Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 639

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Г.Нарантуяад холбогдох “Зээл, зээлийн хүү 921.860 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                  

Нэхэмжлэгч “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Нарантуяа нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703134 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Г.Нарантуяа нь үндсэн зээл 629.040 төгрөг, хүү 282.920 төгрөг, нотариатын хөлс 9.900 төгрөг нийт 921.860 төгрөгний төлбөртэй байна. Зээлээ төлөөгүй хугацаа хэтрээд 452 хоног болсон мөн зээлийн гэрээний хугацаа дууссан учир яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5-р баг 2-р хэсэг 008 тоото оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар сум 2-р баг Боргоцойн цехийн хашаанд оршин суух Боржигон овогт Готовын Нарантуяа /МЖ-87121405/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Готов овогтой Нарантуяа миний бие нь 2014 оны 12-р сарын 09-ний өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 1.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно.. Одоогоор зээлийн үлдэгдэл 629.040 төгрөг, хүү 282.920 төгрөг, нийт 921.860 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Үүнийгээ төлж барагдуулахаа мэдэгдэж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь хариуцагч Г.Нарантуяад холбогдуулан “Зээл, зээлийн хүү 921.860 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...“Вишнфанд” ББСБ-аас зээл авсан нь үнэн болно. 921.860 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Үүнийгээ төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26.860 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13.430 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 13.430 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Нарантуяа холбогдох “Зээл, зээлийн хүү 921.860 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26.680 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13.340 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 13.340 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА