| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00492/И |
| Дугаар | 577 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 577
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би “Хас” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Г.Алтантулгад холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 504.444.55 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас” банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Сутай бумбат овогт Гансүхийн Алтантулга нь манай банкнаас 2014 оны 11-р сарын 26-ны өдөр 1100017561 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1.850.000 төгрөгийн худалдан авалтын зээлийг 30 хоногт 2.5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай авсан.
Зээлийн барьцаанд зээлийн санхүүжилтээр худалдан авсан 2014 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ягаан сааралл өнгийн хос буйдан байдаг. Зээлдэгчийн банктай байгуулсан 1100017561 тоот Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05-р сарын 20-ны өдрөөр бүрэн дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2016 оны 04-р сарын 25-ны өдрөөс хойш төлөлгүй 214 хоног хугацаа хэтэрч бидний ажилд хүндрэл учруулж байна.
Зээлдэгчийн зээлийн барьцаа болох 2014 оны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ягаан саарал өнгийн хос буйдаөн нь өнгө үзэмжээ алдаж зээлийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон тул бусад хөрөнгө болон зээлдэгчийн одоо эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааны орлогоос үндсэн зээл 405.871.75 төгрөг, зээлийн хүү 82.144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.420.80 төгрөг нийт 504.444.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4-р баг 1-р хэсэг 156 тоотод оршин суух Сутай бумбат овогт Гансүхийн Алтантулга /МЬ-89070533/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Хас” банкны нэхэмжилсэн 504.444.55 төгрөгийг төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжинд 7892 төгрөг төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас” банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Г.Алтантулгад холбогдуулан “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 504.444.55 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.784 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7892 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 7892 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хас” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Алтантулгад холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 504.444.55 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15.784 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7892 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 7892 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА