд өгсөн. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь хуримаараа өгсөн... 2012 онд Наранбаатар ногоо тарих гээд авсан зээл... Яг хэдэн төгрөгний зээл авсныг сайн санахгүй байна. 3 000 000 төгрөг авсан байх... Байшинг 2013 онд зарсан. Хашаа байшингаа зараад банкны мөнгөө хийгээд үлдэгдэл мөнгийг нь хүүтэйгээ гурвуулаа хувааж авна гээд энэ хүн өгөөгүй... 4 000 000 төгрөгийг банкинд хийхийг зөвшөөрсөн юм... Би зээлээ харин мартсан байна. Наранбаатар эхний нэг жилийн сургалтын төлбөрийг хийсэн. 2009 онд 590 000 төгрөгийг сургалтын төлбөрт өгсөн... 2013 онд байр түрээсэлж байхад манай ах түрээсийг нь төлж байсан. 2013 ондоо энэ хүн ирж буцан байдаг байсан. Би 2013 онд төлбөр аваагүй. Байрны түрээсийн мөнгө гэж аваагүй.. 2013 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч байгаа... Би энэ хүний ярьсныг эсэргүүцэж байна. Манайх долоо хоногт дор хаяж хоёр удаа эмнэлэг дээр хонодог байсан. Энэ хүн хүлээн зөвшөөрдөггүй байсан. Энэ хүнд учирлаад хэлэхэд чиний явалддаг хүмүүс чинь хаана байна гээд доромжилдог байсан... Салаад 3 жил болоход нэг л удаа уулзсан байх... Ер нь уудаг байсан. 2013 онд их хэмжээгээр уудаг болсон. Нэг хэсэг архинаас гараад, эргээд уудаг болсон... Архи уугаагүй үедээ энгийн байдаг... 2013 оноос өмнө бид хоёр хамт амьдарч байхдаа энэ хүн Номгоноос жижиг тэрэг авна гээд мөнгө нь дутаад, манай ахаас 1 000 000 төгрөг аваад машин авч байсан. Тэр мөнгөө буцааж өгөөгүй. 2013 онд хашаа байшин зарсан сургийг нь гаргаад дүү нь нэхсээр байгаад тэр мөнгөө авсан... Би 6 000 000 төгрөг гаргуулах болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй... хамгийн гол нь энэ хүүхдийн эцэг гэдэг утгаар нь хариуцлага хүлээх ёстой гээд нэхэмжлэл гаргасан. 2013 оны 09 дүгээр сард би ээжтэйгээ хамт байр түрээслэдэг байсан. Ээж элэгний хорт хавдартай байсан. 10 дугаар сард 39 дүгээр байранд орсон. Тухайн үед ээж Наранбаатарыг дуудаад та хоёр эвлэр гээд бид хоёрыг эвлэрүүлэх гээд үзсэн. Ээжийг байхгүй байхад нь ирээд намайг зодсон. Тэгээд ээж 11 дүгээр сард нь бурхан болсон. Тэгээд би энэ хүнээс салсан. Тэр жилээ би сургуульдаа сураагүй. Хүүхэдтэйгээ хамт байр түрээслээд байсан. 2014 онд би сургуульдаа үргэлжлүүлэн сураад хүүхдээ хотод эгч дээрээ аваачиж өгсөн. Тэр хооронд Наранбаатар манай эгчийнд очоод би хүүхдэдээ мөнгө өгөх гэсэн юм. Гэрт чинь очих гэхээр аав, ээж чинь зөвшөөрөхгүй байна. Хүүдээ мөнгө өгөх гэсэн юм. Гараад ир гээд 10 дугаар ангийн охиныг дуудаж гаргаж ирээд буудалд оруулаад 2 найзтайгаа хамт хүчингийн хэрэг үйлдсэн... гэв.
Хариуцагч Ц.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн ярьсан бүх зүйл үнэн. Хашаа байшинг сүүлд зараад, нэхэмжлэгчийн төрсөн ах Эрхэмбаярт 1 000 000 төгрөг өгсөн. Би хардсан шалтгаан бол Өлзийбуян гэдэг хүнээс өөрөөс нь болсон. Энэ хүн амьдралаа дээшлүүлье гээд Анагаах ухааны их сургуулийн Амарбаясгалан гэх хүнд 300 000 төгрөг өгөөд арын хаалгаар оюутан болсон. Тэгээд хотод байх хугацаандаа Амарбаясгалан гэх багштай явалдаж эхэлсэн. Би гайгүй болох байх гээд хараад байсан. Тэгээд байр түрээслэх хугацаанд байрны хүмүүс надад хэлдэг байсан. Танай хүн хүүхдээ хаяад хонуудаар яваад байна гэж хэлдэг байсан. Би утсаар нь ярихад утсаа авдаггүй байсан. Тэгээд хардалт үүсээд би архи уугаад, архинд орсон. Дарханд олон жил би байр хөлсөлсөн. Энэ хүний хоол хүнс, унааны мөнгийг би өгдөг байсан. Сүүлд Дарханы 16 давхарт байр түрээслэдэг байсан. Салах шалтгаан нь тухайн үед байрны хүмүүс нь эхнэр чинь хоёр гурван хүмүүстэй архи уугаад яваад байна. Хүүхдийн чинь хичээл муудлаа гээд хэлдэг байсан. Би ах, эгчид нь энэ хүнийг удаа дараа хэлдэг байсан. Танай дүү чинь гадуур тэнээд байна. Өөр хүмүүстэй яваад байна гэж хэлдэг байсан. Би Анагаахын хүмүүсээс асуусан. Сардаа нэг хоёр удаа л ээлжинд хонодог байсан. Энэ хүн өнжөөд гадуур хонодог. Гадуур хонохдоо эмнэлэгт ээлжинд хонолоо гэж хэлдэг байсан. Тэгээд би шаналаад, архи дарсанд орсон. Би энэ хүнээс салахгүй гэж их хичээсэн. Байгаа айлаас нь над руу утасддаг байсан. Танай эхнэр хоосон байшинд хүмүүстэй архидаад байна гэж хэлдэг байсан. Манай эхнэртэй нийлдэг хэдэн оюутан байдаг байсан. Тэр хүмүүс бас салах шалтгаануудын маань нэг болсон. Энэ хүнийг уруу татдаг байсан. Тайлбартаа намайг хүнтэй суугаад явсан тул, энэ хүнтэй амьдрах боломжгүй болсон гээд бичсэн байсан. Би хүнтэй суугаагүй. Тухайн үед би жаахан муу машин авсан байсан. 4 000 000 төгрөгийн зээл банкинд төлөх ёстой байсан. Тэр өрөө байшин зарсан мөнгөнөөсөө дарсан. Үлдэгдэл мөнгийг нь бэлэн авсан. Үнэнбаатар гэх хүнээс 6 000 000 төгрөг авсан. Тэр мөнгөнөөс хоёр тугалтай үхэр бас авсан. Би энэ хүнээс салаад сэтгэл санаагаар унаад бүгдийг нь зараад архи уусан. Би 1 000 000 төгрөгийг нь нэхэмжлэгчийн ахад өгсөн. Би энэ хүнтэй анх танилцахад энэ хүн жирэмсэн байсан. Би жирэмсэн байхад нь энэ хүнийг авч суусан. Анх танилцаад сар гаруй болоход гэдэс нь томорсон байсан. Би энэ хүнээс салахгүйг их хичээсэн. Энэ хүүхэд чиний хүүхэд биш. Би чамаас сална гээд байнга дарамталдаг байсан. Би цалингаас цалингийн хооронд байр түрээслээд амьдардаг тул, энэ хүний нэхэмжлээд байгаа 10 000 000 төгрөгийг өгөх боломжгүй. Би өөрийнхөө эрүүл мэнд, амьдралаа бодоод архинаас гараад жил гаруй болж байгаа... Би энэ хүний ахаас нь 1 000 000 төгрөг авсан. Тэгээд би хашаа байшин зарсан мөнгөнөөсөө өгсөн нь үнэн... Баясгалан багштай явсныг чинь ээж гэрчилнэ. Анхаа бас мэдэж байгаа. Чамайг усанд орж байхад чинь чамд ирсэн мэссэжийг чинь уншсан байна лээ. Энэ хүүхэд миний хүүхэд биш. Шинжээч томилуулмаар байна. Би энэ хүүхэдтэй 2, 3 жил хамт амьдарсан тул, их дассан. Тэгээд уулзъя гээд уулзаж чаддаггүй байсан. Би бага хэмжээний цалин авдаг. Түүнийгээ байрны түрээсэндээ өгдөг байсан. Би шинжээч томилуулалгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 6 000 000 төгрөгийг нь өгөхгүйгээр хүүхдийн тэтгэлгээ төлөөд явмаар байна... Би 6 000 000 төгрөг төлөх боломжгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах ч хэцүү байна... Хэрэв шинжээч томилуулж, хүүхдийн эцэг мөн эсэхээ тогтоолгох нь тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөхөд нөлөөлөхгүй юм бол шинжээч томилуулах шаардлагагүй. Би энэ хүсэлтээсээ татгалзаж байна... хүүхэддээ хувцас авч өгсөн. Байрны мөнгийг нь тэр мөнгөнөөс хийсэн. Тэгээд байшин зарсан мөнгөөрөө үхэр аваад, үхэрээ зараад сэтгэл санаагаар унаад архи уусан... хашаа байшинг хадам аав авч өгсөн нь үнэн... хашаа байшинг 2 000 000 төгрөгөөр авсан нь үнэн... Би 6 000 000 төгрөгийг нь төлөх боломж байхгүй. Би бага цалин авдаг. Цалингаа байрны түрээсэнд өгдөг. Надад энэ мөнгийг төлөх боломж байхгүй. Хүүхдэдээ харин ойр зуурын хувцас, хоол хүнсний мөнгө өгч байя... Байрны мөнгийг нь тэр мөнгөнөөс хийдэг байсан... Тухайн үед хүчиндээгүй. Мөнгө өгөөд явуулсан. Нөгөө талаас гомдол гаргаад, шинжилгээ өгсөн байдаг. Цагдаад шалгагдаад асуудал гараагүй... Хавар гэртээ ирэхгүй болохоор нь уур хүрээд зодсон...” гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Өлзийбуян нь гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох,10 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ц.Наранбаатар нь гэр бүл цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэгийн талаар маргах зүйлгүй, харин 10 000 000 төгрөгийг төлөх боломжгүй гэж мэтгэлцэв.
Зохигчид 2005 онд танилцаж, 2006 оны 12-р сарын 04-ний өдөр гэр бүл болж /хх-2/, 2006 оны 09-р сарын 16-ны өдөр хүү Н.Ганбаатар /хх-5/ төрж, эрүүл өсөж байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оны 11 сараас хойш тусдаа амьдарцгааж байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй, нэхэмжлэгч нь өөр гэр бүлтэй болсон байх тул 2006 оны 12-р сарын 04-ний өдрийн 182 дугаартай гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Хариуцагч Ц.Наранбаатар нь хүү Н.Ганбаатарын асрамжийн талаар маргаангүй бөгөөд Н.Ганбаатар нь эх Б.Өлзийбуянгийн асрамжид байх хүсэлтэй талаар тайлбар өгсөн байна. Иймд 2006 оны 12-р сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.Ганбаатарыг эх Б.Өлзийбуянгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Н.Ганбаатарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Наранбаатараар тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа байшин зарсан 10 000 000 төгрөгийн талаар маргасан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг 2008 онд хурим хийхдээ 2 000 000 төгрөгөөр аваад, 2013 оны 11-р сард 10 000 000 төгрөгөөр зарсан талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч манай аав, ээжийн өгсөн 2 000 000 төгрөгөөр хашаа байшин авсан тул өсгөж зарсан 10 000 000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэж тайлбарлаж байна.
Зохигчид нь 2006 оны 01-р сарын 10-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ /хх-7/ бүртгүүлсэн бөгөөд зохигчдын тайлбарлаж байгаар 2011 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч хариуцагч Ц.Наранбаатарын нэр дээр бүртгэлтэй байж байгаад 2013 оны 11-р сард 10 000 000 төгрөгөөр зарагдсан байна. Зохигчид хамтран амьдарч байх үедээ гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан 3 сая гаран төгрөгийн зээл, зээлийн хүү төлбөрт 4 000 000 төгрөг төлсөн болохыг хариуцагч Ц.Наранбаатар тайлбарлаж байгааг нэхэмжлэгч “...4 000 000 төгрөг банкинд төлснийг мартсан байна...” гэж зөвшөөрч байна. Иймд 10 000 000 төгрөгөөс гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан зээлийн төлбөрт 4 000 000 төгрөгийг банкинд төлсөн байна гэж үзлээ.
Үлдэгдэл 6 000 000 төгрөг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна. Хариуцагч нь уг 6 000 000 төгрөгийг Б.Өлзийбуянгийн сургалтын төлбөр, Дарханд амьдрах байрны хөлс зэрэгт өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтгүй, гэр бүлийн хэрэгцээнд зориулснаа нотолж чадахгүй байна.
Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болох 6 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчид 2 000 000 төгрөг, хүү Н.Ганбаатарт 2 000 000 төгрөг, бүгд 4 000 000 төгрөгийг олгож, илүү нэхэмжилсэн 6 000 000 /Ц.Наранбаатарт оногдох 2 000 000+ зээлд төлсөн 4 000 000 / төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийбуянгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, 10 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөг, нийт 245 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наранбаатараас 195 648 төгрөг гаргуулан 149 000 / гэрлэлт цуцалсны 70 200 төгрөг+ 4 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78 950 төгрөг/ төгрөгийг Б.Өлзийбуянд олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46 496 төгрөгийг Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Ц.Наранбаатар нь энэ хүүхэд миний хүүхэд биш шинжээчээр дүгнэлт гаргуулна гэж байсан боловч энэ хүсэлтээсээ татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар Тайж Баян-Очирын Өлзийбуян /ОО85092561/, Ихмонгол Цэрэннадмидийн Наранбаатар /РД: МФ82042232/ нарын 2006 оны 12-р сарын 04-ний өдрийн 182 дугаартай гэрлэлтийг цуцалж, 2006 оны 09-р сарын 16-ны өдөр төрсөн хүү Н.Ганбаатарыг эх Б.Өлзийбуянгийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Н.Ганбаатарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Наранбаатараар тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэний бүртгэлийн тасагт, энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хүргүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зориулахыг эх Б.Өлзийбуянд мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Наранбаатараас 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийбуянд 2 000 000 төгрөг, хүү Н.Ганбаатарт 2 000 000 төгрөг олгож, үлдэх 6 000 000 /зургаан сая/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийбуянгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, 10 000 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөг, нийт 245 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наранбаатараас 195 648 төгрөг гаргуулан 149 000 / гэрлэлт цуцалсны 70 200 төгрөг, 4 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78 950 төгрөг/ төгрөгийг Б.Өлзийбуянд олгож, 46 496 төгрөгийг Төрийн сангийн орлогод оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авахыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийбуян, хариуцагч Ц.Наранбаатар нар болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАРАНТУЯА