Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 0211

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Л.А....н, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0440) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Баарай овогт Л....оогийн А....нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0141 80050 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Баарай овогт Л....оогийн А....н, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1974 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурч мэргэжилтэй, “............тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..............

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Л.А....н нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Гэрэлт Од” төвийн баруун талын замд Тоёота приус маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс зорчигч Ч.Н.....н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-09),

2. Хохирогч Ч.Н.....н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох хуучин давхар дэлгүүрийн автобусны буудал буюу “Дүүхээ-2” үйлчилгээний төвийн автобусны буудал дээрээс Баянхошууны хуучин эцэс орохоор 500 төгрөгийн таксинд суун Баянхошууны эцэс дээр ирээд таксинд 500 төгрөгөө өгөөд зүүн хойд хаалгаар нь зүүн хөлөө гаргаад буух гэтэл уг авто машины жолооч бүрэн гүйцэт зогсоогүй байж хөдөлж, намайг авто машинаас бүрэн гүйцэт бууж холдоогүй байхад миний баруун хөл дээгүүр хойд талын дугуйгаар гарч хөлийн 5 хурууг маань гэмтээсэн...тухайн үед миний хөл дээгүүр гарсан авто машин “Toyota Prius NHW20” маркийн .......... улсын дугаартай авто машин байсан...тухайн зам тээврийн ослын улмаас миний биед баруун хөлийн 5 хуруун дээгүүр авто машиныхаа хойд дугуйгаар гарсан ба баруун хөлийн хуруу, шагай хэсгээр хугарсан гэмтэл, бэртэл учирсан байна...миний хувьд өөрт учирсан хохирол болон эмчилгээнийхээ зардалд зарцуулсан мөнгөн дүнгээ холбогдох баримтуудаа авчирч өгөөд зам тээврийн осол гаргасан жолоочоос нэхэмжлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- “...Осол гаргасан жолооч Л.А....н нь хохирол болон эмчилгээний зардалд нийт 1.700.000 төгрөг хүлээж авсан. ...миний хувьд одоо зам тээврийн осол гаргасан жолооч Л.А....нд холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 411 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун тавхайн урд хэсгээс баруун шилбэний дээд хэсэг хүрэн гөлтгөнөн боолттой, хуруунуудын үзүүр чинэрч улайж хавдсан.

2019.12.17-ны 1 ш СД: баруун шагайн үений 2 байрлалын рентген зургаар баруун хөлийн шаант ясны доод булууны гадна хавчаарт хөндлөн зөрөөгүй, тахилзуур ясны доод булуунд ташуу зөрөөгүй хугаралтай, шагайн үенд гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. Ч.Н.....н баруун хөлийн шаант ясны доод булууны гадна хавчаарын зөрөөгүй, тахилзуур ясны доод булууны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37)

 

4. Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар мөрдөгчийн магадалгаа

1. “Toyota Prius” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л....оо овогт А....н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4. “...Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Чанцал овогтой Нэргүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 51-52),

5. Шүүгдэгч Л.А....нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд шиг санагдаж байна. Өөрийн эхнэр С.Гантуяагийн эзэмшлийн Toyota Prius20 маркийн .......... улсын дугаартай авто машиныг жолоодон...Баянхошууны хуучин эцэс дээр очиж зогсоход авто машины хойд талын суудалд сууж явсан зорчигч нар авто машины хойд хоёр хаалгыг зэрэг онгойлгон бууж хамгийн сүүлд настай эмэгтэй буусан. Би тэр хүнийг авто машинаас буучихлаа гэж бодоод хөдөлгөөнөө эхэлтэл уг зорчигч эмэгтэй хөл ...дайрчихлаа гэж орилохоор нь би бууж уг эмэгтэй дээр очтол тэр эмэгтэй засмал зам дээр суучихсан байсан. Тэгээд би түшиж босгон хоёулаа хамт гэмтлийн эмнэлэг явъя гэхэд тэр эмэгтэй яахын хэрэггүй, харин намайг очих гэж байгаа айлд хүргээд өгчих, өвчин намдаах эм аваад өгчих гэхээр нь би надад 10.000 төгрөг байна гэж хэлээд уг эмэгтэйд 10.000 төгрөг өгсөн. ...тэр эмэгтэйд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлье гэж гуйгаад тэр эмэгтэй зөвшөөрч гэмтлийн эмнэлэг дээр очиж хүлээн авахын эмчид нь үзүүлэн хөлийн зургийг нь авахуулахад баруун хөлийн шагайн орчимд цуурсан байна гэж хэлээд хөлийг нь шохойдсон. ....би хохирогчийн эмчилгээний зардал болон хохиролд нийт 1.700.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64),

6. Иргэний хариуцагч С.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд зам тээврийн осол хэргийн улмаас өөрийн нөхөр Л.А....нгийн бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30), 

7. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 888024 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-48), тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12), оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 92, 93), хүсэлтийг хангах болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 94), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 99-100),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 71, 70, 73), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67), жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 75, 76, 77), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 72), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 74, 79), “Алтан Бор Нуур” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 80), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 87) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.А....нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.А....нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч Л.А....н нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Баянхошууны гудамж” буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас дээш Баянхошууны эцэс хүртэлх замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй замд “Toyota” маркийн “Prius DAA-NHW20” загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож явахдаа тус дүүргийн 8 дугаар хороо буюу Нийслэлийн 67 дугаар сургуулийн баруун хойно, “Гэрэлт-Од” төвийн баруун талын замд өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Нэргүйг буулгахдаа түүнийг бүрэн гүйцэт бууж амжаагүй байхад нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлсний улмаас эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант ясны доод булууны гадна хавчаарын зөрөөгүй, тахилзуур ясны доод булууны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-09),

- Хохирогч Ч.Н.....н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох хуучин давхар дэлгүүрийн автобусны буудал буюу “Дүүхээ-2” үйлчилгээний төвийн автобусны буудал дээрээс Баянхошууны хуучин эцэс орохоор 500 төгрөгийн таксинд суун Баянхошууны эцэс дээр ирээд таксинд 500 төгрөгөө өгөөд зүүн хойд хаалгаар нь зүүн хөлөө гаргаад буух гэтэл уг авто машины жолооч бүрэн гүйцэт зогсоогүй байж хөдөлж, намайг авто машинаас бүрэн гүйцэт бууж холдоогүй байхад миний баруун хөл дээгүүр хойд талын дугуйгаар гарч хөлийн 5 хурууг маань гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 411 дугаар дүгнэлт “...1. Ч.Н.....н баруун хөлийн шаант ясны доод булууны гадна хавчаарын зөрөөгүй, тахилзуур ясны доод булууны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37)

 

- Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар мөрдөгчийн магадалгаа “...1. “Toyota Prius” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л....оо овогт А....н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4. “...Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 51-52),

- Шүүгдэгч Л.А....нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянхошууны хуучин эцэс дээр очиж зогсоход авто машины хойд талын суудалд сууж явсан зорчигч нар авто машины хойд хоёр хаалгыг зэрэг онгойлгон бууж хамгийн сүүлд настай эмэгтэй буусан. Би тэр хүнийг авто машинаас буучихлаа гэж бодоод хөдөлгөөнөө эхэлтэл уг зорчигч эмэгтэй хөл ...дайрчихлаа гэж орилохоор нь би бууж уг эмэгтэй дээр очтол тэр эмэгтэй засмал зам дээр суучихсан байсан. ...тэр эмэгтэйд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлье гэж гуйгаад тэр эмэгтэй зөвшөөрч гэмтлийн эмнэлэг дээр очиж хүлээн авахын эмчид нь үзүүлэн хөлийн зургийг нь авахуулахад баруун хөлийн шагайн орчимд цуурсан байна гэж хэлээд хөлийг нь шохойдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нь анхаарал болгоомжгүйгээр захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4. “...Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах..., хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй....” гэсэн заалтыг зөрчсөн болох нь Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн тээврийн хэрэгслээс гүйцэд бууж амжаагүй байхдаа тээврийн хэрэгсэлд хөлөө дайруулсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Харин улсын яллагчаас гэмт хэрэг үйлдсэн газрыг Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо гэж тодорхойлсон байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хаяг болох “Ulaanbaatar.mn” вэб сайтын дэд цахим хаяг болох “Manaikhoroo.mn” хаяг зэргээс гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо байна.

Иймд улсын яллагчийн гэмт хэрэг үйлдсэн газрын зөвтгөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо гэж тодорхойлсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн болно

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохирол хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н....үй нь эмчилгээний зардалд баримтаар 266.000 төгрөг (хавтаст хэргийн 84) нэхэмжилснээс шүүгдэгч Л.А....н нь хохирогчид 1.700.000 төгрөгийг төлсөн болох нь (хавтаст хэргийн 87) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Л.А....нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.А....н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.А....н, хохирогч Ц.Н....үй нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Л.А....н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.А....н торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1903 0141 80050 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баарай овогт Л....оогийн А....нг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А....нг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А....н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                          

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ