Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 17

 

 

 

           

 

 

 

 

 

Ц.Амардаваагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 8 дугаар байрны 266 тоотод оршин суух, Үргэлж овогтой Цэвээнравдангийн Амардаваагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух, Ургаа овогтой Даваажавын Алдарт  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.000.000 төгрөг, түүний алданги 628.340 төгрөг, нийт 13.628.340 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний хүргэн ах Цэвээнравдан овогтой Амардаваа нь Америк улсаас оруулж ирсэн 5TFHW5F18CX253898 тоот арлын дугаартай улаан өнгийн Toyota Tundra маркийн автомашиныг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын иргэн Д.Алдар гэх хүнд 100.000.000 төгрөгөөр харилцан тохирч зарсан юм. Тухайн үед Д.Алдарт машинаа зарахдаа нотариатаар тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийж үлдэгдэл 60.000.000 төгрөгийн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон юм. Гэтэл Д.Алдар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд миний бие хүргэн ах Ц.Амардаваагийн машины мөнгийг Д.Алдараас нэхэж түүний араас нь нэхэл дагал болж жил гаруй хугацаа болж байна. Одоо уг машины төлбөрөөс 13.000.000 төгрөгийг төлж өгөхгүй, утсаа авахгүй зугатах боллоо. Иймд автомашины зөрүү үнэ 13.000.000 төгрөг, гэрээний хугацаа зөрчсөн алданги 628.340 төгрөг, нийт 13.628.340 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг төлсөн тул үлдсэн 10628340 төгрөгийг Д.Алдараас гаргуулж өгнө үү ” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний бие нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Батдэлэгийн Даваанямаас Тоёото Тундра маркийн машиныг 100.000.000 төгрөгөөр тохирч авсан. Анх Б.Давааням нь машин авахаас жилийн өмнө уг машиныг 90.000.000 төгрөгөөр аваач гэж санал тавьж байсан. 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр машин авч байх үед надад 40.000.000 төгрөг байсан. Түүндээ тохирсон машин авах гэж явсан. Гэтэл Б.Давааням нь уулзаж энэ 40.000.000 төгрөгөө өгөөд үлдсэн 50.000.000 төгрөгөө дараа өгөхөөр зээл ав. Зээлээр өгч байгаа учир 100.000.000-д өгнө, яахав нэмэгдэл 10.000.000 төгрөгт нь тоосго авъя. Манайх граж барих гэж байгаа гэж хэлсэн. Ингээд энэ машиныг өөрийнх нь хэлснээр авсан. Машин авсан өдөр хүргэн ах Ц.Амардаваа нь ирж гэрээ хийсэн. Би тохирсон ёсоор гэрээ хийсэн гэж бодоод уншихгүй гарын үсэг зурсан. Сүүлд мэдэхэд 10.000.000-д нь тоосго авна гэж оруулаагүй байсан. Энэ хүн тоосго болон 3.000.000 төгрөг авбал бэлэн өгнө. Авахгүй гэвэл машиныг буцааж өгөхөд ч бэлэн байна.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Алдараас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10.628.340 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Амардаваад олгосугай., 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Амардаваагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 226.090  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алдараас 226.090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Амардаваад олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэрэгт авагдсан гэрээний 3.2-д зааснаар талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 89.1-д заасан Гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөлийг гэрээгээр тусгайлан зааж өгчээ. Тиймээс талууд уг гэрээнд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн ч гэрээ хүчин төгөлдөр болоогүй бөгөөд зээлдүүлэгч Ц.Амардаваагаас Д.Алдарт мөнгийг бодитойгоор гардуулж өгснөөр хүчин төгөлдөр болохоор байна. Нэгэнт уг гэрээ хүчин төгөлдөр болж үйлчлээгүй тул тус гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн иргэний хуулийн 232.3-д заасны дагуу алдангийг бичгээр тохирсон гэж хүчин төгөлдөр болоогүй гэрээний заалтыг барьж шийдэж байгаа нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн эрхзүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журмыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар Ц.Амардаваа нь Toyota Туndra суудлын авто машины зөрүү үнэ 13.000.000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутмын алданги 628.340 төгрөг, нийт 13.628.340 төгрөг /хх 1 дүгээр тал / нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны явцад хариуцагч Д.Алдар 3.000.000 төгрөг төлсөн хэмжээгээр /хх 37 дугаар тал/ нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн хэмжээгээ багасгаж, / хх 33 дугаар тал/ шүүх 10.628.340 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан “Зээлийн гэрээ”-г /хх 5 дугаар тал/ агуулгын хувьд тайлбарлан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар, худалдан авах гэрээ гэж үзэж, зохигчдын дунд үүссэн  эрхзүйн харилцааг зөв тодорхойлсон нь үндэслэлтэй  байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу  худалдагч нь худалдан авагчид эрхийн зөрчилгүй эд хөрөнгө болох Toyota Tyndra суудлын авто машиныг хариуцагчийн өмчлөлд нэхэмжлэгч нь шилжүүлж, хэлэлцэн тохирсон үнийн зарим хэсгийг хариуцагч төлсөн бөгөөд, төлбөрийн үлдсэн хэсгийг төлж дуусгах хугацаа, хэмжээ зэрэг нөхцлүүдээ зохигчдын хооронд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”[1] –ээр  тохирсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Д.Алдар Тоyota Tyndra суудлын авто машины үнийг бүрэн гүйцэд төлөөгүй байхад Ц.Амардаваа уг суудлын авто машиныг Д.Алдарт шилжүүлэн өгч үлдэх төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөх алдангийн хувь зэргийг зохигчид харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээг бодитойгоор, хуулинд заасан үндэслэл журмын дагуу байгуулжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү “нэхэмжлэлд алданги дутуу тооцсоныг нэмэгдүүлэн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах” тайлбар гаргасан. Хуулинд заасны дагуу гомдлоо зохих журмын дагуу гаргаагүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээнд оногдох тэмдэгтийн хураамж төлөөгүй, хариуцагчид нэмэгдүүлэн гаргасан шаардлагыг танилцуулах, нотлох баримт гаргаж мэтгэлцэх эрхийг хангаагүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Алдарын тэмдэгтийн хураамжинд төлсөн 185.003 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

           

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 185003 төгрөгийг төрийн сангийн дансанд  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

                                   

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5 дугаар хуудаст.