Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00001

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн .... сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “..... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/36 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ..... сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” шаардлага бүхий П.Т...-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Т..... Хөвсгөл аймгийн .... сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “П.Т..... миний бие 2016 оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлагдсан сул орон тоонд төрийн албаны шалгалт өгч тэнцээд ..... сумын нийгмийн ажилтны орон тоонд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/36 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал гарч гэнэт ажилгүй болчихсон. Миний ажиллаж байсан ...... сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны орон тоо нь намайг ажилд орохоос өмнө одоо миний оронд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар томилогдон ажиллаж байгаа Б.Г.... ажиллаж байгаад 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, энэ асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр эгүүлэн тогтоолгосон боловч Г....-ыг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Ж..... ажиллаад түүний дараа П.Б.... 2015 оны 04 дүгээр сарын 13-наас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад энэ өдрөөс миний бие төрийн албаны сонгон шалгаруулалт өгч тэнцсэний үндсэн дээр дээрх албан тушаалд томилогдон 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Би энэхүү албан тушаалд томилогдоод ажиллаж байх хугацаандаа өөрийн гэр бүлээ хүртэл Х.... сум руу нүүлгэж очоод, өөр ажил, албан тушаалын саналаас татгалзаж, шийдвэр гаргаад очиж ажиллаж амьдарч байтал гэнэт л шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж Г..... гэж хүн томилогдон би ажилгүй болсондоо гомдолтой байна.

Хэрэв Г..... энэ албан тушаалд орж ажиллах хүсэл сонирхолтой байсан бол шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 удаа Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж байхад оролцохгүй, эсвэл энэхүү ажилд орох тухай хүсэлтээ Х.... сумын Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөлд албан ёсоор гаргахгүйгээр өөр ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад гэнэт л намайг ажилгүй болгож байгаад гомдолтой байна.

Мөн намайг ажлаас чөлөөлсөн тухай Х..... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/36 тушаал нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь миний Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, төрийн албанд орж ажиллах зэрэг олон эрхүүдийг минь ноцтой зөрчиж, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчиж байна.

Миний бие энэхүү асуудлаар Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хандсан боловч шүүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн бөгөөд ажлаас чөлөөлсөн тухай хуулийн үндэслэл байхгүй байгааг Х.... сумын Засаг даргын Тамгын газарт мэдэгдсэн байна.

Иймд Х..... сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б....-ийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/36 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Х.... сумын Засаг даргын Тамгын газрын даргын нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.Т.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн эвлэрэн хэлэлцэх саналыг зөвшөөрч байна. Миний бие Хөвсгөл аймгийн Х.... сумын Засаг даргын Тамгын газрын аялал, жуулчлал хариуцсан мэргэжилтний сул оронд томилогдон ажиллах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 840 000 төгрөг гаргуулан авахаар хариуцагчтай эвлэрч байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Х..... сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б...... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж П.Т...-ийг ажлаас чөлөөлж, Б.Г....-ыг томилсон. Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэлийн журмаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд аль болох боломжийн хэрээр өөр ажлын байр олж өгөх нь ажил олгогчийн Хөдөлмөрийн хуулиар хүлээсэн үүрэг юм. П.Т... бол ажилдаа хариуцлагатай, сайн боловсон хүчин юм. Манай сумын Засаг даргын Тамгын газрын аялал, жуулчлал хариуцсан мэргэжилтний орон тоо 2017 оны 09 дүгээр сараас хойш сул байгаа. Энэхүү төрийн жинхэнэ алба нь П.Т....-ийн урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажлын байртай адил ТЗ-3-1 ангилал зэрэглэл бүхий орон тоо юм. Энэ сул орон тоонд ажилласан жил болон мэргэжил харгалзахгүйгээр ажилтан шалгаруулж авахаар Төрийн албаны салбар зөвлөлд саналаа хүргүүлсэн боловч одоо хүртэл хүн томилогдоогүй байна. Иймд Х.... сумын Засаг даргын Тамгын газрын аялал, жуулчлал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд П.Т....-ийг авч ажиллуулахаар эвлэрэх саналтай байна. Тэрээр ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорын хувьд хэрэв маргаан цааш сунжирвал улам их хохирол гарах магадлалтай учраас нэхэмжлэгчийн санал болгож байгаа 1 840 000 төгрөгийг түүнд олгож эвлэрэх саналтай байна” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г..... болон түүний өмгөөлөгч А.У...... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрч байгаад татгалзах зүйлгүй. Учир нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байна. Нийгмийн ажилтны ажлын байрнаас өөр ижил түвшний ажлын байранд нэхэмжлэгчийг ажиллуулахаар тохирч байгаа тул гуравдагч этгээдийн зүгээс татгалзах зүйлгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Т..... Хөвсгөл аймгийн .... сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Х.... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/36 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Х.... сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Т....., хариуцагч Х... сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б..... нар “нэхэмжлэгч П.Т....-ийг Х...... сумын Засаг даргын Тамгын газрын аялал, жуулчлал хариуцсан мэргэжилтний сул оронд томилон ажиллуулж, түүнд 1 840 000 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох” гэсэн нөхцлөөр эвлэрэн хэлэлцэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гээд 20.1.1-д “...нэхэмжлэгч ... хариуцагчтай эвлэрэх”,

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гээд 21.1.1-д “... нэхэмжлэгчтэй эвлэрэх ...”  гэжээ.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68,3, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болох, шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгах, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон       

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Т....., хариуцагч Хөвсгөл аймгийн Х..... сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б..... нар “нэхэмжлэгч П.Т....-ийг Х.... сумын Засаг даргын Тамгын газрын аялал, жуулчлал хариуцсан мэргэжилтний сул оронд томилон ажиллуулж, түүнд 1 840 000 /нэг сая найман зуун дөчин мянга/ төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох” гэсэн нөхцлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Т.....-ийд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ж.ГАНЧИМЭГ