Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 571

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 Нэхэмжлэгч:  “Капитал банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6-р баг Орхон 3-р хэсэг 23-р байр 12  тоотод оршин суух Боржигин овогт Нямсүрэнгийн Сэлэнгэ /МО-78022500/-д холбогдох

“Зээлийн хүү 285.956 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:         

Нэхэмжлэгч “Капитал банк”-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банкны Сэлэнгэ салбар нь зээлдэгч Н.Сэлэнгээг 2016 оны 05 дугаар

сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд өр нэхэмжилснээс хойш нийт 285.956 төгрөгний хүү хуримтлагдан тогтоогдсон. Нэхэмжилсэн нийт 285.956 төгрөгний хүүг Н.Сэлэнгээгээс гаргуулж манай банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Капитал банк”-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Капитал банкны харилцагч Нямсүрэн овогтой Сэлэнгэд холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар өргөдлөөсөө татгалзаж байна. Тус хуулийн 59.1-д заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк”-ны Сэлэнгэ салбар нь хариуцагч Н.Сэлэнгэд холбогдуулан “Зээлийн хүү 285.956 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан “...Нямсүрэн овогтой Сэлэнгэд холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар өргөдлөөсөө татгалзаж байна...” гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9230 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Капитал банк”-ны Сэлэнгэ  салбарын нэхэмжлэлтэй Н.Сэлэнгэд холбогдох “Зээлийн хүү 285.956 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9230 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА