| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0180/Э |
| Дугаар | 341 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 341
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Х.Анхцэцэг,
хохирогч, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Ганболд /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0968/,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260/,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165/,
гэрч Э.Х-, Б.Г-, Т.Б-, Э.Б-,
шинжээч Т.Номинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Р овогт М-ын Б, У овогт Б-ын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан;
Б овогт Б-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0073 51561 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Доржготовтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дээд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан;
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доржготовыг зодлоо” гэх шалтгаанаар иргэн М.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан;
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Б-ыг “манай найзыг зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх, цус хуралт, /2018.02.05-ны нүдний алимны мэс засал/, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор хананд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
2. Шүүгдэгч Б.Э-гаас: Би 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 21 цагийн үед гэрээсээ гарч машинтайгаа халтууранд явж байсан. Тэгээд Доржготов, Г-, Х-, Б- нар над руу Нарангийн “Таац” гээд караокед байна, хүрээд ир” гэж яриад дуудахаар нь очсон. Бид тав нийлээд 2 шил архи уусан, би нилээн муудчихсан, нэг харсан чинь ганцаараа сууж байсан. Тэгтэл Х- гаднаас орж ирээд намайг гаръя гээд дагуулаад гарсан. Намайг гарахад бөөн зодоон болчихсон, тал талд очоод хэрэлдэж маргалдаад зогсож байсан. Б- Доржготовыг цохисон гэхээр нь би очоод Б-ыг цохичихсон юм. Хаана нь яаж цохисоноо санахгүй байна. Б-ыг шилээр цохисон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2.800.000 төгрөг төлсөн. Уучлалт гуйсан, маш их харамсаж байна гэв.
3. Шүүгдэгч М.Б-аас: 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө энэ хэрэг болсон юм. Тухайн үед цагаан сар болох гэж байсан болохоор тэр орой найз Б-ыг дуудаад гэрийнхээ тавилгыг янзалъя гэж бодож байгаад найз Б-тай хамт Их нарангийн “Наран” караокед ганц, хоёр пиво уусан. Тэгээд тэндээс шөнийн 00 цаг өнгөрч байхад гараад явж байтал хоёр ах нийлчихсэн нэг эгчийг хоргоогоод байхаар нь “болиоч та нар” гэж хэлээд тэр эгчээс “та хаашаа явах юм бэ, хамт явж байгаад гэр рүүгээ дөхчихгүй юу” гэж асуусан чинь гүйгээд явчихсан. Тэгээд Б- бид хоёр гудамж уруудаад явж байтал араас нөгөө Батсайхан гэх ах ирээд “маргааш чамайг таксины хүмүүсээр алуулна, зодуулна” гээд орилж чарлаад, дайраад байхаар нь хавсраад унагаачихсан. Тэгсэн чинь Доржготов намайг заамдаж аваад тавихгүй байхаар нь би Доржготовын нүүрэнд нь цохисон. Энэ асуудлын хүрээнд Доржготов “гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж хэлсэн. Тухайн үед би улаан куртик өмссөн байсан гэв.
-хохирогчоор мэдүүлэхдээ: Э-д цохиулснаас болж нүд гэмтсэн гэж бодож байгаа. Би цементэн дээр тамхи татаад сууж байхад зүгээр байсан. Хамраас цус гараад довжоон дээр сууж байхад зүүн талын нүд харанхуйлаад явсан. Хэн цохисныг нь яг сайн мэдээгүй. Мөрдөн байцаалтын шатанд Э “би цохисон” гэж хэлсэн байсан. Гэмтлийн эмнэлэгт чихээ оёулсан. “Итгэлт эстимэйт” ХХК-иар сэтгэл санааны хохирол бусад хохирлын үнэлгээг гаргуулсан. Эм тариа, эмчилгээ, өмгөөллийн хөлс зэрэгт 6.608.648 төгрөг, нэг сарын цалин хөлс 1.200.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 04-нөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажлаа хийгээгүй учир 10.000.000 төгрөг цалин хөлсөнд, сэтгэл санааны хохирол 23.185.919 төгрөг, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан учраас олох байсан орлогод 208.196.055 төгрөг, нийт 237.990.623 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс төлөгдсөн 2.800.000 төгрөгийг хасаад 235.190.632 төгрөг нэхэмжилнэ гэв.
Гэрч Э.Х- мэдүүлэхдээ: Э хохирогч М.Б-ыг куртикээ авах гэж байхад зүүн талын шанаа хавьцаа нь шилээр цохисон. Би 70-80 метр орчмын цаана хүмүүсийг салгаад зогсож байхдаа харсан гэв.
Гэрч Т.Б- мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Х-, Э, Г-, Доржготов бид хэд “Таац” караокед ууж байсан. Тэгтэл Доржготов, Г- хоёр гараад явсан. Би араас нь гарахад тэр хоёр хүнтэй зодолдож байхаар нь би салгасан. Э гарч ирээд Б-ын толгой руу пивоны шилээр цохисон. Тэгээд би хүн алчихлаа гээд орилоод айсандаа Э-г аваад явсан. Г ахын машинд суугаад явсан. Б-ыг куртикээ авах гээд тонгойх үед Э шатаар бууж ирээд шилээр цохисон. Б- толгойгоо бариад суусан. Б- улаан куртиктэй байсан. Гаднах орчин гэрэлтүүлэгтэй байсан. Энэ явдлыг Х- бид хоёр харсан гэв.
Гэрч Б.Г- мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Э, Б-, Х-, Доржготов бид тав “Таац” бааранд орж сууж байгаад Доржготов, Б- бид гурав тамхи татахаар гарсан. Гэтэл Доржготовын таньдаг ах түүнийг ахдаа туслаарай гэж дуудахаар нь очсон чинь хоёр залуу байсан. Учир зүггүй барилцаад зодоон болсон. Би Б-тай барьцалдсан. Доржготов, Б- хоёр барьцалдсан. Б- Доржготовыг цохисон. Г ах ирээд больцгоо гээд Б-ыг өшиглөсөн. Цаанаас Э, Х- хоёр ирсэн. Тэгээд шил хагарах чимээ гарсан. Б- боль гэж хэлээд салгасан. Шилээр цохичихлоо гээд Б- орилоод байсан. Баясаа чи цохичихлоо шүү дээ гээд Б- орилсон. Тэгээд бөөнөөрөө Г ахын машинд суугаад явсан.
Гэрч Э.Б- мэдүүлэхдээ: Б- бид хоёр ханын материалд уулзаад Их наран руу Б-ын гэрт очсон. Гэрт нь 0.5 литрийн архи уучихаад гарсан. Тэгээд Их нарангийн хуучин эцсийн хажууд байдаг пабад ороод 3 шил пиво уусан. Тэгээд пабаас гараад хоёр хүнтэй маргалдсан. Тэгтэл машинаас 4 залуу бууж ирээд зодоон болсон. Б- нөгөө хүмүүстэй зодолдсон. Би юу болсныг нь мэдэхгүй дундаас нь зугтсан. Тэгээд Б- дуудахаар нь эргэж очиход зодоон болсон, ганцаараа байсан. Б- нүдээ дарсан, нүүр нь битүү цус болсон байсан. Өөр шарх гэмтэл ил харагдаагүй. Нүүр нь яаж гэмтсэнийг мэдэхгүй, хараагүй гэв.
Шинжээч Т.Номинцэцэгээс: Хүний биед хийх үзлэгийг тогтоолын дагуу гэмтлийн зэргийг тогтоох шинжилгээг хийнэ. Өвчний түүх зэрэг эмнэлгийн бичиг баримтад үндэслэж дүгнэлт гаргадаг. М.Б- гэдэг хүнд шүүх эмнэлгийн дүгнэлтийг гаргахдаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийг үндэслэж гаргасан. Тус хүнийг биеэр нь үзээгүй. Ямар тохиолдолд хүнийг биеэр үздэггүй вэ гэхээр хүн нь байхгүй, эсхүл үзлэгт явсан байвал эмнэлгийн бичиг баримтанд үндэслэж, журмын дагуу дүгнэлт гаргана. М.Б-ын өвчний түүхэнд чих урагдсан тухай байгаагүй учраас шинжээчийн дүгнэлтэд энэ талаар байхгүй. Хавтаст хэргийн материалд авагдсан зургийг үзвэл баруун чихний дэлбээний хэсэг оёгдсон байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан Б-ын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хөлөөр өшиглөхөд гутлын хэлбэр дүрсээс хамаарна. Хатуу мохоо зүйлд ир ирмэгтэй зүйлээс бусад зүйлс орно. Пивоны бүтэн шилээр цохиход хаван хавдар, цус хуралт үүснэ. Шил хагархай тохиолдолд цохих үед шарх гэмтэл үүснэ. Зургаас харвал мохоо зүйлээр үүсгэгдсэн байхаар харагдаж байна. Шил хагарсаны дараа шарх үүсэхгүй ч байж болно. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилгээг хийнэ гэж заасан. Бодитой шинжилгээ хийх гэдэгт эмнэлгийн бичиг баримт орно гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0073 51561 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Н.Доржготовын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 02 дугаар сарын 29-нд өгсөн:
2018 оны 2 дугаар сарын 04-ний шөнө би найз Х-, Баясаа, Хуягаа, Б- нартай хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Таац” караокед сууж байсан. Би Хуягаа, Б- хоёртой хамт тамхилах гээд гарсан. Гадаа тамхи татаад зогсож байтал замын цаанаас Батсайхан гэдэг таньдаг ах “Готовоо ахыг нь энд хүн зодох гээд байна, ахдаа туслаарай” гэсэн. Тэгэхээр нь бид гурав гүйж очоод та нар болиочээ гэтэл чамд ямар хамаатай юм бэ гээд шууд нүд рүү цохисон. Бас уруул руу мөргөөд намайг газар унагаагаад дээр гараад зодсон. Тэгсэн цаанаас Баясаа, Х- хоёр гарч ирж салгасан. Тэгээд Б- намайг дуудаад замын эсрэг талд гараад манай найз нар тэр хоёр залуутай маргалдаад үлдсэн. Гэмтлүүд Б- гараараа цохисоноос үүссэн. Б- нь зодсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/ ,
-түүний хохирогчоор дахин 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн “... Батсайхан ах туслаарай гэсэн. Тэгэхээр нь гүйж очиход Батсайхан ахыг үл таних согтуу залуу буюу хохирогч М.Б- заамдаад татаж унагаах гэж ноцолдоод байсан. Тэгэхээр нь болиоч хөгшин хүнийг гээд салгасан чинь хохирогч М.Б- намайг заамдаж аваад нүүрэнд цохиж унагаагаад дээр гараад суусан. Тэгсэн замын цаанаас найзууд ирж салгаад Б- намайг босгоход баруун нүд хавдсан байсан. Б- бид хоёр тэр хүмүүсээс холдоод сууж байсан чинь Б- Э хүн цохичихлоо явъя гэсэн. Тэгээд бүгдээрээ хойшоо хороо руу алхаж байхад Г ах явж таараад машиндаа суулгаад 26 дугаар хорооны тойргийн хажууд дөхүүлж буулгаад явсан. Сүүлд тэр хэдийн ярианаас сонсоход Э хохирогчийн нүүрэнд шилээр цохисон, Г ах өшиглөсөн гэж байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал/,
2. Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 2 дугаар сарын 28-нд өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө найз Б-ын хамт Их нарангийн шинэ эцэст явж байгаад тэр хавийн “Наран” караокед орж сууж байгаад харих гээд гарсан. Гараад явж байгаад үл таних нэг ахтай маргалдчихаад хаяад явсан. Тэгтэл араас би чамайг таксиныхнаар алуулнаа гээд байхаар нь буцаад очтол доор байдаг “Таац” гэдэг караокеноос хэдэн залуучууд гараад ирсэн. Тэгээд бид хоёр дээр ирээд маргалдсан. Тэгсэн нэг нь намайг өшиглөөд цохисон. Тэгэхээр нь больцгоо та нарт гай болно гэсэн чинь тоохгүй дайраад байсан. Тэгсэн манай найзыг гурав нь зодож байсан. Би найзыгаа очиж салгатал найз маань зугтаагаад яваад өгсөн чинь тэд нар намайг бүгдээрээ зодсон. Тэгтэл Б- цагдаад дуудлага өгсөн байсан. Миний биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх, цус хуралт, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт бүхий гэмтлүүдийг тэнд байсан залуучууд зодож үүссэн гэмтлүүд юм. Хоёр шил пиво уусан байсан. Бид хоёр караокед байж байтал нэг эгч бид хоёрт пиво авч өгсөн. Тэр пивийг нь уучихаад гараад явж байтал хоёр хүн пиво авч өгсөн эгчийг сугадаад гараад ирэхээр нь та нар наад эгчээ явуулаач гээд маргалдсан. Маргаад байж байтал нөгөө эгч зугатаагаад яваад өгсөн. Бид хоёр ч гэсэн хаяж явчихаад араас орилоод байхаар нь буцаад очсон. Намайг унагаагаад зогсолтгүй босох боломж олгохгүйгээр зодсон. Гомдолтой байна, хохирлоо гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал/ ,
- хохирогчоор дахин 2018 оны 7 дугаар сарын 25-нд өгсөн:
“...Хэрэг болсон өдөр миний цамц хаягдсан байсан, тэр цамцны халаасанд гар утас байсан юм. Би дараа нь хэрэг болсон газар очиж цамцаа үзтэл миний цамц байсан халаасыг үзтэл утас маань байсан. Тухайн үед бужигналдаад байсан. Би сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
- хохирогчоор дахин 2018 оны 10 дугаар сарын 24-нд өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр найз Б-тай “Их наран”-гийн эцэс дээр байдаг “Наран” караокед хүн тус бүр 4 пиво уусан. Шөнө 01 цагийн үед гараад караокед сууж байсан танихгүй эгчтэй нэг зүгт явж байхад караокед байсан Батсайхан араас гарч ирээд таньдаг хүн, би хүргэж өгнө, та нар яах гээд байгаа юм бэ гэснээс болж маргалдаж байгаад салаад явсан. Батсайхан араас “та нарыг таксины жолооч нараар алуулна” гээд орилоод байхаар нь буцаж очсон чинь доошоо зам уруудаад утсаар яриад цаашаа явсан. Бид хоёр араас нь яваад очсон чинь Батсайхан өөрийн таньдаг залууд хандаж “эд нар намайг зодлоо” гэж хэлсэн. Тэгэхэд Доржготов намайг заамдаж аваад “таньдаг ах дээрэлхээд байна уу” гээд тавихгүй болохоор нь нүүрэнд нь цохиж унагаагаад дээрээс нь дараад сууж байсан чинь араас нэг нь татаж салгасан. Эргээд харсан чинь анх маргалддаг Батсайхан байсан. Бид хоёр зууралдаж байхад араас куртикны малгайнаас нэг нь татахад явган суусан чигээрээ эргэсэн чинь нүүрэнд цохиод, нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөхөд хамраас цус гарсан. Энэ үед найз Б- нөгөө талд тэр хүмүүсийн нэгэнтэй нь зууралдсан байж байсан. Тэгээд миний хамраас цус гараад хэн намайг зодсон бэ хүрээд ир гэж баахан орилсон. Ингээд нэг харсан чинь Б- зугтаасан байсан. Энэ үед миний хамраас цус гарсан байсан, нүд зүгээр байсан. Тэгээд би дэлгүүрийн довжоон дээр тамхи татаад, хэн намайг зодсон бэ гэж орилоод сууж байсан чинь хэнийг нь мэдэхгүй зүүн талаас нүд рүү хатуу юмаар хүчтэй цохиж гал манараад явсан. Нүдээ дараа доошоо тонгойсон чинь цус асгараад тогтохгүй байсан. Тэгээд Б-ыг дуудаад улаан өнгийн куртикээ өмсөж, түргэн болон цагдаа дуудсан. Түргэн ирээд намайг аваад явсан. Тухайн үед би улаан өнгийн куртиктэй, Б- хөх өнгийн куртиктэй байсан. Тэгэхээр шилээр цохисноос болж нүд гэмтсэн, эхлээд маргаан болж байхад тэнд байсан хүний нэг нь өшиглөхөд хамраас цус гарсан. Тэгэхэд хамар хугарсан байх. Намайг шилээр цохисон болон өшиглөсөн хүнийг хараагүй. Тэр гээд зааж чадахгүй байна. Учир нь харанхуй гэрэлгүй байсан. Харин цохиж унагаасан Доржготов, эхэлж маргалддаг Батсайхан хоёрыг таньж байна. Одоо зүүн талын нүд бүрэн хараагүй болж, хиймэл болор суулгасан. Эмчилгээний зардалд 3.000.000 орчим төгрөг гарсан. Цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,
3. Гэрч Д.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 02 дугаар сарын 06-нд өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд Их нарангийн автобусны буудал дээр зогсож байтал өөдөөс үл таних хоёр залуу ирсэн. Чи хэн бэ гээд намайг мөрлөөд хөгшин банди минь гээд боогоод хавсарч унагасан. Куртикнээс зууралдаад би босч ирээд хажуудах найзад нь хэлсэн. Миний дүү найзыгаа аваад явчих согтуу байна гэсэн чинь хөгшин банди минь нэмээд нүдчихнэ шүү гээд байсан. Тэгээд Готовоо гээд орилтол Готов мөн байсан. Готов ирээд наад ахыгаа явуулчих гэсэн. Тэгсэн нөгөө залуу шууд Готовыг цохиод авсан, би боль гээд араас нь зууртал Готовыг дахиад цохисон. Тэгсэн Готовтой хамт ирсэн залуу надтай маргалдсан залууг шууд хавсараад унагасан. Тэд хоорондоо ноцолдоод эхэлсэн. Би зууралдаад эхэлсэн. Тэгсэн халтууранд явдаг Ганбаатар тааралдаад хүрээд ирсэн. Ганбаа эд нарыг салгая гээд салгасан. Ганбаатар тэр залууг өргөөд замын нөгөө талд гарсан. Тэгээд би тэд нарыг үлдээгээд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал/,
гэрчээр дахин мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 25-нд өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Дамдинсүрэнтэй “Их наран”-гийн эцсийн буудал дээр байдаг караокед ороод 2-3 лааз пиво уусан. Хажуу талд 2 залуу дуу дуулж байгаад тооцоогоо хийгээд гарсан. Бид хоёрыг караокены эзэн гэр нь ойрхон байдаг энэ эгчийг дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгээд бид хоёр уг эмэгтэйг дөхүүлж өгөхөөр явж байсан чинь гудамжинд хохирогч Б- нэг хүнтэй зогсож таараад “наад эмэгтэйгээ хааш нь дагуулж байгаа юм бэ” гэсэн. Гэрийг нь мэддэг дөхүүлж өгөхөөр явж байна гэсэн чинь хохирогч “яг шдээ юу яриад байгаа юм бэ” гэснээс болж бид маргалдаж байгаад хохирогч намайг барьж аваад куртикны ханцуй ураад тавихгүй байсан. Дамдинсүрэн бид хоёрыг салгасан. Бид нар цаашаа автобусны буудал дээр очоод хэрэлдэж маргалдаж байхад хохирогч намайг хавсарч унагаагаад “хаана чинь цохих юм бэ” гээд дээрээс дарчихаад босгохгүй байсан. Тэгээд харсан чинь Дамдинсүрэн хохирогчтой хамт явсан Б- хоёр зайдуу зогсож байсан. Нөгөө тийшээ харсан чинь танил Доржготов эмэгтэй, эрэгтэй хоёр хүний хамт тамхи татаад зогсож байхаар нь Доржготов гээд дуудсан чинь сонсоогүй, 2-3 удаа Доржготов гээд дуудсан чинь гурвуулаа хүрээд ирэхэд хохирогч намайг тавьсан. Доржготов энэ хөгшин ахаар яах гээд байгаа юм бэ, явуулаач, миний таньдаг хүн гэсэн. Тэгээд хохирогч, Доржготовтой маргалдаад хоёр талаасаа толгойгоор тулж байгаад Доржготовыг цохиж унагаагаад дээр нь гарсан. Тэгтэл Доржготовтой хамт явсан шар залуу Г- нь найзыг яагаад байгаа юм бэ гээд хохирогчийн нуруу руу цохисон. Тэгтэл хохирогчтой хамт явсан Б- Г-тай зууралдаад цаашаа явсан.
Хохирогч Б, Доржготов хоёр босч ирээд дахиж ноцолдож байгаад дахиад Доржготовыг доороо оруулаад унасан. Хохирогчийг араас нь татсан чинь хохино шүү, зүгээр байгаарай гэсэн. Тэгэхээр нь салгах санаатай араас нь татаад болохгүй болохоор нь нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн чинь уурлаад босч ирээд бид хоёр бие биенийгээ унагаах гэж ноцолдоод байж байтал хажууд машин ирж зогсоод Ганбаа бууж ирээд наад ахыгаа тавиач гээд салгасан. Би салаад замын нөгөө тал руу гараад Дамдинсүрэнтэй зогсож байсан чинь Доржготов, Ганбаа, хохирогч Б- гурав ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд очсон чинь Ганбаа Б-ын нүүрэнд нэг удаа цохиод, тонгойхоор нь нүүр хавьцаа нь өшиглөсөн. Тэгээд салгах үед Б- ирээд хоёр тийш нь салгасан. Энэ үед хохирогч Б-ын хамарнаас цус гарсан байсан. Б- алнаа гээд орилоод байсан тул замын нөгөө талд гаргаж өгсөн. Цаана байсан Доржготовтой хамт явсан охин, Х-, Ганбаа нарт дахиж битгий очоорой дэмий шүү гэж хэлээд Дамдинсүрэнтэй явсан. Маргааш өглөө нь хаалга нүдээд Доржготовын ээж, аав нь ирээд хүний нүд сохолсон байна гэсэн. Тэгээд бид нар цагдаа дээр очсон. Зодоон болох үед Г Б-ын нүүрэнд нэг удаа цохиж, нүүр хавьцаа нь өшиглөхийг харсан. Б- нь Доржготовын нүүрэн тус газар цохиж унагаахыг харсан. Харин Б-ыг хэн шилээр цохисныг хараагүй, явсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дугаар тал/ ,
4. Гэрч Э.Х-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 02 дугаар сарын 07-нд өгсөн:
“... 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Таац” нэртэй караокед Б-, Доржготов, Баясаа, Г- бид нар пиво ууж сууцгааж байгаад Б-, Готов, Хуягаа гурав гарч тамхилсан. Э бид хоёрыг гарахад замын цаад талд хоёр залуутай маргалдсан. Готовыг улаан цамцтай залуу нь унагаачихсан байж байсан. Г- нь саарал цамцтай залуутай маргалдаж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод Г-ийг салгасан. Тэр хооронд Э улаан цамцтай залууг цохиод авсан. Тэгсэн Б- салгаад явцгаая гээд Ганбаатарын машинд суугаад явсан. Баясаа гэдэг найз пивоны шилээр нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал/,
гэрчээр дахин 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Доржготов, Г-, Э, Б- нарын хамт “Их наран”-гийн эцэст байдаг “Болор таац” караокед сууж пиво, 2 шил архи уусан. Тэгтэл Доржготов, Г-, Б- гурав шөнө 02 цагийн үед байх тамхи татахаар гарсан. Э бид хоёр 20 орчим минутын дараа араас нь гарсан чинь замын цаад талд хохирогчтой хамт явсан Б-тай Г- заамдалцсан маргалдаад зогсож байсан. Хажууд нь хохирогч Б-тай Доржготов, Б- хоёр хэрэлдээд зогсож байсан. Би Г-ийг хохирогчтой хамт явсан Б-аас салгасан чинь Б- зугтаасан. Тэгээд хохирогч Б-ын хамраас цус гарсан байдалтай куртикээ авахаар тонгойж байхад нь Э пивоны шилээр нүүрэнд нь нэг удаа цохисон. Хохирогч нүдээ дараад суусан. Тэгээд Б-, Э-г салгаж аваад би Г-, Доржготов хоёрыг дагуулаад бид нар хойшоо явж байхад Г ах машинтайгаа ирээд бид нарыг дөхүүлж буулгаад явсан. Тэгэхдээ Г ах хохирогчийг Батсайхантай зууралдаад салахгүй болохоор нь өшиглөөд нэг цохисон гэж ярьж байсан. Ингээд нөгөө хэд цаашаа яваад Доржготов бид хоёр буцаад ирсэн чинь хохирогч Б-ын нүүрнээс цус гарсан байдалтай Б-ын хамт сууж байсан. Бид хоёр караоке орчиход буцаад ирсэн чинь цагдаа ирээд Доржготовыг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар тал/,
5. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 2 дугаар сарын 07-нд өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Таац” гэдэг нэртэй караокед Б-, Доржготов, Х-, Баясаа, Г- бид нар пиво ууж сууцгааж байгаад Б-, Готов бид гурав гарч тамхилсан. Тэгсэн Готовын таньдаг ах нь замын цаанаас “ахдаа туслаарай” гээд орилоод байсан. Готов гүйж очоод маргалдсан. Тэгсэн Готовыг цохиод авсан. Тэгэхээр нь би гүйж очоод нөгөө залууг нь тэврээд авсан. Тэгээд зууралдаад байж байтал хойноос манай найз нар хүрээд ирсэн. Ирэнгүүтээ Баясаа нэг залууг нь шилээр цохиод авсан. Тэрийг Б- хараад “та нар хүн аллаа явцгаая” гэсэн чинь “приус 20” машин ирээд тэрэнд суугаад явсан. Готовын таньдаг ахтай л анх маргалдаад байсан. ...Баясаа гэдэг найз пивоны шилээр нэг удаа цохисон, бусад нь гар хүрээгүй. Готовыг тэр хоёр залуу зодсон. Манай найзууд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, маргалдсан хоёр залуу ч гэсэн согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал/,
-гэрчээр дахин 2018 оны 10 дугаар сарын 24-нд өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Их нарангийн эцэс дээр байдаг “Болор таац” караокед Доржготов, Э, Х-, Б- нарын хамт орж нилээн ууж сууж байгаад Б-, Доржготов бид гурав тамхи татахаар гараад шатан дээр зогсож байсан чинь Доржготовын таньдаг ах Батсайхан дэлгүүрийн цаанаас “ахдаа туслаарай хүн дээрэлхээд байна” гэж дуудахаар нь Доржготов очоод хохирогч буюу Б-тай барилцаад авахаар нь Б- бид хоёр салгасан. Хохирогчтой хамт явсан залуутай нь зам дээр зууралдаж байсан залуу буюу Б- зугтаасан. Хохирогч дэлгүүрийн үүд рүү явж байхад нь Э гүйж очоод пивоны шилээр нүүрэнд нь цохисон. Б- бүгдийг нь аваад дээшээ алхаж явахад Ганбаа ах ирээд машинд нь суугаад хорооны хажууд буусан. Маргааш өдөр нь цагдаагийн гадаа Ганбаа ах зодолдоод байхаар нь хохирогч Б-ыг нэг алгадаж, 2 удаа өшиглөсөн гэж ярьж байсан. Б- Доржготов хоёр барьцалдахаар нь Батсайхан ах бид нар салгах гэсэн чинь цуг явсан залуу нь над руу дайраад бид хоёр зууралдсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,
6. Гэрч Т.Байгалийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 2 дугаар сарын 07-нд өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо “Таац” гэдэг нэртэй караокены үүдэнд Хуягаа, Готов гэх хоёр найзтайгаа тамхи татаад зогсож байсан. Тэгсэн замын цаад талаас Батсайхан ах “Готовоо намайг хүн зодоод байна туслаарай” гээд орилоод байсан. Тэгэхээр нь найзуудтайгаа хамт гүйж очоод хоёр залууг нь болиоч хөгшин настай хүнийг зодоод гээд салгасан. Тэгсэн чинь хэн бэ гээд Готовыг шууд цохиод, хавсарч унагаагаад доороо оруулаад зодоод байсан. Бас нэг найз нь гээд залуу Хуягаатай барилцаад зодолдоод эхэлсэн. Тэгсэн цаанаас караокеноос Х-, Баясаа хоёр гарч ирээд Готовыг зодож байсан залууг Баясаа ууж байсан пивоны шилээрээ толгой хавьцаа нь 1 цохиод авсан. Би айгаад тэд нарыг салгаад тэр дөрвийг аваад явсан. Тэгсэн “приус 20”-той Ганбаа бид нарыг суулгаад аваад явсан. Би, манай найзууд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, маргалдсан хоёр залуу ч гэсэн согтуу байсан. Бүгд л согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар тал/,
7. Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 24-нд өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр найз Б-ын хамт “Их наран”-гийн эцэс дээр байдаг “Наран” караокед хүн тус бүр 4 пиво уугаад шөнө 01.00 цагийн үед гарсан. Тэгээд караокед сууж байсан танихгүй эгчтэй нэг зүгт явж байхад тус караокед сууж байсан Батсайхан гэх хүн араас гарч ирээд таньдаг хүн байна, би хүргэж өгнө та нар яах гээд байгаа юм бэ гэснээс болж маргалдаж байгаад салаад явсан. Тэгтэл Батсайхан араас та нарыг маргааш таксины жолооч нараар алуулна гээд орилоод байхаар нь буцаж очсон чинь зам уруудаад утсаар яриад цаашаа явсан. Бид хоёр араас нь яваад очсон чинь цаанаас баахан залуучууд гарч ирээд Б-тай Доржготов барьцалдаад авсан. Би салгах гэж орсон чинь энд тэндээс баахан хүмүүс орж ирээд, би газар унасан. Хэнийг нь хараагүй дээрээс нүдээд байсан. Тэгэхээр нь куртикээ тайлаад зугтаагаад цагдаа дуудаад ирсэн чинь бүгдээрээ алга болсон байсан. Б- шатан дээр нүдээ дарсан, нүд, хамраас нь цус гарсан байдалтай, нүүр нь битүү цус болсон сууж байсан. Тэгээд Б-ыг түргэн ирээд аваад явсан. Тухайн үед би согтуу байсан учраас хэн нэгэнтэй зууралдсан, ноцолдсон эсэхээ санахгүй байна, мэдэж байгаа зүйлээ ярьсан. Б-ыг хэн нь яаж цохисныг хараагүй. Б- ямар хүнийг цохисныг хараагүй. Тухайн үед би хөх өнгийн куртиктэй, Б- улаан өнгийн куртиктэй байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,
8. Шүүгдэгч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 12-нд яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-ны орой таксинд явж байхад 21 цагийн үед Доржготов залгаад Нарангийн эцсийн “Таац” караокед байна хүрээд ирээч гэж дуудсаны дагуу очиход Г-, Б-, Х- нар уугаад сууж байсан. Тэгээд бид нар хамт ууцгаасан. Караоке хаах үед би нилээн муудсан сууж байхад Х- дуудахаар нь 1 шил пиво бариад гарахад гадаа бөөн зодоон болж байсан. Тэгээд би хохирогчийг пивоны шилээр цохисон юм шиг байна лээ. ...Нэг мэдсэн хорооны орчим куртикгүй гараад ухаан орсон чинь Б- намайг сугадсан явж байсан. Би түүнээс юу болсныг асуухад “гадаа зодоон болоод чи хүний толгой руу пивоны шилээр цохисон учраас цаадуулыг чинь үлдээгээд чамайг аваад явж байна” гэсэн. Тэгээд бид хоёр буцаад очиход бүгд явсан, Х- үлдсэн байсан тул түүнээс юу болсныг асуухад Доржготовыг цагдаа аваад явсан гэсэн. Маргааш нь цагдаа дээр уулзахаар тохиролцоод салсан. Маргааш нь цагдаа дээр бүгд намайг бусдыг шилээр цохисон гэсэн. Тэгэхээр нь үнэхээр би цохисон бол үнэнгээ хүлээж байна гэж хэлсэн. Эхний мэдүүлэг дээр цохисон гэж өгсөн нь бүгд л намайг цохисон гэсэн учраас тэд нар худлаа хэлээгүй учраас би цохисон гэж мэдүүлсэн. Гэхдээ би хохирогчийг шилээр цохиж гэмтэл учруулснаа маш сайн ойлгож хүлээн зөвшөөрч байгаа, надаас өөр цохисон хүн байхгүй, тухайн үед би баарнаас гарахдаа пиво барьсан гарч байснаа санаж байна. Н.Доржготов, М.Б- хоёр зодолдох үед нь байгаагүй, мөн Б.Г хохирогч М.Б- хоёр зодолдож хэн, хэнийгээ цохисон эсэхийг хараагүй. Надад 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч иргэн М.Б-ыг “манай найзыг зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ял сонсгож яллагдагчаар татаж байгааг ойлгож байна. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, одоогийн байдлаар хохирогчид 1.200.000 төгрөг өгсөн, цаашид хохирлыг барагдуулна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138-141 дүгээр тал/,
9. Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 12 дугаар сарын 12-нд өгсөн:
“... 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой найзаараа машинаа бариулаад Их нарангийн эцсээс доошоо уруудаж байсан чинь “Болор таац”-ын үүдэнд замын хажууд хүмүүс зодолдож байсан. Тэгэхээр нь буусан чинь Батсайхан “найзыг нь энэ залуу зодчихлоо” гээд хохирогч М.Б-ыг заасан. Энэ үед хажууд нь Готов нэг хүнтэй зодолдож байсан. Тэгтэл М.Б- Доржготов руу дайрахаар нь түүний цамцнаас татсан чинь эргэж хараад шанаан тус газар нь цохисон. Тэгэхээр нь зөрүүлж цохиод доош нь дараад өшиглөхөд өвдгөөрөө нүүрэн тус газар нь өшиглөх шиг болсон. Тэгээд бид нар салаад хохирогч М.Б- босч ирээд бид нарыг ална гээд дэвээд байхаар нь хамт явсан найз нь тэвэрч аваад хорьсон. Тэгэхэд М.Б-ын нүд зүгээр байсан. Ингээд би машиндаа суугаад гэртээ харьж байснаа буцаад нөгөө хэд дээр очсон чинь замын зүүн талд Доржготов, нэг охин, нэг бацааны хамт явж байхаар нь суу гэсэн чинь суугаагүй. Тэгэхээр нь хойшоо эргээд Батсайханыг хайсан чинь олоогүй тул буцаад явж байсан чинь Х-, Баясаа, Доржготов, танихгүй охин, банди нартай нарангийн эцэс дээр тааралдаад хойшоо 26 дугаар хорооны орчим буулгаад гэртээ харьсан. ...Э Б-ыг шилээр цохисон гэсэн. Тэр үед нь байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг барагдуулж, гэм хорыг арилгана. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар тал/,
10. Шүүгдэгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 11-нд яллагдагчаар өгсөн:
“... 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө найз Б-тай жаахан архи уусан байдалтай Их нарангийн эцэс дээр караокены гадаа явж байгаад үл таних ахтай муудалцаж, “Болор таац”-ын үүдэнд баахан залуучуудад зодуулсан. Эхлээд тэдгээрийн хүмүүсийн нэгнийх нь нүүрэнд цохисон, хэн байсныг мэдэхгүй. Сүүлд сонсоход Доржготов гэх залууг зодсон гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр тал/ ,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2246 дугаартай дүгнэлтэд:
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 01068 тоот өвчний түүхээс: түүх нээсэн 2018 оны 02 дугаар сарын 04, хэвтэх үеийн зовиур толгой өвдөнө, зүүн нүд өвдөнө, харахгүй байна гэнэ.
Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний дотор буланд хууларсан шархтай, зүүн нүдний алиманд нилэнхүйдээ цус хурсан.
2018 оны 02 дугаар сарын 04-ний компьютер томографид: нүдний эргэн тойронд зөөлөн эдэд хаван хавдартай. Ухархайн дотор хана 2.2 см хэсэгт 0.6 см дотогш цөмөрсөн хугаралттай. Хамар ясны хоёр хажуу хана хугаралтай. Баруун талдаа хоёрлосон зөрөөтэй хугаралтай. Этмойд хөндийд цустай. ...”
Ст: Зүүн нүдний алимны хэлбэр алдагдсан, нүдний болор тодорхойлогдохгүй.
Онош: Гэмтлийн гаралтай зүүн нүдний агууламж гадагшилсан склерын нэвтэрсэн шарх, алимны цус хуралт.
2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн мэс заслын тэмдэглэлд: ...урагдсан алимны шархыг шалгахад 7 цагаас 12 цаг руу үргэлжилсэн экватор луу чиглэж урагдсан шархтай, шархаар шилэнцэр хориод гарч хавчуулагдсан алимны хөндий рүү битүү хүрэн улаан өнгийн бүлэнгээр дүүрсэн байсныг халбагаар цэвэрлэж, склерийн хөндийг сайтар угааж ...шарик суулгаж, ...зангилаат оёдол тавив. Хамрын хугарлыг засаж хамарт чихээс хийв.
Онош: Нүдний алимны агуулагдахууныг авч инплант шарик суулгах мэс заслын дараах байдал гэжээ.
ДҮГНЭЛТ:
1.Б-ын биед зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх цус хуралт /2018 оны 02 дугаар сарын 05-ны нүдний алимны мэс засал/, зүүн зовхинд шарх зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3, 4-р асуултын хариултад Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 3.1.1-т зааснаар нэг нүд бүрэн хараагүй болох буюу цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /шинжээч Т.Номинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал/ ,
12. Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 7 дугаар сарын 25-нд өгсөн:
“... Зүүн нүдний гэмтэл болон хамар ясны хугарал гэмтэл тус тусдаа нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тархи доргилт нь нүүрэнд цохиход болон хамар руу цохиход үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал/,
шинжээчээр дахин 2018 оны 10 дугаар сарын 19-нд өгсөн:
“...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Алинд нь ч үүсгэгдэх боломжтой буюу пивоны шилээр цохих үед үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 01068 тоот өвчний түүхээс үзэхэд шинэ гэмтлүүд байна. Зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31-1-д зааснаар нэг нүд бүрэн хараагүй болох буюу цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,
13. Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт М.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн тухай 01068 дугаартай өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 166-176 дугаар тал/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2364 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхинд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, дээд уруулын зүүн дээд хэсэгт 2х1.5 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай.
ДҮГНЭЛТ:
1.Н.Доржготовын биед зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ш.Цэцэгмаа/ ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал/ ,
15. “Итгэлт Эстимэйт” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн огноотой эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн талд/,
16. Шүүгдэгч Б.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал/, Б.Э-гийн талаарх “Одкон угсралт” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар тал/,
17. Шүүгдэгч М.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал/, оршин суудаг хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар тал/, түүний “Хаан” банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр тал/, нэр дээр нь эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар тал/,
18. Шүүгдэгч Б.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар тал/, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр тал/, ял шийтгэгдсэн талаарх шийтгэх тогтоолуудын хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 113-117, 120-121 дүгээр тал/, түүнийг хугацааны өмнө тэнссэн сулласан тухай шүүхийн шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 118, 123 дугаар тал/, тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр тал/, оршин суудаг хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 109, 122 дугаар тал/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч М.Б, Б.Г, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б, Б.Г, Б.Э нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч М.Б- нь Доржготовын биед хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.Доржготовын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, 2263 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Б.Г нь хохирогч М.Б-ын биед хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь 2246 дугаартай дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг, өвчний түүх, компьютер томографикийн дүгнэлт зэрэг баримтаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.
Хохирогч М.Б-ын зүгээс эрүүл мэндийн талаар хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилнэ гээд байгаа болохоос нэхэмжилж байгаа эх сурвалжаа тодорхой зааж өгөөгүй, мөн хохирогч М.Б- нь 237.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар шүүхэд мэдүүлсэн. Шинжилгээг мөрдөгчийн зүгээс болон прокуророос шинжилгээ хийлгэх талаар тогтоол гаргадаг учир шүүхэд ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээг хүлээн авах боломжгүй юм. “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг өмгөөлөгч захиалагчийнхаа хэлсний дагуу хийлгэсэн гэж шүүхийн хэлэлцүүлгийн явцад ярьсан. Гэмт хэргийн хор уршгийг тогтооход захиалах ёсгүй. Энэ үйлдлийн улмаас ямар гэмтэл учрах, үүнийг үнэн зөв гаргах ёстой процессын ажиллагааг ойлгож байна. Уг үнэлгээнд хохирогч М.Б-ыг 36 жилийн турш сард 943.000 төгрөгөөр цалин хөлс орлого олох байж гэж тооцжээ. Гэтэл 36 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ яаж өөрчлөгдөх эсэхийг хэрхэн тодорхойлсон эх сурвалж тодорхойгүй байна. Иймд хэрэгт авагдсан 2.800.000 төгрөг төлөгдсөн. Үүнээс гарах гэм хорын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Мөн бусад баримтуудаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Б.Г-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах, хохирогч Н.Доржготов шүүгдэгч М.Б-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй учир тус хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч, хохирогч М.Б-ын өмгөөлөгч Б.Ганболд дүгнэлтдээ:
хохирогчийн хувьд Б.Э-гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хохирол учирсан. Хэрвээ улсын яллагч “Итгэлт Эстимэйт” ХХК-ний үнэлгээг нотлох баримтаар үнэлэхгүй гэж байгаа бол энэ хүнийг хохирсоныг хэрхэн тогтоох вэ. Холбогдох нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангаад ойлгомжтой үндэслэлтэй мэргэжлийн байгууллагаар гаргасан. Энэ бол шинжилгээ биш бөгөөд иргэний журмаар нотлох баримтаа гаргаж өгсөн. Хэрвээ эргэлзээтэй бол нотлох баримтаар няцааж нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийж болохоос биш хуулийн хүрээнд гаргасан нотлох баримтыг няцаах үндэслэлгүй. Эрүүгийн хэргээс үүссэн хохирлын асуудал учраас бусад баримтаар нотлогдох шаардлагагүй. Мөнгөн дүн их гарч байна гэсэн асуудал яригдаж байна. Зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхээс илүү хохирлыг мөнгөн төлбөрөөр төлөх асуудлыг ярьж байна. Эсхүл өөрт нь нүдийг нь буцаагаад өгөх хэрэгтэй. Үүнийг биелүүлэх боломжгүй бол мөнгөн хэлбэрээр нөхөн төлж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захиалагч байна гэсэн асуудал заагаагүй. Захиалагч нь Б- өөрөө байдаг. Улсын яллагч гэм хор учирсан байна гэж хүлээн зөвшөөрсөн атлаа гэм хорын хор уршгийг тодорхойлох боломжгүй гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энд шинжилгээний асуудал яригдаагүй. Үүнд зөвхөн хохирлын нотлох баримт байгаа. Нотлох баримтын шаардлагыг ч хангаж байгаа эх хувь баримт байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд гэм хорын хохирлыг барагдуулдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлсөө шаардах эрхтэй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил сунжирсан болохоор цалингаа нэхэж байна. М.Б-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар тогтоогдсон бөгөөд 36 жилийн турш энэ байдал хэвээр үргэлжилнэ. Иймд цаашид гарах хохирлын тухайд хамгийн гол зүйл цалин хөлс байгаа юм. Хөдөлмөрийн чадвар эргэн сэргээгдэх боломжгүйгээр алдагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бол зөрчигдсөн эрхийг сэргээх юм. Миний хувьд гэм буруугийн асуудлыг шүүх шийдэж байгаа бол гэм хорын асуудлыг шүүх тодорхойлж шийдэх ёстой. Иргэний журмаар жич нэхэмжлэх эрх үлдээж болох ч шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдэх ёстой учир холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн дүгнэлтийг;
М.Б-ын шүүгдэгчийн хувьд “хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэж заасан ба хэргийг хэрэгсэхгүй болгодог. Миний үйлчлүүлэгч М.Б- нь шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй. Хэргийн нөхцөл байдал дан гэрчийн мэдүүлгээр явсан. Гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хоёр хүн өөрсдийн өгсөн мэдүүлгээ санахгүй байсан. Ямар хэрэг хэн хийсэн гэдгийг хоорондоо ярилцсан байх гэж бодож байна. Гэхдээ надад нотлох баримт байхгүй. Бүгд нийлж зодчихоод дан ганц Б.Э хариуцаад өнгөрнө гэсэн байдлаар хандсан юм шиг харагддаг. Иймд Б.Э-гаас хохирол төлбөрийг гаргуулах хэмжээнд хүрсэн. Учир нь өнөөдөр хоёр хүн мэдүүлгээ сольсон. Би энд хэн нэгнийг яллах гэсэн зорилгоор хэлсэнгүй. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг өөрчлөгдөөд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаас ч тэр үү зарим зүйлээ санахгүй мэтээр байдаг. Энэ нотлогдвол хуульд заасан санаатай худал мэдүүлэг өгсөн гэх зүйлээр шалгагдах ёстой гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч А.Баярбаясгалан гаргасан дүгнэлтдээ
Гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Хохирогч эд эрхтнээсээ салсан нь харамсалтай байна. “Итгэлт Эстимэйт” ХХК-нд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Энэ нь хохирогчийн эрхийн асуудал хэдий ч уг компаний баримт хууль ёсны эсэхийг хянах шаардлагатай. Нүдээ үнэлүүлээд байгаа юм уу гээд харахаар цалин хөлсний асуудал харагдаад байдаг. Хэрвээ та үнэхээр ажил хийдэг байсан бол ажилд томилсон тушаал, санхүүгийн тайлан, цалингийн хэмжээг шаарддаг. Уг баримт хавтаст хэрэгт байдаггүй. Тухайн хөрөнгийн үнэлгээний компани ямар баримтад үндэслэж дүгнэлт гаргасан нь тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нотлох баримтын шаардлага хангаагүй, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, санхүүгийн баримт, ажилд томилсон тушаал зэрэг баримтыг бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Хавтаст хэргийн хүрээнд 2.008.000 төгрөгийн баримт байдаг. Миний үйлчлүүлэгч Б.Э нь 2.800.000 төгрөг төлсөн учир төлөх төлбөргүйг дурдуулах саналтай. Хөрөнгийн үнэлгээ бол шинжээчийн дүгнэлт юм. Энэ нь мөрдөгч, прокурорын томилсон шинжээч байх шаардлагатай учир нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хэрэв үнэхээр дүгнэлт гаргуулах гэж байгаа бол шинжээчид хууль сануулах ёстой. Энэ хэрэг бол эрүүгийн хэрэг ба иргэний хэрэг биш тул иргэний журмаар нэхэмжлэх асуудлыг нээлттэй үлдээлгэх саналыг дэмжиж байна. Хуулиар бодит зардлыг гаргадаг ба ямар хохирол учирсан байна тэрийг л гаргана. Иймд хууль зүйн шаардлага хангахгүй баримт учир хохирол төлбөргүйд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Н.Одонтуяа дүгнэлтдээ
Гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй. Шүүгдэгч Б.Г нь хохирогч М.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учир бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай. Б.Г-ын холбогдсон хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шүүгдэгч Б.Ганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байгаа учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч М.Б, Б.Г, Б.Э нар нь гэм буруугийн талаар маргаагүй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар.
Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтаас үзвэл тухайн хэрэг үйл явдал болсон өдөр М.Б, Э.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2018 оны 02 дугаар сарын 03-наас 2018 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд Д.Батсайхантай маргалдсан байна. Улмаар Д.Батсайхан нь өөрийгөө бусдад зодуулж байна гээд өөрийн танил Н.Доржготовыг дуудаж ирүүлсэн байх бөгөөд Н.Доржготов нь Д.Батсайханыг өмөөрч М.Б-тай барилцаж авсан, улмаар шүүгдэгч М.Б- нь иргэн Н.Доржготовтой маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дээд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Н.Доржготовын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 2 дугаар сарын 04-ний шөнө би найз Х-, Баясаа, Хуягаа, Байгалаа нартай хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Таац гэдэг караокед сууж байсан. ...Гадаа тамхи татаад зогсож байтал замын цаанаас Батсайхан гэдэг таньдаг ах Готовоо ахыг нь энд хүн зодох гээд байна, ахдаа туслаарай гэсэн. Тэгэхээр нь бид гурав гүйж очоод та нар болиочээ гэтэл чамд ямар хамаатай юм бэ гээд шууд нүд рүү цохисон. Бас уруул руу мөргөөд намайг газар унагаагаад дээр гараад зодсон. Гэмтлүүд Б- гараараа цохисноос үүссэн. Б- нь зодсон. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/, түүний хохирогчоор дахин өгсөн “... Батсайхан ах туслаарай гэсэн. Тэгэхээр нь гүйж очиход Батсайхан ахыг үл таних согтуу залуу буюу хохирогч М.Б- заамдаад татаж унагаах гэж ноцолдоод байсан. Тэгэхээр нь болиоч хөгшин хүнийг гээд салгасан чинь хохирогч М.Б- намайг заамдаж аваад нүүрэнд цохиж унагаагаад дээр гараад суусан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал/,
-гэрч Д.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд “Их наран”-гийн автобусны буудал дээр зогсож байтал өөдөөс үл таних хоёр залуу ирсэн. Чи хэн бэ гээд намайг мөрлөөд хөгшин банди минь гээд боогоод хавсарч унагасан. ...Тэгээд Готовоо гээд орилсон. ...Тэгсэн нөгөө залуу шууд Готовыг цохиод авсан, би боль гээд араас нь зууртал Готовыг дахиад цохисон. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал/,
-гэрчээр дахин өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 03-ны орой ...караокед ороод 2-3 лааз пиво уусан. ...Бид хоёрыг караокены эзэн гэр нь ойрхон байдаг энэ эгчийг дөхүүлээд өгөөч гэсэн. бид ...уг эмэгтэйг дөхүүлж өгөхөөр явж байсан чинь гудамжинд хохирогч Б- нэг хүнтэй зогсож таараад “наад эмэгтэйгээ хааш нь дагуулж байгаа юм бэ” гэсэн. Гэрийг нь мэддэг дөхүүлж өгөхөөр явж байна гэсэн чинь хохирогч “яг шдээ юу яриад байгаа юм бэ” гэснээс болж бид маргалдсан. ...намайг барьж аваад куртикны ханцуй ураад тавихгүй байсан. ...Нөгөө тийшээ харсан чинь танил Доржготов эмэгтэй, эрэгтэй хоёр хүний хамт тамхи татаад зогсож байхаар нь Доржготов гээд дуудсан чинь ... гурвуулаа хүрээд ирэхэд хохирогч намайг тавьсан. Доржготов энэ хөгшин ахаар яах гээд байгаа юм бэ, явуулаач, миний таньдаг хүн гэсэн. Тэгээд хохирогч, Доржготовтой маргалдаад хоёр талаасаа толгойгоор тулж байгаад Доржготовыг цохиж унагаагаад дээр нь гарсан. ...Хохирогч Б, Доржготов хоёр босч ирээд дахиж ноцолдож байгаад дахиад Доржготовыг доороо оруулаад унасан. Хохирогчийг араас нь татсан чинь хохино шүү, зүгээр байгаарай гэсэн. М.Б- нь Н.Доржготовын нүүрэн тус газар цохиж унагаахыг харсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дугаар тал/ ,
-Гэрч Э.Х-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Готовыг улаан цамцтай залуу нь унагаачихсан байж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал/, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар тал/,
-гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Готовын таньдаг ах нь замын цаанаас “ахдаа туслаарай” гээд орилоод байсан. Готов гүйж очоод маргалдсан. Тэгсэн Готовыг цохиод авсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал/, гэрчээр дахин өгсөн “...Б-, Доржготов бид гурав тамхи татахаар гараад шатан дээр зогсож байсан чинь Доржготовын таньдаг ах Батсайхан дэлгүүрийн цаанаас “ахдаа туслаарай хүн дээрэлхээд байна” гэж дуудахаар нь Доржготов очоод хохирогч буюу Б-тай барилцаад авсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Б- Доржготовыг цохисон” гэх мэдүүлэг,
-гэрч Т.Байгалийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо “Таац” гэдэг нэртэй караокены үүдэнд Хуягаа, Готов гэх 2 найзтайгаа тамхи татаад зогсож байсан. Тэгсэн замын цаад талаас Батсайхан ах Готовоо намайг хүн зодоод байна туслаарай гээд орилоод байсан. Тэгэхээр нь найзуудтайгаа хамт гүйж очоод 2 залууг нь болиоч хөгшин настай хүнийг зодоод гээд салгасан. Тэгсэн чинь хэн бэ гээд Готовыг шууд цохиод, хавсарч унагаагаад доороо оруулаад зодоод байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар тал/,
-гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр найз Б-ын хамт “Их наран”-гийн эцэс дээр байдаг “Наран” караокед хүн тус бүр 4 пиво уугаад шөнө 01.00 цагийн үед гарсан. Тэгээд караокед сууж байсан танихгүй эгчтэй нэг зүгт явж байхад тус караокед сууж байсан Батсайхан гэх хүн араас гарч ирээд таньдаг хүн байна, би хүргэж өгнө та нар яах гээд байгаа юм бэ гэснээс болж маргалдаж байгаад салаад явсан. Тэгтэл Батсайхан араас та нарыг маргааш таксины жолооч нараар алуулна гээд орилоод байсан. ...Бид хоёр араас нь яваад очсон чинь цаанаас баахан залуучууд гарч ирээд Б-тай Доржготов барьцалдаад авсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,
-М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...нэгнийх нь нүүрэнд цохисон, хэн байсныг мэдэхгүй. Сүүлд сонсоход Доржготов гэх залууг зодсон гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр тал/ ,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2364 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доржготовыг зодлоо” гэх шалтгаанаар иргэн М.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“Наран” караокед орж сууж байгаад харих гээд гарсан. Гараад явж байгаад үл таних нэг ахтай маргалдчихаад хаяад явсан. ...“Таац” гэдэг караокеноос хэдэн залуучууд гараад ирсэн. Тэгээд бид хоёр дээр ирээд маргалдсан. Тэгсэн нэг нь намайг өшиглөөд цохисон. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал/ , хохирогчоор дахин өгсөн “...Батсайхан өөрийн таньдаг залууд хандаж “эд нар намайг зодлоо” гэж хэлсэн. Тэгэхэд Доржготов намайг заамдаж аваад “таньдаг ах дээрэлхээд байна уу” гээд тавихгүй болохоор нь нүүрэнд нь цохиж унагаагаад дээрээс нь дараад сууж байсан чинь араас нэг нь татаж салгасан. Эргээд харсан чинь анх маргалддаг Батсайхан байсан. Бид хоёр зууралдаж байхад араас куртикны малгайнаас нэг нь татахад явган суусан чигээрээ эргэсэн чинь нүүрэнд цохиод, нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөхөд хамраас цус гарсан. ...Энэ үед миний хамраас цус гарсан байсан, нүд зүгээр байсан. ...тэнд байсан хүний нэг нь өшиглөхөд хамраас цус гарсан. Тэгэхэд хамар хугарсан байх. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,
-гэрч Д.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Готовтой хамт ирсэн залуу надтай маргалдсан залууг шууд хавсраад унагасан. Тэд хоорондоо ноцолдоод эхэлсэн. ...Ганбаатар тэр залууг өргөөд замын нөгөө талд гарсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал/,
-гэрчээр дахин өгсөн “...Доржготов, Ганбаа, хохирогч Б- гурав ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд очсон чинь Ганбаа Б-ын нүүрэнд нэг удаа цохиод, тонгойхоор нь нүүр хавьцаа нь өшиглөсөн. ...Зодоон болох үед Г М.Б-ын нүүрэнд нэг удаа цохиж, нүүр хавьцаа нь өшиглөхийг харсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дугаар тал/ ,
-гэрч Э.Х-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г ах хохирогчийг Батсайхантай зууралдаад салахгүй болохоор нь өшиглөөд нэг цохисон гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар тал/,
-гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Маргааш өдөр нь цагдаагийн гадаа Ганбаа ах зодолдоод байхаар нь хохирогч Б-ыг нэг алгадаж, 2 удаа өшиглөсөн гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,
-Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Батсайхан “найзыг нь энэ залуу зодчихлоо” гээд хохирогч М.Б-ыг заасан. Энэ үед хажууд нь Готов нэг хүнтэй зодолдож байсан. Тэгтэл М.Б- Доржготов руу дайрахаар нь түүний цамцнаас татсан чинь эргэж хараад шанаан тус газар нь цохисон. Тэгэхээр нь зөрүүлж цохиод доош нь дараад өшиглөхөд өвдөгөөрөө нүүрэн тус газар нь өшиглөх шиг болсон. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2246 дугаартай дүгнэлтийн “...Б-ын биед ...хамар ясны хугарал, тархи доргилт...” гэмтэл тогтоогдлоо. ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал/ , шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... хамар ясны хугарал, тархи доргилт ...” гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх ба, шүүгдэгч М.Б, Б.Г нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч М.Б-ын хохирогч Н.Доржготовын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь, шүүгдэгч Б.Г-ын хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тэднийг дээрх зүйл, хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “манай найз Н.Доржготовыг зодлоо” гэх шалтгаанаар иргэн М.Б-ыг нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх, цус хуралт, /2018.02.05-ны нүдний алимны мэс засал/, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор хананд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
-хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр найз Б-тай “Их наран”-гийн эцэс дээр байдаг “Наран” караокед хүн тус бүр 4 пиво уусан. Шөнө 01 цагийн үед гараад караокед сууж байсан танихгүй эгчтэй нэг зүгт явж байхад караокед байсан Батсайхан араас гарч ирээд таньдаг хүн, би хүргэж өгнө, та нар яах гээд байгаа юм бэ гэснээс болж маргалдаж байгаад салаад явсан. ...Батсайхан өөрийн таньдаг залууд хандаж “эд нар намайг зодлоо” гэж хэлсэн. ...миний хамраас цус гараад хэн намайг зодсон бэ хүрээд ир гэж баахан орилсон. ...Энэ үед миний хамраас цус гарсан байсан, нүд зүгээр байсан. ...би дэлгүүрийн довжоон дээр тамхи татаад, хэн намайг зодсон бэ гэж орилоод сууж байсан чинь хэнийг нь мэдэхгүй зүүн талаас нүд рүү хатуу юмаар хүчтэй цохиж гал манараад явсан. Нүдээ дараад доошоо тонгойсон чинь цус асгараад тогтохгүй байсан. ...Тухайн үед би улаан өнгийн куртиктэй ...байсан. Тэгэхээр нь шилээр цохисноос болж нүд гэмтсэн. ...зүүн талын нүд бүрэн хараагүй болж, хиймэл болор суулгасан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,
-гэрч Э.Х-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Таац” гэдэг нэртэй караокед Б-, Доржготов, Баясаа, Г- бид нар пиво ууж сууцгааж байгаад Б-, Готов, Хуягаа гурав гарч тамхилсан. ...Г- саарал цамцтай залуутай маргалдаж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод Г-ийг салгасан. Тэр хооронд Э улаан цамцтай залууг цохиод авсан. ...Баясаа гэдэг найз пивоны шилээр нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал/, гэрчээр дахин өгсөн “...хохирогч Б-ын хамраас цус гарсан байдалтай куртикээ авахаар тонгойж байхад нь Э пивоны шилээр нүүрэнд нь нэг удаа цохисон. Хохирогч нүдээ дараад суусан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар тал/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Э хохирогч М.Б-ыг куртикээ авах гэж байхад зүүн талын шанаа хавьцаа нь шилээр цохисон....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баясаа нэг залууг нь шилээр цохиод авсан. Тэрийг Б- хараад “та нар хүн аллаа явцгаая” гэсэн чинь “приус 20” машин ирээд тэрэнд суугаад явсан. ...Баясаа гэдэг найз пивоны шилээр нэг удаа цохисон, бусад нь гар хүрээгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал/, гэрчээр дахин өгсөн “...хохирогч дэлгүүрийн үүд рүү явж байхад нь Э гүйж очоод пивоны шилээр нүүрэнд нь цохисон. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Э, Х- хоёр ирсэн. Тэгээд шил хагарах чимээ гарсан. Б- боль гэж хэлээд салгасан. Шилээр цохичихлоо гээд Б- орилоод байсан. Баясаа чи цохичихлоо шүү дээ гээд Б- орилсон. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-гэрч Т.Байгалийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...караокеноос Х-, Баясаа хоёр гарч ирээд Готовыг зодож байсан залууг Баясаа ууж байсан пивоны шилээрээ толгой хавьцаа нь 1 цохиод авсан. Би тэгээд айгаад тэд нарыг салгаад тэр дөрвийг аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар тал/, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Э гарч ирээд Б-ын толгой руу пивоны шилээр цохисон. Тэгээд би хүн алчихлаа гээд орилоод айсандаа Э-г аваад явсан. ...Б-ыг куртикээ авах гээд тонгойх үед Э шатаар бууж ирээд шилээр цохисон. Б- толгойгоо бариад суусан. Б- улаан куртиктэй байсан. Гаднах орчин гэрэлтүүлэгтэй байсан. Энэ явдлыг Х- бид хоёр харсан гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б- шатан дээр нүдээ дарсан, нүд, хамраас нь цус гарсан байдалтай, нүүр нь битүү цус болсон сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар тал/, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б- дуудахаар нь эргэж очиход зодоон болсон газар ганцаараа байсан. Б- нүдээ дарсан, нүүр нь битүү цус болсон байсан....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х- дуудахаар нь 1 шил пиво бариад гарахад гадаа бөөн зодоон болж байсан. Тэгээд би хохирогчийг пивоны шилээр цохисон юм шиг байна лээ. ...нэг мэдсэн хорооны орчим куртикгүй гараад ухаан орсон чинь Б- намайг сугадсан явж байсан. Би түүнээс юу болсныг асуухад “гадаа зодоон болоод чи хүний толгой руу пивоны шилээр цохисон учраас цаадуулыг чинь үлдээгээд чамайг аваад явж байна” гэсэн. ...Маргааш нь цагдаа дээр бүгд намайг бусдыг шилээр цохисон гэсэн. Тэгэхээр нь үнэхээр би цохисон бол үнэнгээ хүлээж байна гэж хэлсэн. Эхний мэдүүлэг дээр цохисон гэж өгсөн нь бүгд л намайг цохисон гэсэн учраас тэд нар худлаа хэлээгүй учраас би цохисон гэж мэдүүлсэн. Гэхдээ би хохирогчийг шилээр цохиж гэмтэл учруулснаа маш сайн ойлгож хүлээн зөвшөөрч байгаа, надаас өөр цохисон хүн байхгүй, тухайн үед би баарнаас гарахдаа пиво барьсан гарч байснаа санаж байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138-141 дүгээр тал/,
-Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 12 дугаар сарын 12-нд өгсөн “...Э Б-ыг шилээр цохисон гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2246 дугаартай дүгнэлтийн “... Б-ын биед зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх цус хуралт /2018 оны 02 дугаар сарын 05-ны нүдний алимны мэс засал/, зүүн зовхинд шарх зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор хананд хугарал, ...гэмтэл тогтоогдлоо. ... нэг нүд бүрэн хараагүй болох буюу цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал/ ,
-Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Алинд нь ч үүсгэгдэх боломжтой буюу пивоны шилээр цохих үед үүсгэгдэж болно. Зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх, цус хуралт гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал/, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 01068 дугаар өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 166-176 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Э нь найзыг нь зодлоо гэх шалтгаанаар хохирогч М.Б-ыг пивоны шилээр цохиж хүнд гэмтэл биед нь учруулсан байх ба, гэм буруугийн санаатай хэлбэрээр тус гэмт хэргийг үйлджээ.
Иймд шүүгдэгч Б.Э-гийн хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Харин хохирогч М.Б-ын өмгөөлөгч Б.Ганболдоос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт болон анхан шатны шүүх хуралдаанд тухайн гэмт хэрэг үйл явдал болсон өдөр хохирогч М.Б- баруун чихэндээ оёдол тавиулсан, уг гэмтлийг хэн учруулсныг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй байх тул нэмж шалгуулах гэсэн хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд хүлээн авах шаардлагагүй гэж үзэв. Учир нь Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 01068 дугаартай өвчний түүхэнд М.Б-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл байх ба, тус тэмдэглэлд хэсэг газрын үзлэгт “Зүүн нүдний дотор буланд хууларсан шархтай, зүүн нүдний алиманд нилэнхүйдээ цус хурсан” гэсэн байх ба өөр гэмтэл байсан эсэх тухай тэмдэглэгээ байхгүй. Мөн шинжээч нь хохирогч М.Б-т биечлэн үзлэг хийгээгүй, түүний өвчний түүхээр дүгнэлтийг гаргасан, дүрэм, журманд зааснаар эмнэлгийн бичиг баримтад үндэслэн дүгнэлтийг гаргаж болно, тухайн үед баруун чихний дэлбээ хэсэг гэмтэлтэй байсан бол өвчний түүхэнд бичсэн байх учиртай, энэ талаар өвчний түүхэнд байгаагүй гэж мэдүүлсэн.
Түүнчлэн өмгөөлөгч Б.Ганболдоос тухайн хэрэг үйл явдал болсон өдөр хохирогч М.Б-ын баруун чих гэмтэж, оёдол тавиулсан гэх зураг гэж тайлбарлан шүүхэд гэрэл зураг гаргаж өгсөн ба уг зурагны хугацаа тодорхойгүй, уг гэмтлийг хэзээ, хэрхэн авсан эсэх нь тодорхой бус байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй.
Нөгөө талаас шинжээч Т.Номинцэцэгээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ уг зурагт байгаагаар баруун чихний дэлбээ хэсэгт оёдол тавьсаныг үзвэл уг гэмтэл нь Гэмтлийн зэргийг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэж мэдүүлсэн бөгөөд хэрэг үйл явдал болсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тул дээрх гэмтлийг дахин шалгуулах, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах үндэслэл тогтоогдоогүй, мөн М.Б- нь хохирогчоор удаа дараа мэдүүлэг гаргахдаа баруун чих тухайн үед гэмтсэн эсэх талаар мэдүүлсэн мэдүүлэг байхгүй зэргээр тогтоогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул өмгөөлөгч Б.Ганболдын хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
1.Хохирогч Н.Доржготовын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тус хохирогч нь шүүгдэгч М.Б-аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2.Хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, тархи доргилт гэмтлийн улмаас учирсан хөнгөн хохиролд шүүгдэгч Б.Г-аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн.
3.Хохирогч М.Б- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн улмаас өөрт учирсан хохиролд эм тариа, эмчилгээ, өмгөөллийн хөлс зэрэгт 6.608.648 төгрөг, нэг сарын цалин хөлс 1.200.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 04-нөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажлаа хийгээгүй учир цалин хөлсөнд 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 23.185.919 төгрөг, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан учраас олох байсан орлогод 208.196.055 төгрөг, нийт 237.990.623 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс төлөгдсөн 2.800.000 төгрөгийг хасаад 235.190.632 төгрөг нэхэмжилнэ гэж шүүхэд мэдүүлсэн бөгөөд “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Тус үнэлгээнийн тайланг үзвэл хохирлын дүнг 237.990.623 төгрөгөөр тогтоосон гэжээ. Тус үнэлгээгээр М.Б-ын эмчилгээ, эмнэлэгт хэвтсэн болон хагалгааны зардал, өмгөөллийн хөлс зэргийг 6.608.648 төгрөгөөр, сэтгэл санааны хохирлыг 23.185.919 төгрөгөөр, цалин орлогоо алдсан гэж үзэж, гэм хорын хохирол буюу эрэгтэй хүний бүлгийн дундаж насыг 65.88-аар тооцож, тэтгэвэр тогтоолгох нас нь 65, М.Б-ын нийт ажиллах хугацаа хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсанаас хойш 36.7 жил гэж тооцон, нийт гэм хорын хохирол буюу цалин хөлсийг 208.196.055 төгрөгөөр үнэлгээ гаргасан гэсэн байх боловч уг үнэлгээг гаргахад үндэслэл болгосон эх сурвалж баримт байхгүй, хэрхэн ямар баримтад үндэслэн тооцоолж үнэлгээг гаргасан нь тодорхой бус, үнэлгээнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтгүй байна.
Мөн үнэлгээний тайланд “цаг үеийн хүчинтэй мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд үнэлэлт дүгнэлт өгсөн, бидэнд ирүүлсэн бодит мэдээлэл, бодит байдалд үндэслэсэн” гэсэн нь мэдээлэлд үндэслэж үнэлгээ хийсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн М.Б- нь ямар ажил албан тушаалд хэзээ томилогдон ажиллаж байсан, цалин хөлс, орлогыг тодорхойлсон нотлох баримтгүй байхад эх сурвалж баримтгүйгээр мэдээлэл, таамаглалд үндэслэж үнэлгээ хийсэн байх тул уг үнэлгээг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хохирогч М.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн өөр баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э нь түүнд 2.800.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.
Мөн хохирогч М.Б-ын өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн, энэ талаар баримтгүй ба, 2.500.000 төгрөгийг гаргах үндэслэлгүй. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэж заасан.
Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан.
Хохирогч М.Б- нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн хохирогч М.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 04-нөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажлаа хийгээгүй учир цалин хөлсөнд 10.000.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч түүний байгууллагад харьяалагдан ажил эрхэлдэг байсан тушаал шийдвэр, эмнэлгийн магадлагаа, өвчтэй байсан хугацааны цалин хөлс хэдэн төгрөг түүнд олгогдсон, зөрүү хэдэн төгрөг эсэх, сарын цалин хөлс олгож байсан тухай санхүүгийн анхан шатны баримтууд гэх зэргээр нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүхээс энэхүү хор уршгийн зардлыг тооцоолон гаргах боломжгүй байна.
Түүнчлэн сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал, гаргах хуулийн зохицуулалтгүй тул тус зардлыг гаргах хууль зүйн үндэслэлгүй.
Харин хохирогч М.Б- нь тус гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Б, Б.Г нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг бөгөөд хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хуульд 1 жилийн хугацаагаар тогтоосон. Тэдний холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүлгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар М.Б, Б.Г нарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналтай.
Харин шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй гэсэн дүгнэлтийг;
Өмгөөлөгч Б.Ганболд М.Б-ын хохирогчийн хувьд шүүгдэгч Б.Э-г хохирол нөхөн төлсөн гэж үзэхгүй байх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн учир хохирлын асуудалд төлөх төлбөргүй гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Хохирогчийн нүдний хохиролд учирсан гэм хорыг бүрэн шийдвэрлэж чадаагүй. Сэтгэл санааны хохирлын хувьд гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Харин Иргэний хуулийн 228 дугаар зүйлд “зөрчигдөхөөс өмнөх байдалд оруулах, хэрвээ боломжгүй бол мөнгөн дүнгээр олгуулна. Ажил хөдөлмөрийн хувьд хамгийн доод хэмжээгээр тогтоож нэхэмжилдэг гэсэн дүгнэлтийг;
М.Б-ын шүүгдэгчийн хувьд гаргасан дүгнэлтдээ “... М.Б-ыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг ;
Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Н.Одонтуяа дүгнэлтдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир Б.Г-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч О.Баярбаясгалан дүгнэлтдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь торгох болон хорих ялыг сонгон хэрэглэхээр хуульчилсан. 2017 оны Эрүүгийн хууль энэрэнгүй ёсны зарчмыг тусгасан. Б.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх боломжтой. Б.Э нь хувийн байдлын хувьд “Одкон” ХХК-д ажил эрхэлдэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугийн тал дээр маргаагүй. Түүний цалин хөлсийг тодорхойлсон баримтыг хэрэгт өгсөн. Иймд Б.Э-д торгох ял оногдуулж өгнө үү. Торгох ял оногдуулах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасныг үндэслэн тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар М.Б, Б.Э нар нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. Харин шүүгдэгч Б.Г нь урьд 5 удаа ял шийтгэгдэж байсан байна.
Шүүгдэгч М.Б, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бөгөөд тус зүйл хэсэг нь хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:
1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ...” бол гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд энэхүү зүйл хэсэг нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байна.
Шүүгдэгч М.Б, Б.Г нар нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Б, Б.Г нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 2.800.000 төгрөгийг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж чанарыг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж, 2 жилийн хорих ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э, М.Б, Б.Г нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Р овогт М-ын Б, У овогт Б-ын Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Р овогт М-ын Б, У овогт Б-ын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, М.Б, Б.Г нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-ын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 23.185.919 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Б- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хамар ясны хугарал бүхий гэмтэлтэй холбоотой хор уршгийн зардлыг Б.Г-аас, зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх цус хуралт, зүүн зовхинд шарх зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор хананд хугарал бүхий гэмтлийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг Б.Э-гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч М.Б- нь хохирогч Н.Доржготовт, шүүгдэгч Б.Г нь хохирогч М.Б-т, шүүгдэгч Б.Э нь энэ тогтоолоор хохирогч М.Б-т тус тус төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Б, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА