| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0007/Э |
| Дугаар | 7 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 7
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга С.Гончигбал,
улсын яллагч Д.Сүрэнхор,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О ад холбогдох 163/2020/0007/Э индекстэй, эрүүгийн 1915004290278 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт хохирогч Н.Н той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915004290278 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Н.Н ийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгаас хашааны банз үзэх ажлаар найз А , Д , А ын дүү С гэх хүмүүсийн хамт Орхон аймгаас Булган аймагт ирсэн. Тэгээд хамт явсан Д гийн хамаатны айл Өрмийн цагаан нуурын тэнд байдаг гээд нэг айлд очиж айраг ууж хэсэг байж байгаад манай засварын газраар үйлчлүүлдэг Б гэж ахынх тэнд байдаг, ирвэл манайхаар очиж ямаа боолгуулж идээрэй гээд уриад байсан учраас тэднийх рүү харанхуй болсон хойно явж байгаад замдаа шаварт суусан...Тухайн үед би А ын ахын машин болох хар өнгийн Харейр маркийн машинтай явсан ба А ын хамт харанхуйд давааны цаана хөгжим дуугараад байхаар нь бид 2 яваад даваан дээр гараад иртэл 3 машинтай хүмүүс байхаар нь яваад очсон ба эрэгтэй эмэгтэй нийлсэн 10 гаран хүмүүс байсан..., цагаан өнгийн **-** БУА дугаартай портер гэсэн 3 машин байхаар нь портерын жолоочоос нь машин чирээд өгөөч гээд гуйсан чинь гаргаж чадахгүй гэсэн. Дахиад гуйсан чинь чадахгүй гэж байна ш дээ пизда чинь гээд бид нар луу бүгд дайрцгаасан..., портер машин хөдлөж явж байсанаа машинаа зогсоогоод жолооч нь бууж ирээд миний зүүн хацар луу өшиглөчихөөд явсан. Тэгэхээр нь харахад машин нь **-** БУА дугаартай байхыг нь харж амжсан. Ингэж өшиглүүлсэний улмаас миний зүүн дээд эрүүний 1 шүд хугарч зэргэлдээх 2 шүд нь хөдөлгөөн орж хацар хугарсан шүднии ёзоорт зүсэгдэж нэвт цоорчихсон. Толгой дух хэсгээр битүү хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч А.Д гийн өгсөн:... Н ийн биед зүүн хацар нь нэвт цоорчихсон зүүн дээд эрүүн шүд хугарчихсан баруун хөмсөгийг нь сэт цохичихсон гэмтлүүд учирсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч О.А ын өгсөн:...Н хүнд зодуулчихсан зүүн хацар нь цоорчихсон, шүд нь хугарчихсан, дух нь хөхөрч хавдсан баруун хөмсөг нь язарчихсан байсан…, баахан цус гараад тэр нь хатчихсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Б.О яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Миний машинд ороод суучихсан байхар нь буу гэсэн буухгүй байхаар нь би татаж буулгаад тэгээд 2 удаа цохиод авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 257 тоот дүгнэлтэнд: 1. Н.Н ийн биед 25,26,27-р шүднүүдийн булгарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, духанд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварийг 10 хувь алдагдуулна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 49, 51-52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 50 дугаар хуудас/, зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт хохирогч Н.Н той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Н.Н ийн мэдүүлгийн эх сурвалж нь тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч А.Д , гэрч О.А нарын өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Н.Н ийн биед 25,26,27-р шүднүүдийн булгарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, духанд сорви гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 257 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.О ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.О ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Н.Н нь эмчилгээний зардал болон бусад зардалд шүүгдэгчээс гар утасны үнэ 840.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно. Хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан эмнэлэгийн болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.О ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.О ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.О ад оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Н.Н нь энэ хэрэгтэй холбоотой гаргасан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН