Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0319

 

П.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Н.Хонинхүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч П.Б, түүний өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор П.Б-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Шадар сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 262 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн /2002/ 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 24.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 1, 4 дүгээр зүйлийн 1.5, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасны тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Б-ыг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй Монгол Улсын Шадар сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Б-ыг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахыг Монгол Улсын шадар сайдад даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “2017 оны 09 дүгээр сараас хойш 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг ажилласан жилээр тасалдалгүй бөглөж, тэтгэвэр нөхөн тогтоох шийдвэр гаргахыг Онгой байдлын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ...Нэхэмжлэлийн шаардлага П.Быг цэргийн албан хаагчийн тэтгэвэрт гаргахгүй байгаа Монгол Улсын Шадар сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн гаргах тушаал гаргахыг Шадар сайдад даалгах гэж тодорхойлсон байхад “...нөхөн” гэх хэсгийг хасч шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан гэх үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны зөв болж чадсангүй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч П.Б-ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалингаас тооцож Монгол Улсын Шадар сайдаас гаргуулахаар шийдвэрлэв” гэсэн атлаа шийдвэрийг бичгээр үйлдэхдээ энэ хэсгийг орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон байна. Энэ талаар хавтаст хэрэгт буй шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч нэхэмжлэлд дурдагдаагүй шаардлагаар хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Боос “...надад тэтгэвэр тогтоох мэдэгдэл өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2017 оны 09 дүгээр сараас хойш 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг ажилласан жилээр тасалдалгүй бөглөж, тэтгэвэр нөхөн тогтоох шийдвэр гаргахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн тогтоох шийдвэр гаргахыг Монгол Улсын Шадар сайдад даалгах” хэмээн нэмэгдүүлж,

Улмаар шүүх хуралдааны явцад Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бөглүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулаагүй атлаа нэхэмжлэгчийн гаргаагүй нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд “2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн тогтоох шийдвэр гаргахыг Монгол Улсын Шадар сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бөглүүлэх” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харин “тэтгэврийг нөхөн гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлэх хүсэл зоригтой байгаа талаараа илэрхийлсэн байхад анхан шатны шүүх уг шаардлагыг шийдвэрлээгүй, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.  

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг зөрүүтэй, үүний улмаас шүүх ямар шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулж, “тэтгэврийг нөхөн гаргуулахыг даалгах” шаардлагын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН