| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0196/Э |
| Дугаар | 0225 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 0225
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Э.М.......нэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Э.......тын М.......нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0496 40020 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Э.......тын М.......нэ, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, “____.....тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар .............., урьд
1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 747 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлсэн.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 740 дугаар магадлалаар Э.М.......нэд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 378 дугаар тогтоолоор Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 747 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
a) “Прокуророос ...Э.М.......нэ... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 болгож өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,
б) Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Э.М.......нэ, ...нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын 85.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “...Э.М.......нэ, ...нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дах заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ...Э.М.......нийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих... ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ...Э.М.......нийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих, ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Э.М.......нэ нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ........... шатахуун түгээх станцын зогсоол дээр хохирогч Г.С.......маатай “Утсаараа яриулаагүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Г.С.......маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.М.......нийг 2013 оноос эхэлж таньдаг болсон бид хоёр хуучин гялгар уутны үйлдвэрт ажилладаг байсан. ...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дашваанжил газ түгээх станцад түгээгчээр ажилладаг. 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр ажилтай байсан. Тэгсэн 18 цагийн үед ...Э.М.......нэ над дээр ирээд “Төрсөн өдрийн бэлэг” гээд пиво авчирч өгсөн бөгөөд би ажил дээрээ уухгүй гэж хэлсэн. Тэгтэл миний авчирсан юмыг голлоо гээд байхаар нь би Э.М.......нэтэй хамт пиво уусан. Э.М.......нэ пиво ууж байхад би хамт ажилладаг Ж.......ныг дуудсан. Тэгээд Э.М.......нэ бид 3 пиво уугаад сууж байсан. Тухайн үед машинууд үйлчлүүлж байсан болохоор би гарч ороод яваад л байсан. Э.М.......нэ намайг байхгүй байхад Ж.......нд манай эхнэрийн талаар яриад “Манай эхнэрт сайн байсан” утгатай юм яриад намайг нисэхийн янхантай суусан гэж ярьсан байсан. Би машинд үйлчилчхээд буцаад машинд орж ирээд сууж байсан чинь Э.М.......нэ утсаар яриулчих гэхээр нь би нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдсан чинь Э.М.......нэ “чи надтай үзэх гээд байгаа юм уу буугаад ир” гээд намайг машинаас буусан чинь миний нүүр лүү 2 удаа цохихоор нь буцаагаад 1 удаа цохисон. Тэгээд Ж.......н бид хоёрыг салгасан. Тэгсэн Э.М.......нэ зугтаж явчхаад намайг танихгүй, мэдэхгүй, зогсоол дээр ирж зогсохоор холд гэсэн чинь намайг зодсон гээд мэдүүлгээ өгөөрэй дараа нь гомдолгүй гээд өргөдлөө буцаагаад авчхаж болдог юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25),
2. Гэрч Б.Ж.......ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.......маа, Э.М.......нэ гээд найзтайгаа машинд нь пиво уугаад сууж байсан. Тэгээд бид 3 нийлээд нэг том савтай пиво ууж дуусгасан. Тэр 2 хоорондоо нэг нэгэндээ томрох гээд муудалцаад байсан. Миний ойлгосноор С.......маагийн эхнэрт Э.М.......нэ нь хайртай байсан юм яриад байсан. С.......маа Э.М.......нэ хоёр муудалцаж байсан чинь Э.М.......нэ нь машинаас буугаад ир гээд С.......мааг машинаас буулгаад Э.М.......нэ нь эхэлж цохиод С.......маагийн хамраас цус гараад би дундуур нь орж салгасан. Э.М.......нэ намайг танихгүй байна би том гээд орилоод байсан. Тэр үед газ авах гэж байсан хүн цагдаа дуудсан чинь Э.М.......нэ машинаа хаячхаад зугтаагаад явсан. ...С.......маагийн хамраас цус гараад нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11434 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай. Хамрын нурууны зүүн хэсгээр дотогш хонхор, баруун хэсгээр бага зэрэг хавдсан. Дээд доод уруулын дотор салстад хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий цайвар ягаан өнгийн шархтай, ...Хүзүүний ард 7-8 ширхэг 1-2 см хэмжээний, хүзүүний урд 7-8 ширхэг, 1-2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралтуудтай. Цээж, нуруугаар гэмтэлгүй... ДҮГНЭЛТ
1. Г.С.......маагийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),
4. Шүүгдэгч Э.М.......нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21-р хорооллын Дашваанжил газны шатахуун түгээхийн зогсоол дээр манай аав Э.......т машинаа тавьсан байгаа, очоод хараад байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би машин дээр нь явж очоод дотор нь ороод сууж байсан юм. Хэдэн цагийн үед гэдгийн би санахгүй байна гадаа харанхуй болсон байхад газны хоёр түгээгч над дээр ирээд юун машин бэ наад машинаа гарга гээд урдаас орилоод би хүн тавьсан юмаа, надад түлхүүр нь байхгүй байна, би холдуулж чадахгүй байна гэж хэлсэн чинь тэр хоёр явсан. Тэгээд 30 орчим минутын дараа 2 түгээгч дахиад над дээр ирээд одоо эндээс зайл гээд хөөгөөд би юу яриад байгаа юм бэ гээд муудалцсан чинь С.......маа намайг заамдаад авсан. ...Би боолтыг нь тавиулах гээд тонгойсон чинь миний нуруу руу тэр хоёр цохисон. С.......маа нь намайг боочхоод тавихгүй байхаар нь би нүүр лүү нь цохисон чинь С.......маа намайг тавиад тэгэхээр нь би тэндээс зугтаагаад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63),
5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 14), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31), шүүхийн шийдвэрийн хуулбарууд (хавтаст хэргийн 35-37, 38-41, 46-54) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.М.......нэ-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.М.......нэ нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр, “................ баруун урд байрлах “Д....жил” шатахуун түгээх 39 дүгээр станцын зогсоол дээр хохирогч Г.С.......мааг “утсаараа яриулсангүй” гэх шалтгаанаар маргалдан, хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь , зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Г.С.......маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.М.......нийг 2013 оноос эхэлж таньдаг болсон бид хоёр хуучин гялгар уутны үйлдвэрт ажилладаг байсан. ... 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр ажилтай байсан. Тэгсэн 18 цагийн үед ...Э.М.......нэ над дээр ...хамт пиво уусан. Э.М.......нэ пиво ууж байхад би хамт ажилладаг Ж.......ныг дуудсан. Тэгээд Э.М.......нэ бид 3 пиво уугаад сууж байсан. Тухайн үед машинууд үйлчлүүлж байсан болохоор би гарч ...машинд үйлчилчхээд буцаад машинд орж ирээд сууж байсан чинь Э.М.......нэ утсаар яриулчих гэхээр нь би нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдсан чинь Э.М.......нэ “чи надтай үзэх гээд байгаа юм уу буугаад ир” гээд намайг машинаас буусан чинь миний нүүр лүү 2 удаа цохихоор нь буцаагаад 1 удаа цохисон. ...Э.М.......нэ зугтаж явчхаад намайг танихгүй, мэдэхгүй, зогсоол дээр ирж зогсохоор холд гэсэн чинь намайг зодсон гээд мэдүүлгээ өгөөрэй дараа нь гомдолгүй гээд өргөдлөө буцаагаад авчхаж болдог юм гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25 ),
- Гэрч Б.Ж.......ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.......маа, Э.М.......нэ гээд найзтайгаа машинд нь пиво уугаад сууж байсан. Тэгээд бид 3 нийлээд нэг том савтай пиво ууж дуусгасан. Тэр 2 хоорондоо нэг нэгэндээ томрох гээд муудалцаад байсан. ....С.......маа Э.М.......нэ хоёр муудалцаж байсан чинь Э.М.......нэ нь машинаас буугаад ир гээд С.......мааг машинаас буулгаад Э.М.......нэ нь эхэлж цохиод С.......маагийн хамраас цус гараад би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11434 дугаар дүгнэлт “...1. Г.С.......маагийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.М.......нэ нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Г.С.......маагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Э.М.......нийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин улсын яллагчаас гэмт хэрэг үйлдсэн газрыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо гэж тодорхойлсон байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хаяг болох “Ulaanbaatar.mn” вэб сайтын дэд цахим хаяг болох “Manaikhoroo.mn” хаягаас үзвэл гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо байна.
Иймд улсын яллагчийн гэмт хэрэг үйлдсэн гэх газрыг зөвтгөн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо гэж тодорхойлсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн ба ийнхүү зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй болно.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.С.......маа нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Э.М.......нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Э.М.......нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжээр торгож, торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч Э.М.......нэ нь эрхэлсэн тодорхой ажилтай, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хууль заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээ болох 450 нэгжээр торгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М.......нэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.М.......нийн хувийн байдал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчид нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай гэх боловч энэ талаар хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтгүйн дээр тэрээр мөрдөн байцаалтад “Хөрс” ХХК-д борлуулагч хийж байгаад гарсан” гэх мэдүүлэг зэрэгт үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ял, албадлагын арга хэмжээ нь биелэгдэх боломжтой байх үндсэн зарчмыг удирдлага болгон дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Харин шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэнчлэн “Хөрс” ХХК-д борлуулагч ажилладаг гэх тайлбарыг хүндэтгэж түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М.......нэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0496 40020 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э.......тын М.......нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М.......нийг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрөв) цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М.......нэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ