| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0005/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 10
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Н.Ж , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж т холбогдох 163/2020/0005/Э индекстэй, 1915002280263 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, Х овгийн Н.Ж .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ж 2019 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Гурванбулаг сумын чиглэлд Б.Ц ын эзэмшлийн Тоёота Приус-10 маркийн **-** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг “Хүйтний гүүр” гэх газарт засмал зам дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зорчигч Б.Ц ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Э.Г нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915002280263 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Т.Э гийн өгсөн: “...Миний хүү Э.Г 2019 оны 05 сарын 28-нд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум орох замд явж байгаад Булган аймагт осолд орж нас барсан..., тэр тээврийн хэрэгсэл манай хүү Э.Г ийн найз Ц ын машин байсан гэсэн. Би Э.Г ийн оршуулгын зардалд гарсан нийт 10601360 төгрөг нэхэмжилнэ. Мөн дээр нь сэтгэл санааны хохиролд 30 сая төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Г.П ын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн үед би гэртээ эхнэр О, малчин Ц нарын хамт кино үзчихээд байж байхад гэрийн ертөнцийн зүгээр баруун хойд зүгт түс тас гээд чанга чимээ гарсан. Тэгэхэд манай эхнэр бие засах гээд гэрээс гараад яг гарч таарсан. Удаагүй түс тас гээд чимээ гарсан газраас хүн хашгараад байна гээд манай эхнэр гэрийн гаднаас хэлсэн. Тэгээд би Ц ий хамт гэрээс гарахад чимээ гарсан газраас 1 залуу асаагуур юм уу, гар чийдэнгийн гэрэл асаачихсан гүйж ирээд нэг хүн маань цус алдаад ухаан орохгүй байна тусламж дөхүүлж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө жижиг тэргийг асаагаад Ц ийг суулгаад засмал зам руу гарсан. Засмал зам дээр гараад явж байхад нөгөө осолд орсон хүмүүс осол болсон газрын харалдаа засмал зам дээр зогсоосон. Тэгэхэд осол ертөнцийн зүгээр зүүн талд болсон байдалтай жижиг цагаан машин замаас гарч онхолдсон харагдсан. Осолд орсон 2 залуу, 1 эмэгтэй гурав газар хэвтэж байсан. Эрэгтэйг зөөж миний машин руу оруулсан. Тэгээд ухаангүй залууг аваад шууд сумын эмнэлэг рүү осолд орсон 2 залуугийн хамт би машинаа жолоодоод явсан. Ц нөгөө осолд орсон эмэгтэйгийн хамт манай гэр лүү явсан... чанга чимээ гарснаас хойш 10-20 секундийн дараа Ц бид хоёр гэрээс гарсан. Ц бид хоёрыг гэрээс гарахад засмал дээр Булган болон Хөвсгөлийн чиглэлд тээврийн хэрэгсэл явж харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас/,
Гэрч П.О ийн өгсөн: “...охиныг тайвшрахаар нь юу болсон талаар асуухад би арын суудал дээр унтаж явсан тэгсэн чинь гэнэт тас няс гээд нэг мэдсэн осол болсон байсан гэж хэлээд хамт явсан 2 залууг гайгүй нөгөө нэг залуу маань ямар ч хөдөлгөөнгүй цус алдсан байсан гэж хэлээд би нохой хуцаад ойрхон айл байх шиг байна очиж тусламж гуй гэж нөгөө 2 гайгүй байсан залууд хэлсэн талаар ярьсан. Намайг гэрээс гарах үед машин тэрэг ерөөсөө замаар харагдаагүй. Харин осолд орсон машины гэрэл, хүн хашгирах чимээ сонсогдсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Гэрч Д.Ц ий өгсөн: “...чимээ гарсан газраас 1 залуу гүйж ирсэн. Гүйж ирээд манай нэг хүн ухаан алдаад сэргэхгүй байна тусламж үзүүлэх хэрэгтэй гэсэн. Нөгөө залуугийн хамт П ын машинтай засмал зам руу гарч осол болсон газрын харалдаа зогссон. Тэгээд тэнд осолд орсон гэх ухаангүй газарт хэвтэж байсан залууг П ын машинд зөөж хийгээд сумын эмнэлэг рүү явуулсан. Би осолд орсон гэх охинтой хамт үлдээд охиныг дагуулж гэрт харьсан... П бид 2-ыг гэрээс гарах үед тээврийн хэрэгсэл засмал замаар явж харагдаагүй…” гэх мэдүүлэг, / хх-ийн 41-43 дугаар хуудас/,
Гэрч Т.Э гийн өгсөн: “...би эхлээд 2019 оны 05 дугар сарын 27-ны өглөө Facebook-ийн Хөвсгөлийн нэгдсэн зараас Ц гэдэг хүнтэй холбогдож Хөвсгөл аймаг руу явахаар болсон. Өдөр би 12 цагийн үед явах машин дээрээ очиж суусан. Тэгэхэд машиныг талийгаач жолоодож ирсэн. Машины үндсэн эзэн нь жолооны үнэмлэхгүй байсан. Улаанбаатар хотоос жолооч ах Ж машиныг бариад явсан. Жолооч ах Хөтөл хүртэл машиныг барьж явж байгаад талийгаачид машины жолоог шилжүүлсэн. Талийгаач машиныг унаж яваад Орхон аймгийн цагдаагийн пост орох гэж байхад цагдаа байгаа гээд нөгөө жолооч ахад жолоогоо шилжүүлсэн. Тэгээд бид хэд цаашаа яваад Орхон аймагт 20-21 цагийн үед очсон. Булганаас хөдлөхөд бараг 22 цаг болж байсан. Булганаас хөдлөөд би унтаад өгсөн. Намайг унтаж байхад машин хоёр тийшээгээ дайвалзах үед би хальт сэрсэн. Сэрэхэд би машин дотор талд хойд суудал дээр хэвтсэн байдалтай сэрсэн. Сэрээд би шууд машинаас гараад талийгаач дээр очиход маш их цус алдаж байсан. Нөгөө хоёр талийгаачийн цусыг тогтоох гэж оролдож байсан. Тэгээд би нохойн дуу гарах шиг болохоор нь айл байгаа юм байна тусламж дуудаарай гэж хэлэхэд жолооч ах айл руу гүйсэн. Тэгээд удаагүй айлын хоёр хүн машинтай ирээд талийгаач болон нөгөө хоёрыг аваад сумын эмнэлэг явсан... Ц гэдэг ах жолооны үнэмлэхгүй учраас жолооны үнэмлэхтэй хүнээр өөрийнхөө машиныг жолоодуулсан. Хотоос гарахаасаа өмнө гар утсаар над руу хэлэхдээ жолооны үнэмлэхтэй хүнээр жолоогоо бариулаад үнэгүй авч явна гэж асууж лавлаж байсан. Тэгээд тэр Ж гэдэг ахаар машинаа жолоодуулж яваад осолд орсон. Осол гарах үед би жолоочийн эсрэг талын хойд суудал дээр, миний хажууд талийгаач, талийгаачийн урд буюу жолоочоор Ж ах явж байсан. Жолоочийн эсрэг талд Ц сууж явсан…” гэх мэдүүлэг / хх-ийн 44-46 дугаар хуудас/,
Гэрч Б.Ц ын өгсөн: “...Facebook дээр Хөвсгөл аймаг руу жолооны үнэмлэхтэй хүн авч явах талаар зар тавьсны дагуу над руу зарын дагуу нэг эрэгтэй Ж залгаж хамт явахыг зөвшөөрсөн. Мөн зарын дагуу 1 охин Э хамт явахаар болсон. Хутаг-Өндөр сум өнгөрөөд Хүйтний гүүрний хавьцаа жолооч ах жолоогоо ээлжилж сольж барья гэж хэлэхээр нь талийгаач бид хоёр жолооч ахаас таны нойр хүрээд байгаа юм уу? гэж асуусан чинь "за за ах нь хэсэг явж байгаад жолоогоо өгье, намайг жолоогоо өгсний дараа намайг унтахаар Тосонцэнгэл сум дөхөөд сэрээгээрэй" гэж бид хоёрт хэлээд өөрөө жолоодож цаашаа явсан. Тэгээд гүүрнээс жаахан явж байтал удаагүй би зүүрмэглэсэн, зүүрмэглэж байхад машиныг эвгүй дарах шиг болоод би сэрсэн чинь тойрог зам дээр машин урсгал сөрөх гэж байхад машиныг огцом баруун гар тийш нь жолооч дараад замаас гаргаж гурван удаа газарт машин хөрвөөсөн. Би гурав дахь эргэлтэд гадагшаа шидэгдэж газарт унасан. Машин дөрөв дэх эргэлтэд дөрвөн дугуйн дээрээ тогтож үлдсэн. Ослын дараа миний хажууд талийгаач 3-4 алхам зайд толгой, чих, хамар, амнаас нь их цус гараад хэвтэж байсан. Би болон хамт явсан охин тусламж дуудаач ээ гэж хэлэхэд жолооч ах ослын газраас зүүн зүгт айлын нохой хуцаж байгаа газар луу очиж машинтай хүн авчирч сумын эмнэлэг рүү хүргүүлсэн. Осол гарах үед би урд буюу жолоочийн эсрэг талд, хойно жолоочийн ард талийгаач, талийгаачийн эсрэг талд охин зорчиж явсан. Жолооч ах Ж жолоодож явсан... сэрээд харахад өөдөөс болон хажуугаар ямар нэгэн тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөөгүй байсан. Тэгсэн гэнэт замын хажуу руу жолооч рулийг огцом дараад машин замаас гарч осол болсон…” гэх мэдүүлэг / хх-ийн 47-50 дугаар хуудас/,
Гэрч Л.Г ий өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд осолд орсон 3 хүнийг манай сумын иргэн авч ирсэн. Тэгээд ухаангүй байгаа эрэгтэйг нь харахад цонхийж цайсан, бие нь хөрсөн байдалтай аль эрт нас барсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 51 дүгээр хуудас/,
Гэрч М.Б ий өгсөн: “...эмнэлэг дээр ирэхэд 19-20 орчим насны 3 залуу байсан. Хоёр залуу нь айж сандарсан байдалтай, нэг залуу нь хүлээн авахад орон дээр битүү цус болсон байдалтай хэвтэж байсан. Хамгийн түрүүнд би орон дээр хэвтэж байсан иргэн дээр очиж ухаантай ухаангүй эсэхийг шалгаж биеийг нь үзэхэд бие нь хөшинг байдалтай хариу үйлдэл байхгүй, хүүхэн хараа өргөссөн, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа тодорхойлогдохгүй нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Яллагдагч Н.Ж мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би Хөвсгөл аймаг руу явах гээд эхнэр Н ээр facebook дээр зар тавиулсан. Тэгсэн намайг Драгон дээр байхад миний гар утас руу Хөвсгөл аймаг руу явах уу гээд хүн залгасан. Тэгэхээр нь би Хөвсгөл явна гэж хэлсэн чинь надаас жолооны үнэмлэх байгаа юм уу? Хэрэвээ байгаа бол та миний машиныг бариад Улаанбаатар хотоос гардаг зам дээр байдаг цагдаагийн пост гаргаад өгөөч гэж гуйсан..., тэгээд суусан машины зөв талын толь нь байхгүй, рулийн доод талаас нэг дуу гараад байсан. Тэгээд би машины эзэн залуугаас машинаа үзлэг оношлогоонд оруулсан юм уу гэж асуухад өчигдөр явж байгаад толио хагалсан гэж хэлсэн. Мөн тээврийн хэрэгслийг засварын газар орж үзүүлсэн асуудалгүй гэж хэлсэн..., би Хүйтний гүүрний ойролцоо нөгөө 2 залуугаас ахын 2 дүү машинаа барих уу гэж асуухад ямар нэг юм хэлээгүй. Тэгэхээр нь би заза ах нь өөрөө бариад цаашаа явья даа ахынх нь нойр хүрээд байвал жолоогоо шилжүүлж та хоёрын нэгэнд өгнө шүү гэж хэлсэн..., би цонхоо онгойлгоод тамхи татаад явж байхад гэнэт машины гэрэл өөдөөс гялбасан тэгээд би машины рулийг 2 тийш нь дарж байгаад замын эргэлт таарч замын хажуу машинтайгаа онхолдсон. Тэгээд би машин онхолдсоны дараа сэрээд манайхан зүгээр үү гэсэн чинь машины хойно ёоое гэсээр хамт явсан охин гарч ирсэн. Тэгээд би машинаас гарсан. Намайг машинаас гарахад нөгөө 2 машинаас шидэгдсэн бололтой машины гадаа байсан. Тэгээд тэр 2 дээр очоод зүгээр үү гэхэд машины эзэн гайгүй бололтой. Харин талийгаач цус алдсан байдалтай ухаангүй газар хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 121-125 дугаар хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142 дугаартай: 1. Магадлуулагч Б.Ц ын биед баруун шилбэний булчинд зөлөөн эдийн няцрал, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай: 1. Талийгаач Э.Г ийн биед гавлын орой, зулай, суурь яс зүүн чамархай хэсгээс олон салаалсан нугасны том нүх дайрсан баруун чамархай, дагзны төвгөр хүрсэн, мөн зүүн чамархайн хугарлаас дээш ташуу дунд хонхор дайрч зүүн чулуулаг, зүүн дээд ухархайн хана хүрсэн үйрч бяцарсан хугарал, дух зулай, их тархины 2 тал бөмбөлөг, чамархай, дагз, бага тархи, суурь хэсгийг нэлэнхийд нь хамарсан аалзан хальс доорхи цус харвалт, толгой дотор хуйхны дотор гадаргууг нэлэнхийд нь хамарсан цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун гуянд цус хуралт, баруун шанаа, хацар, баруун сарвуу, зүүн бугуйд жижиг олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, дарагдах үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3. Талийгаач Э.Г ийн биед учирсан дээрхи гэмтэл нь амьд үед үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4. Талийгаач Э.Г нь гавал тархины битүү гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн байна. 5. Талийгаач Э.Г ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт / хх-ийн 78-83 дугаар хуудас/,
Булган аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн: 1. Жолооч Н.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох BCM ангиллын 1096177 тоот эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 2. Жолооч Н.Ж нь Монгол Улсын ЗХД-ийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна мөн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осол гарах үед **-** ХӨҮ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 3. Осол гарах болсон шалтгаан нь: Жолооч Н.Ж нь Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй улмаас зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт / хх-ийн 87 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 116-119 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 8-12 дугаар хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 12-14 дүгээр хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-83 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 127 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 143-163 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 167-169 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Гурванбулаг сумын чиглэлд Б.Ц ын эзэмшлийн Тоёота Приус-10 маркийн **-** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг “Хүйтний гүүр” гэх газарт засмал зам дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зорчигч Б.Ц ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Э.Г нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон хэрэг болсон үеийн нөхцөл байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Э гийн... Миний хүү Э.Г 2019 оны 05 сарын 28-нд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум орох замд явж байгаад Булган аймагт осолд орж нас барсан..., оршуулгын зардалд гарсан нийт 10601360 төгрөг нэхэмжилнэ. Мөн дээр нь сэтгэл санааны хохиролд 30 сая төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна...гэх, гэрч Г.П ын...осол ертөнцийн зүгээр зүүн талд болсон байдалтай жижиг цагаан машин замаас гарч онхолдсон харагдсан…, эрэгтэйг зөөж миний машин руу оруулсан. Тэгээд ухаангүй залууг аваад шууд сумын эмнэлэг рүү осолд орсон 2 залуугийн хамт би машинаа жолоодоод явсан гэх, гэрч П.О ийн.... гэнэт тас няс гээд нэг мэдсэн осол болсон байсан гэж хэлээд хамт явсан 2 залууг гайгүй нөгөө нэг залуу маань ямар ч хөдөлгөөнгүй цус алдсан байсан гэж хэлээд би нохой хуцаад ойрхон айл байх шиг байна очиж тусламж гуй гэж нөгөө 2 гайгүй байсан залууд хэлсэн талаар ярьсан гэх, гэрч Д.Ц ий... чимээ гарсан газраас 1 залуу гүйж ирсэн. Гүйж ирээд манай нэг хүн ухаан алдаад сэргэхгүй байна тусламж үзүүлэх хэрэгтэй гэсэн…, осолд орсон гэх ухаангүй газарт хэвтэж байсан залууг П ын машинд зөөж хийгээд сумын эмнэлэг рүү явуулсан. Би осолд орсон гэх охинтой хамт үлдээд охиныг дагуулж гэрт харьсан гэх, гэрч Т.Э гийн... намайг унтаж байхад машин хоёр тийшээгээ дайвалзах үед би хальт сэрсэн. Сэрэхэд би машин дотор талд хойд суудал дээр хэвтсэн байдалтай сэрсэн. Сэрээд би шууд машинаас гараад талийгаач дээр очиход маш их цус алдаж байсан. Нөгөө хоёр талийгаачийн цусыг тогтоох гэж оролдож байсан. Тэгээд би нохойн дуу гарах шиг болохоор нь айл байгаа юм байна тусламж дуудаарай гэж хэлэхэд жолооч ах айл руу гүйсэн гэх, гэрч Б.Ц ын...би зүүрмэглэсэн, зүүрмэглэж байхад машиныг эвгүй дарах шиг болоод би сэрсэн чинь тойрог зам дээр машин урсгал сөрөх гэж байхад машиныг огцом баруун гар тийш нь жолооч дараад замаас гаргаж гурван удаа газарт машин хөрвөөсөн. Би гурав дахь эргэлтэд гадагшаа шидэгдэж газарт унасан. Машин дөрөв дэх эргэлтэд дөрвөн дугуйн дээрээ тогтож үлдсэн. Ослын дараа миний хажууд талийгаач 3-4 алхам зайд толгой, чих, хамар, амнаас нь их цус гараад хэвтэж байсан.., гэнэт замын хажуу руу жолооч рулийг огцом дараад машин замаас гарч осол болсон гэх, гэрч Л.Г ий...ухаангүй байгаа эрэгтэйг нь харахад цонхийж цайсан, бие нь хөрсөн байдалтай аль эрт нас барсан байсан гэх, гэрч М.Б ий...хоёр залуу нь айж сандарсан байдалтай, нэг залуу нь хүлээн авахад орон дээр битүү цус болсон байдалтай хэвтэж байсан. Хамгийн түрүүнд би орон дээр хэвтэж байсан иргэн дээр очиж ухаантай ухаангүй эсэхийг шалгаж биеийг нь үзэхэд бие нь хөшинг байдалтай хариу үйлдэл байхгүй, хүүхэн хараа өргөссөн, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа тодорхойлогдохгүй нас барсан байдалтай байсан гэх мэдүүлгүүд, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142 дугаартай дүгнэлтээр…Магадлуулагч Б.Ц ын биед баруун шилбэний булчинд зөлөөн эдийн няцрал, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.., гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай дүгнэлтээр…талийгаач Э.Г ийн биед гавлын орой, зулай, суурь яс зүүн чамархай хэсгээс олон салаалсан нугасны том нүх дайрсан баруун чамархай, дагзны төвгөр хүрсэн, мөн зүүн чамархайн хугарлаас дээш ташуу дунд хонхор дайрч зүүн чулуулаг, зүүн дээд ухархайн хана хүрсэн үйрч бяцарсан хугарал, дух зулай, их тархины 2 тал бөмбөлөг, чамархай, дагз, бага тархи, суурь хэсгийг нэлэнхийд нь хамарсан аалзан хальс доорхи цус харвалт, толгой дотор хуйхны дотор гадаргууг нэлэнхийд нь хамарсан цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун гуянд цус хуралт, баруун шанаа, хацар, баруун сарвуу, зүүн бугуйд жижиг олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо…, Э.Г нь гавал тархины битүү гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн байна гэх, Булган аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр...жолооч Н.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох BCM ангиллын 1096177 тоот эрхийн үнэмлэх хүчинтэй байна...,осол гарах болсон шалтгаан нь жолооч Н.Ж нь Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй улмаас зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлтүүд зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаарх дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Н.Ж ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохироосон гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Э нь гэм хорын хохиролд Э.Г ийн оршуулгын зардалд гарсан нийт 10601360 төгрөг нэхэмжилнэ. Мөн дээр нь сэтгэл санааны хохиролд 30 сая төгрөг нийт 40601360 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтас хэргийн 143 хуудаст 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Барс худалдааны төвөөс хүнсний зүйл худалдан авсан гэх 354760 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр банана, алим, усан үзэм, тоор жимс 137550 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хатаасан жимс, банана, усан үзэм гшэх мэт жимс 302600 төгрөг,
Он нь тодорхойгүй 5 дугаар сарын 29-ны өдөр үрэл, огурци 71000 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ө ХХК-иас төмс, лууван, байцаа гэх мэт хүнсний ногоо 559000 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ө ХХК-иас ус, ундаа, хиам, огурци, арвайн гурил 640000 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр зул, шүдэнз, саван 1350000 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр вакус, чипс, соруултай ундаа, контик 2600000 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл дулаан хаан хоршоо бензин 409500 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл дулаан хаан хоршоо бензин 682500 төгрөг,
Он сар өдөр нь тодорхойгүй хиам 55280 төгрөг,
2019 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Өрнөх дэлгүүр хүнсний зүйл 154200 төгрөг,
Он сар өдөр нь тодорхойгүй Хөвсгөл дулаан хаан хоршоо хүнсний зүйл 106500 төгрөг,
Он сар өдөр нь тодорхойгүй Хөвсгөл дулаан хаан хоршоо хүнсний зүйл 129673 төгрөг,
2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ө ХХК-иас хүнсний зүйл 450000 төгрөг,
2019 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Тотал бөөний төв бараа 6800 төгрөг,
2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Аяны Жолоо супермаркет бараа 18500 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Оргил худалдааны төв бараа 29130 төгрөг,
2019 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Бүтэн Оргил ХХК-иас бараа 9500 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бараа 19800 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Амтат Цамхаг ХХК-иас бараа 93110 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүнсний бараа 52500 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүр хүнсний бараа 46400 төгрөг,
Он сар өдөр нь тодорхойгүй хүнсний бараа 13000 төгрөг,
2019 оны 7 дугаар сарын 9-ны өдөр улаан алим 85750 төгрөг,
2019 оны 7 дугаар сарын 9-ны өдөр улаан алим 3500 төгрөг,
2019 оны 7 дугаар сарын 9-ны өдөр орос алим 32300 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүнсний бараа 40465 төгрөг,
2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүнсний бараа 70724 төгрөг нийт 8524042 төгрөгний баримтыг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж нь 4500.000 төгрөг төлсөн ба хохирогч Т.Э хэн аль маргаагүй болно.
Нотлох баримтын шаардлага хангасан 8047453 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгчээс хохирогч Т.Э д төлсөн гэх 4500000 төгрөгийг хасаж үлдэх 3547453 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Э д олгох нь зүйтэй байна.
Харин нотлох баримтын шаардлага хангаагүй хх-ийн 153 дугаар талд он сар өдөр нь тодорхойгүй хиам 55280 төгрөг, хх-ийн 155 дугаар талд он сар өдөр нь тодорхойгүй Хөвсгөл дулаан хаан хоршоо хүнсний зүйл 106500 төгрөг, хх-ийн 157 дугаар талд он сар өдөр нь тодорхойгүй Хөвсгөл дулаан хаан хоршоо хүнсний зүйл 129673 төгрөг, хх-ийн 162 дугаар талд он сар өдөр нь тодорхойгүй хүнсний бараа 13000 төгрөг, хх-ийн 146 дугаар талд он нь тодорхойгүй 5 дугаар сарын 29-ны өдөр үрэл, огурци 71000 төгрөг нийт 476589 төгрөг, сэтгэл санааны хохиолд 30000000 төгрөгний нэхэмжлэл нийт 32553907 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэдийгээр хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй боловч хохирогч Т.Э нь сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримт ирээгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.
Хохирогч Т.Э уг хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгтийн 1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж хуулчилсан байх ба шүүгдэгч Н.Ж нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан байх тул шүүгдэгчид дээрхи хуулийн хөнгөрүүлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Н.Ж ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Ж нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон албадлагын арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж аас 3547453 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймаг Рашаант сумын 4-р багт оршин суух хохирогч Т.Э-д олгож, үлдэх 32553907 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Э энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч Б.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Н.Ж ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1096177 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэргүй гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Лицен
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН