Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0299

 

     

“З” ЗБН-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Н.Хонинхүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, хариуцагч А.Ц, Б.Д нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “З” ЗБН-ийн гомдолтой, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Б.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн /2003/ 3 дугаар зүйлийн 3.1, 15 дугаар зүйлийн 15.1.12, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасныг тус тус баримтлан “З” ЗБН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... “З” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь 2019 онд гүйцэтгэсэн хавдар, цусан хавдар, дотрын халдварт хордлого, колибактериоз, боом, галзуу өвчний вакцинжуулалтын ажлын хөлс 13485400 төгрөгийг авахаар мал эмнэлгийн улсын байцаагчийн хянан баталгаажуулсан тарилгын акт, материалыг Буянт сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн.

Гэтэл Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас вакцинжуулалтын ажлын хөлс 11930600 төгрөгийг “З” ЗБН-д өгсөн. Үлдэгдэл вакцинжуулалтын ажлын хөлсөө одоог хүртэл авч чадаагүй.

Ийм байхад хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Цэцэгсүрэн, аудитор Б.Должинжав нар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр актаар “З” ЗБН-аар 2840000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй.

“З” ЗБН 2019 оны орон нутгийн төсвөөс санхүүжих вакцинжуулалтын ажлын хөлсийг хавдар, цусан хавдар, дотрын халдварт хордлого, колибактериоз, боом, галзуу зэрэг 6 нэр төрлийн өвчнөөр тооцохоор байхад анхан шатны шүүх хавдар, цусан хавдар, дотрын халдварт хордлого, колибактериоз зэрэг 4 нэр төрлийн өвчнөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Боом, галзуугийн вакцинжуулалтын ажлыг хөлсийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.

Захиргааны байгууллагуудын ажлын уялдаа, холбоо мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг чухам ямар эх үүсвэрээс санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч хариуцахгүй.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 73, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоолуудаар малын булчин, арьсан доор хийх тарилгын ажлын хөлсийг бод толгой тутам 400, бог толгой тутамд 300 төгрөг байхаар баталсан.

Уг тогтоолоор баталсан тарифын дагуу вакцинжуулалтын ажлын хөлсийг тооцон олгохоор Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга нараас “З” ЗБН-тай гуравласан гэрээ байгуулсан.

Гэтэл хариуцагч нар маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа боом, галзуу өвчний вакцинжуулалтын ажлын хөлсийг тооцохдоо бод малыг 200 төгрөгөөр, бог малыг 150 төгрөгөөр буюу нэг дахин бууруулж тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад хамааралтай, шаардлагатай нотлох баримтуудыг хангалттай цуглуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Цэцэгсүрэн, аудитор Б.Должинжав нарын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр актаар “Буянт сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд тус сумын Засаг даргын Тамгын газар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 2 компанид нийт 3 220 000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг тарилгын актаар илүү тооцож олгосон зөрчил илэрсэн хэмээн “Буянт оргих шим” ХХК-иар 380 000, “З” ЗБН-өөр 2 840 000 төгрөгийг төлүүлэхийг Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон нягтлан бодогчид хариуцуулсан байна.

Нэхэмжлэгч “З” ЗБН-өөс дээрх актын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “...тарилгын актаас илүү тооцож олгосон асуудал огтхон ч байхгүй, нэмэлт вакцинжуулалтын хөлсийг одоог хүртэл аваагүй, ... дээрх актыг тогтоож, биелэлтийг нь хариуцуулахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй “З” ЗБН-д мэдэгдэж, тайлбар гаргах эрхээр нь хангаагүй” зэрэг үндэслэлүүдээр маргажээ.

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар болон холбогдох баримтаас үзэхэд “З” ЗБН-д дотрын халдварт хордлогын /ДХХ/ эсрэг вакцин, дуут хавдар, цусан хавдар, колибактериоз буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх дархлаажуулалтын үйлчилгээний хөлсийг олгохдоо илүү олгосон хэмээн 2 840 000 төгрөгийг төлүүлэхээр акт тавьсан байна.

Энэхүү маргааны хувьд Буянт сумын Засаг даргын Тамгын газраас “З” ЗБН-д тарилгын актыг үндэслэн санхүүжилт олгохдоо Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай” хэзээний, аль тогтоолоор, хэрхэн бодож олгосон, уг олгосон санхүүжилтэд дотрын халдварт хордлогын /ДХХ/ эсрэг вакцин, дуут хавдар, цусан хавдар, колибактериоз буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх дархлаажуулалтын үйлчилгээний хөлснөөс гадна улсын төсвөөс санхүүжүүлэх боом, галзуу өвчний нэмэлт тарилгын үйлчилгээний хөлс багтсан эсэхийг тогтоох нь чухал ач холбогдолтой байна.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах” үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй, “...нэхэмжлэгчээс ирүүлсэн малд хийсэн тарилгын актыг үндэслэн тооцож үзэхэд үйлчилгээний хөлс 9 090 600 төгрөг болж байх тул 11 930 600 төгрөгийг олгосон нь үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/09 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байх тул 73 дугаар тогтоолоор баталсан мал, эмнэлгийн үйлчилгээний хөлсийг баримтлах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийхдээ 8/10 дугаар тогтоол хүчинтэй байх хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тус сумын Мал эмнэлгийн тасгийн дарга болон “З” ЗБН-ийн захирал М.Ганбат нар нь 03 дугаар гэрээ байгуулж, гуравласан гэрээний биелэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцсон, хариуцагч нар нь маргаан бүхий актыг гаргахдаа “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоол”-д нийцээгүй талаар дурдсан зэрэг үйл баримтыг анхаарч үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоолыг баримталсан атлаа Ховд аймгийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар тогтоолын дагуу буюу дээрх гурвалсан гэрээний хугацаанд үйлчлэлгүй, хүчингүй болсон байсан тогтоолын дагуу нэхэмжлэгчийн вакцинжуулалтын тарилгын актыг хянаж, тооцоо гаргасан нь үндэслэлтэй эсэх, актад дурдагдсан зөрчлийг хариуцагч нар нь хэрхэн шалган тогтоосон зэргийг бүрэн тодруулаагүй байна.

Нэхэмжлэгчээс “...Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 73, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/10 дугаартай тогтоолуудаар малын булчин, арьсан доор хийх тарилгын ажлын хөлсийг бод толгой тутам 400, бог толгой тутам 300 төгрөг байхаар баталсан. Уг тогтоолоор баталсан тарифын дагуу вакцинжуулалтын ажлын хөлсийг тооцон олгохоор тохиролцсон” хэмээн тайлбарлан маргаснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл мөн тодорхойгүй.

Учир нь Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1-д “Булчин, арьсан доор тариа хийх бод 400, бог 300”, 5.2-т “Арьсан дотор тариа хийх бод 400, бог 200” төгрөг, харин 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1-д “булчин, арьсан доор тариа хийх бод 500, бог, бусад 400”, 2.2-т “арьсан дотор тариа хийх бод 400, бог 300” төгрөг гэснээс үзэхэд уг тогтоолуудаар булчин, арьсан доор тариа хийх, арьсан дотор тариа хийхээс хамаарч бог, бод малд хийх тарилгын хөлс ялгамжтай байхаар тогтоосон байна.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй “З” ЗБН-д мэдэгдэж, тайлбар гаргах эрхээр нь хангаагүй” гэж тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүх ямар баримтад үндэслэн “...сумаас тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн “З” нөхөрлөлд мэдэгдсэн байна” гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байх тул энэ талаарх баримтуудыг цуглуулж дүгнэлт өгөх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН