Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0226

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.Б........н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Маахүү овогт Б........угийн Б........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1908 0536 20245 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Маахүү овогт Б........угийн Б........н, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1978 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ............... түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..............

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Б........н нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 19-20 цагийн орчимд өөрийнхөө авто машинд зорчиж явсан иргэн С.Ц........ныг Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо ..........дугаар байрны гадна буухдаа авто машинд нь гээгдүүлсэн Самсунг А-50 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 635.600 төгрөгийн хохирол уруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. С.Ц........н мөрдөн шалгах ажиллагаанд

- Гэрчээр өгсөн: “...Миний утасны имей дугаар: 3566 45101 468215, 356644101468218, 2019 оны 5 сард 864.000 төгрөгөөр Мобикомоос лизингээр авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),

- Хохирогчоор өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баруун дөрвөн замын “Гранд Плаза”-ийн хойд замаас такси бариад 19 цаг 20 минутын үед Цамбагаравын төв зам дагуу таксинаас буухдаа интернет банкаар мөнгө шилжүүлэх гээд утсаа оролдож байгаад гэнэт бэлэн мөнгө байгаагаа санаад бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Машинаас буугаад 3 орчим минутын дараа утсаар ярих гээд утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд таксинд мартаж бууснаа мэдээд гар утас руугаа 20 гаран удаа залгахад авахгүй байж байгаад унтраасан. Гар утсаа Орхон аймаг, Эрдэнэтийн Мобикомын салбараас 840.000 төгрөгөөр лизингээр 2019 оны 06 дугаар сард авч байсан. Ямар нэгэн сэв зураасгүй, улаан өнгийн резинин гэртэй байсан. Миний үйлчлүүлсэн такси Toyota Prius 20 маркийн цагаан эсвэл саарал өнгийн автомашин байсан, жолооч нь 40-45 орчим насны эрэгтэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),

2. “Дамно“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19/801 дугаар тайланд “...2019 оны загварын “Samsung А-50 ” гар утас 635.600 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 20-21),

3. “Юнител” ХХК-ийн албан бичгийн хавсралтад “...имэй код: 3566 45101 468215 ашигласан дугаар: 8819..82, /2019.10.21, 27/, 8817..73 /2019.10.28/, хэрэглэгчийн мэдээлэл: Хүрэлбаатарын Дэлгэрцэцэг ЙС7706..03, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 57 дугаар гудамжны 07 тоот...” гэх баримт  (хавтаст хэргийн 26-27),

4. Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд “...Б.Б........нгээс 3566 44101468218, 3566 45101 468215 дугаар IMEI кодтой “Samsung A-50” загварын хөх өнгийн гар утас, улаан өнгийн гэртэй нь хамт 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх баримт (хавтаст хэргийн 31), 

5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 33),

6. Шүүгдэгч Б.Б........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ний өдөр өөрийн эзэмшлийн ................ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслээр ...таксинд явж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд Плаза” дэлгүүрийн чанх ард төв зам дагуу замаас гар өргөсөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг аваад тухайн хоёр хүн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 8 дугаар байрны харалдаа төв зам дагуу буулгасан. Тэгээд хадам эцэг Хүрэлбаатарын гэр болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хороолол руу явж байхад, утас дуугарах шиг болсон. Тэгэхээр нь ард дуугарч байсан утсыг аваад хартал, тухайн утсанд 2 удаагийн дуудлага ирсэн байсан. Тухайн утсанд дуудлага ирж байх явцад утас унтарсан. Тэгээд тэр утсыг аваад 2019 оны 10 сарын 18-20-ний хооронд “Монтел” гар утасны худалдааны төв орж форматлуулаад эхнэр Х.Дэлгэрцэцэгт өгч бариулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38, 34), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б........нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Б........н нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 19-20 цагийн орчимд өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн С.Ц........ныг Сонгинохайрхан ............. төвийн зүүн тал буюу Өнөр хорооллын 8 дугаар байрны харалдаа Энхтайваны өргөн чөлөөнд буулгаад хөдлөхдөө түүний тээврийн хэрэгсэлд мартаж буусан Samsung A-50 маркийн гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 635.600 төгрөгийн хохирол уруулсан болох нь

- С.Ц........н мөрдөн шалгах ажиллагаанд

Гэрчээр өгсөн: “...Миний утасны имей дугаар: 3566 45101 468215, 356644101468218, 2019 оны 5 сард 864.000 төгрөгөөр Мобикомоос лизингээр авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),

Хохирогчоор өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баруун дөрвөн замын “Гранд Плаза”-ийн хойд замаас такси бариад 19 цаг 20 минутын үед Цамбагаравын төв зам дагуу таксинаас буухдаа интернет банкаар мөнгө шилжүүлэх гээд утсаа оролдож байгаад гэнэт бэлэн мөнгө байгаагаа санаад бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Машинаас буугаад 3 орчим минутын дараа утсаар ярих гээд утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд таксинд мартаж бууснаа мэдээд гар утас руугаа 20 гаран удаа залгахад авахгүй байж байгаад унтраасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),

- “Дамно“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19/801 дугаар тайланд “...2019 оны загварын “Samsung А-50 ” гар утас 635.600 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 20-21),

- “Юнител” ХХК-ийн албан бичгийн хавсралтад “...имэй код: 3566 45101 468215 ашигласан дугаар: 8819..82, /2019.10.21, 27/, 8817..73 /2019.10.28/, хэрэглэгчийн мэдээлэл: Хүрэлбаатарын Дэлгэрцэцэг ЙС7706..03, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 57 дугаар гудамжны 07 тоот...” гэх баримт  (хавтаст хэргийн 26-27),

- Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд “...Б.Б........нгээс 3566 44101468218, 3566 45101 468215 дугаар IMEI кодтой “Samsung A-50” загварын хөх өнгийн гар утас, улаан өнгийн гэртэй нь хамт 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх баримт (хавтаст хэргийн 31), 

- Шүүгдэгч Б.Б........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ний өдөр өөрийн эзэмшлийн 4914УНИ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслээр ...таксинд явж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд Плаза” дэлгүүрийн чанх ард төв зам дагуу замаас гар өргөсөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг аваад тухайн хоёр хүн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 8 дугаар байрны харалдаа төв зам дагуу буулгасан. Тэгээд хадам эцэг Хүрэлбаатарын гэр болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хороолол руу явж байхад, утас дуугарах шиг болсон. Тэгэхээр нь ард дуугарч байсан утсыг аваад хартал, тухайн утсанд 2 удаагийн дуудлага ирсэн байсан. Тухайн утсанд дуудлага ирж байх явцад утас унтарсан. Тэгээд тэр утсыг аваад 2019 оны 10 сарын 18-20-ний хооронд “Монтел” гар утасны худалдааны төв орж форматлуулаад эхнэр Х.Дэлгэрцэцэгт өгч бариулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б........н нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсан байна. Тодруулбал тэрээр гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хохирогч С.Ц........ны гар утсыг завшсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч С.Ц........нд 635.600 төгрөгийн хохирол учирсан болох “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Б........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ц........нд 635.600 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Б.Б........н нь хохирогчид утсыг нь буцаан өгсөн болох нь (хавтаст хэргийн 60) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б........н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Б........нд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б........н, хохирогч С.Ц........н нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Б........нгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б........нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0536 20245 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Маахүү овогт Б........угийн Б........нг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б........нг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б........нд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б........н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ