| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00499/И |
| Дугаар | 578 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 578
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Мөнх-Эрдэнэд холбогдох “371.250 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Б.Мөнх-Эрдэнэ нь манай компанитай 2015 оны 12-р сарын 17-ны өдөр 1348877 тоот “Зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан U6 маркын 310.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа 40.000 төгрөг төлж 12 сарын хугацаанд сар бүр 22.500 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан.
Гэвч Б.Мөнх-Эрдэнэ нь гэрээний эргэн төлөлтөөр төлөх 270.000 төгрөгөөс 22.500 төгрөгийг төлж, үлдэгдэл 247.500 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймл Б.Мөнх-Эрдэнээс U6 маркын гар утасны үлдэгдэл 247.500 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.3-т заасны дагуу 202 хоногийн алданги 123.750 төгрөг, нийт 371.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4-р баг 2-р хэсэг 099 тоотод оршин суух Ханчинван овогт Батчулууны Мөнх-Эрдэнэ /ФМ-89032874/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Жи мобайл” ХХК-иас гар утас худалдан авсан нь үнэн болно. “Жи мобайл” ХХК-иас нэхэмжилсэн 371.250 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. 2016 оны 11-р сарын 20-ны дотор 371.250 төгрөгийг төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжинд 5893 төгрөг төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж мобайл” ХХК нь хариуцагч Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан “371.250 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Жи мобайл” ХХК-иас нэхэмжилсэн 371.250 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. 2016 оны 11-р сарын 20-ны дотор 371.250 төгрөгийг төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.78750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5893 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнх-Эрдэнэд холбогдох “371.250 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.78750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5893 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА