Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0304

 

 

“Э Ж энд Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х өмгөөлөгч Д.Ц, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Нийслэлийн онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “Э Ж энд Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/568 дугаар захирамжийг илт хууль бусд тооцуулах, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01-06/1993 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн хяналтын ахлах байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/39 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ...Нэхэмжлэгч компани газрын хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчөөгүй байхад хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт ноцтойгоор халдсан байдалд шүүх огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хугацаа өнгөрсөн байхад захиргааны байгууллага манай компанийн 900 м.кв газрыг 1142 м.кв болгон нэмэгдүүлсэн нийслэлийн Засаг даргын 2010 оны А/783 дугаар захирамжийг 10 жилийн дараа буюу 2020 онд манай компанийн газар эзэмших эрхээс 240 м.кв газрыг хүчингүй болгож, уг байршилд барьсан байсан барилгыг нураах захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг ноцтой зөрчсөн.

Энэ талаар огт дүгнэлт хийгээгүй төдийгүй, нэхэмжлэгч нь хариуцагчид зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, хууль ёсоор газрыг эзэмшсэн байхад ... хууль бусаар газар эзэмшсэн гэх үндэслэлээр өөрөөр хэлбэл Хавдар судлалын орц, гарц байсан газарт хууль бусаар газар эзэмшсэн нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн нь огт үндэслэлгүй юм.

Маргаан бүхий захирамжийн тэргүү нь газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай гэх атлаа маргаан бүхий захирамж нь дотроо доорх хэд хэдэн утга агуулгыг агуулсан, захирамжилсан шийдвэр нь салаа, олон утгатай, тэргүү хэсэгтэйгээ агуулга нь тохирохгүй, нэг бол нэхэмжлэгчийг анхнаасаа хууль бусаар газар эзэмшүүлсэн мэтээр эсхүл анхнаасаа орц, гарц хааж газар эзэмшсэн мэтээр, эсхүл газрын гэрээг 2-3 удаа буюу удаа дараа зөрчсөн мэтээр, эсхүл нийтийн эрх ашиг байгаа тул нэхэмжлэгчийн барилгыг нурааж орц, гаргах нь зүйтэй мэтээр ярьж тайлбарлаж байгааг шүүх огт анхааралдаа авахгүй шийдвэрээ гаргасанд нэхэмжлэгчээс гомдолтой байна.

Шүүх утга агуулгын илэрхий алдаатай дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байдалд шүүх дүгнэлт хийх атлаа шийдвэрээ гаргахдаа эсрэгээр нь шийдвэрлэснээрээ утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр гаргасан нь шүүх өөрөө хариуцагчийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхээс санаатай зайлсхийсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан, сонсгох, оролцоог хангах бодит боломжоор хангаагүй.

Нийтийн эрх ашиг гэдгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй, ийм нөхцөл байдал үүсээгүй байхад нийтийн эрх ашиг гэдгээр хууль бусаар нэхэмжлэгчийн эрх ашигт ноцтой халдсан байдлыг шүүх зөвтгөсөн.

Шүүх нэхэмжлэгч нь анхнаасаа хууль бусаар газар эзэмшсэн нь нийтийн эрх ашгийг зөрчсөн үү эсхүл нэхэмжлэгчид газар олголт хийсний дараа нийтийн эрх, ашиг үүссэн үү, сүүлд үүссэн нийтийн эрх ашигт нэхэмжлэгч буруутай эсэх, гуравдагч этгээд болон хариуцагчид өөрсдөө нийтийн эрх ашгийг зөрчигдөх байдлыг бий болгосон байдалд буруутай эсэх эсхүл заавал нэхэмжлэгчийн эд хөрөнгөд халдах байдлаар нийтийн эрх ашгийг  хамгаалах хууль зүйн үндэслэл байсан эсэх, хариуцагчид энэ асуудлыг шийдвэрлэх ямар боломж бололцоо сонголт байсан эсэх байдалд шүүх огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой. Эдгээр нөхцөл байдлыг шүүх огт авч хэлэлцээгүй төдийгүй хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт болон түүнийг үндэслэж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар халдсан хууль бус үйлдлийг зөвтгөсөн хуулийн ямар ч үндэслэл байхгүй байхад Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан шийдвэрээ гаргасанд гомдолтой.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь үнэхээр нийтийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бол энэ талаар нэхэмжлэгчтэй харилцан тохирч Газрын тухай хуулийн 20.1.4-д заасан “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” боломж бололцоо байсан, энэ талаар Засаг даргад бүрэн эрх нь хуулиар олгогдсон байхад заавал нэхэмжлэгчийн олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө шингэсэн, үйл ажиллагаа нь жигдэрсэн кофе шотын үйл ажиллагааг зогсоож, барилгыг нураах замаар эд хөрөнгөд хууль бусаар халдсанд гомдолтой.

Шүүх маргаан бүхий актад дурдагдаагүй нийтийн эрх ашиг гэсэн асуудалд хийсвэрээр дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан төдийгүй, хариуцагчийн өмнөөс дүгнэлт хийж, маргаан бүхий актад байхгүй үндэслэлийг шүүх хариуцагчийн өмнөөс өөрөө гаргаж шийдвэрээ гаргасан.

Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг Захиргааны ерөнхий хууль батлагдаж мөрдөхөөс өмнө тухайн газрыг хуулийн дагуу эзэмших зөвшөөрлийг авч эзэмшиж байсан бөгөөд хариуцагч байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэж захиргааны акт гаргасан байдалд шүүх огт дүгнэлт хийсэнгүй.

Нөгөө талаас маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг хууль бусаар газар эзэмшиж байсан мэтээр үзэж Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2-т заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг төдийгүй энэ заалт нь 48.3-д заалтыг ноцтой зөрчсөн байдалд шүүх дүгнэлт хийгээгүй.

Зохих зөвшөөрөлгүй барилга барьсан гэж буруутгах боловч нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газрыг эзэмшиж, 1 давхар барилга барьсан. Барилгыг нураах тухай эрх бүхий байгууллагын дүгнэлтгүйгээр шүүхийн шийдвэргүйгээр барилгыг албадан буулгасан.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгчийн барьсан барилгад Барилгын тухай хуулийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй талаарх барилга байгууламжийн улсын хяналт хэрэгжүүлэгч ерөнхий байцаагчийн дүгнэлт байхгүй байхад барилгыг буулгасан.

Нямдаваагийн нэрэмжит ХӨСҮТ-ын батлагдсан ерөнхий төлөвлөгөө гэж ярих боловч маргаан бүхий захирамжид дурдсан 2017 оны МЗХ201/11-28 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт энэ талаар ямар ч заалт байхгүй төдийгүй, уг ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж, явган хүний зам, орчин тохижилтын талаар тусгасан байдлыг шүүх огт харгалзаж үзээгүй.

Мөн шүүх гал түймрийн 10-39 тоот дүгнэлтийг нэхэмжлэгчийн субъектив эрх рүү шууд чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар агуулаагүй байна гэж үзэх атлаа хариуцагч байгууллага энэхүү байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллагын гадагшаа чиглэсэн буюу заавал биелэгдэх шинжтэй гэж үзэж, маргаан бүхий захирамжид үндэслэж шийдвэрээ гаргадаг.

Дээрхээс дүгнэхэд шүүхийн дээрх дүгнэлт нь шийдвэрийнхээ тогтоох хэсэгтэйгээ зөрчилддөг бөгөөд үүнээс шүүх хариуцагчийн маргаан бүхий захирамжид дурдагдаагүй нийтийн эрх ашиг гэдэг асуудлыг өөрөө санаачилгаараа гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж шийдвэрээ гаргасан болох нь харагддаг.

Газрыг нөхөн олговортойгоор төр буцаан эрх байсаар байтал энэ эрхийг хэрэгжүүлэлгүйгээр шууд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд маш ноцтойгоор, аймшигтайгаар, зохион байгуулалттайгаар, хууль хүчний байгууллагуудтай бүлэглэн халдсан үйлдэл нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж шүүх дүгнэж, шийдвэрээ гаргасанд маш гомдолтой.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Э Ж энд Б” ХХК-иас “нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/568 дугаар захирамжийг илт хууль бусд тооцуулах, Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01-06/1993 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”, “Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа С.Э-ын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/39 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тус тус нэмэгдүүлжээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/568 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 35 дугаар зүйлийн 35.3.2, 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 57 дугаар зүйлийн 57.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн компанийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өмнө нь эзэмшиж байсан хэмжээгээр буюу 900 м.кв болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/150 дугаар захирамжийн “Э Ж энд Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ “...манай компани  газрын хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчөөгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг зөрчин үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрхэд халдсан” гэж тодорхойлон маргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь нэхэмжлэгч сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос хамаарч шүүх түүний гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар зохицуулсан.

Тодруулбал, шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан алдааг агуулж байгаа эсэхийг шалгаж шийдвэрлэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/568 дугаар захирамжийг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлд дүгнэлт өгөлгүй, “...тус компанид эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгаж, газрыг албадан чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. ... Гэхдээ хариуцагчийн үйлдэл нь одоогийн буюу газар албадан чөлөөлөх үеийн бодит нөхцөл байдалд нийцсэн” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу боловч шүүхийн шийдэл нь зөв байна.

Захиргааны акт илт хууль бус байх эсхүл хууль зөрчсөн байх ойлголтууд нь өөр хоорондоо ялгаатай бөгөөд хуульд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь тухайн актыг эрх зүйн чадамж бүхий ямар ч хүн харсан илэрхий, засах боломжгүй, алдаатай болох нь ойлгогдохоор байна.

Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт гэж уг актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, найруулга зүйн болон үг, үсэг, тооны илэрхий алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцох бөгөөд уг алдаа нь хэн ч харсан илэрхий тодорхой байна.

Маргаж буй дээрх нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/568 дугаар захирамжаас үзэхэд “...удаа дараагийн албан шаардлагыг биелүүлээгүй мөн зогсоолын талбай, гарц байхаар төлөвлөсөн байршилд зохих зөвшөөрөлгүй барилга барьсан” талаар дурдаж, нэхэмжлэгч “Э Ж энд Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг өмнө нь эзэмшиж байсан хэмжээгээр багасгаж эзэмшүүлсэн үйл баримт ойлгогдох байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбарлаж буй шиг “...хэд хэдэн утга агуулгыг агуулсан, захирамжилсан шийдвэр нь салаа, олон утгатай, тэргүү хэсэгтэйгээ агуулга нь тохирохгүй” гэж үзэх буюу утга агуулгын илэрхий алдаатай” илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасанчлан Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх зэрэг үндэслэл байгаагүй, тухайн захиргааны акт огт эрх зүйн үндэслэлгүй гарах зэргээр “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн байхыг ойлгоно. Гэтэл дээрх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасны дагуу нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, тодруулбал, эзэмших эрхийг хүчингүй болгож, өөрчлөх эрх хэмжээтэй, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй байна.

Нэхэмжлэгч “Э Ж энд Б” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/30 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 900 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн, 1142 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2016 оны А/150 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунгажээ.

Хариуцагчаас Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/568 дугаар захирамжийг гаргахдаа “...иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хавдар судлалын үндэсний төвийн эрүүл мэндийн үйлчилгээг олон нийтэд хууль, дүрэм, журам, норм стандартын дагуу хэвийн хүргэх зорилгоор “Э Ж энд Б” ХХК-ийн эзэмшлийн газрын талбайн хэмжээг багасгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэж тайлбарлах бөгөөд захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг буюу “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг дурдсан байна.

Иймээс нийслэлийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д заасан эрхийн хүрээнд “Э Ж энд Б” ХХК-ийн 1142 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан 2016 оны А/150 дугаар захирамжийн хавсралтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын хэмжээг 900 м.кв болгож өөрчилснийг хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон, бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/568 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э Ж энд Б” ХХК-ийг ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан үндэслэлээр илт хууль бусд тооцох үндэслэлгүй.

Харин нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдсан “...Газрын тухай хууль, тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчөөгүй, сонсгох, оролцоог хангах бодит боломжоор хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, газрыг нөхөн олговортой төр буцаан авах эрх байсаар байтал энэ эрхийг хэрэгжүүлээгүй” зэрэг хууль хэрэглээний болон захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмын алдаа гаргасан талаарх үндэслэлүүд нь уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаас илт хууль бусд тооцох үндэслэлд хамаарахгүй.

Иймд дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, тодруулбал хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” А/626 дугаар захирамжаар “Э Ж энд Б” ХХК-д газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй, тухайн газар холбогдох эзэмших эрх дуусгавар болсон тул “Намар кофе” нэртэй үйлчилгээний барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газраас холбогдох хэсгийг хасч байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг хассан газрын хэмжээгээр газрыг чөлөөлөх захирамж гаргаж, шаардах хуудсууд хүргүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” хэмээн тодорхойлон маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/568 дугаар захирамжийн биелэлтийг хангах зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” А/626 дугаар захирамж гарсан байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.1, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513, А/568 дугаар захирамжуудыг үндэслэл болгосон байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй буюу газрын хэмжээг багасгаж эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын А/568 дугаар захирамжийг илт хууль бусд тооцох үндэслэлгүй гэж дүгнэж буй энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийг даган гарсан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” А/626 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, А/568 дугаар захирамжийн биелэлтийг хангуулахаар “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” А/626 дугаар захирамж гарчээ.

3. Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01-06/1993 дугаар мэдэгдлийг анхан шатны шүүх захиргааны акт хэмээн үзэж, мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, улмаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан этгээдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-06/1993 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/568 дугаар захирамжаар газрын хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн тул ... 2020 оны 04 дүгээр сарын 30-ны дотор газар чөлөөлөхийг мэдэгдсэн” байх бөгөөд уг албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, харин эрх зүйн үр дагавар бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/568 дугаар захирамжийн биелэлтийг хангахад чиглэгдсэн буюу уг актыг биелүүлэхийг мэдэгдсэн албан бичиг байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа С.Эрдэнэбаярын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/39 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх “...гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 10/39 дүгээр дүгнэлт нь ... захиргааны актын шинжийг агуулаагүй” гэсэн дүгнэлт хийж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаас Хавдар судлалын үндэсний төвийн шуурхай албаны автомашин орох, гарах гарцын байдалд хяналт шалгалт зохион байгуулж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг орлон гүйцэтгэгчид хандан дахин орц, гарц гаргах шаардлагатай талаарх дүгнэлтийг гаргасан байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн уг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/39 дүгээр дүгнэлт нь захиргааны актын захирамжилсан болон эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх үндсэн шинжийг агуулаагүй төдийгүй нэхэмжлэгчид чиглээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “...хариуцагч байгууллага энэхүү байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллагын гадагшаа чиглэсэн буюу заавал биелэгдэх шинжтэй гэж үзэж, маргаан бүхий захирамжид үндэслэж шийдвэрээ гаргасан тул акт мөн” гэх талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01-06/1993 дугаар мэдэгдлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул зөвтгөж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210 дугаар Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 35 дугаар зүйлийн 35.3.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т тус тус заасныг баримтлан” гэж өөрчилж, 1 дэх заалтаас “... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01-06/1993 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” гэснийг хасч, 2 дахь заалтад “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01-06/1993 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” гэж нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, өмгөөлөгч Д.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН