Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2016/01567

 

  

 

 

 

  

2016 оны 12  сарын 15  өдөр          Дугаар 181/ШШ2016/01567      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “МК” ХХК  /РД:............/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хурдан Очир овогт Б.Г /РД:............../-д холбогдох,  

99.........дугаарын төлбөрийн үлдэгдэл 61.188,77 төгрөг, гар утасны үлдэгдэл төлбөр 740.993 төгрөг, нийт 802.181,77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн  төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь 2014 оны 6 сарын 28-ны өдөр Мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган, 20211196 тоот гэрээ байгуулан 99.........дугаарыг ашиглаж эхэлсэн.

Хэрэглэгч нь энэхүү гэрээний 5.4-т хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын 2016 оны 01, 02, 03 саруудын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир гэрээний 4.6 заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоосон.

Мөн Б.Г нь 2015 оны 02 сарын 18-ны өдөр 1.595.000 төгрөгийн үнэтэй I Phone 6 16 GB  гар утсыг урьдчилгаа 484.000 төгрөг төлж, 18 сарын хугацаатай, зээлээр худалдан авсан боловч үлдэгдэл 740.993 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн.

Иймд Б.Гээс  99.........дугаарын төлбөрийн үлдэгдэл 61.188,77 төгрөг, I Phone 6 16 GB гар утасны үлдэгдэл төлбөр 740.993 төгрөг, нийт 802.181,77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Г миний бие “МК” ХХК-ийн нэхэмжилсэн 802.181,77 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МК” ХХК нь хариуцагч Б.Гд холбогдуулан, 99.........дугаарын төлбөрийн үлдэгдэл 61.188,77 төгрөг, I Phone 6 16 GB гар утасны үлдэгдэл төлбөр 740.993 төгрөг, нийт 802.181,77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Гд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаснаас өөрөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл, татгалзлаа нотолсон бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй, хүсэлт гаргаагүй байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2014 оны 6 сарын 28-ны өдөр Үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйчилгээний 20211196 дугаартай гэрээ, 2015 оны 02 сарын 18-ны өдөр I Phone Багцын 20211196 дугаартай гэрээ тус тус байгуулагдаж, “МК” ХХК нь үүрэн телефоны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх, гар утас зээлээр худалдах үйлчилгээг үзүүлэх, Б.Г нь гэрээнд заасны дагуу зохих төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.

Шүүх нэг талаас үйлчилгээ үзүүлж байгаа, нөгөө талаас авсан үйлчилгээгээ хүсэл зоригийн дагуу чөлөөтэй хэрэглэж, хариу төлбөр төлж байгаа шинжээр нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан,  талууд хүсэл зоригийн илэрхийллээ гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

Энэхүү хэлцлийн үндсэн дээр “МК” ХХК нь тохирсон үйлчилгээг үзүүлэх, Б.Г нь гэрээнд заасан нөхцлийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Б.Г нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 99.........дугаар болон, I Phone маркийн гар утсыг ашиглаж, “МК” ХХК-иас тохирсон үйлчилгээгээ авсан нь тогтоогдсон, 2016 оны 01, 02, 03 саруудын 99.........дугаарын төлбөр, I Phone маркийн гар утасны төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, төлбөрийн нэхэмжлэхээр 802.181,77 төгрөг гарсан байна.  

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 6 сарын 28-ны өдөр Үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйчилгээний 20211196 дугаар гэрээний 4.6., 2015 оны 02 сарын 18-ны өдөр I Phone Багцын 20211196 дугаарт гэрээний 5.4-т “Хэрэглэгч тухайн сард ашигласан үйлчилгээний төлбөрөө дараа сарын 07-20-ны дотор бүрэн төлнө”, 5.10-т “хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд нэхэмжилсэн төлбөрийн 0,3 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй” гэсэн нөхцөлийг талууд тохиролцжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул шүүх уг баримтад үндэслэн хариуцагчаас 802.181,77 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Шүүх, хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн хуралдаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл, татгалзлаа нотолж мэтгэлцэх эрхийг хангах үүднээс хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж хуралдааны товыг хуульд зааснаар хүргүүлсэн боловч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 230 дугаар зүйлийн 230.3-т заасныг баримтлан Б.Гээс 802.181,77 төгрөгийг гаргуулж “МК” ХХК-д олгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 23.802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР