Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 11

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД: /

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрийн “Т” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

“Т” ХХК-ийн NE-****** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, 

“Т” ХХК нь Дархан-Уул Х******* сум, С******* аймгийн Б******* сумдын нутгийн “Ш*******” 1 нэртэй 508.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Дархан-Уул, С******* аймгийн Х*******, Б******* сумын нутаг Ш******* 1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №****** дугаарт бүртгэн, Ашигг малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

Дархан-Уул, С******* аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1-1******* тоот болон 2015 оны 11 дугаар сарын 3-ны өдрийн 1/942 тоот албан бичгээр ирүүлсэн 1- 1******* тоот болон 21 тоот “дэмжихгүй” гэсэн саналуудыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шиидвэрээр манаи компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Бид дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 7 сарын 24-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2017 8 дугаар сарын 01-ний өдрийн 128/Ш32017/4854 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 93 дугаар зүйлийн 93.1 болон Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасны дагуу “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан материалд уг асуудлаар дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан талаар баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байх тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Манай компани 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Дархан-Уул, С******* аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1******* тоот, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг манай компани эс зөвшөөрч гомдол гаргасан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б*******т 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/5785 тоот албан бичгээр манай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Иймд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/Ш32017/4854 дугаар захирамжинд “Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсаны дараа урьдчилан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд 30 хоногийн дотор тус шүүхэд хандах нь зүйтэй” гэж заасны дагуу бид дахин доорхи нэхэмжлэлийг гаргаж байна.

Дархан-Уул, С******* аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1-1******* тоот болон 2015 оны 11 дугаар сарын 3-ны өдрийн 1/942 тоот албан бичгээр ирүүлсэн 1-1******* тоот болон 21 тоот “дэмжихгүй” гэсэн саналуудыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. 

Дээрх шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй. ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн засаг даргаас саналыг авахаар явуулсан.

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26- ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан "... хариу ..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Дархан-Уул, С******* аймгийн Засаг дарга А.Э*******, С.Б******* нар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. С******* аймгийн Засаг дарга С.Б*******ын “дэмжихгүй” саналын үндэслэл нь “иргэн аж ахуйн нэгжийн эзэмшилд олгогдсон 4 га газар үр тарианы талбайтай давхцаж байна” гээд Газрын тухай хуулийн 31.3 дэх хэсгийг үндэслэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгох хайгуулын тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагад хамаарахгүй. Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Э******* “газар тариалангийн талбай, малчдын өвөлжөөний газартай давхцаж байгаа тул дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн байна. Дээрх төрлийн газруудад ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүйгээс гадна ямар хуулийн заалт баримталж татгалзсан нь тодорхойгүй.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр. ...төслийг боловсруулан...” гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл, хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд Шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зовшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр хэсгийн 4.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх үлдэгдлийн төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэгээ хийж, өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. С******* аймгийн Засаг дарга нь татгалзсан саналаа 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, Дархан-Уул аймгийн Засаг дарга нь татгалзсан саналаа 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус гаргасан байдаг. Гэтэл Кадасртын хэлтэс нь шийдвэрээ 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдөр гаргасан нь өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус байна. Мөн уг Кадастрын хэлтсийн №359 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дугаар зүйлийг дурьдсан байдаг. Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг 1 жил 7 сарын дараа гаргасан байгаа нь хууль бус байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрийн “Т” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Т’ ХХК-ийн NE-****** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан байдаг. “Т” ХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсээс хянаж үзээд, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, мөн тухайн талбай нь ямар нэгэн хязгаарласан, хориглосон болон түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний улмаас аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан байдаг. Түүнээс хойш өөр хэдэн ч компани тус талбай дээр өргөдөл гаргасан байж болох бөгөөд үүнийг бид мэдэх боломжгүй. Иймд “Т” ХХК нь тухайн талбайд хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож өгнө үү.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Улсын их хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцолыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбилцлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан. 

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Т” ХХК нь Дархан уул, С******* аймгийн Х*******, Б******* сумдын нутаг Ш******* 1 нэртэй 508.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-****** дугаарт бүртгүүлсэн байна.

Кадастрын  хэлтсээс “Т” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг С******* аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/7660 тоот албан бичгээр, Дархан Уул аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 05-ны 6/7659 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байна. Уг саналд С******* аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/942 тоот албан бичгээр, Дархан уул аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1******* тоот албан бичгээр NE-****** дугаартай өргөдөлд дурдсан солбилцол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн байна. 

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна.

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  дугаарт олон нийтэд мэдээлэн хүргэжээ. Энэхүү сонсох ажиллагаанд танай компани нь бичгээр болон амаар тайлбар гаргаж ирүүлээгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 359 дүгээр шийдвэрээр NE-****** дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/4468 дугаартай албан бичгээр тус компанид мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК –иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад  холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрийн “Т” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

“Т” ХХК-ийн NE-****** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, 

“Т” ХХК нь Дархан-Уул Х******* сум, С******* аймгийн Б******* сумдын нутгийн “Ш*******” 1 нэртэй 508.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар дээрх захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хуулийн  106 дугаар зүйлийн 106.3.4, нэхэмжлэлийн 3 дахь шаардлагыг хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-т зааснаар хангуулахаар  маргаж байна.

 

Нэг: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрийн “Т” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрээр  Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн өргөдлийн бүртгэлийн NE-****** дугаарт бүртгэгдсэн “Т” ХХК-ийн өргөдлийн дагуу Дархан-Уул аймгийн Х*******, С******* аймгийн Б******* сумдын нутаг “Ш******* 1” нэртэй 508.03 га талбайд  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас “... С*******, Дархан-уул аймгийн Засаг дарга нарын “дэмжихгүй” саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүчингүй болгосон. Нэгэнт аймгуудын Засаг дарга нарын санал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Х******* сум, С******* аймгийн Б******* сумын нутаг “Ш******* 1” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж, өргөдөл  гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-****** дугаарт бүртгэгджээ.

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь дээрх өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн өргөдөл хүссэн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар санал авах мэдэгдлийг Дархан-Уул аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/7659,  С******* аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/7660 албан бичгээр тус тус хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “...тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх...”-ээр, 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”  гэснийг үндэслэн  Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1*******, С******* аймгийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/942 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх” эрхийнхээ хүрээнд хүсэлтэд дурдсан талбайнууд нь бусдын өвөлжөөний болон тариалангийн эзэмшил газартай давхцалтай байсан тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу хүсэлтэд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” саналаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн.

Хариуцагч уг албан бичигт дурьдсан “дэмжихгүй” саналыг үндэслэн “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрлэсэн шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэл бүхий болсон байна.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү хэрэг маргааны үйл баримттай хамаарал бүхий “Т” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн Дархан-Уул аймгийн Х*******, С******* аймгийн Б******* сумдын нутаг “Ш******* 1” нэртэй 508.03 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй “ гэх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1******* тоот, С******* аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тоот саналуудыг дээрх аймгуудын харьяаллын захиргааны хэргийн шүүхүүд хянан үзээд “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “е”-д заасан “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх; Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”  гэх хуулийн заалттай нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн №****** дугаарт бүртгэгдсэн Ш******* 1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-т “аймаг, нийслэлийн Засаг дарга нь “дэмжсэн” хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах”-аар хуульчилсан байх бөгөөд харин Засаг даргаас “дэмжээгүй” хариу өгсөн бол “тусгай зөвшөөрөл олгох”-оор буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт / шийдвэр/ гаргахыг дээрх хуулиар зохицуулаагүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, “дэмжихгүй” гэх саналыг хүчингүй болгосноор “дэмжсэн” гэж ойлгож болохгүй тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас өргөдлийн бүртгэлийн NE-****** дугаарт бүртгэгдсэн “Т” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Х*******, С******* аймгийн Б******* сумдын нутаг “Ш******* 1” нэртэй 508.03 га талбайд  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэр үндэслэл бүхий байх бөгөөд уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. 

Хоёр: “Т” ХХК-ийн NE-****** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Ашигт малтмалын тухай хуульд төрийн захиргааны байгууллага нь Засаг даргын саналыг хүлээн авснаас хойш ямар хугацаанд тусгай зөвшөөрөл олгох, эс олгох талаар шийдвэр гаргахыг тусгайлан заагаагүй байх бөгөөд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан  “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.3-т “...хууль зүйн үндэслэлтэй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн төсөл боловсруулан, даргын гаргасан шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх”, 4.5-д “... “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр,...нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл  гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө...”-ээр журамласан байна. 

   Хэдийгээр хариуцагч С*******, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын  “дэмжихгүй” саналыг хүлээн авсан атлаа дээрх журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй буруутай байх боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Манай гүйцэтгэх захирал Америкийн нэгдсэн улсын иргэн байдаг тул төрийн байгууллагуудыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөх байх гэж хүлээгээд байсан тул дахин хүсэлт гаргаагүй...”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Би дотоод хяналтын хуудсыг нь харсан. Үүнээс харахад 1 жил 7 сарын хугацаанд ямар нэг гомдол гаргаагүй байдаг...” гэх тайлбар зэргээс үзвэл “Т” ХХК-иас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байна гэж дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, 

улмаар хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн, “тусгай зөвшөөрөл олгох”-оос татгалзаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч “Т” ХХК-ийн NE-****** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Гурав: “Т” ХХК нь Дархан-Уул аймгийн Х******* сум, С******* аймгийн Б******* сумдын нутгийн “Ш*******” 1 нэртэй 508.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх”-ээр гаргасан болно. 

Энэ тохиолдолд захиргааны эрх зүйн харилцаа байгаа болон байхгүй фактыг тогтоолгох шаардлагыг агуулдаг боловч зөвхөн нэхэмжлэгчийн  тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагад түүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдана.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд  болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ”...нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших өргөдлийг түрүүлж гаргасан ... үүнээс хойш нэмж ямар ч өргөдлийн талбайг нэмж олгоогүй байгаа. Одоо нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан “Ш*******-1” талбай нь шинэ хуулиар сонгоны талбай болсон. Сонгоны талбайд хамгийн түрүүн өргөдөл гаргасан гэдэг ойлголт байхгүй болсон...” гэх тайлбар байгаа зэргээс үзвэл нэхэмжлэгч “Т” ХХК нь Дархан-Уул аймгийн Х******* сум, С******* аймгийн Б******* сумдын нутгийн “Ш*******” 1 нэртэй 508.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болох нь нотлогдож байх боловч хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоох боломжгүй байна. 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”-тай  холбоотой хуулийн зохицуулалт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонтой холбогдуулан цаашид өргөдөл гаргасан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагаа гэх хуулийн ойлголт үгүй болсон болно. 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгд дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас өргөдлийн бүртгэлийн NE-****** дугаарт бүртгэгдсэн “Т” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Х*******, С******* аймгийн Б******* сумдын нутаг “Ш******* 1” нэртэй 508.03 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй талаар дүгнэсэн тул  нэхэмжлэгчийг “Ш******* 1” нэртэй 508.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар  зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь  хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрийн “Т” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

“Т” ХХК-ийн NE-****** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, 

“Т” ХХК нь Дархан-Уул Х******* сум, С******* аймгийн Б******* сумдын нутгийн “Ш*******” 1 нэртэй 508.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР