Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 567

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мд холбогдох эрүүгийн 1906 02692 2734 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.М, 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 20 дугаар гудамж, 329-30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,

Шүүгдэгч О.М нь 2019 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92 дугаар байрны 55 тоотод оршин суух иргэн Б.Мичидийн гэрээс айфоне XS загварын гар утас болон 2 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг виски, түлхүүрүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.438.404 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би Мичидэд Хаблот гэсэн бугуйн цагийг нь буцаан өгсөн. Бусад хохирлыг төлнө ажил хийж байгаа”  гэв.

Хохирогч Б.Мичид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид 21 цагийн үед манайх руу очихоор болж гараад манайд очсон юм. Манайд очихын өмнө найз охин Амин-Эрдэнэ, найз Баянсан нарыг замаараа аваад очсон. Тэгээд бид нар байж байгаад 01 цагийн үед бар руу явсан. Ингээд баранд орж 2 шил архи авч хувааж уугаад тэгээд гэртээ очсон юм. Гэрт очиход 02 цаг өнгөрч байсан санагдаж байна. Ингээд би найз охинтойгоо өрөөндөө орж унтаад өглөө 10 цаг болж байхад сэрэхэд М явчихсан гэр гаднаас цоожилчихсон байсан. Тэгээд гар утсаа хайхад олдохгүй байсан ба би унтахдаа гар утсаа орон дээрээ дэрнийхээ хажууд тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч Х.Мандахбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мичидийн 90-тэй дугаараас залгаад М байна, Натурт байна чи ирээд машин бариад өгчих гээд залгахаар нь за гээд хэлчихээд очоогүй юм. Яагаад очоогүй гэхээр нь М согтуу байдалтай ярьсан, мөн би ядарчихсан байсан юм. Тэгтэл тэр шөнө Мичидийн гэрт хоноод гарахдаа айфоне гар утсыг нь цаг болон цуглуулдаг вискиний хамт хулгайлж гарсан байсныг Мичидээс сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Яллагдагч О.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тогтоолтой танилцсан. Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед архи согтууруулах ундаа уугаад өөрийгөө удирдах чадваргүй байсан ба хулгайн сэдэлтээр биш, найзтайгаа уулзах гээд дээрх эд зүйлүүдийг аваад гарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.М нь 2019 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92 дугаар байрны 55 тоотод оршин суух иргэн Б.Мичидийн гэрээс айфоне XS загварын гар утас болон 2 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг виски, түлхүүрүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.438.404 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Мичидийн: “...Ингээд баранд орж 2 шил архи авч хувааж уугаад тэгээд гэртээ очсон юм. Гэрт очиход 02 цаг өнгөрч байсан санагдаж байна. Ингээд би найз охинтойгоо өрөөндөө орж унтаад өглөө 10 цаг болж байхад сэрэхэд М явчихсан гэр гаднаас цоожилчихсон байсан. Тэгээд гар утсаа хайхад олдохгүй байсан ба би унтахдаа гар утсаа орон дээрээ дэрнийхээ хажууд тавьсан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.Мандахбаярын: “...Мичидийн 90-тэй дугаараас залгаад М байна, Натурт байна чи ирээд машин бариад өгчих гээд залгахаар нь за гээд хэлчихээд очоогүй юм. Яагаад очоогүй гэхээр нь М согтуу байдалтай ярьсан, мөн би ядарчихсан байсан юм. Тэгтэл тэр шөнө Мичидийн гэрт хоноод гарахдаа айфоне гар утсыг нь цаг болон цуглуулдаг вискиний хамт хулгайлж гарсан байсныг Мичидээс сонссон...”  гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Мичид нь гэмт хэргийн улмаас учирсан нотлох баримт бүхий хохирол 3.438.404 төгрөгийн хохирлоос буцаан өгсөн бугуйн цагын үнэ буюу 128.000 төгрөгийг хасч үлдэх 3.310.404 төгрөгийг шүүгдэгч О.Мэс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч О.М нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор О.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолын хоёр дахь заалтыг хүчингүй болгож, өмнөх гэмт хэрэгт нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Мд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар О.Мд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4-т зааснаар О.Мд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 зургаан сарын хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн түүний бүгд биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мөнх-Эрдэнийн урьд цагдан хоригдсон нийт 14 /арван дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мэс 3.310.404 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мичидэд олгосугай.

          9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР