Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 5

 

Н.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01269/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1488 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Түмэн овогт Н-ын С-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургуульд холбогдох 

         “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай  иргэний хэргийг

          Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.С-аас:

2015.12.03-ны өдрөөс Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургуульд сургалтын менежер албан тушаалд тус сургуулийн захирлын тушаалаар томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016.08.31-ний өдрийг хүртэл ажилласан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээгээгүй бөгөөд тус ажлыг авсан үеэс эхлэн ажилдаа сэтгэл зүтгэл гарган ажиллаж сургуулийн хэмжээнд учир дутагдалтай байсан ажлуудыг цэгцэлж хуулийн дагуу ажиллаж ирсэн. 2016.08.22-ны өдөр Ж.Маанийдаарий тус сургуулийн захирлын ажлыг хүлээн авсан үеэс эхлэн намайг ажлаа өг би өмнөх сургалтын менежер М.Соёл-Эрдэнийг авч ажиллуулна гэх зэргээр шахалт үзүүлэх болсон.

Миний бие Ж.Маанийдаарийгийн хууль бус шаардлагуудыг огт хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл Ж.Маанийдаарий ямарч хууль зүйн үндэслэлгүйгээр 2016.08.30-ны өдөр Б/50 дугаартай багш хөгжлийн төвийн багшаар томилох тухай гэх тушаал 2016.08.31-ний өдөр ажлаас халах тухай гэх Б/53 дугаар тушаалуудыг тус тус гаргаж тушаалаа ч танилцуулахгүйгээр 2016.08.30-ны орой өрөөг минь лацдаж, хувийн ашиг хонжоо, танил тал, хувийн зорилгоо хэрэгжүүлэх явуургүй хууль бус санаархалдаа хөтлөгдсөн дур зоргоороо авирлаж хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж Н.С- миний ажлыг хүчээр аваад байна. Иймд шүүх нэхэмжлэгч Н.С- миний зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

         Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:            сургалтын менежер Н.С- нь хууль бусаар “Энэрэл” цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд томилогдсон гэдгийг дараах баримтуудаар нотолж байна. Шинээр орсон захирал Б.Ганбаяр нь сургалтын менежер М.Соёл-Эрдэнийг хууль бусаар ажлаас халж, Н.С-ыг томилсон. Сургалтын менежер М.Соёл-Эрдэнэ нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.25-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоогдсон.  Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь заалтыг зөрчин Н.С-ыг сургалтын менежерээр авахдаа сонгон шалгаруулалт зарлалгүй авч ажиллуулсан. Сонгон шалгаруулж авсан тухай материал огт байхгүй. Н.С-ыг 2015.12.03-ны өдрийн Б/93 тоот тушаалаар ажилд томилохдоо дунд ангийн сургалтын менежер гэсэн байхгүй орон тоо гарган ажилд томилсон боловч хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, 24.3  хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэх заалтуудыг зөрчсөн. Н.С-ыг 2015.12.03-ны өдрийн Б/92 тоот тушаалаар ажилд аваад, 2015.12.31-ний өдрийн Б/107 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2016.01.21-ний өдрийн Б/07 тоот тушаалаар дахин сургалтын менежерийн ажилд томилсон зэрэг үйлдлүүд нь хууль бусаар ажилд орсныг гэрчилж байна. Иймд Н.С-ын гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1488 дугаар шийдвэрээр:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.С-ын Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.С-ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Н.С-, өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдсан гомдолдоо

            Б/47  дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхэд талууд мэтгэлцэж оролцсон ба шүүх тус тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтыг ажил олгогч хэрэглэхийн тулд дараах 2 урьчилсан нөхцөл үүссэн байхыг шаардана.

           1.Ажлаас буруу халагдсан болох нь тогтоогдсон байх

2. Ажлаас буруу халагдсан болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр ямар нэг хэлбэрээр биелэгдээгүй байх гэсэн 2 нөхцөл бүрдсэн тохиолдолд ажил олгогч хуулийн заалтыг хэрэглэх эрх нээгдэж, хууль зүйн үндэслэл бүрдэнэ. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 208 дугаар шийдвэр “Энэрэл” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Ганбаярын 2015.01.25-ны өдрийн Б/10 тушаалаар биелэгдэж, мөн тус сургуулийн захирал Ж.Маанийдаарийгийн 2016.08.30-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар 2 дахь удаараа биелэгдсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Н.С- нь ажил олгогч “Энэрэл” цогцолбор сургуулийн  захирлын 2016 оны Б/47, Б/50, Б/ 53 тоот тушаалуудыг хүчингүй болгож,  тус сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б/50, Б/53 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан байна.

            Хэрэгт цугларсан баримтуудыг судалбал ажил олгогч нь Н.С-ыг    Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан үндэслэлээр  ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлсөн үндэслэлээ сургалтын менежерээр ажиллаж байгаад халагдсан  М.Соёл-Эрдэнийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тус сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан М.Соёл-Эрдэнэ нь  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа халагдсан тул  шүүхэд гомдол гаргаж, 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 208 тоот  шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд ажил олгогч уг шийдвэрийг тухайн өдөр биелүүлж М.Соёл-Эрдэнийг   бага ангийн сургалтын менежерийн ажилд авах тушаал гарган  ажиллуулсан байна. /хх-67 хуудас/

Мөн 2016 оны 02 дугаар  сарын 15-ны өдрийн Б/11 тушаалаар М.Соёл-Эрдэнэ  нь   өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-68 хуудас/

            Дээрх баримтуудаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон  шүүхийн шийдвэрийг ажил олгогч бодит байдлаар биелүүлсэн гэж үзэхээр байх тул Н. С-ын ажиллаж байгаа орон тоо нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд буцаан тогтоогдож байгаа орон тоо гэж тодорхойлогдох боломжгүй байна.

             Тэр тусмаа М.Соёл- Эрдэнэ түүнийг бага ангийн сургалтын менежерийн орон тоонд буцаан ажиллуулсан болон хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д  заасан үндэслэлээр  цуцалсан ажил олгогчийн шийдвэрт ямар нэгэн гомдол гаргаагүй  /энэ талаар хэрэгт баримт байхгүй / байгаа тохиолдолд  “Энэрэл” цогцолбор сургуулийн сургалтын менежерийн орон тоо М.Соёл-Эрдэнийг ажилд дахин орох хүсэлт гаргах хүртэлх хугацаанд хэвээр хадгалагдаж байна гэсэн хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй  байна.

            Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл ажлын 58 хоногт тохирсон цалин хөлстэй тэнцэх олговрыг авах эрхтэй бөгөөд дундаж цалинг түүний шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тооцвол нэг өдрийн цалин 38.902 төгрөг болж байх тул нийт 2.256.316 төгрөгтэй тэнцэх олговрыг  ажил олгогчоос гаргуулан шийдвэрлэх  нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:

            “Хөдөлмөрийн  тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.С-ыг Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2.256.316 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь “Энэрэл” цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/50, Б/53 тоот тушаалуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай” гэж,

            “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Н.С-ын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургуульд даалгасугай” гэсэн 2 дугаар заалтыг нэмж,

            2 дугаар заалтыг “3” гэж дугаарлан “Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 51.000 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай” гэж,

            3 дугаар заалтыг “4” гэж дугаарлан тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЦЭЦЭГ         

                                    ШҮҮГЧИД                                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ