Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар Г.Нямбаатар

 

    Б.Нямбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

         Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолтой Б.Нямбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Нямбаатарын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б.Нямбаатар нь Ч.Болдбаатартай машиндаа нүүрс ачуулах машинуудын дарааллаас болж маргалдан түүний эрх чөлөөнд  халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх: Б.Нямбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нямбаатарыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сар баривчлах ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямбаатарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Нямбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нямбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Б.Нямбаатараас гаргасан давж заалдсан гомдолдоо: “...Надад холбогдох эрүүгийн хэргийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө надаас яллагдагчаар татах тогтоолыг хэзээ гардаж авсан талаар шүүгч асуухад нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 14 цагт авсан болохоо хэлсэн. Яллагдагчаар татах тогтоол гардуулснаас хойш 3 хоног буюу 72 цаг өнгөрсөн тохиолдолд шүүх хуралдаан хийх ёстой атал цаг хугацааг зөрчиж шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

          Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ:

          Шүүгдэгч С.Нямбаатар нь хуулинд заасны дагуу яллах дүгнэлт гардуулснаас хойш 72 цаг өнгөрөөгүй байхад шүүх хуралдааныг хийсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татах тогтоолыг гардуулж өгсөн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 11 цагаас болсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр С.Нямбаатараас яллагдагчаар татах тогтоолыг хэзээ гардаж авсан талаар асуухад 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагаас 11 цагийн хооронд гардаж авсан гэж мэдүүлсэн учраас 72 цагийн хугацаа өнгөрсөн гэж шүүх үзээд, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцээд ял оногдуулсан байдаг. Анхан шатны шүүх бол процессын алдаа гаргаагүй. Ялтан С.Нямбаатарын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа:

          С.Нямбаатар нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36  дугаар шийтгэх тогтоолоор 1 сарын баривчлах ял оногдуулсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн шинэ хуулиар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь дээрдэж байгаа, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Б.Нямбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр гомдлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

Б.Нямбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны шөнө тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Тавантолгой” нүүсний уурхайн ачилтын хэсэгт хохирогч Ч.Болдбаатартай машиндаа нүүрс ачуулах машинуудын дарааллаас болж маргалдан түүний зүүн нүдэн тус газар нь гараараа цохин бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Ч.Болдбаатар /хх-10/, гэрч Ү.Ариунболд /хх-11/, Б.Мөнхсайхан /хх-12/, Ц.Дэлгэрсайхан /хх-13/, Б.Адъяажаргал /хх-138-139/, шүүгдэгч Б.Нямбаатар нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 198 дугаартай дүгнэлт /хх-143/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Б.Нямбаатарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнээр тооцогдсон Б.Нямбаатарт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/02 дугаартай яллагдагчаар татах тогтоолыг хяналтын прокурор Ц.Бямбадорж баталж, яллагдагчид танилцуулсан /хх-26-29/ ба дээрх яллагдагчаар татах тогтоолын хувийг анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 55 минутанд /хх-77/, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр /хх-162/ тус тус яллагдагч Б.Нямбаатарт гардуулсан өгчээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт нээлттэй хийсэн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Нямбаатар нь яллагдагчаар татах тогтоолыг 05 дугаар сарын 23-ны өглөө 10-11 цагийн үед авсан /хх-168/ гэж мэдүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул Б.Нямбаатарын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүссэн давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” гэсэн ойлголт байхгүй болсон, “баривчлах ял” гэсэн ялын төрөл хасагдсан, хуучин хуулийн баривчлах ялыг шинэ хуулийн ямар нэг төрлийн ялаар дүйцүүлэн солих эрх зүйн зохицуулалт байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Б.Нямбаатарыг эдэлж байгаа баривчлах ялаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн /2002 оны/ хуульд хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах журмыг зохицуулсан зохицуулалт байсан боловч энэ зохицуулалт Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр заасан тул Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийг хэрэглэсэн заалтыг хүчингүй болгов.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Нямбаатарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсэгт:

“шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нямбаатарыг 1 сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 3, 4, 6 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нямбаатарыг 55 /тавин таван/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Б.Нямбаатарыг нэн даруй сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Н.НАСАНЖАРГАЛ

            ШҮҮГЧИД                                                                       Т.БЯМБАЖАВ                                                                                                      

                                                                                                    Х.ГЭРЭЛМАА