Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2020/0465/З |
Дугаар | 221/МА2021/0306 |
Огноо | 2021-06-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2021/0306
Э.Жийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 249 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Э.Ж нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 249 дүгээр шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 5, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-д заасныг тус тус баримтлан Э.Ж-ээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Э.Ж-ийн өргөдөл, хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “Бид дотоод сүлжээгээр хаасан бөгөөд өмнө хариу өгсөн тул дахин шийдвэрлэх шаардлагагүй” гэж маргадаг. Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичгээр хариу гаргасан бол өргөдөл гаргагчид танилцуулснаар хариу өгсөн гэж үзэх үндэслэл бүрдэнэ. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн хариу тайлбар болон шүүхийн үзлэгийн явцад “2020 оны 07 дугаар сард хугацаа хэтрүүлсэн, шүүхэд нэхэмжлэлтэй байгаа тул хаав” гэж хаасан бүртгэсэн байсан нь хариу өгөөгүй болохыг нотолж байгаа.
... Ажлын хэсэг архивын баримт материал, агаар, сансрын зураг, байр зүйн зураг, газар усны нэрийн зураг, хээрийн хэмжилтийн үр дүн зэрэг баримт нотолгоон дээр үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу тодруулж зурагласан. Э.Жийн өргөдлийг шийдвэрлэх үндэслэл хангалттай бүрдсэн байхад шүүх өргөдлийг шийдвэрлэх “захиргааны акт гаргахыг даалгахыг хариуцагчид даалгах боломжгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Богдхан уулын дархан цаазат газар, Чингэлтэй хайрхан уул орчмын байгалийн нөөц газар зэрэг улсын тусгай хамгаалалттай газруудын хил заагийг тодруулж зураглах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дугаар зүйлд “тодруулж зурагласан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийн мэдээллийг Газар зохион байгуулал, геодези, зураг зүйн газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон холбогдох бусад байгууллагад хүргүүлж цаашид энэхүү хил заагийг мөрдүүлж ажиллуулахаар” шийдвэрлэсэн байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн хавсралтын 19-д “Туурайн төвөргөөн” ХХК-д газар эзэмших эрх олгосон, нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаар захирамжийн 3 дугаар зүйлд “Туурайн төвөргөөн” ХХК-д олгосон газарт хамаарах заалтыг тус тус хүчингүй болгосон баримт хавтаст хэрэгт байгаа атал нотлох баримт ирүүлээгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Ж-ээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль, журмын дагуу эцэслэн шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Байгаль, орчин аялал жуулчлалын сайдад хандан гаргасан Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1 га газар аялал жуулчлалын зориулалттай ашиглах эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийн дагуу Э.Ж-д газар ашиглах эрх олгох захиргааны акт гаргахыг даалгах” гэж тодруулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан “... миний газар ашиглах хүсэлт гаргасан газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдаж байх тул ... 1 га газрыг зориулалтын дагуу ашиглах хууль ёсны ашиг сонирхлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдлийг удаа дараа гаргасан байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс “...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт шийдвэр гараагүй байгаа тул газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй” талаарх хариуг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/788, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 10/1521, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10/3294 дүгээр албан бичгүүдээр тус тус нэхэмжлэгч Э.Ж-д хүргүүлсэн,
Улмаар нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дээрх агуулгаар гаргасан өргөдлийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “бусад байдлаар хариулсан” хэмээн “.... өмнө нь хандаж байсан асуудлаар дахин хандсан, мөн шүүхэд нэхэмжлэл байгаа тул хаасан” болох нь өргөдөл, гомдлын хэвлэх хуудсаар[1] тогтоогдож байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д "өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг, 14 дүгээр зүйлийн 1-ийн 3-д “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй”, 16 дугаар зүйлийн 16.3-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно...” гэж тус тус заасан байх бөгөөд уг зохицуулалтаас үзэхэд иргэнээс гаргасан өргөдлийг 30 хоногийн хугацаанд судлан хариу өгөхөөр, хэрэв өмнө нь хандсан буюу судалж хариу өгсөн асуудлаар дахин өргөдөл, гомдол гаргавал түүнийг хянан үзэхгүй байхаар зохицуулжээ.
Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүд нь агуулгын хувьд ижил буюу “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 1 га газар ашиглах шийдвэр гаргуулах” агуулгатай байх бөгөөд “...Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг ... нарийвчилсан багаж тоног төхөөрөмжөөр эргэлтийн цэгүүдийн солбилцлыг тодорхойлоогүйгээс үүссэн газрын асуудлыг цэгцлэх зорилгоор ... ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа” талаарх хариуг хариуцагчаас хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмнө нь өргөдөл гаргаж, хариу өгөгдсөн асуудлаар дахин гаргасан хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-ийн 3-д заасны дагуу дахин шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Э.Жийн газар ашиглах тухай хүсэлтэд хариу хүргүүлсэн ... өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй бол өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байхаар хуульд заасан” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Байгаль, орчин аялал жуулчлалын сайдад хандан гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд цаг хугацааны хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан өргөдөл гаргаснаас 6 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаа болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг баримтлаагүй байна.
Нөгөөтэйгүүр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/65 дугаар тушаалаар байгуулагдсан Богдхан уулын дархан цаазат газар, Чингэлтэй хайрхан уул орчмын байгалийн нөөц газар зэрэг улсын тусгай хамгаалалттай газруудын хил заагийг тодруулж зураглах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт гарч, Газрын шинэтгэлийн хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэн хэдий боловч нэхэмжлэгчийг хүсэлт гаргах болон хариуцагч захиргааны байгууллагаас хариу өгөх цаг хугацаанд газрын хилийн заагийн асуудал шийдвэрлэгдээгүй төдийгүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/2691 дүгээр албан бичигт “...ажлын хэсгийн тодруулалтаар зураглагдсан хилийн зааг нь газрын кадастрын мэдээллийн санд баталгаажаагүй болно” талаар дурдагдсан байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дугаар зүйлд “...тодруулж зурагласан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийн мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлж цаашид энэхүү хил заагийг мөрдүүлж ажиллуулахаар шийдвэрлэсэн” талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Нэгэнт хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах эрх хүссэн өргөдлүүдэд дээр дурдсан тодорхой шалтгааны улмаас газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг тухайн цаг хугацаанд өгсөн байх тул гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Иймээс шүүхээс уг өргөдлийн дагуу нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгох захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.
Харин нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдал арилсны дараа газар ашиглах өргөдлөө дахин гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх шийдвэрийн “үндэслэх” хэсэгт “...Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль журмын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гомдлыг эцэслэн шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” хэмээн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэсэн байсныг анхаарвал зохино.
Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн “тогтоох” хэсэгт утга, найруулга, үг, үсгийн алдаа гаргасан төдийгүй маргааны үйл баримтад хамааралгүй болон хуульд байхгүй зохицуулалт баримталсан алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-ийн 3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Жийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Э.Ж-ээс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1 га газар аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг өргөдлийн дагуу Э.Ж-д газар ашиглах эрх олгох захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] Хавтаст хэргийн 116 дугаар талд,