Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 11

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа,

Шүүгдэгч Б.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915004670239 дугаартай, 163/2020/0009/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, жолооч мэргэжилтэй, цэцэрлэгийн жижүүр ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Б.Э .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь /яллах дүгнэлтээр / 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Б  сумын 2 дугаар багийн нутаг “З” гэх газраас шинэс төрлийн 1.8445 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Mitsubishi pajero” загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Булган сум руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ын өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр түлээний модны гоожинг Булган аймгийн Б  сумын байцаагч Э аас авсан, тухайн үедээ машин эвдрээд модондоо явж чадаагүй.  Тэгээд ажлын зөв чөлөө олдохгүй байж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр явж “З” гэх газраас 18  ширхэг буюу шинэс төрлийн 1м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Mitsubishi pajero” загварын тээврийн хэрэгслийн чиргүүлээр авчирч байгаад 18-тын тэнд цагдаад шалгагдсан. Тухайн үед ямар ч түлшгүй болчихсон байсан юм, ийм хэрэгт холбогдсонд гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн гэх мэдүүлэг, эрүүгийн 1915004900273 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э  нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх боловч уг эрхийн бичигт заасан хугацаа дууссан байхад 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр уг эрхийн бичгээр Булган аймгийн Б  сумын 2 дугаар багийн нутаг “З” гэх газраас шинэс төрлийн 1.8445 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт байрлах гэрлүүгээ тээвэрлэсэн үйл баримт буюу гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Д.Э ы өгсөн: “...Б.Э  нь надаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ой цэвэрлэгээний ажлаар түлээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тэрнээс хойш дахин эрхийн бичиг аваагүй. Би Б.Э т Булган аймгийн Б  сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "З" гэх газраас түлээний мод бэлтгэх зөвшөөрлийг олгосон. Б.Э аас байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,

гэрч Г.Т ийн өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Булган сумын 6 дугаар багийн 7 дугаар гудамжны 01 тоот хашааны урд зогсож байсан **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад чиргүүл дээрээ мод ачсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь тухайн модны эрхийн бичиг нь байгаа эсэхийг жолооч Э аас асуухад мод бэлтгэх эрхийн бичиг гаргаж ирсэн. Хугацааг харахад 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа нь дууссан бичиг байхаар нь цагдаагийн жижүүрт Э ыг хүлээлгэж өгөөд **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийсэн” гэх мэдүүлэг /хх- 26-27 тал/,

“шинэс төрлийн хэрэглээний хуурай мод 1.8445 м3, нийт хохирол 52570 төгрөг” гэх Булган аймгийн Булган суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21 тоот дүгнэлт /хх-41 тал/,

...уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Б  сумын 2 дугаар багийн нутаг “З” гэх газар байх ба ...Э аар хөрөөдөж унагаасан модны хожуулыг заалган гэрэл зургийн аргаар бэхжүүлэв гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5 тал/,

 “...шинэс гэх нэртэй хуурай мод байх ба тухайн модны урт нь 1.5 м, нийт 18 ш мод байв...” гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7 тал/,

мод бэлтгэх эрхийн БУА серитэй, 064523 дугаартай бичиг /хх-63 тал/

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн гар хөрөө зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э ын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр түлээний мод бэлтгэх эрхтэйгээ мэдсээр байж 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэнээр хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э  нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 52570 төгрөгийн шууд /хх-41тал/  хохирол учирч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсан хэмжээгээр /хх-44 тал/ 157710 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг /хх-64 тал/ төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Булган аймгийн Булган сумын 2 дугаар цэцэрлэгийн болон “Цоожэд” өрхийн эмчийн тодорхойлолтууд, хавтаст хэргийн 57-61 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э  нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, сард 620000 төгрөгийн цалинтай цэцэрлэгийн жижүүр ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, эрүүл мэндийн хувьд элэгний хатуурал өвчний улмаас эмчийн хяналтад байгаа зэрэг түүний хувийн байдлыг тогтоосон байна.

Шүүгдэгч Б.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2б-16-05 тоот хашаанд битүүмжлэгдсэн **-** БУЛ улсын дугаартай “Mitsubishi pajero” загварын тээврийн хэрэгсэл, чиргүүл нь /хх-15 тал/ Б.Э гийн өмчлөл, эзэмшилд байгаа болох нь түүний гэрчээр өгсөн  мэдүүлэг /хх-28тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-32 тал/, Авто тээврийн үндэсний төвийн “тээврийн хэрэгслийн лавлагаа” /хх-67 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож өмчлөгч, эзэмшигчид нь үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э ын эрхийн бичигт заасан хугацаанд модыг бэлтгэж тээвэрлээгүй хууль зөрчсөн үйлдэл байгаа боловч уг эрхийн бичигт заасан газраас, заасан хэмжээгээр тухайн төрлийн модыг бэлтгэсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан “Далайван аудит” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэ 1995400 төгрөгийг /хх-79 тал/ шүүгдэгчээс гаргуулахгүйгээр хууль бусаар бэлтгэсэн 18 ширхэг буюу 1.8445 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон албадан гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөөг хурааж, үнийг улсын төсөвт тус тус шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сараар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э т сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 18 ширхэг буюу 1,8445 м3 модыг шүүгдэгч Б.Э аас  албадан гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөөг хурааж, үнийг Улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.

6. Мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн **-** БУЛ улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй чиргүүлийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгсэл, чиргүүлийг Булган ...оршин суух, Ч овогт Б.Э гийн эзэмшилд үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД