Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 0258

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, 16 байрны 45 тоотод оршин суух Шиваа ширээт ******* /РД: МФ-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн төв хэсэгт оршин суух Мөнхбуянт ******* /РД: ПЙ-/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрийг 2016 оны 11-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, гэрч Б.Амартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би Цэвэлмаад 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөнгө зээлсэн. Тэр өдөр Б.Амартуяа эгч над руу залгаад Цэвэлмаад хэдэн төгрөг зээлчих боломж байна уу гэж хэлсэн. Би Амартуяа эгчид Цэвэлмаа чинь хэр найдвартай хүн юм бэ? гэж асуухад манай Цэвэлмаа их найдвартай, ажилдаа хариуцлагатай сайн хүн байгаа. Цэвэлмаа удахгүй мөнгө авах гэж байгаа. Мөнгө авахаараа чамд удаахгүй буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээгээ хийгээд нотариатаар орж батлуулаад би энэ хүнд мөнгө зээлсэн.  Одоо энэ хүн мөнгө өгнө гэсэн хугацаанаасаа бүтэн 3 жил өнгөрсөн байгаа. Энэ хугацаанд би Цэвэлмаагаас мөнгөө авъя гэж зөндөө хэлж байсан. Чи боломжоороо ч болтугай өгчих гэж ч хэлж үзсэн. Энэ хүнд энэ мөнгийг төлөх сэтгэл даанч байхгүй байна. Би тухайн үедээ энэ хүнд тус болсон  байх гэж бодож байна. Тухайн үед бусад хүмүүс шиг байнга өдөр болгон залгаагүй. Ар гэрт нь дарамт шахалт үзүүлж байгаагүй, та боломжоороо өгчих гэж л гуйж байсан. Энэ хүнийг би ажил төрөлтэй юм байна мөнгийг маань өгчих байх гэж харсан. Мөн ар гэртээ асуудалтай байгаа юм байна. Бие нь муудаад явсан юм байна. Өмнө нь шүүхээр ороод өр төлбөртэй байгаа юм байна гээд л зөндөө л харж үзсэн. Гэтэл энэ хүн тоосон шинжгүй авсан мөнгөө өгчихъё гэж бодохгүй байгаад нь би харамсаж байна. Би сая хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө 4 хоногийн өмнө ярьж, та мөнгөө өгөхгүй юм уу хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гээд би энэ хавраас хойш зөндөө гуйж байгаа. Мөнгө өгөх боломжгүй бол манайх хөргөгчөө шатаасан байгаа та ажилтай юм чинь надад хөргөгч лизингээр аваад өгөөч тэгээд сар болгон 20.000-30.000 төгрөг төлөөд надаас авсан энэ мөнгөө дуусгаж болно шүү дээ гэж хэлж үзсэн. Би энэ хүнийг боломжгүйдээ надад өгч чадахгүй байна гэж бодоод яваад байсан чинь энэ хүн боломжгүйдээ биш өгөх сэтгэлгүйдээ өгөхгүй яваад байсан юм байна гэж бодож байна. Дараа нь 8, 9, 10 саруудад би 2-уулаа эвлэрүүлэн зуучлалаар орвол яасан юм бэ? чиний нэр хүндэд халдаад яахав чи бид хоёр заавал шүүхээр ороод байх шаардлага байхгүй шүү дээ гэж хэлж үзсэн. Тэгэхэд энэ хүн тэгье тэгье би өмнө нь шүүхээр орж байсан дахин шүүхээр орох шаардлага байхгүй байна гэж хэлсэн. За тэгвэл та одоо хүрээд ир хоёулаа гэрээгээ дахин байгуулъя та надад сар болгон хэдэн төгрөг өгөх боломж байна вэ? гэж хэлж үзсэн. Тэгээд ирнэ гээд л алга болчихно. Та яасан бэ гэхээр миний ажлын зав болохгүй байна. Би удахгүй очно гээд алга болдог. Энэ хүн өөрийнхөө төлөө явахгүй байхад би бүтэн 3 жил хүлээгээд явсан одоо болохоор би Амартуяатай хамт зээл авсан. Амартуяатай хамтарч зээлээ төлнө гэх зүйл яриад байгаа. Надад болохоор Амартуяа 400.000 төгрөгийг нь авч байгаа. Би 700.000 төгрөгийг авсан гэж юу ч өмнө нь хэлж байгаагүй. Амартуяа ч хэлээгүй, Цэвэлмаа ч надад хэлээгүй. Одоо болохоор ийм зүйл яриад байдаг юм. Би хүнээс дам сонсоход энэ хүн группын зээл авсан байсан. Мөн хүний нэр дээр машин аваад унасан байсан. Надад сэтгэлээрээ мөнгө өгөөгүй. Би Цэвэлмаагаас 100.000 төгрөгийг гуйж байж авсан. Энэ мөнгийг би зээлээсээ хасуулна гэж бодохгүй байна. Хүн мөнгө өгөөд бүтэн 3 жил болж байна. Одоо болохоор зовсон зүдэрсэн юм яриад байдаг. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амартуяад 400.000 төгрөг өгсөн гээд байгаа. үүнийг дараа нь Цэвэлмаа өөрөө Амартуяагаасаа нэхэмжлэл гаргуулж авдаг юм байгаа биз надаас Амартуяа аваагүй Цэвэлмаа өөрөө мөнгө авсан учраас Цэвэлмаагаас л мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна... Би Цэвэлмааг ийм зүйл ярьна гэж бодсонгүй. 700.000 төгрөг дээр 200.000 төгрөг нэмж энэ өрийг хааяа гэж байна. Би үүнийг зөвшөөрөхгүй. Би энэ хүнийг гуйж мөнгө өгөөгүй шүү дээ. Миний амьдрал ямар байгаа билээ. Би өөрөө  ажил хийдэггүй гэртээ хүүхдээ хараад байж байдаг. Тухайн үед би наймаа хийж байсан. Одоо бол наймаа хийгээгүй гэртээ эцэг эхээрээ тэжээлгээд явж байгаа. Би Цэвэлмаад хэлсэн би банкинд зээлтэй шүү зээлээ хийх гэж байгаа. 01 дүгээр сарын 05-нд би банкны төлөлттэй гэж  сарын хугацаатай өгсөн. Тэгвэл мөнгө авч байх үедээ Амараа эгч хамт мөнгө зээлж байгаа шүү гээд хэлэхгүй яасан юм бэ? хэлээгүй шүү дээ. Одоо болохоор Амараа эгч 400.000 төгрөгийг нь авсан гээд яриад сууж байдаг. Тэгээд би асуусан юм. Амараа эгч та хоёр энэ мөнгийг хувааж авсан юм уу гэсэн надад хэлэхгүй байсан. Тэгээд сүүлд Амараа энэ хоёр муудалцаад ирэхээрээ Амараа эгч надад хэлж байгаа юм. Иймд Цэвэлмаа Амараа эгчид өгсөн 400.000 төгрөгөө өөрөө дараа нь олж ав. Би чамд мөнгө өгсөн болохоор, би чамаас зээлсэн мөнгөө гаргуулж авна. Би банкны мөнгөө хийх гэсэн боловч мөнгө байхгүй болсон тэгээд хүнээс эргэж хүйтэй мөнгө зээлээд би өөрөө өрөнд орсон байгаа... Би анх энэ хүнд  15 хувийн хүйтэй мөнгө зээлсэн байгаа.Одоо 3 жилээр бодохоор 10 гаруй сая төгрөг болж байгаа. Энэ хүн одоо надад 10 гаруй сая төгрөг өгдөг гэж худлаа байх. Би ч энэ хүнээс тэр хэмжээний мөнгийг авна гэдэг бүтэхгүй зүйл энэ асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх байх. Нэгэнт энэ хүнд мөнгө зээлээд 3 жил болсон юм чинь 500.000 төгрөгийг  1.100.000 төгрөгийн алданги болно гэж бодоод нэг нугалаад нэхэмжилж байгаа  ... Би энэ хүнд 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр анх 1.100.000 төгрөг зээлсэн... 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээл авсан байгаа... Алдангийг үндсэн зээлийн хугацаа хэтэрсэн хоногийн 0,5 хувь гэж тооцсон юм... 2014 оны 12 дугаар сарын 06-наас хоногийн 0,5 хувиар бодож алданги тооцсон... Үүнийг нарийн бодохоор 10 сая гарсан байгаа. Энэ хүн надад 10 сая төгрөг өгдөг нь юу л бол би зүгээр энэ хүнийг хэдэн төгрөг өгчөөсэй гэж бодож байна. Өөр илүү мөнгө өгөхөө байг гэхэд надаас авсан хэдэн төгрөгийг өгчихвөл сайн байна... Манай Цэвэлмаа Төгсөө чамаас мөнгө зээлэх гэсэн юм аа би чамаас мөнгө зээлсэн гээд ярьсан чинь мөнгө хэрэг болоод байна та мөнгө зээлээд өгөөч гэж байна. Удахгүй цалингийн зээл авах гэж байгаа юм байна лээ. Тэгэхээрээ буцаагаад өгчихнө гэж байсан. Чи зээлүүлчих гэж л хэлсэн. Тэгэхээр нь би Цэвэлмааг би танихаас биш мөнгө төгрөгний асуудал дээр яг ямар хүн бэ гэдгийг би мэдэхгүй шүү дээ гэхэд Цэвэлмаа маш хариуцлагатай хүн байгаа чи санаа зоволтгүй мөнгө зээлчих гэж хэлсэн. Ийм л яриа болсон...” гэв 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Баттөгсөөс мөнгө авсан нь үнэн. Намайг ажлаа хийж байсан чинь Эрдэнэтээс манай дарга Амартуяа залгаад надад мөнгөний хэрэг гараад байна. Чи Баттөгс дээр очоод 400.000 төгрөг зээлээд аваад өгөөч би хэлчихсэн байгаа чи паспортоо аваад очоорой гэж хэлсэн.  Тэгээд би Амартуяад тэгвэл би 700.000 төгрөгийг нэмээд зээлчихье гэж хэлсэн чинь тэгвэл тэгэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр өвгөнийхөө ногооны зээлийг хийсэн. Өглөө нь над руу 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дээр нь 700.000 төгрөг нэмж зээлсэн. Одоо бурмаа эгчийн хүүтэй мөнгө 630.000 төгрөг, 1500000 төгрөгийг аавынхаа ногооны  зээл рүү өөрөө аваачиж хийсэн. Энэ хугацаанд би зээл аваад мөнгийг нь өгнө гэж бодсон юм. Тэгээд өгч чадаагүй. Дараагийн удаа 2 жилийн хугацаанд миний бие өвдөөд ойр ойрхон эмчилгээнд явсан. Өнгөрсөн 5 сард би хагалгаанд орсон. Одоо бие гайгүй ажлаа хийгээд явж байгаа. Энэ хугацаанд бас хүнд 2 үхэр аваад өгсөн байгаа. Тэр мөнгө нь бас шүүхээр ороод шийдвэр нь над дээр гарсан байгаа. Тэгээд намайг буцаагаад шүүхдээд гаргуулж авах боломжтой гэсэн боловч би одоохондоо боломжгүй байна гээд шүүхэд хандаагүй байгаа. Мөн би цалингийн зээлтэй байсан. Цалин аваагүй 2-3 жил болж байна. Одоо 01 дүгээр сарын 05-ны өдөр миний цалингийн зээл дуусна. Тэгээд цалингийн зээлээ дуусахаар нь би Баттөгсөд сар болгон цувуулаад өгье гэж хэлсэн. 01 сарын 05-наас өмнө надад өгөх ямар ч боломж байхгүй гэж хэлсэн байгаа. Лизингээр юм авч өгөх гэхээр би өөрөө цалингийн зээлтэй болохоор надад лизин өгөхгүй байсан. Хувийн газар очоод авах гэхээр сараар нь хэдэн зууд хуваах гээд би өрийн дарамтанд орох гээд болохгүй байсан. Одоо миний бодол бол цалингийн зээлээ дуусгаж байгаад Баттөгст мөнгийг нь сар болгон цувуулж өгнө л гэсэн бодолтой байна. Би Амартуяагийн авсан 400.000 төгрөгийг төлөхгүй гэж бодож байгаа. Өөрийнхөө авсан мөнгийг төлнө. Өнгөрсөн 5 дахь өдөр би Сэлэнгэ аймаг явж эмчийн зөвлөгөөнөөр орсон мөн зураг авахуулсан байгаа. Удахгүй яаралтай хагалгаанд ор гэсэн. Надад одоо мөнгөний хэрэг их гараад байгаа. Иймд би одоо өөрийнхөө авсан 700.000 төгрөгийг л төлнө гэж бодож байна... Би хүүгийн тал дээр авсан 700.000 төгрөг дээрээ 200.000 төгрөгийг нэмээд нийт 900.000 төгрөг болгоод өгөх бодолтой, энэ нь зүгээр банкны хүйгээр бодоод ийм болж байгаа. Би илүү мөнгө өгөх боломжгүй байна... Амартуяа намайг мөнгө авах гэж байгаа гэж битгий хэлээрэй гээд байсан. Манай нөхрийн дүү мөнгө зээлнэ гээд явсан. Намайг авах гэж байгаа гэж хэлбэл надад мөнгө өгөхгүй байх шүү гэж хэлсэн. Тэгэхээр би мөнгө зээлсэн гэвэл надад мөнгө авч өгсөнгүй гэх байх гэж хэлж явуулсан. Би Баттөгсийг мөнгө зээлж байгаа гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд 400.000 төгрөг зээлээд өгчих гэхээр нь өөртөө нэмээд 700.000 төгрөг зээлсэн юм. Эрдэнэтэд байна нааш цааш явж чадахгүй байна. Ногооны зээл нэхэгдээд байна. Нийгмийн даатгалын Бурмаа эгчээс мөн зээлсэн мөнгө нэхэгдээд байна чи хуваагаад өгөөдөхөөч гэж хэлсэн. Тэгээд би Баттөгсөөс 700.000 төгрөг аваад дараа нь 01 дүгээр сарын 05-ны өдөр цалингийн зээл авсан.Тэгээд би Баттөгсийн мөнгийг өгөх гэсэн чинь Амартуяа эгч би Баттөгсөөс чамд мөнгө авч өгсөн юм чинь чи надад 600.000 төгрөг зээлчих гээд авсан. Тэр мөнгөө өгөхгүй байж байгаад цагаан сарын өмнө 200.000 төгрөг, дараа нь 400.000 төгрөг өгсөн.  Тэгээд би увуулж, цувуулж авсан мөнгөө үрчихсэн юм. Тэгээд миний бие өвдөөд эмчилгээнд явсан. Мөн давхар шүүхийн шийдвэр орж ирээд тэгээд тухай үед би өөрөө оюутан байсан. Манай хүүхэд мөн оюутан байсан. Тэгээд миний бие өвдөөд ийм байдалд хүрсэн... Миний хувьд мөнгө авсан нь үнэн. Иймд хүүн дээрээ тохиролцоод надаас мөнгө аваасай л гэж бодож байна. Өөрөө бас хүүтэй мөнгө хүнээс авч байгаа байх. Би түүнийг бас ойлгож байна. Өөрөө бас надад хэлж байсан л даа би чамаас тэгж хүү гэж авахгүй чи надад сая гаран төгрөгний юм аваад өгчих гэж хэлж байсан. Тухайн үед надад авч өгөх боломж байгаагүй. Цалингийн хэтрэлттэй явж байгаа. Одоо надад цалингийн хэтрэлттэй байгаа гэсэн торгуулийн баримтууд байгаа.

Би бас Сэлэнгэ аймагт Төрийн банктай өөрийн биеэр очиж уулзсан. Өөрийнхөө байгаа байдлыг танилцуулсан байгаа. Надад ийм мөнгөний хэрэг байна надад мөнгө гаргаж өгөх боломж байна уу гэсэн чинь танд мөнгө нэмж олгох боломж байхгүй та энэ хүү алданги төлж дуусгах хэрэгтэй байна гэсэн би одоо муу зээлдэгч рүү орсон байгаа... Би Номгонд төв номын санч хийдэг... Би  2013 оны 01 дүгээр сараас хойш цалин аваагүй байгаа... 1 сарын 15 хувийн хүүг зөвшөөрч байгаа. Харин тэр алданги өгч чадахгүй, надад төлөх боломж байхгүй байна... би ийм байдалд хүрнэ гэж бодоогүй. Амартуяа болохоор би өөрийнхөө авсан мөнгийг өгчихнө гээд байсан... 01 дүгээр сарын 05-нд миний цалингийн зээл дуусах ёстой байсан. Би энэ мөнгийг төлж дуусаад өөрийн чинь мөнгийг увуу, цувуугаар төлөөд явах бодол надад байгаа...” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 100 000 төгрөг, хүү, алданги 1 100 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч ******* нь 1 100 000 төгрөгийн 400 000 төгрөгийг Б.Амартуяа надаар дамжуулан авсан учраас Б.Амартуяа нь 400 000 төгрөгийг төлнө. 700 төгрөгийг нь би төлнө, хүү алданги төлөх боломжгүй  гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч ******* нь 2013 оны 11-р сарын 05-ны өдөр 1 100 000 төгрөгийг *******д зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч ******* нь авсан зээлээс 400 000 төгрөгийг Б.Амартуяад өгсөн тул би хариуцахгүй гэж байгаа боловч зээлийг ******* өөрөө авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар болон гэрч Б.Амартуяагийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд энэ хэргийн хариуцагч нь ******* байна.

Хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан зээлийн гэрээ нь он сар өдөргүй бөгөөд 2013 оны 11-р сарын 05-нд  нэг сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээл авсан гэж хариуцагчийн тайлбарлаж байгаатай тохирч байна. Иймд гэрээний энэ хэсгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Зээлийн гэрээний хүүг үргэлжүүлэн сунгааггүй бөгөөд хүү, алданги тооцож байгуулласан гэрээ нь он сар өдөргүй /хх-3,4,5/ байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүү алдангийг тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч *******гаас зээл 1 100 000 төгрөг, хүү 165 000 төгрөг бүгд 1 265 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 935 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч *******гаас зээл 1 100 000 төгрөг, хүү 165 000 төгрөг бүгд 1 265 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, үлдэх 935 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА