Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 34

 

 

                                                     Ж.Амгаланжаргалан нарт холбогдох

                 эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Н.Ундрах

          Шүүгдэгч Ж.Амгаланжаргалан, Ж.Азбаяр, Д.Энхболд, Ц.Ууганзул

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат

          Хохирогч О.Нэргүймаа

          Хохирогчийн төлөөлөгч Б.Отгончимэг

         Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан Ж.Амгаланжаргалан, түүний өмгөөлөгч Б.Энхбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Амгаланжаргалан нарт холбогдох 201516000185 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Ж.Амгаланжаргалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас баруун урагш 60 км зайд байрлах Поошик гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Л.Отгонтөгс, Б.Ганзориг, Ж.Мягмаржав нарын бие эрх чөлөөнд халдаж, улмаар заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Ж.Мягмаржавын нуруун тус газарт заазуураар зүсч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт,

Ж.Амгаланжаргалан, Ж.Азбаяр, Д.Энхболд нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Ч.Шинэбаярын гэрт насанд хүрээгүй О.Нэргүймааг биеэ хамгаалж чадахгүй байдлын далимдуулан хурьцал үйлдэн хүчиндсэн гэмт хэрэгт,

Ж.Амгаланжаргалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд насанд хүрээгүй О.Нэргүймаад бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэгт,

Ж.Азбаяр нь 2015 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд О.Нэргүймааг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хурьцал үйлдсэн гэмт хэрэгт,

Д.Энхболд нь 2015 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд О.Нэргүймааг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хурьцал үйлдсэн гэмт хэрэгт, 

Ц.Ууганзул нь хохирогч О.Нэргүймааг бусдад хүчиндүүлсэн гэх хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр байцаалт өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Ж.Амгаланжаргаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, Ж.Азбаяр, Д.Энхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, Ц.Ууганзулд Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Азбаяр, Д.Энхболд нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Амгаланжаргаланг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсэг хэрэглэн танхайрсан, бүлэглэн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, өөрийн биед бэлгийн замын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэн насанд хүрээгүй хүнд бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Азбаяр, Д.Энхболд нарыг хохирогчийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдэх гэм буруутайд, шүүгдэгч Ц.Ууганзулыг мөрдөн байцаалтад гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Амгаланжаргаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Азбаярт 3 /гурав/ жилийн хорих ял, шүүгдэгч Д.Энхболдод 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ууганзулд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Амгаланжаргаланд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, Ж.Амгаланжаргалангийн биечлэн эдлэх хорих ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Амгаланжаргалангийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ж.Азбаяр, Д.Энхболд, Ц.Ууганзул нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирол төлбөргүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхэг, цагаан саарал өнгийн цамц 1 ширхэг, “TL jeans” жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн энгэр хэсэгтээ бөөрөнхий хээтэй ноосон цамц 1 ширхэг, “VEVANVI” гэсэн бичигтэй жинсэн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн футболк 1 ширхэг, цэхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч О.Нэргүймаа нь шүүгдэгч нараас 880000 төгрөг хохирол төлбөрт авсан болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Азбаяр, Д.Энхболд, Ц.Ууганзул нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, Ж.Азбаярыг 2 /хоёр/ жил, Д.Энхболдыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар, Ц.Ууганзулыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Амгаланжаргалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 126 дугаар зүйлийн 126.2 дугаар зүйл ангиудаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай дээрх тогтоолыг мөрдөн байцаалт,  шүүхийн хэлэлцүүлэг  явуулахад хэт нэг талыг барьсан, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь анх 2015 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Ж.Амгаланжаргалан нь танхайрсан гэх улсын яллагчийн саналыг хэлэлцээд 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 25 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүний мөн өдрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн 25 дугаартай шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэлэлцээд тухайн тогтоол нь үндэслэлийн хувьд тодорхой бус бичигдсэн байна гэсэн дүгнэлт хийж тогтоолыг хүчингүй болгосон. Гэвч энэ нь Ж.Амгаланжаргалангийн үйлдлийг заавал Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэж анхан шатны шүүхэд тулгасан агуулгагүй юм.

Мөн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш Ж.Амгаланжаргалангийн танхайрсан гэх үйлдэлд холбогдох нэмэлт нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад тухайн бүрэлдэхүүн дахин хэлэлцээд түүний үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж үзэх нь шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэх явцад хэт нэг талыг буюу шүүгдэгчийг яллах талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй юм. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд  заасан танхайрах гэмт хэргийг бусад гэмт хэргээс ялгаж зүйлчлэх талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд бусдын амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь танхайрах гэмт хэргээс урьдаас зорьж бэлтгэсэн, өөрийн хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог шинжээрээ ялгарах тухай тусгасан. Тухайн тохиолдолд шүүгдэгч нь хохирогчийг айлгах зорилгоор хутга хэрэглэн гэмтэл учруулсан боловч хөнгөн гэмтэл учруулсан даруйдаа зугтаасан тухай хохирогч, гэрч нар мэдүүлсэн байдаг. Үүнд үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах боломжтой байсан.

Шийтгэх тогтоолын 17 дугаар нүүрэнд  хохирогч, Ж.Амгаланжаргалан болон түүний эхнэрийг 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр тэмбүү өвчтэй байсан гэх мэдүүлэг,  2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаартай Ж.Амгаланжаргалан нь тэмбүү өвчтэй гэх дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 202 дугаартай “О.Нэргүймаа нь бэлгийн замын тэмбүү өвчтэй байна” гэх дүгнэлт, 14 дэх нүүрэнд Ж.Азбаяр болон Д.Энхболд, Ч.Шинэбаяр нарын мэдүүлгэд үндэслэн Ч.Шинэбаяртай бүлэглэн хохирогчийг хүчиндсэн гэж дүгнэсэн тухайгаа тайлбарласан байна. Гэтэл Ж.Азбаяр, Д.Энхболд нар нь мөрдөн байцаалтын явцад удаа дараа тайлбар, мэдүүлгийн агуулгаа өөрчилж байсан боловч шүүх зөвхөн шүүх хуралдаанд болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд нь үндэслэн агуулгын зөрүүг нь тодруулалгүйгээр зөвхөн Ж.Амгаланжаргаланг хохирогчийг хүчиндсэн гэх агуулгатай үгийг үндэслэл болгосон.

Мөн Ч.Шинэбаяр гэгчийн мэдүүлэг нь миний үйлчлүүлэгчийг яллах талын гол баримт болоод байна. Гэвч тэрээр эрүүл мэндийн болон сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, өгсөн мэдүүлэг тайлбарыг нь шүүхэд нотлох баримтаар үнэлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байхад түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлсэн. Чухам яагаад Ч.Шинэбаяр нь хэрэг хариуцах чадваргүй болох талаар, түүний мэдүүлэг нь нотолгооны чадвартай эсэхэд шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэг миний үйлчлүүлэгч Ж.Амгаланжаргалан нь хэзээ бэлгийн замын өвчний учир эмнэлгийн байгууллагад хандсан, ямар эмчилгээ хийлгэж байсан тухай тайлбар мэдүүлэг, дүгнэлт авагдсан байна. Гэвч хохирогч бэлгийн замын өвчин хэзээ авсан байж болох, урьд өмнө нь энэ өвчний учир эмнэлгийн байгууллагад хандаж байсан эсэхийг тодорхойлоогүй. Зөвхөн урьд өмнө нь бэлгийн замын өвчин тусч байгаагүй гэх хохирогчийн мэдүүлгээр энэ асуултыг хаасан байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Хэрвээ урьд өмнө нь бэлгийн замын өвчин тусч байсан, 2016 оны 02 дугаар сарын 18-наас хойшхи шинжээчийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд бусадтай бэлгийн харьцаанд орсон тохиолдол байлаа гэж үзэхэд хохирогч энэ тухайгаа өөрөө хэзээ ч мэдүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ тохиолдолд харьяа эмнэлэгийн байгууллагад хандаж баримтад үзлэг хийснээр эргэлзээг арилгах боломжтой байсан. Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн шүүхийн хэлэлцүүлэг  явуулахад хэт нэг талыг барьсан, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Өсөхбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 Давж заалдах шатны шүүхэд улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:

Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн /хх-101/ шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолд б/. Уг гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна вэ, в/. Л.Мөнхбаатарын биед учирсан гэмтэл нь түүний эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх вэ, г/. Уг гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэсэн асуултуудад хариулт авахаар тусгасан байхад нь шинжээч эмч С.Шүрцэцэг нь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа дээрх асуултад хариулт өгөөгүй нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.2 дахь хэсгийн бие махбодид учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлыг тогтоох шинжилгээ хийж заавал тогтоох, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг хийж, дүгнэлт гаргах зэрэг  шинжээчид үүрэг болгосон хуулийн заалтуудыг биелүүлээгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт .Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт тангараг өргөсөн хүний их эмч нэрийн тэмдэг хэрэглэнэ, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна гэж зөвшөөрөл бүхий эмнэлгийн байгууллага, мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстойг хуульчилжээ.

 Гэтэл шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон хэргийн 90 дугаар хуудсанд байгаа Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн компьютерт томографийн шинжилгээ, дүгнэлт бичсэн эмч Б.Энхмаа гэж бичигдсэн бичиг нь ямар нэг тамга тэмдэггүй, хуулбар хувь байх тул түүнийг хуулийн шаардлагыг хангасан эрх бүхий этгээдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийг нотолсон нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 158, 159 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар болон шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх гэж ялгаатай зохицуулалтыг тусгажээ.  

Гэтэл мөрдөн байцаагч Г.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн /хх-20/, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн /хх-101/ шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 159 дүгээр зүйлийг буюу шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх заалтыг удирдлага болгож гаргажээ. Хуулийн мөн зүйл, хэсэгт шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална гэсэн байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 158 дугаар зүйлд заасан Шүүхийн шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэхээр тогтоолынхоо 1 дүгээр заалтаар үүрэг болгосон байгааг томилогдсон шинжээч, хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45  дугаар зүйлийн 45.7 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.4 хэсэгт зааснаар гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасан. Гэрч Б.Чулуунчимэг нь  /хх-80/ гэмт хэрэгт холбогдсон Б.Өсөхбаярыг өөрийн нөхрийн төрсөн дүү гэж мэдүүлсэн мэдүүлгийн тэмдэглэлээр тэд хоорондоо эцэг, эх, үр хүүхэд гэх этгээдэд хамаарахгүй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно гэж тайлбарласан. Хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, Б.Өсөхбаярын сэжигтэн, яллагдагчаар байцаагдсан байцаалтын тэмдэглэл /хх-27,31/ зэргээр Б.Чулуунчимэг, Б.Өсөхбаяр нар хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүн болох нь нотлогдохгүй байна. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45  дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар Б.Чулуунчимэг нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй этгээд байна. Гэтэл мөрдөн байцаагч хуулийг буруу хэрэглэн Б.Чулуунчимэгээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлох ажиллагааг хийгээгүй гэж үзэхээр болжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн шинжээчийн дүгнэлтээр түүнчлэн нотолбол зохих асуудлыг нотлоогүй мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжгүй байна.

Иймд шүүгчийн захирамжинд дурдсан ажиллагаануудаас гадна магадлалд дурдсан ажиллагааг нэмж гүйцэтгэх шаардлагатай байх тул прокурор Х.Ариунжаргалын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйл, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 261 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Өсөхбаярт урьд авсан Б.Тунгалаг, Б.Цагаан-охин нарын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ГЭРЭЛМАА