Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар Б.Шижирбаатар

 

Б.*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Б.Болор-*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******маа

         Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолтой Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.*******ын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Б.******* нь Ханхонгор сумын Мэргэжлийн сургалттай сургуулийн өмч болох 100 кг-ийн даацтай, дарханы төмөр цохих зориулалттай, 2000 төгрөгийн үнэтэй дөшийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

             Анхан шатны шүүх: Б.*******ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100 кг жинтэй дөшийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас эхлэн би өөрт холбогдсон хэргийнхээ талаар хүлээн мэдүүлж ирсэн. Би анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм биш. Харин надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдлоо гаргаж байна. Би өөрөө хийсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа зэрэг байдлуудыг минь огт үгүйсгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55, 56 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шийтгэх тогтоолд дурьдсан атлаа хэргээ хүлээн мэдүүлсэн гэж тодорхойлон дүгнэсэн нь зөрүүтэй болсон. Иймээс миний хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа маш их гэмшиж байгаа, гэмт хэргийн учруулсан хохиролоо болон гэм хорыг бүрэн арилгасан, миний хувийн байдлыг анхааран үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

          Прокурор Б.Болор-******* давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Б.*******т Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хорин ялыг оногдуулан шийдвэрлэсэн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэргийн хохирол нь хуулинд заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байгааг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******маа давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа:

          Б.*******т нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулсныг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэж давж заалдах гомдлоо гаргасан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар тэнсэж, хянан харгалзах ял гэж байхгүй болсон тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Б.*******ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр гомдлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

Б.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 9-30 тоотод орших өөрийн гэрт тус аймгийн Ханхонгор сумын Мэргэжлийн сургалттай сургуулийн өмч болох 100 кг-ийн даацтай, дарханы төмөр цохих зориулалттай, 2000 төгрөгийн үнэтэй дөшийг санаатайгаар гэмтээсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нямдорж /хх-22-23/, гэрч Я.******* /хх-25/, А.*******-******* /хх-27/, Х.******* /хх-30/, С.******* /хх-32/, Д.******* /хх-35/, сэжигтэн, яллагдагч Б.******* /хх-47-48, 51/ нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хураан авах тогтоол /хх-6, 10/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-7, 11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9, 12-13, 15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-16/, машин тоног төхөөрөмжийн 2016 оны бүртгэлд том дөш 2000 төгрөг гэснээр болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ын мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Б.*******ын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн,  шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлд Б.*******ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан Эрүүгийн хууль /2002 он/-ийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь 58 /тавин найман/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.*******ыг нэн даруй сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 201716000038 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАСАНЖАРГАЛ

            ШҮҮГЧИД                                                  Т.БЯМБАЖАВ

                                                                               Х.ГЭРЭЛМАА