Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 646

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Бат-Өлзийд холбогдох “291.518 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бат-Өлзий нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013.07.05-ны өдөр дараа төлбөрт NICE үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91052600 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Д.Бат-Өлзий нь гэрээний үүргээ үл биелүүлж 91052600 дугаарын 2015.10-р сарын байдлаар 287.518 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1-д  заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Бат-Өлзийд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Д.Бат-Өлзийгөөс төлбөрийн үлдэгдэл болох 287.518 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 291.518 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7-р баг 3-р хэсэг 3-8-р  байр 03 тоотод оршин суух Тайж овогт Дагвын Бат-Өлзий /МЮ-85090411/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Дагва овогтой Бат-Өлзий нь Скайтел ХХК-д 2016.12.03-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулахаа зөвшөөрч байна. 291.518 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Д.Бат-Өлзийд холбогдуулан “291.518 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9396 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4698 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4698 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Бат-Өлзийд холбогдох “291.518 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9396 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4698  төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4698 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА