Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00200

 

Ё.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01819 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2193 дугаар магадлалтай,

Ё.Б-ын нэхэмжлэлтэй,

“Л” ХХК-д холбогдох,

9.522.351.368 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газар, Зайсангийн ам,1/42 тоот хаягт дутуу баригдсан 3 блок /карказ/-ыг 1.500.000.000 төгрөгт тооцон үүргийн гүйцэтгэлээс хангуулж, өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнүүдийн дагуу газартай холбоотой баримт бичиг, зураг төсөл, барилгын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой бусад баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч Ч.Өгөөдэйбаатар, Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  М.Өлзийцэцэг, Ж.Ариунаа нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Л" ХХК-тай 2013 оны 6 сарын 11-ний өдөр болон мөн оны 12 сарын 14-ний өдрүүдэд Хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан. Хариуцагчтай байгуулсан 2013 оны 6 сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр Ё.Б- нь Хан-Уул дүүрэг 11-р хороо Богдхан уулын дархан цаазат газар /тусгай хамгаалалттай газар/ нутгийн Зайсангийн аманд байрлах 1/42 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээтэй, талуудын тохиролцсоноор 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий газар, “Гидро Гео" ХХК-иар гүйцэтгүүлсэн 2,5 сая төгрөгийн үнэ бүхий газрын инженер-геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт, 500.000 төгрөгийн үнэтэй дэвсгэр зураг, "ХЛЭТ" ХХК-иар гүйцэтгүүлсэн 10 сая төгрөгийн үнэтэй эскиз зураг, нийт 1.513.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг, "Л" ХХК нь гэрээний 5.2-т тусгасан талбай, ширхэг, зориулалт, шаардлагыг хангасан барилгыг бүрэн барьж, ашиглалтад оруулахад шаардагдах нийт 7.800.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулахаар тохиролцсон. 2013 оны 12 сарын 14-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр Ё.Б- нь Баянгол дүүрэг 7-р хороонд байрлах 1267,4 метр квадрат талбайтай, үйлчилгээтэй амины орон сууцны барилгыг, нэгж талбарын 1620/0085 тоот дугаартай, 000446349 дугаар бүхий гэрчилгээтэй газрыг гэрээнд зааснаар 1.520.880.000 төгрөгөөр үнэлж хөрөнгө оруулахаар, "Л" ХХК гэрээний 5.2-т тусгасан талбай, ширхэг, зориулалт, шаардлагыг хангасан барилгыг бүрэн барьж, ашиглалтад оруулахад шаардагдах нийт 9.800.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус оруулахаар тохиролцсон. Ё.Б-ын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилгыг нурааж, газрыг чөлөөлсөн боловч "Л" ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлсэнгүй.

Иймд төсөлд тусгагдсаны дагуу тус бүр нь 139,99 метр квадрат талбайтай аппармент зочид буудлын 7 ширхэг өрөө. Тухайн үеийн ханшаар 1 метр квадрат нь 3.500.000 төгрөг, нэгж тус бүр 489.965.000 төгрөг, нийт 3.429.755.000 төгрөг, дулаан зогсоол нэгж тутмын үнэ 35.000.000 төгрөг, нийт 455.000.000 төгрөг,

Үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай, 1267,4 метр квадрат талбай бүхий 1.520.880.000 төгрөг,

Барилга ашиглалтад орсны дараа зураг төсөлд тусгагдсаны дагуу 800-1000 метр квадрат суурийн талбайтай 2 давхар үйлчилгээний төв, хамгийн багаар тооцоход хоёр давхар үйлчилгээний төвийн нийт талбайг 1600 метр квадратаар тооцож зах зээлийн ханшаар тооцоход 3.200.000.000 төгрөг, тус бүр нь 60 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц 3 ширхэг, нэгж байрны үнэ 144.000.000 төгрөг, 3 ширхэг байрны үнэ 432.000.000 төгрөг, авто зогсоол 3 ширхэг бөгөөд тус бүрийн үнэ 15.000.000 төгрөгөөр тооцож 45.000.000 төгрөг, нийт 3.677.000.000 төгрөг,

Хамтран ажиллах гэрээний 9.4-т зааснаар 2014 оны 5 сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 сарын 24-нийг хүртэлх хугацааны алданги 289.128.768 төгрөг,

2015 оны 8 сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 142.667.600 төгрөг бүгд 9.522.351.368 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хамтран ажиллах гэрээнүүдийн 11.5 дах хэсэгт заасны дагуу хөрөнгө оруулсан газар болон түүн дээр дутуу баригдсан барилга /каркас/-ыг өөрийн өмчлөлд шилжүүлж авна гэсний дагуу Хан-Уул дүүрэг 11-р хороо Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Зайсангийн аманд байрлах 1/42 тоот хаягт дутуу баригдсан 3 блок /каркас/-ыг 1.500.000.000 төгрөгт тооцон үүргийн гүйцэтгэлээс хангуулж, миний өмчлөл, эзэмшилд шилжүүлж, тухайн хамтран ажиллах гэрээнүүдийн дагуу миний зүгээс шилжүүлсэн газартай холбоотой бичиг баримт, зураг төсөл, барилгын ажлын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой бусад бичиг баримтуудыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Л” ХХК шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01819 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., 227 дугаар зүйлийн 227.1., 227.3., 232 дугаар зүйлийн 232.6., 476 дугаар зүйлийн 476.1., 478 дугаар зүйлийн 478.12., 480 дугаар зүйлийн 480.3,-т заасныг тус тус баримтлан ”Хан-Уул дүүрэг 11-р хороо Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Зайсангийн аманд 1/42 тоотод байрлах иргэн Ё.Б-ын нэр дээр 1/42 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээрх суурь бухий 3 блок /каркас/-ыг гэрээнд заасан тохиролцооны дагуу нэхэмжлэгч Ё.Б- өмчлөгч болохыг тогтоож.түүний эзэмшилд шилжүүлэн, Баянгол дүүргийн газар дээр байсан түүний өмчлөлийн 1267,4 метр квадрат талбай бүхий 2 давхар үйлчилгээтэй амины орон сууцыг нураасны бодит хохиролд 1.520.880.000 /нэг тэрбум таван зуун хорин сая найман зуун наян мянга/, мөн алдангид 431.796.368 /дөрвөн зуун гучин нэгэн сая долоон зуун ерэн зургаан мянга гурван зуун жаран найм/ төгрөг бүгд 1.952.676.368 /нэгтэрбум есөн зуун тавин хоёр сая зургаан зуун далан зургаан мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг “Л” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ё.Б-д олгож, Нэхэмжлэлээс үлдэх 1. Төсөлд тусгагдсаны дагуу тус бүр нь 139,99 метр квадрат талбайтай апармент зочид буудлын 7 ширхэг өрөө. Тухайн үеийн ханшаар 1 метр квадрат нь 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг. Нэгж тус бүр 489.965.000 /дөрвөн зуун наян есөн сая есөн зуун жаран таван мянга/ төгрөг, нийт 3.429.755.000 /гурван тэрбум дөрвөн зуун хорин есөн сая долооы зуун тавин таван мянган/ төгрөг, 2. Дулаан зогсоол нэгж тутмын үнэ 35.000.000 /гучин таван сая/ төгрөг, нийт 455.000.000 /дөрвөн зуун тавин таван сая/ төгрөг. 3. Барилга ашиглалтад орсны дараа зураг төсөлд тусгагдсаны дагуу 800-1000 метр квадрат суурийн талбайтай 2 давхар үйлчилгээний төв. Хамгийн багаар тооцоход хоёр давхар үйлчилгээний төвийн нийт талбайг 1600 метр квадратаар тооцож зах зээлийн ханшаар тооцоход 3.200.000.000 /гурван тэрбум хоёр зуун сая/ төгрөг, тус бүр нь 60 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц 3 ширхэг. Нэгж байрны үнэ 144.000.000 /нэг зуун дөчин дөрвөн сая/ төгрөг, 3 ширхэг байрны үнэ 432.000.000 /дөрвөн зуун гучин хоёр сая/ төгрөг, авто зогсоол 3 ширхэг бөгөөд тус бүрийн үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр тооцож 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг, нийт 3.677.000.000 /гурван тэрбум зургаан зуун далан долоон сая/ төгрөгт холбогдох бүгд 7.561.755.000 / долоон тэрбум таван зуун жаран нэгэн сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 47.730.107 төгрөг төлөгдөхөөс нэхэмжлэгчээс төлсөн 9.000.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчийн хариуцан төлөх тэмдэгтийн хураамжид 9.921.332 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулан хураамж төлөхөөс хойшлогдсон үлдэх 28.808.775 /хорин найман сая найман зуун найман мянга долоон зуун далан таван/ төгрөгийг нэхмжлэгчээс хураамжид нэмж тооцон гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2193 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01819 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 480 дугаар зүйлийн 480.3 дах хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 11-р хороо Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Зайсангийн аманд 1/42 тоотод байрлах иргэн Ё.Б-ын нэр дээр 1/42 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээрх суурь бүхий 3 блок /каркас/-ыг Ё.Б-ын өмчлөл, эзэмшилд шилжүүлж, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамжинд байрлах газар дээрх Ё.Б-ын өмчлөлийн 1267,4 метр квадрат талбай бүхий 2 давхар үйлчилгээтэй амины орон сууцыг нураасны бодит хохиролд 1.520.880.000 төгрөгийг хариуцагч "Л" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ё.Б-д олгож, Гидро Гео ХХК-иар гүйцэтгүүлсэн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий газрын инженер-геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт, 500.000 төгрөгийн үнэ бүхий дэвсгэр зураг, ХЛЭТ ХХК-иар гүйцэтгүүлсэн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий эскиз зураг зэрэг бичиг баримтуудыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч "Л" ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 7.993.551.368 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын дугаарыг 2 гэж дугаарлан “9.921.332 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулан” гэснийг “7.762.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж дугаарлан, 5 дах заалтын дугаарыг 4 гэж дугаарлан тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.923.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхаи шатны шүүхийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01819 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 2193 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг иргэн Ё.Б- Л ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч О.Эрдэнэжаргал нар хийсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л ХХК-г төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Ж.Хишигбадрахаас олгосон байх бөгөөд хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болохыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017.06.20-ны өдрийн 13.30 минутад зарласан. М.Өлзийцэцэг тухайн өдөр 11 цаг өнгөрч байхад ирж шүүгчийн туслахтай уулзаад манай өмгөөлөгч Ж.Ариунаа Хан-уул дүүргийн шүүх дээр 8 цаг 30 минутад хуралд орсон хурал нь тараагүй байна гээд хэлтэл чи Хан-уул дүүргийн шүүх яваад бичгийг нь авч ирээд өгсөн, тэгээд шүүх хуралдааныг хүлээж хүлээлгийн танхимд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамт 14 цаг 30 минут хүртэл сууж байгаад, шүүх хуралдаан эхлэх болоогүй байна гээд нарийн бичиг нь хэлэхээр нь би хүнээс бичиг баримт авчхаад ороод ирье гээд гараад 14 цаг 50 минутад орж ирэхэд шүүх хуралдаан эхэлсэн байсан. Миний бие хариуцагчийн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд оролцохоор тухайн өдөр 11 цагийн үед ирсэн, энэ шүүх хуралдаанд оролцохгүй байсан бол угаасаа ирэхгүй байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 7 хуудас/ 6 сарын хугацаанд 6 удаа хойшлуулсан гэх дүгнэлт хийсэн байна. Энэ нь хариуцагч талаас нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ гэрээ ийм зүйлээс болж хэрэгжээгүй, төрийн захиргааны байгууллага ийм хариу шийдвэр өгсөн гээд үүнийгээ нотлох гэж баримт гаргуулах хүсэлт гаргаж хойшилж байснаас өөр ямар нэгэн үндэслэлгүй, хэргийг сунжруулах гэсэн үүднээс хойшлуулж байгаагүй. Нэхэмжлэгч Е.Бор нь 2013 оны 06 сарын 11-ний өдрийн гэрээний дагуу ... “Гидро гео “ ХХК-иар гүйцэтгүүлсэн 2,5 сая төгрөгийн үнэ бүхий газрын инженер геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт 500.000 төгрөг, ХЛЭТ ХХК-иар гүйцэтгүүлсэн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий эскиз зураг зэргийг Л ХХК-д хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Гэрээний дагуу Ё.Б- нь дээрх бичиг баримтуудыг хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгсөн бичиг баримт байхгүй байхад уг бичиг баримтын үнийг гаргуулах, газар болон түүнтэй холбоотой бусад бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах гэж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... даалгаж гэж бичсэн хирнээ тогтоох хэсэгт энэ талаар бичигдээгүй нь ойлгомжгүй байна. Гэрээ цуцалж, талууд тохиролцсон нөхцөлд карказыг шилжүүлэн авах бөгөөд тохиролцоогүй бол уг карказыг худалдан борлуулж оруулсан хөрөнгөө хуваан авахаар гэрээгээр тохирсон байхад шүүхээс зөвхөн гэрээний 11.5-д зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн авч байгаа нь гэрээний 11.7 дахь хэсэгт заасныг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн. Түүнчлэн Баянгол дүүргийн маргаан бүхий 1267,4 метр квадрат талбай бүхий дээрх газар дээр байсан үйлчилгээтэй 2 давхар барилгыг нэхэмжлэгч тал өөрсдөө нурааж, материалаа өөрсдөө авсан байхад 1.520.880.000 гаргуулах талаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг хариуцагч тал шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байхдаа бид гэрээний дагуу ажиллах, гэрээгээ хэрэгжүүлэх ийм нөхцөл байдал үүссэн учраас гэрээ хэрэгжих боломжгүй болсон талаараа тайлбарлаж хэлээд байхад шүүхээс хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 20-ний өдрийн 181/ШШ2016/01819 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 2193 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож. анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ё.Б- нь хариуцагч “Л” ХХК-д  холбогдуулан гэрээний үүрэг болон алдангид 9.522.351.368 төгрөг гаргуулах, Зайсангийн ам 1/42 тоот хаягт дутуу баригдсан 3 блок /карказ/-ыг 1.500.000.000 төгрөгт тооцон үүргийн гүйцэтгэлийг хангуулж өмчлөл, эзэмшилд нь шилжүүлэх, гэрээний дагуу шилжүүлсэн газартай холбоотой баримт бичиг, зураг төсөл, барилгын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой бусад баримтыг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг “...гэрээ цуцалсан” гэж тодорхойлжээ.

Зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр болон 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр Ё.Б- нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн амны 1/42 тоотын газар ашиглах эрхээр хөрөнгө оруулалт хийж, Гидро Гео ХХК-иар гүйцэтгүүлсэн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий газрын инженер-геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт, 500.000 төгрөгийн дэвсгэр зураг, ХЛЭТ ХХК-иар гүйцэтгүүлсэн 10.000.000 төгрөгийн эскиз зургийг хүлээлгэн өгөх,  мөн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамжинд байрлалтай 1013 м.кв газар, 1.267.4 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээтэй амины орон сууц бүхий обьектоор хөрөнгө оруулах, хариуцагч нь Зайсангийн аманд байрлах газарт 5 давхар зочид буудлын 2 ширхэг барилга, 3 давхар оффисын барилгад 7.800.000.000 төгрөгийн хөрөнгө оруулж, барилгын ажлыг 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 1-ний хооронд хийж гүйцэтгэх, Баянгол дүүргийн газар дээр 9.800.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 9-16 давхар орон сууцыг барьж, 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулах үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх гэрээнүүдэд зааснаар нэхэмжлэгч нь Зайсангийн аманд баригдах  барилгаас 139.99 м.кв талбай бүхий 7 ш өрөө, 13 ш автомашины зогсоол, Баянгол дүүрэгт баригдах барилгаас 2 давхар үйлчилгээний төв, тус бүр нь 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 3 ш, автомашины 3 зогсоолыг авахаар талууд харилцан тохиролцсон байна /хэргийн 1 дүгээр хавтас 8-25 дугаар тал/.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд гэрээг бичгээр байгуулсан бол хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т  заасан Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, зохигчид эрх үүрэг, хураамжийн хэмжээ, ашиг алдагдал хуваарилах журмыг тохиролцсон ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрээ хүчин төгөлдөр тул талууд үүргээ биелүүлэх, Иргэний хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй. 

Нэхэмжлэгч Ё.Б- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин хариуцагч үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Тодруулбал, хариуцагч нь барилгын ажил, барилгад тавигдах шаардлагад нийцүүлэн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулах, барилгын каркасыг цутгаж, хана дүүргэлт хийж, цонх хаалгыг бүрэн суурилуулж, дулаанаа авч барилгын дотор заслын ажлыг барилгын норм ба дүрэм, стандартын дагуу хийхэд бэлэн болгох, газрын зориулалтыг өөрчлүүлэх, газрыг сунгах зэрэг үүргийг гэрээгээр хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар  гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардсаныг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ. 

Хамтран ажиллах гэрээ цуцлагдсан байхад анхан шатны шүүх алдангид нэхэмжилсэн 431.796.368 төгрөгийг хангасан нь буруу.

Дээрх гэрээнүүдийн 11.3-д зааснаар хариуцагч барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүйгээс гэрээг цуцалсан тохиолдолд нэхэмжлэгч хөрөнгө оруулсан газар болон түүн дээр дутуу баригдсан барилга /каркас/-ыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохирсон ба Зайсангийн амны газар дээр баригдсан 3 блок каркасыг өөрийнхөө өмчлөлд шилжүүлэх шаардлага гаргасан, хариуцагч үгүйсгээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай 1,267.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1.520.880.000 төгрөгөөр үнэлж, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нураасан нь тогтоогдсон, гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг дээрх үнээр тооцож шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-г зөрчөөгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, Хан-Уул дүүрэг 11-р хороо Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Зайсангийн аманд 1/42 тоотод байрлах 1/42 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээрх суурь бүхий 3 блок /каркас/-ыг Ё.Б-ын өмчлөл, эзэмшилд шилжүүлж, хариуцагч "Л" ХХК-иас 1.520.880.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгож, Гидро Гео ХХК-иар гүйцэтгүүлсэн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий газрын инженер-геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт, 500.000 төгрөгийн үнэ бүхий дэвсгэр зураг, ХЛЭТ ХХК-иар гүйцэтгүүлсэн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий эскиз зураг зэрэг бичиг баримтуудыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид  даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасантай нийцжээ.          

Хариуцагч нь 3 блок /каркас/-т оруулсан зардлын талаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй талаар магадлалд тодорхой дурджээ.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, түүнд эрх үүргийг танилцуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргаагүй  байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул энэ талаар гаргасан  хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2193 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, өмгөөлөгч Ж.Ариунаа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 7.763.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ