| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2020/0121/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/129 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/129
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Ж.Ж.Б-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-эд холбогдох эрүүгийн 2018000690091 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.Б-э
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Ж.Б-э нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг “ОК” зочид буудалд Э.Э.У-ыг пивоны шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Ж.Б-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 2018000690091 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Э.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 сарын 13-ны орой найз Э-, С-, Э-, Э-Б нарын хамт Э-ийн байранд засвар хийсэн. Тэгээд байрны засвар хийж байхдаа тавуулаа 1 шил архи аваад хуваагаад ууцгаасан. Тэгээд тэндээсээ гараад Ок баар руу бөөнөөрөө явсан. Бааранд ороод 0.75 л шилтэй архи уусан бөгөөд манай ширээн дээр нэг эмэгтэй ирээд Э-той юм яриад байсан тэр эмэгтэй 4, 5 залуутай хамт явж байсан. Бид нар нэг их юм бодоогүй тэгсэн хамт явж байгаа залуучуудын нэг нь бололтой одоо нэрийг нь сайн мэддэг болсон Ж.Б-э гэх залуу ирээд тэр эмэгтэйг өргөөд аваад явах гэхэд тэр эмэгтэй дургүйцээд байхаар нь яагаад байгаа юм бэ? зүгээр байгаач ээ гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу чамд хамаагүй гээд уурлаад бид хоёр 00-д орж маргалдсан, бас заамдалцсан тэр үед 00-д хамгаалагч залуу орж ирээд бид хоёрыг болиулаад 00-с гарсан. Тэгээд 00-ын гадаа би барментэй юм яриад зогсож байхад надтай маргалдсан гэх залуу гэнэт гарч ирээд пивоны шилээр миний толгой хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг /хх 8/,
Гэрч М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай найз Э.У- текний хажууд нүүр ам нь битүү цус болчихсон энэ залуу намайг архины шилээр цохичихлоо гээд нөгөө Э-ийн танил хүүхэнтэй хамт явсан гэх 40 гаран насны залууг зааж байсан. Тэр залуу нь хажууханд нь хараад зогсож байсан. Тэгээд намайг яваад очиход Э.Э.У- нөгөө залуутай хэрэлдээд байсан. Чи нуугдаж байгаад намайг архины шилээр цохьчихлоо гээд байсан. Тэгээд Э.Э.У- цагдаа дуудчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч С.С-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ОО-д бие засчихаад Э-ийн хувцсыг аваад гартал Э-, Э- бид хоёрыг машинд сууж бай гэж хэлээд үлдээгээд өөрөө буцаж дотогшоо ороод Э.У-, Э-Б хоёрыг авч ирэхээр явсан. Удаад байхаар нь би Э-ийг машинд үлдээгээд Э-ын араас ортол Э- баарны дотор талд хаалган дээр нь наад Э.У- чинь толгойгоо хагалуулчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэн толгойг хагалчихваа гэж асуухад текний хажууд зогсож байсан шар нэхий дээлтэй махлаг танихгүй залууг заасан” гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч Т.Э-Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баар хаах болоод байж байтал баарны хамгаалагч хүрч ирээд танай нэг найз 00-ын өрөөнд цохиулчихлаа гэж хэлэхээр нь гүйгээд очтол 00-ын өрөөнөөс Э.У- гарч ирж таарсан бөгөөд тэр ширээн дээр сууж байсан залуу намайг архины шилээр цохичихлоо гэж хэлээд махлагдуу бор залууг заасан” гэх мэдүүлэг /хх 19/,
Гэрч Л.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Б-э надад ярихдаа наад залуу чинь өрөөнд намайг өмсөж байсан хувцсаар боогоод гэж ярьж байсан. Энэ үед Ж.Б-этэй маргасан залуу өөр ширээн дээр очиж суусан. Гэтэл нэг мэдсэн Ж.Б-э нөгөө танихгүй залуу хоёр коридорт очоод дахиж хэрэлдээд Ж.Б-э нөгөө танихгүй залуугийн толгойд пивоны шилээр цохиж хагалсан” /хх 20/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт
1.4.Э.Э.У-ын биед духанд шарх, зүүн нүдний зовхи, хацар, хүзүүнд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 28-29/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 05/,
Шүүгдэгч Ж.Ж.Б-ийн хаан банкны дансны хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43-45/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Ж.Б-э нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн нутаг дэвсгэр орших “ОК” зочид буудалд Э.Э.У-ыг толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ж.Б-э нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Ж.Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Э.У- нь эм тариа, эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөрөө барагдуулж авсан. Ажилгүй байсан хугацааны цалин 1.000.000 төгрөг нэхэмжилснээс 2020 оны 03 сарын 03-ны өдөр 250.000 төгрөг, 2020 оны 03 сарын 30-нд 250.000 төгрөг нийт 500.000 төгрөгийг хохирогчийн ХААН банкны 5047166240 дансанд шилжүүлсэн байна, үлдэх 500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.Б-эд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг дөрвөн сарын хугацаанд сар бүр 112.500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.Б-э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хохирогч Э.Э.У-т эмчилгээний зардал 210.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Э.У-ын ажилгүй байсан хугацааны цалингийн үлдэх 500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ