Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 201

 

2020       03        16                                   2020/ШЦТ/201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

            улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч А.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011004130151 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                              

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт А.Г, 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гэрэлт цамхаг СӨХ-ийн үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнж 41 гудамж, 555а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 21 дүгээр байрны 00 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ........................................

/яллах дүгнэлтэнд дурдснаар/

          Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 21 дүгээр байрны подвалд нөхөртэйгээ архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж байх үед нь салгаж гэж байсан иргэн И.Мөнхбаярыг лааны сууриар цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хуруунд шарх, баруун дал, баруун мөрөнд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би цохино гэж бодоогүй. Нөхөртэйгөө хэрэлдэж байгаад хүн цохисноо анзаараагүй. Дараа нь харсан чинь нилээн цус гарчихсан байсан” гэв.

Хохирогч И.Мөнхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн орой 23 цагийн орчимд Оюунбат, Гандолгор, бид гурав нэг шил 0,75 грамм, 2 шил 0,5 граммын Хараа нэртэй архи аваад подвол дотроо хувааж ууцгаасан. Бид 3 нилээн согтсон ба шөнө 12 цаг өнгөрч байхад гаднаас бидний найз болох Ууганбаяр нь согтуу ирсэн. Ууганбаяр нь тухайн үед мөнгөтэй байсан болохоор Ууганбаяр, Оюунбат бид гурав архи авахаар гартал Гандолгор нь нөхөр болох Оюунбат руугаа уурлаад яах гээд байгаа юм, одоо гарахгүй, нэмж битгий архи ав гээд Оюунбат нь чамд хамаагүй гээд тэр хоёр ам зөрөөд өнгөрсөн. Бид гурав хороололд шөнийн архи зардаг Тааз нэртэй газраас очиж нэг шил 0,75 граммын Хараа нэртэй архи аваад буцаж Оюунбатын амьдардаг подволд иртэл Гандолгор бүр их согтчихсон нөхөр рүүгээ дайраад уурлаад би ханиад хүрчихсэн байхад чи тоосонгүй, нэмж архи уулаа гэх зэрэг зүйл яриад, Оюунбат ч согтуу урдаас нь бас пизда гэх зэргээр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл Гандолгор нь подвол дотроо байсан 50 орчим см урттай, шилэн лааны суурь шиг зүйлийг барьж аваад нөхрийгөө цохих гэхээр нь би салгах санаатай урдуур нь ортол миний баруун мөр, хэсэг рүү цохисон. Би түүнд хандаж болиоч гэж хэлтэл дахиад миний шилэн хүзүү рүү цохичихсон юм. Би тухайн үед их согтуу байсан учраас анзаараагүй, гэтэл уг шилэн лааны суурьны намайг цохисон хэсэг болох дээд үзүүр нь хагархай байсан бөгөөд миний мөр, шилэн хүзүү зэрэг хэсгүүдэд зүсэгдчихсэн их цус гарсан. Тэгтэл Гандолгор өөрөө цагдаа дуудчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

Гэрч Д.Оюунбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Мөнхбаяр бид хоёрын дундуур ороод Мөнхбаярын нуруу хэсэг рүү нь 2-3 удаа цохиод өөрөө холдсон. Тэгтэл Мөнхбаярын шилэн хүзүүний ар хэсгээс нь цус ихээр гарсан. Энэ үед бид нар бүгд айгаад цочролд орсон ба манай эхнэр өөрөө цагдаа руу залгаад би хүн цохиод гэмтээчихлээ гэж яриад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

Яллагдагч А.Г мэдүүлэхдээ: “... манай нөхөр, нөгөө хоёр найзтайгаа ирчихсэн архи уугаад сууж байхаар нь би уур хүрээд нөхөртөө чи нэмж архи уулаа, одоо боль гэх зэргээр чангаар орилж хашгичиж хэрэлдсэн ба уурандаа манай 00 тоотын үүд хэсэгт коридорт байсан лааны шилэн суурийг барьж аваад нөхөр Оюунбатыг цохихоор савтал И.Мөнхбаяр бид хоёрын дундуур орж ирээд би уурандаа И.Мөнхбаярыг 2-3 удаа цохичихсон юм. Тэгтэл Мөнхбаярын хүзүүний ар хэсэг буюу шилэн хүзүүнээс нь цус маш их хэмжээгээр гарсан, би айж цочирдоод шууд цагдаа дуудаж өөрөө хүн цохиж гэмтээснээ хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд намайг болон Мөнхбаярыг аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-34-36х/,      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №2151 тоот дүгнэлтэнд:

         “1. И.Мөнхбаярын биед хүзүү, зүүн гарын долоовор хуруунд шарх, баруун дал, баруун мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.3. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-17-18х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 21 дүгээр байрны подвалд нөхөртэйгээ архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж байх үед нь салгаж гэж байсан иргэн И.Мөнхбаярыг лааны сууриар цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хуруунд шарх, баруун дал, баруун мөрөнд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.