Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 0362

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Д.Б...........н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Өндөрийнхөн овогт Д...........жийн Д.Б...........ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0525 90055 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өндөрийнхөн овогт Д...........жийн Д.Б...........н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Драгон” худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт ...................., урьд

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Д.Б...........н нь 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн .................. тоотод У.А..................атай маргалдаж, нүүрэн тус газар цохиж, цээж, зүүн ташаа, зүүн гуянд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б...........н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч У.А..................нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай найз М..................нгийн охины үсний болон байшингийн найр болсон юм. Тэгээд би эхнэр Н.М..................л түүний найз Н..................н нарын хамт... 23 цагийн орчим тэднийд очсон. ...М..................нгийнд очиход М..................н, түүний эхнэр А..................г, хоёр хүүхэд нь Д.Б...........н гэх залуу нар байсан. Тэгээд бид нар хоол идэж, ...архи ууцгаасан. ...Тэр үед Д.Б...........н архи хундагалаад М..................нгийн эхнэр А..................гийг архи уу гээд шахаад байхаар нь би “Д.Б...........н гэх залууд М..................н архи их уусан байна, ...чи битгий А..................гийг архиар шахаад бай” гэсэн. Тэгтэл Д.Б...........н гэх залуу над руу “чи хэн юм бэ?” гээд дайраад байхаар нь би Д.Б...........ныг “чи муу бацаан зүгээр байгаарай” гээд Д.Б...........н бид 2 хоорондоо заамдалцаад авсан. Тэгтэл манай эхнэр М..................л, Н..................н, А..................г нар салгасан. Тэгээд би Д.Б...........н гэх залууд “намайг уучлаарай, би гэр рүүгээ явлаа” гээд М..................нгийн гэрээс 2019 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчим гартал М..................н миний араас гарч ирээд “чи явах гэж байгаа юм уу? чи манай гэрт хэрүүл маргаан хийлээ” гээд байсан. ...Тэр үед М..................нгийн гэрээс Д.Б...........н гэх залуу гарч ирээд миний цээжнээс тэврээд намайг баруун гараараа цохиод байсан. Тэгтэл эхнэр М..................л, А..................г хоёр бид хоёрыг салгасан. ...Намайг гэр рүүгээ явж байсан чинь миний цээжний зүүн хэсэгт халуу дүүгээд нойтон оргиод, зүүн хөлийн ташаан толгой хэсэгт өвдөөд байсан. Тэгэхээр нь би гараараа цээжин хэсэг дээрээ дарсан чинь цус гарсан байсан. Мөн зүүн талын ташаан толгой хэсгээ дарсан чинь мөн цус гарсан байдалтай байсан. ...Би тухайн үед Д.Б...........ныг гартаа хутга барьсан байсныг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

2. Гэрч Н.М..................лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр А..................а найз Н..................н бид гурав... М..................нгийн гэрт ороод хоол цай идэж байсан чинь М..................н ширээн дээрээ байсан “Соёрхол” нэртэй тал архинаасаа хундагалаад тойруулж байсан. ...М..................н архи их уусан бололтой байсан. М..................нгийн хундагалаад тойруулж байсан архийг Д.Б...........н аваад М..................нгийн эхнэр А..................гт хийж өгөөд архиар шахаад байсан чинь манай нөхөр ...Д.Б...........н гэх залууд “М..................н архи их уусан байна. Чи А..................гийг битгий архиар шахаад бай М..................н А..................г хоёрын ядаж нэг нь эрүүл байж байг” гэж хэлсэн чинь Д.Б...........н гэх залуу манай нөхөрт “би мэдэж байна” гээд ...тэр хоёр хоорондоо заамдалцаад авсан. ...Тэгтэл А..................г, Н..................н хоёр “та хоёр битгий хоорондоо маргалдаад бай” гээд салгасан. ...Тэгээд манай нөхөр гэр лүүгээ явлаа гээд М..................нгийн гэрээс гараад явтал М..................н, А..................г хоёр нөхөр А..................нын араас гарсан. Би гэрийн үүдэн дээр очих үед гэрт байсан Д.Б...........н гартаа хутга бариад гэрээс гарах гэж байхаар нь би Д.Б...........нд “миний дүү хутгаар яах гэж байгаа юм бэ, чи тайвшир, чи хүн алчихвал чамд хохиролтой шүүдээ” гэсэн чин Д.Б...........н за за гээд байсан. Намайг М..................нгийн гэрээс гарахад нөхөр А..................а, М..................н хоёр хоорондоо маргалдсан бололтой А..................г манай нөхрийн араас тэвэрсэн байдалтай байсан. ...Тэгтэл Д.Б...........н гэрээс гарч ирээд манай нөхөр А..................атай хоорондоо маргалдаад заамдалцаад нэг нэгнийгээ түлхэлцээд байсан. Тэр үед А..................г Д.Б...........ныг хутга барьсан байна шүү дээ гэсэн. Намайг харахад Д.Б...........н гартаа хутга барьсан харагдсан... Тэгээд манай нөхөр гэртээ харилаа гээд явснаа... удалгүй гаднаас орж ирээд ...Д.Б...........ныг “чи намайг яаж байгаа юм гээд цус болсон хагас ханцуйтай цамцаа тайлахад манай нөхрийн цээж хэсгээс цус гарсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21),

3. Гэрч Э.М..................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байрны найр хийсэн юм. Манай гэрийн хаяг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн .................. тоот. Манай байрны найран дээр ...23 цагийн орчим эхнэрийн найз М..................л, нөхөр А..................нын хамт ирсэн. ...Манайд байхад Д.Б...........н архи аягалаад надад хийж өгсөн. Би Д.Б...........нд “ах нь уухгүй” гэсэн чинь тэрээр “ах ганц хундага архи уучих” гээд шахаад байсан. Тэгтэл А..................а гэх залуу Д.Б...........нд “айл гэрийн хүмүүсийн нэг нь архи ууг, чи битгий хүн шахаад бай” гэсэн чинь Д.Б...........н А..................нын урдаас “чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэгтэл А..................а ширээн дээр байсан бууз аваад Д.Б...........ны нүүр лүү шидсэн чинь Д.Б...........н “чи яаж байгаа пиздаа вэ?” гэж хэлэхэд А..................а, Д.Б...........ныг үсдээд доош дараад цохиод байхаар нь би салгаад А..................а гэх залууг гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

4. Гэрч Г.А..................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай байрны найр болсон. ...манай нөхөр М..................н Д.Б...........ныг дуудаад архи хундагал гээд байсан. Намайг хүүхдүүдээ унтуулах гээд нөгөө өрөөнд орсон байхад А..................а Д.Б...........н луу бууз шидээд ...тэр хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохиод байсан. ...Тэгсэн удалгүй А..................а гэр лүүгээ явлаа гээд манайхаас гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь манай нөхөр М..................н тэр хоёр маргалдаад байхаар нь би салгаад зогсож байтал Д.Б...........н А..................нын араас очоод тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь М..................л бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84), 

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12261 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун нүдний дээд зовхинд 3.0х1.5см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Цээжний зүүн дээд хэсэгт 7,0х0.5см хэмжээтэй хүрэн ягаан цоохортсон цус хуралттай. Зүүн хөхний дээд талд 1,0х0.2см хэмжээтэй, оёдол бүхий шархтай, тойроод бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай, зүүн ташаанд 0,4х0.3см хэмжээтэй хүрэн өнгийн өнгөц хатгагдсан шархтай, зүүн гуяны гадна дээд хэсэгт 1,0х0.2см хэмжээтэй, оёдол бүхий шархтай, тойроод бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан, 0,8х0.3см хэмжээтэй хүрэн өнгийн өнгөц хатгагдсан шархтай.

Эмнэлгийн бичиг баримтад...яаралтай тусламжийн хуудас №759-д 2019.10.08-ны өдөр: Зовуурь-Цээжний зүүн хэсэгт өвдөнө. Зүүн гуя өвдөнө. ...хэсэг газрын үзлэгт: Зүүн цээж, бүсэлхий, гуянд хатгагдсан шархнуудтай. ...хэвлийн зүүн талын шарх, гуяны гадна шарханд хурсан зүйлгүй.. ...цээжний зүүн тал, зүүн ташаа гуянд хатгагдсан шарх гэжээ...ДҮГНЭЛТ

1. У.А..................нын биед цээж, зүүн ташаа, зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),

 

6. Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.А..................нын бид учирсан цээж, зүүн ташаа, зүүн гуянд хатгагдсан шарх цус хуралтуудад нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Мөн бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...У.А..................нын биед учирсан цээж, зүүн ташаа, зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралтууд нь хурц үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр ...үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

 

7. Шүүгдэгч Д.Б...........ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 19 цагийн орчим ...А..................а гэх залуу ширээн дээр...байсан буузнаас нэг ширхгийг аваад над руу шидээд намайг үсдээд ширээн дээр дараад миний нүүр хэсэгт цохисон. Тэгсэн М..................нгийн эхнэр Алтантунгалаг, А..................а бид хоёрыг салгасан. ...би сандлаасаа босоод А..................а гэх залуутай заамдалцаж аваад нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгсэн А..................а намайг дахиад үсдэж доош дараад өшиглөөд доош дарсан байсан чинь цаанаас нь А..................нын эхнэр...М..................нгийн эхнэр А..................г нар салгасан чинь А..................а гэрээс гараад явсан. Би М..................н ахын байшингийн том өрөөнд байсан ширээний ард сууж байсан чинь том өрөөний ширээний тавцан дээр нэг жижиг саарал өнгийн төмөр хутга байхаар нь тэр хутгыг аваад А..................нын араас нь гарсан. Тэгтэл гадаа А..................а М..................н ахын байшингийн урд талд байсан. Тэгэхээр нь би очоод цээж, зүүн, гуя, ташаа хэсэгт нь нэг нэг удаа хутгаар хатгасан. ...М..................нгийн байшингийн том өрөөний ширээн дээр байсан жижиг саарал өнгийн хутгаар А..................ны зүүн гуя, ташаа, цээж хэсэгт нь нэг нэг удаа хатгасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-47),

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 71), хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт (хавтаст хэргийн 92)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 52), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55-59), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 59), Драгон худалдааны төвийн тодорхойлолт (хавтаст хэргийн 51) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б...........нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Б...........н нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн .................. тоотод, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр найз Э.М..................нгийн байшингийн цайллагад очин Э.М..................н, Г.А..................г, Н.М..................л, У.А..................а... нарын хамт архидан согтуурчээ. Улмаар хохирогч У.А..................а Д.Б...........ныг нар нь хоорондоо “гэрийн эздийг архиар шахсан, бууз шидлээ” гэх сэдэлтээр маргалдан зодолджээ. Ийнхүү маргаан, зодоон дууссаны дараа У.А..................а нь Э.М..................нгийн гэрээс 2019 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчим гарч гэр лүүгээ явах гэж байхад Д.Б...........н нь Э.М..................нгийн гэрээс саарал өнгийн төмөр хутга авч гаран дахин маргалдаж түүний цээж, зүүн ташаа, зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч У.А..................нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай найз М..................нгийн охины үсний болон байшингийн найр болсон юм. Тэгээд би эхнэр Н.М..................л түүний найз Н..................н нарын хамт... 23 цагийн орчим тэднийд очсон. ...М..................нгийнд очиход М..................н, түүний эхнэр А..................г, хоёр хүүхэд нь Д.Б...........н гэх залуу нар байсан. ...Тэр үед Д.Б...........н архи хундагалаад М..................нгийн эхнэр А..................гийг архи уу гээд шахаад байхаар нь би “Д.Б...........н гэх залууд М..................н архи их уусан байна, ...чи битгий А..................гийг архиар шахаад бай” гэсэн. Тэгтэл Д.Б...........н гэх залуу над руу “чи хэн юм бэ?” гээд дайраад байхаар нь би Д.Б...........ныг “чи муу бацаан зүгээр байгаарай” гээд Д.Б...........н бид 2 хоорондоо заамдалцаад авсан. ...Тэгээд би Д.Б...........н гэх залууд “намайг уучлаарай, би гэр рүүгээ явлаа” гээд М..................нгийн гэрээс 2019 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчим гартал ...М..................нгийн гэрээс Д.Б...........н гэх залуу гарж ирээд миний цээжнээс тэврээд намайг баруун гараараа цохиод байсан. ...Намайг гэр рүүгээ явж байсан чинь миний цээжний зүүн хэсэгт халуу дүүгээд нойтон оргиод, зүүн хөлийн ташаан толгой хэсэгт өвдөөд байсан. Тэгэхээр нь би гараараа цээжин хэсэг дээрээ дарсан чинь цус гарсан байсан. Мөн зүүн талын ташаан толгой хэсгээ дарсан чинь мөн цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- Гэрч Н.М..................лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М..................нгийн хундагалаад тойруулж байсан архийг Д.Б...........н аваад М..................нгийн эхнэр А..................гт хийж өгөөд архиар шахаад байсан чинь манай нөхөр ...Д.Б...........н гэх залууд “М..................н архи их уусан байна. Чи А..................гийг битгий архиар шахаад бай М..................н А..................г хоёрын ядаж нэг нь эрүүл байж байг” гэж хэлсэн чинь Д.Б...........н гэх залуу манай нөхөрт “би мэдэж байна” гээд ...тэр хоёр хоорондоо заамдалцаад авсан. ...Тэгээд манай нөхөр гэр лүүгээ явлаа гээд М..................нгийн гэрээс гараад явтал М..................н, А..................г хоёр нөхөр А..................нын араас гарсан. Би гэрийн үүдэн дээр очих үед гэрт байсан Д.Б...........н гартаа хутга бариад гэрээс гарах гэж байхаар нь би Д.Б...........нд “миний дүү хутгаар яах гэж байгаа юм бэ, чи тайвшир, чи хүн алчихвал чамд хохиролтой шүүдээ” гэсэн чин Д.Б...........н за за гээд байсан. Намайг М..................нгийн гэрээс гарахад ...Д.Б...........н гэрээс гарч ирээд манай нөхөр А..................атай хоорондоо маргалдаад заамдалцаад нэг нэгнийгээ түлхэлцээд байсан. Тэр үед А..................г Д.Б...........ныг хутга барьсан байна шүү дээ гэсэн. Намайг харахад Д.Б...........н гартаа хутга барьсан харагдсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21),

- Гэрч Э.М..................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн хаяг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн .................. тоот. Манай байрны найран дээр ...Д.Б...........н архи аягалаад надад хийж өгсөн. Би Д.Б...........нд “ах нь уухгүй” гэсэн чинь тэрээр “ах ганц хундага архи уучих” гээд шахаад байсан. Тэгтэл А..................а гэх залуу Д.Б...........нд “айл гэрийн хүмүүсийн нэг нь архи ууг, чи битгий хүн шахаад бай” гэсэн чинь Д.Б...........н А..................нын урдаас “чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэгтэл А..................а ширээн дээр байсан бууз аваад Д.Б...........ны нүүр лүү шидсэн чинь Д.Б...........н “чи яаж байгаа пиздаа вэ?” гэж хэлэхэд А..................а, Д.Б...........ныг үсдээд доош дараад цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- Гэрч Г.А..................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг хүүхдүүдээ унтуулах гээд нөгөө өрөөнд орсон байхад А..................а Д.Б...........н луу бууз шидээд ...тэр хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохиод байсан. ...Тэгсэн удалгүй А..................а гэр лүүгээ явлаа гээд манайхаас гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь ...Д.Б...........н А..................нын араас очоод тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь М..................л бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84), 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12261 дугаар дүгнэлт “... 1. У.А..................нын биед цээж, зүүн ташаа, зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),

- Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.А..................нын бид учирсан цээж, зүүн ташаа, зүүн гуянд хатгагдсан шарх цус хуралтуудад нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...У.А..................нын биед учирсан цээж, зүүн ташаа, зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралтууд нь хурц үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр ...үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

- Шүүгдэгч Д.Б...........ны мөрдөн байцаалтад өгсөн: “...А..................а гэх залуу ширээн дээр...байсан буузнаас нэг ширхгийг аваад над руу шидээд намайг үсдээд ширээн дээр дараад миний нүүр хэсэгт цохисон. ...Дараа нь дахиад ...А..................а гэх залуутай заамдалцаж аваад нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгсэн А..................а намайг дахиад үсдэж доош дараад өшиглөөд доош дарсан. ...А..................а гэрээс гараад явсан. Би М..................н ахын байшингийн том өрөөний ...ширээн... дээр байсан ...жижиг саарал өнгийн төмөр хутга байхаар нь авч гараад А..................нын ...цээж, зүүн, гуя, ташаа хэсэгт нь нэг нэг удаа хутгаар хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-47) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Б...........н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч У.А..................нын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б...........н нь хохирогч У.А..................нын цээж, гуя хэсэгт хутгаар хутгалсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хутгалуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Д.Б...........ныг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Д.Б...........ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Д.Б...........ны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.

Иймд шүүгдэгч Д.Б...........ны үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.А..................а нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Д.Б...........н нь хохирогчид 1.000.000 төгрөгийг өгсөн болох нь (хавтаст хэргийн 92) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгч Д.Б...........ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б...........ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б...........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Б...........ныг хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчийн цээж, гуянд хутгалагдсан шарх учруулсан байгааг буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж шүүгдэгчийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ...оногдуулсан ял дээр нэмж ...албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээн дуусгавар болсноос хойш 2 сар хүрэхгүй хугацаанд дахин  гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Д.Б...........н нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаас дээшгүй цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1908 0525 90055 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөрийнхөн овогт Д...........жийн Б...........ныг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б...........ныг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 (найман) цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.

4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Б...........нд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б...........н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ