Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 6

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01305/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1447 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч Андиа овогт Д-гийн Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуульд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д-гээс:

2015 оны 12 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын Энэрэл цогцолбор сургууль дээр зарлагдсан мэдээлэл зүй, англи хэлний багшийн сонгон шалгаруулалтанд орж, хамгийн өндөр оноо авч, 1 дүгээр байранд шалгарч тэнцээд тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар мэдээлэл зүй, англи хэлний багшаар томилогдон ажиллах болсон. Тухайн үед сургуулийн захирал Б.Ганбаяр 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулах тушаал гаргаж, хөдөлмөрийн түр гэрээ гэх 3 сарын хугацаатай гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад захирал өрөөндөө дуудаж, гэрээг дүгнэж сайн дүгнэгдсэн учир үргэлжлүүлэн ажил гэх чиглэлийг надад өгсөн. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр захирал солигдож, Ж.Маанийдаарий захирал албан ёсоор сургуулийн захирлын ажил үүргийг хэрэгжүүлэх болсон. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр чи манай сургуульд ямар ч хамаагүй хүн, гэрээ тушаалгүйгээр ажилласан чамд акт тавина, одоо чи ажилдаа ирэхгүй байж болно гэж хэлсэн. Тухайн үедээ яах учраа олохгүй 2016 оны 09 дүгээр сарын 01-02 хичээлийн өдөр өөрийн заах хичээлээ хуваарийн дагуу  заасан  ба миний

бие давхар жирэмсний хяналтанд орох, нарийн шинжилгээ өгөх шаардлагын улмаас захирал Ж.Маанийдаарийд хандаж чөлөө хүсэхэд мөн л манай сургуульд хамааралгүй хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн цохолт хийж өгсөн. Хөдөлмөрийн гэрээг байгуулах, тушаал шийдвэр гаргах, цалин хөлс бодох зэрэг нь жирийн ажилтан миний эрх хэмжээний асуудал биш бөгөөд өмнөх хайхрамжгүй үйлдэл, шинэ ажил олгогчийн шахалт дарамт дур зоргоос шалтгаалж иргэн миний үндсэн хуулиар, хөдөлмөрийн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, ажлаа алдахад хүрээд байна. Мөн намайг 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж, 2016 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл амрах хугацаанд амралтын мөнгийг одоог болтол бодож өгөөгүй учир амралтын мөнгийг гаргуулах хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос:

2016.08.23-ны өдөр тус сургуулийн захирлын албанд Ж.Маанийдаарий ирсэн ба 2016.09.01-ний өдрөөс эхлэн Д.Д-г үндэслэлгүй шаардлага тавин ажлаас халах оролдлого хийсэн ба тус өдрөөс эхлэн цагийг нь хасч, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2016.10.06-ны өдөр Д.Д-г ямар нэгэн тушаал шийдвэр танилцуулж гардуулалгүйгээр ажлаас нь хөөж явуулсан байдаг. Д.Д- шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө сургуулийн удирдлага, үйлдвэрчний эвлэл зэрэг газруудад хүсэлт, гомдлоо өгсөн боловч шийдвэрлэгдээгүй. Монгол Улсын дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ... гэснийг удирдлага болгон нэхэмжлэл гаргасан. Хэдийгээр хариуцагч Ж.Маанийдаарий би ажлаас халаагүй хуулиа барьж ажиллаж байгаа гэсэн тайлбарыг шүүхэд амаар болон бичгээр гаргасан тайлбартаа дурдаж өөрийгөө зөвтгөж байгаа боловч нэхэмжлэгч Д.Д-гийн хөдөлмөрлөх эрхийг захирал Ж.Маанийдаарий хууль бус үйлдлээрээ бүрэн хязгаарлаж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй юм. Шаардах эрхийн үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.8, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтуудаар тус тус тодорхойлогдож байна. Д.Д-тэй туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх харицагчийн тайлбар үндэслэлгүй.  Д.Д- үндсэн багш биш гэж тайлбарлаж байгаа боловч Д.Д- анх ажилд орохдоо сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажилд орсон, хамт олны хурал дээр захирлын зүгээс үндсэн багш хэмээн албан ёсоор мэдэгдсэн, 8а анги удирдсан багшаар томилон ажлуулсан захирлын тушаал, нэгдлийн ахлагчаар ажиллаж байсан байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд Д.Д- нь үндсэн багш болох нь нотлогдож байна. Сургуулийн эрх бүхий албан тушаалтан хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулаагүй холбогдох тушаал шийдвэрийг гаргаагүй зэрэг нь ажилтан Д.Д-гийн буруутай үйл ажиллагаа биш тул хариуцагч тайлбартаа Д.Д-г буруутгасан байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Энэрэл цогцолбор сургуулийн захирал Ж.Маанийдаарийгаас:

Д.Д- нь сонгон шалгаруулалтад орж 2015.12.15-ны өдрийн захирлын Б/96 тоот тушаалаар багшаар томилогдон ажилласан гэж байна. Гэтэл манай сургуульд сонгон шалгаруулалт явуулсан материал огт байхгүй. Д.Д-г ажилд томилсон 2015.12.15-ны өдрийн Б/96 тоот тушаал нь мэдээлэл зүйн багшийн орон тоон дээр 3 сарын туршилтын хугацаагаар түр ажиллуулахаар заасан бөгөөд Д.Д-тэй байгуулсан гэрээндээ мөн 3 сарын хугацаагаар ажиллуулахаар тус тус заасан. Дээрх тушаал болон гэрээнд Д.Д-г англи хэлний багшаар ажиллуулах үг өгүүлбэр огт тусгагдаагүй. Д.Д-тэй байгуулсан гэрээ нь 2016.3.15-ны өдөр дууссан, тус гэрээг дахин нэг сунгах боломж байлаа гэж харахад 2016.6.15-ныг хүртэл сунгасан байх боломжтой юм. Англи хэлний үндсэн багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй. Англи хэлний нэг багштай байна гэсэн захирлын тушаал ч байдаг. Манай сургууль англи хэлний Д.Болормаа гээд багштай. Манай сургууль нэг анги танхимтай байхад англи хэлний багшийг 2 орон тоотой болгож байгаа нь Н.Сүхбаатарын хийсэн ажил бөгөөд Д.Д-д 2015 оны 2 дугаар сараас хойш мэдээлэл зүй, англи хэлний багшийн цалинг давхар өгөөд явсан байсан. Харин ч энэ мөнгийг нэхэмжлэх эрхтэй байх гэж бодож байна. Хэрэв энэ асуудал шалгалтаар илэрсэн бол акт тавигдах байсан. Дараагийн нэг асуудал бол Багш хөгжлийн төвийн багшийн сонгон шалгаруулалт авсан тухай 2015.12.14-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл байгаа. Уг тэмдэглэлд мэдээлэл зүйн үндсэн багшаар Д.Д-г авав гэж хамгийн сүүлд нь бичсэн байгаа нь тэр хүнийг мэдээлэл зүйн багшийн үндсэн орон тоонд ажилд авсан гэж үзэж болох юм уу, үүнийг юу гэж үзэх юм бэ. 8а ангийг Адьяа гэдэг багш удирдаж байхад хууль бусаар ажлаас халчихаад Д.Д-д 8а ангийг дааж ав гэж өгсөн байх. Д.Д- нь 2016.10.06-наас эхлэн гэрээгээ хийгээгүй учраас ажлыг нь зогсоосон. Д.Д-д боломжит бүх нөхцөлийг нь гаргаж өгсөн. Ажилласан хугацааныхаа бүх цалинг үндсэн багш биш атлаа үндсэн багшийн ажлын цагаар цалингаа бодуулж авсан байдаг. Д.Д-г ажлаас халаагүй, тиймээс нийгмийн даатгалын дэвтэр дээр нь нөхөн бичилт хийх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндслэлгүй, гүтгэлгийн шинжтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1447 дугаар шийдвэрээр: 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Д-г Энэрэл цогцолбор сургуулийн Мэдээлэл зүйн багшийн ажилд эргүүлэн тогтоож, Англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Энэрэл цогцолбор сургуулиас 652,470 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 374,723 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Энэрэл цогцолбор сургуульд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Энэрэл цогцолбор сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 90,409 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж,

Нэхэмжлэгч Д.Д- нь амралтын үеийн олговроо тодорхойлж, нотлох баримтаа бүрдүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Энэрэл цогцолбор сургуулийн захирал Ж.Маанийдаарий давж заалдсан гомдолдоо:

Д.Д-тэй байгуулсан гэрээ нь цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмын 23-т заасны дагуу хийгдсэн гэрээ юм. Нэхэмжлэгч нь анги дааснаараа өөрийгөө үндсэн багш болсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Д.Д- нь өөрөө хүний оронд ажиллаж байсан гэдгээ мэдэж хүлээн зөвшөөрч цагийн багшаар ажиллахаар орсон байдаг. Энэ нь тушаалаар нотлогддог. Нэгэнт цагийн багшаар ажиллахаар тохирч тушаал гарсан байсан учраас гэрээгээ хийе гэсэн шаардлагыг тавихад гэрээ хийхгүй гэж өөрөө маргаж эхэлсэн учраас сургалтыг нь зогсоох шийдвэр гаргаж ажиллуулахаа больсон. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үүднээс зөв үнэлж чадаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх зохигчдын дунд хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

          Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн захирал нь тус сургуулийн мэдээлэл зүйн багш Д.Д-г 2016 оны 10 дугаар сарын 06-наас эхлэн амаар шийдвэр гарган, тус сургуульд багшаар ажиллуулаагүй учраас ажилтан шүүхэд гомдол гаргасан байна.

          Хэдийгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай ажил олгогч захиргааны акт гаргаагүй ч ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, түүнийг ажиллах нөхцлөөр хангахгүй байгаа нь ажлаас халсан тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ цуцалсантай адил эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа тул дээрх гомдлыг ажлаас үндэслэлгүй халагдсан гомдолтой адилтган үзэн хүлээн авч шийдвэрлэсэн нь зөв байна.

Ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээний харилцааг зогсоох үндэслэлээ албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныоронд хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байсан бөгөөд гэрээ сунгагдаагүй гэж тайлбарласан байна.

Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа ажил олгогч нь хөдөлмөрийн харилцаанаас үүссэн эрх зүйн үр дагавар үүсгэх аливаа үйлдлийг Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн байгууллагаас гаргасан эрхийн актууд болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэнгаргах нь Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийн баталгаа болон төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчимд нийцнэ.

Аливаа эрх зүйн акт гаргалгүйгээр ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, зогсоож байгаа ажил олгогчийн хууль бус үйлдлийгзөвтгөх түүний үйлдэлд хууль зүйн ямарваа нэгэн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иймд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй байх тул ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв байна.

Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцон олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Харин ажилтан ээлжийн амралтын мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул түүнийг шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэн шийдвэрлэх боломжгүй байжээ.           

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ч ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтыг нэхэмжлэхажилтны эрх нь нээлттэй бөгөөд ийнхүү нэхэмжлэхэд анхан шатны шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.

Хариуцагч төсвийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 90500 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.500 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргаж буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаарДавж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авахүүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ