| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0354/Э |
| Дугаар | 0378 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 0378
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Ч.Б...........в нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Цогт овогт Ч...........гийн Б...........выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0094 70444 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цогт овогт Ч...........гийн Б...........в, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1995 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ч.Б...........в нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ................ тоот хашаанд дотор иргэн А.Т...............лтай “...гэр рүүгээ яв гэж хөөлөө...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь тоосгоор цохиж зодон хүний эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б...........в мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч А.Т...............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчим...найз Ч.Б...........вын 88200203 дугаарын утас руу залгасан. Тэгээд би “Б...........ваа надад 5.000 төгрөг байна чамд мөнгө байна уу хоёулаа нийлж байгаад 1 шил архи авч уух уу” гэсэн. Тэгтэл Ч.Б...........в “за тэгье манай гэрт хүрээд ир” гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо ................ тоот Ч.Б...........вын гэрт очсон. Тэгэхэд Ч.Б...........в гэртээ ганцаараа байж байсан. ...тэгээд маш их согтсон байсан нэг мэдсэн чинь Ч.Б...........вын хашаан дотор Ч.Б...........втай заамдалцаад байж байсан талаар санаж байна. ...Ч.Б...........втай уулзсан чинь Ч.Б...........в “би өчигдөр нэг мэдсэн чинь чиний дээр гараад тоосгоор чиний толгойнд 2-3 удаа цохисон юм найзыгаа уучлаарай” гэж байсан...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
2. Гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрээсээ гараад А.Т...............л, Ч.Б...........в хоёрын хажууд очиход А.Т...............лын дух нь цус болсон байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй...манай хашааны зүүн хойд хэсэгт байшин барих гээд авсан улаан өнгийн тоосго хураалттай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),
3. Гэрч Н.С...............нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчим...манай бэр Хонгорзул манай гэрт орж ирээд “манай нөхөр А.Т...............л гэрт цусаа гоожуулаад орж ирлээ” гэхээр нь би А.Т...............лын гэрт орсон чинь манай хүүгийн толгой хагарсан цус гарсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь “намайг Б...........в тоосгоор цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2203 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн зулайн хуйхны урд хэсэгт 2.5см урт мэс заслын оёдол бүхий шархтай, ариун боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй
2020.01.31-ний ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Зулайд няцарсан шарх, тархи доргилт...ДҮГНЭЛТ
1. А.Т...............л-н биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43),
5. Шүүгдэгч Ч.Б...........вын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчим ...манай найз А.Т...............л над руу утсаар залгаад “чамд мөнгө байна уу надад 5.000 төгрөг байна. Хоёулаа мөнгөө нийлүүлээд архи авч уух уу гэхээр нь би “за тэгье манай гэрт хүрээд ир” гэсэн чинь удалгүй А.Т...............л...хүрээд ирсэн. ...Тэгээд бид хоёр авчирсан архиа хоёулаа хувааж уугаад сууж байтал А.Т...............лын эхнэр нь ...утсаар залгаад байхаар нь би А.Т...............лд “чи одоо гэртээ харь эхнэр чинь чам руу залгаад байна” гэсэн чинь А.Т...............л “чи ямар том болсон юм бэ” гээд надад агсам тавиад байсан. Тэгээд бид хоёр маргалдаад манай гэрээс гараад хашаан дотор заамдалцаад байж байсан чинь А.Т...............л намайг тонгорч унагаах гэж байгаад бид хоёр хураалттай байсан тоосгоны дээр хоёулаа унасан. Тэгээд нэг хэсэг ухаан балартаж байгаад ухаан ортол би А.Т...............лын дээр нь гараад суучихсан тоосго гартаа бариад толгойнд нь цохиж байсан...манай хашааны зүүн хойд хэсэгт гараашийн урд талд хураалттай тоосго байдаг. Би тухайн үед ямар тоосгоор А.Т...............лыг цохисон эсэхийг сайн мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56),
6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 60-61),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70, 74), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 71, 72), Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 73) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Б...........вт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Б...........в нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ................ тоот хашаанд дотор, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн А.Т...............лтай маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь тоосгоор цохиж зодон хүний эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч А.Т...............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчим...найз Ч.Б...........в руу залгаж “...архи авч уух уу” гэсэн. Тэгтэл Ч.Б...........в “за тэгье манай гэрт хүрээд ир” гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо ................ тоот Ч.Б...........вын гэрт очсон. Тэгээд хамт архи уугаад ...маш их согтсон байсан нэг мэдсэн чинь Ч.Б...........вын хашаан дотор Ч.Б...........втай заамдалцаад байж байсан талаар санаж байна. ...Ч.Б...........втай уулзсан чинь Ч.Б...........в “би өчигдөр нэг мэдсэн чинь чиний дээр гараад тоосгоор чиний толгойнд 2-3 удаа цохисон юм найзыгаа уучлаарай” гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
- Гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрээсээ гараад А.Т...............л, Ч.Б...........в хоёрын хажууд очиход А.Т...............лын дух нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),
- Гэрч Н.С...............нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би А.Т...............лын гэрт орсон чинь манай хүүгийн толгой хагарсан цус гарсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь “намайг Б...........в тоосгоор цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2203 дугаар дүгнэлт “...1. А.Т...............лын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43),
- Шүүгдэгч Ч.Б...........вын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид хоёр авчирсан архиа хоёулаа хувааж уугаад сууж байтал А.Т...............лын эхнэр нь ...утсаар залгаад байхаар нь би А.Т...............лд “чи одоо гэртээ харь эхнэр чинь чам руу залгаад байна” гэсэн чинь А.Т...............л “чи ямар том болсон юм бэ” гээд надад агсам тавиад байсан. Тэгээд бид хоёр маргалдаад манай гэрээс гараад хашаан дотор заамдалцаад байж байсан чинь А.Т...............л намайг тонгорч унагаах гэж байгаад бид хоёр хураалттай байсан тоосгоны дээр хоёулаа унасан. Тэгээд нэг хэсэг ухаан балартаж байгаад ухаан ортол би А.Т...............лын дээр нь гараад суучихсан тоосго гартаа бариад толгойнд нь цохиж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ч.Б...........в нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч А.Т...............лын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б...........в нь хохирогч А.Т...............лын толгойн тус газар тоосгоор цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгч Ч.Б...........выг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б...........выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Ч.Б...........выг 2020 оны 01 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.
Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.
Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.
Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.
Иймд шүүгдэгч Ч.Б...........вын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Т...............л нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б...........выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Б...........в нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Б...........в нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ч.Б...........вт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2008 0094 70444 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цогт овогт Ч...........гийн Б...........выг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б...........выг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б...........в нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ