Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0333

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Г.Э..............й, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрдэнэ овогт Г..............хын Э..............йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0381 50327 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Эрдэнэ овогт Г..............хын Э..............й, Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Ө..............йт суманд 1978 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эмэгтэй, 42 настай, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ..... оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ........

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Э..............й нь 2018 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 2 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Hotel” гэсэн бичигтэй буудалд иргэн Д.Ж..............нгийн “ХААН” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э..............й мэдүүлэхдээ: “...Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Ж..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын  6-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Hotel” гэсэн бичигтэй зочид буудалд үл таних Ө..............й гэх нэртэй эмэгтэй хүнтэй цуг орж “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи, “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн 8 лааз пиво ууж хоносон.  Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 7-ны ...шөнө тус буудлаас Ө..............й гэх эмэгтэйтэй цуг гараад би такси барин Ө..............йг гэрт нь буулгаж өгөх санаатай Баянзүрх дүүргийн Дарь-эхийн хавьцаа автомашины зам дагуу буулгаад би гэртээ...ирж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 8-ны өглөө сэрээд өөрийн 560600...26 дугаартай “ХААН” банкны дансаа шалгатал миний данснаас 1 удаагийн үйлдлээр 500.000 төгрөг гарсан байсан... Би Ө..............й гэх эмэгтэйг гэрт нь хүргэж өгч байхдаа зам дагуу АТМ дээр гүйлгээ хийсэн... миний картын нууц үгийг хэн ч мэдэхгүй, гэхдээ би Ө..............й гэх эмэгтэй хүнтэй цуг байх хугацаандаа картынхаа нууц үгийг хэлж картаараа юм авхуулж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

“...Би тухайн үед Ө..............йд ХААН банкны картаа өгч дэлгүүрээс архи, пиво, ууж идэх зүйл аваад тооцоо нь 97.000 төгрөг болсон байсан. Тэрнээс хойш би Ө..............йд ...картаа өгөөгүй. ...Би дансны хуулгаа аваад цаг, минутыг нь тодорхой хартал тухайн цаг хугацаанд би зочид буудалд байсан байна лээ. ...Би “Саппоро”-ын Голомт банкны АТМ-ын хяналтын камерыг шүүжд үзэхэд Ө..............й мөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

2. Д.Ж..............нгийн “ХААН” банкны депозит дансны хуулгад “...2018.08.08 өдөр 02 цаг 01 минутад 500.500 төгрөгийн зарлага” гэх баримт (хавтаст хэргийн 46)

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...ХАС банкны АТМ-ын хяналтын камерын ...бичлэгийг үзэхэд 22 цаг 39 минутад хөх өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн нарны шил толгой дээрээ зүүсэн 40 орчим насны үл таних эмэгтэй тус АТМ-с мөнгө аваад гарч явж байгаа бичлэг байв...” гэх баримт (хавтаст хэргийн 28),

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд: “...Г.Э..............й танд үзүүлсэн бичлэгт байгаа хүн та мөн үү гэхэд тиймээ мөн байна..” гэх баримт (хавтаст хэргийн 29),

5. Шүүгдэгч Г.Э..............йн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр найз Н.............г залгаад ...манай найз хөдөөгөөс ирсэн байна хоёулаа цуг очиж уулзъя, хоёулаа ч гэсэн жоохон юм ярьж сууя” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн автобусны буудлын урд талд нэрийг нь мэдэхгүй нэг зочид буудалд найз Н.............г, түүний найз Ж..............н нар дээр очиж тэндээ бид нар архи, пиво ууцгаагаад хонож амарсан. Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мөн тус буудалдаа ууж идэж байгаад нэг сэртэл ...би Ж..............нтэй хамт байсан. Харин Н.............г байхгүй байсан. Тэгэхээр нь би босоод Ж..............нг унтаж байхаар нь ил байсан “ХААН” банкны картыг нь авч гараад Саппорогийн автобусны буудал дээр байдаг “ХАС” банкны АТМ-с 500.000 төгрөг аваад эргэж ...буудалдаа очоод ... “ХААН” банкны картыг нь Ж..............нгийн хэтэвчинд нь хийсэн. Тэгээд Ж..............нг сэрээгээд явлаа гэсэн чинь ...намайг хүргэж өгнө гээд хамт буудлаас гарцгаасан... Ж..............н дэлгүүрээс архи, пиво авахдаа “ХААН” банкны картын нууц дугаарыг хэлж байхад нь цээжилсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42, 38, 90), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 41), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 37, 39), “Чандмань Зотлог” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 91), хохиролд 300.000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 92) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас  мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э..............йд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Э..............йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 200.000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Г.Э..............й нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Hotel” буудалд найз Н.............г түүний найз Д.Ж..............н нар дээр очсон байна. Улмаар тухайн буудалд 2018 оны 8 дугаар сарын 06-аас 08-ны өдрийг хүртэл архидан согтуурчээ. Ийнхүү архидан согтуурч байхдаа шүүгдэгч Г.Э..............й нь хохирогч Д.Ж..............нгийн унтаж байгааг нь далимдуулан түүний “ХААН” банкны картыг авч гаран Саппорогийн автобусны буудлын ойролцоо байрлах “ХАС” банкны АТМ-д 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02 цаг 01 минутад орчим уншуулж, картаас нь 500.00 төгрөг авч хохирол учруулсан болох нь

- Д.Ж..............нгийн “ХААН” банкны депозит дансны хуулгад “...2018.08.08 өдөр 02 цаг 01 минутад 500.500 төгрөгийн зарлага” гэх баримт (хавтаст хэргийн 46)

- Хохирогч Д.Ж..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын  6-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Hotel” гэсэн бичигтэй зочид буудалд үл таних Ө..............й гэх нэртэй эмэгтэй хүнтэй цуг орж “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи, “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн 8 лааз пиво ууж хоносон.  Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 8-ны ...шөнө тус буудлаас Ө..............й гэх эмэгтэйтэй цуг гараад би такси барин Ө..............йг гэрт нь буулгаж өгөх санаатай Баянзүрх дүүргийн Дарь-эхийн хавьцаа автомашины зам дагуу буулгаад би гэртээ...ирж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 8-ны өглөө сэрээд өөрийн 560600...26 дугаартай “ХААН” банкны дансаа шалгатал миний данснаас 1 удаагийн үйлдлээр 500.000 төгрөг гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

“...Би тухайн үед Ө..............йд ХААН банкны картаа өгч дэлгүүрээс архи, пиво, ууж идэх зүйл аваад тооцоо нь 97.000 төгрөг болсон байсан. Тэрнээс хойш би Ө..............йд ...картаа өгөөгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...ХАС банкны АТМ-ын хяналтын камерын ...бичлэгийг үзэхэд 22 цаг 39 минутад хөх өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн нарны шил толгой дээрээ зүүсэн 40 орчим насны үл таних эмэгтэй тус АТМ-с мөнгө аваад гарч явж байгаа бичлэг байв...” гэх баримт (хавтаст хэргийн 28),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд: “...Г.Э..............й танд үзүүлсэн бичлэгт байгаа хүн та мөн үү гэхэд тиймээ мөн байна..” гэх баримт (хавтаст хэргийн 29),

- Шүүгдэгч Г.Э..............йн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр найз Н.............г залгаад ...манай найз хөдөөгөөс ирсэн байна хоёулаа цуг очиж уулзъя, хоёулаа ч гэсэн жоохон юм ярьж сууя” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн автобусны буудлын урд талд нэрийг нь мэдэхгүй нэг зочид буудалд найз Н.............г, түүний найз Ж..............н нар дээр очиж тэндээ бид нар архи, пиво ууцгаагаад хонож амарсан. Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мөн тус буудалдаа ууж идэж байгаад нэг сэртэл ...би Ж..............нтэй хамт байсан. Харин Н.............г байхгүй байсан. Тэгэхээр нь би босоод Ж..............нг унтаж байхаар нь ил байсан “ХААН” банкны картыг нь авч гараад Саппорогийн автобусны буудал дээр байдаг “ХАС” банкны АТМ-с 500.000 төгрөг аваад эргэж ...буудалдаа очоод ... “ХААН” банкны картыг нь Ж..............нгийн хэтэвчинд нь хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71) гэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Э..............й нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр Ж..............нгийн “ХААН” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, картаас нь 500.000 төгрөг авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Г.Э..............йг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ж..............нд 500.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Г.Э..............й нь 300.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгчээс үлдэх хохирол болох 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ж..............нд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Э..............йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нь манай үйлчлүүлэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан буюу төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлын харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Э..............й нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Э..............йг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зохих хувийг төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгч Г.Э..............й нь хохирлын зарим хэсгийг төлж барагдуулаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд авах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.

Эрүүгийн 1908 0612 00076 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрдэнэ овогт Г..............хын Э..............йг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Э..............йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Э..............йд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энх-Өлий нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э..............йгөөс 200.000 (хоёр зуун мянга) төгрөг гаргуулж хохирогчид олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ