| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0193/Э |
| Дугаар | 0224 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 0224
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Х.Анхцэцэг,
хохирогч Н.Д.......м,
шүүгдэгч Б.Б.......л, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Сартуул овогт Б.......н Б.......лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0594 90071 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Сартуул овогт Б.......н Б.......л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “......-ийн .......тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .......
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Б.Б.......л нь 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ............ гэртээ гэр бүлийн гишүүн болох бэр Н.Д.......мыг “Ориллоо” гэх шалтгаанаар хоолойг нь боож, зүүн гарын ядам хурууг мушгин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь “зүүн гарын ядам хурууны 2 дугаар шивнүүр ясны мушгирсан хугарал “ бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Б.Б.......л мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Н.Д.......м мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед ажлаа тарчхаад гэртээ хариад байж байтал О............л бид 2 ялихгүй зүйлээс болж маргалдсан. Тэгээд гэрээс гарч ажлынхаа эгчтэй хорооллын эцсийн тэнд 3 шил пиво уучхаад байж байтал О............л намайг ирж аваад би гэрийнхээ гадаа буугаад орсон. Тэгтэл ээж намайг “хүүхдээ очиж ав, хөхүүл юм байж” гэхээр нь ээж, эгч хоёрыгоо дагуулаад О............лын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ............од хүүхдээ авахаар очсон. Тэгсэн О............лын ээж Долгор миний хүүхдийг өгөхгүй гэхээр нь би уурлаад хүүхдээ авна гээд сууж байтал О............лын ах Б.......л орноосоо босож ирээд намайг боохоор нь тавиулах гэтэл миний зүүн гарын ядам хурууг мушгиж хугалаад ор луу түлхээд унагаасан. Би хуруу хугалчихлаа гэтэл О............л босож ирээд ахыгаа аваад холдуултал аав нь цагдаа дуудсан. Гомдолтой байна хуруу хугарснаас болж ажлаа хийж чадахаа больсон. Би өөрөө хөхүүл хүүхэдтэй хүн эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны мөнгө нэхэмжилж байна ...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Н.Д.......мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед ажлаа тарчхаад гэртээ хариад байж байтал О............л бид 2 ялихгүй зүйлээс болж маргалдсан. Би уурандаа гэрээс гарч ажлынхаа эгчтэй хорооллын эцсийн тэнд 3 шил пиво уучхаад байж байтал О............л намайг ирж аваад би гэрийнхээ гадаа буусан. Гэртээ ортол ээж намайг “хүүхдээ очиж ав хөхүүл юм байж” гэхээр нь ээж, эгч хоёрыгоо дагуулаад О............лын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ............од ...очсон. Тэгсэн О............лын ээж Долгор миний хүүхдийг өгөхгүй гэхээр нь би уурлаад хүүхдээ авна гээд сууж байтал О............лын ах Б.......л орноосоо босож ирээд намайг боохоор нь тавиулах гэтэл миний зүүн гарын ядам хурууг мушгиж хугалаад ор луу түлхээд унагаасан. Би хуруу хугалчихлаа гэтэл О............л босож ирээд ахыгаа аваад холдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),
2. Гэрч Б.О............л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Д.......мыг ээжийндээ хоночих гээд гэрт нь буулгачхаад гэр лүгээ хүүхэд рүүгээ явсан. Тэгсэн тэр шөнөдөө Д.......м ээжтэйгээ такси бариад манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ............од хүрч ирээд “хүүхдээ авъя” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “за за” гээд хүүхдийнхээ юм хумыг бэлдээд байж байтал манай ах Б.......л орноосоо босож ирээд уурлаад Д.......мыг заамдаад авсан. Тэр үед Д.......м ах Б.......лын гарыг нь тавиулах гээд зүүн гараараа гараас нь барьтал Б.......л зүүн гартай нь хамт хоолойноос нь боогоод орон дээр дарж унагаасан. Тэгсэн Д.......м гар өвдөөд байна гээд орилохоор нь би очиж салгасан... Д.......м гэрт орж ирээд хүүхдээ авъя гээд орилоод байсан чинь ах гэнэт босож ирээд заамдаад хурууг нь мушгисан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
3. Гэрч Ц.Б.......н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бага хүү О............л эхнэр Д.......мын хамт 2019 оны 06 сараас хойш манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ............од амьдарч эхэлсэн. Хэрэг болсон өдрөөс хойш манайд амьдрахаа больсон... орж ирэнгүүтээ О............лтай хүүхдээ авна гээд маргалдаад байсан. Тэгсэн Б.......л орноосоо босож ирээд Д.......мыг заамдаад авахаар нь би боль чамд ямар хамаатайн гэхэд тавьчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13939 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн гарын ядам хуруунд боолт хийгдсэн шархтай. 2019.11.23, 2019.11.04, 2019.11.13-ны өдрийн хоёр гарын сарвууны хоёр байрлалын рентген зурагт: Зүүн гарын ядам хурууны 2-р шивнүүр яс мушгирсан хугаралтай харагдана.... ДҮГНЭЛТ
1. Н.Д.......мын биед зүүн гарын ядам хурууны 2-р шивнүүр ясны мушгирсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2019.10.22-ны өдөр үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44)
5. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “Н.Д.......мын биед учирсан гэмтэл нь унахад үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23)
6. Шүүгдэгч Б.Б.......лын мөрдөн байцаалтад өгсөн: “....2019.10.22-ны орой 22 цагийн үед намайг гэртээ амарч байхад гаднаас дүүгийн эхнэр Д.......м ганцаараа ороод ирсэн. Тэгснээ шууд агсам тавиад хүүхдээ авч явна гээд орилоод О............лтай муудалцаад байсан. Тэр үед О............л намайг “хүүхэд авч бай” гэхээр нь би орноосоо босоод хүүхэд рүү нь очтол Д.......м хүүхдийнхээ хажууд буюу орны хажууд зогсож байхаар нь би “хүүхдийг нь согтуу хүнд өгөхгүй” гэж бодоод юу болоод байгаа юм гээд Д.......мын хувцасны захнаас бариад түлхээд орон дээр унагаад би өөрөө бостол Д.......м босож ирээд О............лтай маргалдаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65),
7. Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28), хохирлын 537,000 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 29, 31), эмчийн үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 30),
- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 72, 73), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 51-55), ажлын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б.......лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б.......лыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Н.Д.......мын эмчилгээний 545000 төгрөг, 826000 төгрөгийн /цалин/, нийт 1.371.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, цаашид хохирол хор уршигт гарах төгрөгийг нээлттэй үлдээх дүгнэлтийг,
Хохирогчоос бодит хохирол 1.371.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүгдэгч Б.Б.......л нь 2019 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 56 дугаар гудамжны 18 тоот гэртээ амарч байхад нэг гэрт хамт амьдардаг түүний дүү Б.О............лын хамтран амьдрагч Н.Д.......м нь хүүхдээ авахаар тэднийд ирсэн байна. Ийнхүү ирэхдээ Н.Д.......м нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх бөгөөд тэрээр гэрт Б.О............лтай муудалцан “хүүхдээ авч явна” гэж маргалдаж байхад Б.Б.......л нь “согтуу байж хүүхэд авч явах” гэлээ гэж тэр хоёрын маргаанд оролцон улмаар Н.Д.......мын хувцаснаас заамдан, зүүн гараас нь барьж ор луу түлхжээ. Энэхүү Б.Б.......лын санаатай үйлдлийн улмаас Н.Д.......мын биед зүүн гарын ядам хурууны 2-р шивнүүр ясны мушгирсан хугарал гэмтэл үүссэн болох нь
- Хохирогч Н.Д.......мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...О............л бид 2 ялихгүй зүйлээс болж маргалдсан. Би уурандаа гэрээс гарч ажлынхаа эгчтэй хорооллын эцсийн тэнд 3 шил пиво уучхаад байж байтал О............л намайг ирж аваад би гэрийнхээ гадаа буусан. Гэртээ ортол ээж намайг “хүүхдээ очиж ав хөхүүл юм байж” гэхээр нь ээж, эгч хоёрыгоо дагуулаад О............лын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ............од ...очсон. Тэгсэн О............лын ээж Долгор миний хүүхдийг өгөхгүй гэхээр нь би уурлаад хүүхдээ авна гээд сууж байтал О............лын ах Б.......л орноосоо босож ирээд намайг боохоор нь тавиулах гэтэл миний зүүн гарын ядам хурууг мушгиж хугалаад ор луу түлхээд унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),
- Гэрч Б.О............л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнөд Д.......м ээжтэйгээ такси бариад манай гэрт ...хүрч ирээд “хүүхдээ авъя” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “за за” гээд хүүхдийнхээ юм хумыг бэлдээд байж байтал манай ах Б.......л орноосоо босож ирээд уурлаад Д.......мыг заамдаад авсан. Тэр үед Д.......м ах Б.......лын гарыг нь тавиулах гээд зүүн гараараа гараас нь барьтал Б.......л зүүн гартай нь хамт хоолойноос нь боогоод орон дээр дарж унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
- Гэрч Ц.Б.......н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.......м... гэрт...орж ирэнгүүтээ О............лтай хүүхдээ авна гээд маргалдаад байсан. Тэгсэн Б.......л орноосоо босож ирээд Д.......мыг заамдаад авахаар нь би боль чамд ямар хамаатайн гэхэд тавьчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13939 дугаар дүгнэлт “...1. Н.Д.......мын биед зүүн гарын ядам хурууны 2-р шивнүүр ясны мушгирсан хугарал гэмтэл тогтоогдлоо. ...4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44)
- Шүүгдэгч Б.Б.......лын мөрдөн байцаалтад өгсөн: “....гаднаас дүүгийн эхнэр Д.......м ганцаараа ороод ирсэн. Тэгснээ шууд агсам тавиад хүүхдээ авч явна гээд орилоод О............лтай муудалцаад байсан. Тэр үед О............л намайг “хүүхэд авч бай” гэхээр нь би орноосоо босоод хүүхэд рүү нь очтол Д.......м хүүхдийнхээ хажууд буюу орны хажууд зогсож байхаар нь би “хүүхдийг нь согтуу хүнд өгөхгүй” гэж бодоод юу болоод байгаа юм гээд Д.......мын хувцасны захнаас бариад түлхээд орон дээр унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б.......л нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхэд авч явах гэлээ гэх сэдэлтээр, хохирогч Н.Д.......мын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.Б.......лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б.......л нь дүү Б.О............лтай хамтын амьдарлаа эхлүүлэн хамтран амьдарч байсан Н.Д.......м нартай хамт амьдарч байсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах субъект мөн хэдий ч шүүгдэгчийн зүгээс хохирогч Н.Д.......мтай нэг гэрт хамт амьдрах хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар тодорхой үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан байх үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, дошин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовуурь шаналал учруулдаг, уг үйлдэл нь тогтсон, хэвшмэл шинжийг агуулж тодорхой нэг хүний /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай/ эсрэг байнга чиглэсэн санаатай үйлдэл байсан тохиолдолд Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалттай.
Хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгч нь хохирогч буюу өөрийн дүү Б.О............лын хамтран амьдрагч Н.Д.......мыг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхдийг авч явах гэлээ” гэснээс маргаан үүсч, улмаар хохирогч Н.Д.......мын хоолойг боох үедээ түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд, нэг удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд прокуророос Б.Б.......лыг Н.Д.......мын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэдгээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан болгон хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан шүүгдэгч Б.Б.......лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар эмчилгээний зардал 545.000 төгрөг, 826000 төгрөгийн /цалин/, нийт 1.371.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б.......л нь хохирогчийн хохирол хор уршигт нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан (хавтаст хэргийн92, 93) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Харин хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн гарын ядам хурууны 2-р шивнүүр ясны мушгирсан хугарал гэмтэл нь эдгэхдээ мурийсан, хохирогч нь цаашид гоо сайхны хувьд ядам хуруу тэгшлэх хагалгаанд дахин орох талаар мэдүүлж байх тул тухайн хор уршигтай холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б.......лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 1500 нэгжээр торгох, торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчаас гаргасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б.......лыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б.......л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулсантай холбогдуулан ялын зорилгыг хангахын тулд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу эмэгтэй хүний эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан нөхцөл байдлыг нь харгалзан Б.Б.......лд оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүргийг 6 сарын хугацаанд хүлээлгэх нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах ач холбогдолтой болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б.......л нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулав.
Эрүүгийн 1908 0594 90071 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн , 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б.......лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй
2. Шүүгдэгч Сартуул овогт Б.......н Б.......лыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.......лыг 1000 (нэг мянга) нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б.......лд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүргийг 6 (зургаа) сарын хугацаанд хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.......л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг тус тус анхааруулсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ