Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 157

 

 

 

 

 

 

 

 

 

    2020           03            24                                         2020/ШЦТ/157                                 

                                                                                                                      

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаазүр Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Л-ийн М-д холбогдох эрүүгийн 19100 2447 0075 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, хохирогч М.А, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Л-ийн М- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам төвийн 4 давхарын авто зогсоол дээр иргэн М.Агийн толгойн тус газар нь өшиглөж, мөн гараараа цохиж, түүний биед “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад шүүхэд нэмж хэлэх зүйл алга байна. Би үйлдсэн хэргийн гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг Золбоо гэх залуутай маргалдаад зогсож байхад А ирээд маргаан эхэлсэн. Тухайн арга хэмжээнд манай найз төрсөн өдрөө тэмдэглээд, намайг арын албыг хариуцаж өгөөч гэж гуйсан болохоор би очсон. Хохирол төлбөр одоогийн байдлаар төлөөгүй байгаа, цаашид төлж барагдуулна. Мөрдөн байцаалтын шатанд би ажил хийх боломжгүй байсан болохоор хохирлыг төлж чадаагүй юм. Хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлыг нөхөн төлнж барагдуулна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч М.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хулангийн төрсөн өдөрт найзуудын хамт очсон. Арга хэмжээ өндөрлөөд явах гэж байхад “Наадам” төвийн 4 давхарт маргаан болж байсан. Тэгээд яг машиндаа суух гэж байхад Золбоо “М намайг цохичихлоо” гээд ирсэн. Тэгтэл М цаанаас ирж байсан. Ямар байдлаар цохисоныг мэдээгүй. Нэг мэдэхэд нүд харанхуй оргиод би газар суухад намайг өшиглөсөн. Би өөрөө таксинд суугаад гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн. Сүүлд бичлэг үзэхэд М намайг хажуу талаас тохойгоороо цохиод суухад өшиглөсөн байсан.

Хэрэг гарсанаас хойш М нэг ч удаа ирж уулзаагүй. Надтай ямар ч тохиролцоо хийгээгүй. Би зүүн урд шүдэндээ суваг суулгуулж шүд хийлгэсэн. Эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа, нийт 3.111.665 төгрөг болсон.

Үүнээс гадна би өөрөө эрх зүйч мэргэжилтэй, “Хасбу-Айрон” ХХК-д сарын 1.0 сая төгрөгийн цалинтай хуулийн зөвлөхөөр ажилладаг. “Хасбу Айрон” ХХК-иас авдаг 1.0 сая төгрөгийн цалингаас тооцуулж нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг.  Мөн “Арвин Алтан Бумба” ХХК-д орон тооны бус ажилтнаар гэрээгээр ажиллаж, хууль эрх зүйн талаас зөвлөгөө өгөх, бичиг баримт, эрх зүйн акт боловсруулах зэрэг ажил эрхэлж, сард тогтмол 1.200.000 төгрөгийн цалин авдаг. Шүүгдэгч Мд зодуулж биедээ гэмтэл авснаас эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэх, эмнэлгээс гарсны дараа гэрээр эмчилгээ хийлгэн ажил хөдөлмөр эрхлээгүй хугацаанд алдагдсан цалин 2019 оны 10 сарын 19-нөөс хойш 2 сарын хугацаанд ажилгүй байсан. Энэ хугацааны цалин орлого нийт 4.400.000 төгрөг нэхэмжилнэ. Нийт хохиролд тооцон эмчилгээний зардал болон өвчний учир ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7.500.000 төгрөгийг Мгээс гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү. Хохирлоо баргдуулж авмаар байна. Миний хувьд нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжээ авч чадаагүй. Надад учирсан бодит хохирол энэ тул би хохирлоо авмаар байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2447 0075 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг гарсан 2019 оны 10 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн 4 давхрын автомашинй зогсоолын хяналтын камерийн бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд, уг CD-г Эд мөрийн баримтаар тооцох тухайн мөрдөгчийн тогтоол /хэргийн 06-21х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Агийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 10 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн 4  давхарт байрлах “Мидас” нэртэй лаунжид найз Хулангийн хүлээн авалтанд очсон. 2019 оны 10 дугаар сарын 20-ны 02:30 цагийн үед би харих гээд зогсоолд тавьсан машин дээрээ очиход зогсоол дээр маргаан болж байсан. Хамт ажилладаг Золбоогоор би гэрлүүгээ хүргүүлэх гэж байхад Золбоо нь “намайг зодчихлоо” гэхээр нь би “хэн зодсон юм бэ” гэхэд “М зодсон” гэж хэлсэн. Тэгээд ямар шалтгаанаар зодсон талаар асуухад “ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодсон” гээд хэлээд байж байхад цаанаас нь М гүйж ирэнгүүтээ миний зүүн нүд рүү толгойгоороо мөргөсөн.

Би тухайн үед газар унахад М дээрээс толгой тархи болон нүүр лүү хөлөөрөө өшиглөж байсан. Тэр үед хажууд байсан Золбоо, Ганбаа нар намайг газраас босгоод гадаа гаргаад таксинд суулгасан. Би таксинд суугаад явж байхдаа эхнэртэйгээ утсаар яриад, болсон явдлыг хэлээд ...бид хоёр байрны гадна уулзсан. Тэгээд дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж бүртгүүлчихээд, Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр очиж үзүүлэхэд “нарийн шинжилгээ өг” гэсэн боловч цаг орой болсон учир буцаж цагдаагийн хэлтэс дээр очиж Шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авсан.

Би тухайн үед арх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч биеэ хянах чадвартай байсан. 2019 онд Мтэй хамт ажиллаж байгаад ажлаасаа гарсан, урьд өмнө таньж мэднэ. ...М нь авто машины зогсоол дээр байхад толгойгоороо миний зүүн нүд рүү хүчтэй мөргөхөд нь би газар унасан. Тэгэхэд миний нүүр лүү хөлөөрөө өшиглөөд байсан, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Тухайн үйл явдлыг Золбоо, Ганбаа, Банзрагч бид гурав хамт явж байсан болохоор харж байсан гэж бодож байна. Би Мг цохиж зодоогүй. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Золбоогийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хулангийн төрсөн өдөр болсон. Манай ажлын А, Ганбаа, бид нар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн 4 давхарт байрлах ресторанд очоод шөнийн 03:00 цагийн үед төрсөн өдрийн арга хэмжээ дуусгавар болж, тарахаар болоод такси дуудсан. Тэгээд урьд нь манай байгууллагад ажиллаж байсан Мтэй яриа өрнүүлээд зогсоол дээр машин руугаа явж байхад М ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр миний толгой руу цохисон.

Тэгэхээр нь би зайгаа барих гээд оролдоход хажууд байсан зүс таних хүмүүс орж ирээд намайг салгасан. Би буцаад А дээр очоод “М намайг ямар нэгэн шалтгаангүйгээр цохисон” гэхэд А өөрийнхөө гадуур хувцасыг надад үлдээгээд, Мгийн өөдөөс алхаж байхад М гүйж ирээд Агийн толгой руу мөргөсөн. Тэгээд би А дээр очоод “яасан, зүгээр үү” гэхэд А нүүрээ даараад доошоо тонгойсон. Тэгээд би таксинд суугаад гэрт лүүгээ явсан.

М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нилээн согтуу байсан. А бас согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, гэхдээ биеэ хянах чадвартай байсан. М Атэй маргалдаагүй гэж бодож байна. Миний биед учирсан гэмтэл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Билэгжаргалын гэрчээр өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө манай найз Хулангийн төрсөн өдөр болоод би уригдаж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн 4 давхарт байрлах ресторанд очоод арга хэмжээ дуустал тэнд байсан. Шөнийн 03:00 цагийн үед үйл ажиллагаа дуусч, би явахаар авто машины зогсоол дээр машиндаа суух гэхэд Мг цаад талын машины хажууд үл таних 2 залуу шахаж зогсоод хэрүүл маргаан хийж байсан.

Би юу болоод байгаа юм бол гэж бодоод очиход үл таних эрэгтэй хүн Мг заамдсан байсан. Би гайгүй байлгүй гэж бодоод буцаад явсан. Тэгээд эргээд харахад авто машин явдаг хэсэгт М нэг цагаан футболкатай эрэгтэй хүний нүүр рүү цохиж байсан ба манай найз Онон дундуур нь орж салгасан. Би машиндаа суугаад яваад өгсөн.

Би тухайн үед машинтай явж байсан болохоор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мг танина, тэр цагаан футболкатай залууг танихгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 12732 тоот актын:

1. М.Агийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний хугарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн материалаар хийсэн Нэмэлт шинжилгээний 1464 тоот актын:

1. 2019.10.24-ний өдөр гаргасан 12732 тоот дугаартай дүгнэлтээр М.Агийн биед учирсан зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл гэж байгаа нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахгүй.

2. М.Агийн биед нэмэлт шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 44-45х/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 91 тоот актын:

1. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12732 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1464 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна.

2. М.Агийн биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. М.Агийн биед учирсан зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 56-60х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Т.Номинцэцэгийг байцаасан тэмдэглэлд:

“...М.Агийн биед учирсан зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Ухархайн ханын хугарал нь хагалгаанд ороод, өвчний түүхээр дахин шинжээч томилсон тохиолдолд гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Анхны учирсан гэмтлээр гэмтлийн зэрэг тогтоогдоно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55х/,

 

9. Хохирогч М.Агийн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 96-107х, 114-120х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Мгийн яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 10 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө найз Хулангийн төрсөн өдөр болоод, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн 4 давхарт байрлах “Медас” нэртэй ресторанд очсон. Үйл ажиллагаа шөнө 03:00 цагийн үед тараад би Золбоотой маргалдаж байхад зүс таних А ирээд “чи яагаад байгаа юм бэ” гэж миний өмсөж байсан хувцаснаас бариад явуулахгүй байсан. Би М.Аг “тавьчих” гэж хэлсэн боловч тавихгүй байсан. Тэр үед миний өмсөж байсан хувцас урагдахаар нь бид хоёр хоорондоо зодолдоод салцгаасан.

Тухайн үед Ганбаа гэх залуу “та хоёр тэр өрөөнд ороод зодолд” гэж хэлсэн. Бид хоёр эвлэрээд явж байхад авто машины зогсоолд А миний араас “ядуу айлын бацаан” гэж доромжлохоор нь эргэж Агийн өөдөөс гүйж очоод нүүрэн тус газар луу нь гараараа цохиход А газар унасан. Би дахин хөлөөрөө бүсэлхий хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд л би цаашаа явсан.

Би 2018 онд Атэй хамт ажилладаг болоод танилцаж байсан. Урьд өмнө түүнтэй маргалдаж байгаагүй. Би тухайн үед архи уусан байсан, гэхдээ биеэ хянах чадвартай байсан. А мөн адил архи уусан байсан. Тухайн үйл явдлыг хамт байсан Ганбаа болон Базраа нар харсан. Би Агийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 79-80х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 81х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 91х/, гэрч Б.Наранцацрал /хэргийн 125-126х/, гэрч Ц.Баярдарь /хэргийн 128х/ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Мгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам төвийн 4 давхарын авто зогсоол дээр иргэн М.Атэй тодорхой шалтаг шалтгаангүйгээр маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүр тус газарт толгойгоорр мөргөх, гараараа цохих, өшиглөх зэргээр зодож биед нь “...зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулан бэхжүүлж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Хэрэг учрал болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн 4 давхрын автомашинй зогсоолын 2019 оны 10 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн хяналтын камерийн бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд, уг CD-г Эд мөрийн баримтаар тооцох тухайн мөрдөгчийн тогтоол /хэргийн 06-21х/,

- Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 26-27х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 12732 тоот актын:

1. М.Агийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний хугарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн материалаар хийсэн Нэмэлт шинжилгээний 1464 тоот актын:

1. 2019.10.24-ний өдөр гаргасан 12732 тоот дугаартай дүгнэлтээр М.Агийн биед учирсан зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл гэж байгаа нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахгүй.

2. М.Агийн биед нэмэлт шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 44-45х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 91 тоот актын:

1. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12732 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1464 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна.

2. М.Агийн биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. М.Агийн биед учирсан зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 56-60х/,

- Хохирогч М.Агийн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 96-107х, 114-120х/,

- Шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “...М.Агийн биед учирсан зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ухархайн ханын хугарал нь хагалгаанд ороод, өвчний түүхээр дахин шинжээч томилсон тохиолдолд гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Анхны учирсан гэмтлээр гэмтлийн зэрэг тогтоогдоно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55х/,

- хэрэгт гэрчээр асуугдсан П.Золбоо /хэргийн 36-37х/, гэрч Б.Билэгжаргал /хэргийн 39х/ нарын мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч Л.Мгийн мэдүүлэг /хэргийн 79-80х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.  

 

Хэргийн хохирогч М.Агийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.М нь тодорхой шалтаг шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт мөргөсөн, өшиглөж цохисон шууд санаатай үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай шууд санаатай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Хэргийн шүүгдэгч Л.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Хан-Уул дүүргийн прокуророос Л.Мгийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ба тухайн хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.  

 

Иймд шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч М.Агийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зайлшгүй зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч М.А нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” байна.  

 

Хохирогч М.А нь гэмт хэргийн улмаас өөрт учир хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт эмчилгээний зардлын 3.111.655 төгрөг, өвчний учир хөдөлмөрийн чадвар түр алдсан 2019 оны 10 сарын 19-нөөс хойшхи хоёр сарын хугацаанд ажилгүй байсан, “Хасбу-айрон” ХХК-д хуульчийн үндсэн орон тоон дээр сарын 1.000.000 төгрөгийн цалинтай, орон тооны бус ажилтнаар сарын 1.200.000 төгрөгийн цалинтай “Арвин алтан Бумба” ХХК-д тус тус ажилладаг үндэслэлээр цалингийн алдагдал 4.400.000 төгрөг, нийт 7.511.655 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж нөхөн төлүүлэх гомдлын шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлд хамаарх баримт нотолгоог гаргаж, хэргийн 96-111, 120 дугаар талд тус тус  хавсаргуулжээ.

 

Хохирогчоос хэрэгт гаргасан баримтыг шүүх нэг бүрчлэн шинжлэн судлахад эмчилгээнд зарцуулсан баримттай зардлын дүн 3.101.088 төгрөг болж байх тул уг мөнгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хохирогч М.А нь “Хасбу айрон” ХХК-д  хуульчаар сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг болох талаар хэрэгт тус компанийн гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий тодорхойлолт баримт /хэргийн 96х/, мөн тус байгуулагаас М.А нь ХААН банк дахь өөрийн нэрийн 5085..... тоот дансаар дамжуулан цалин хөлс авч байсныг нотлох депозит дансын хуулга баримт /хэргийн 108-109х/, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх баримт /хэргийн 114-119х/ хэрэгт авагдсан тул шүүх уг баримтыг үндэслэн хохирогчийн халдлагад өртсөн 2019 оны 10 сарын 19-ны өдрөөс хойш эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлээд гарсан 2019 оны 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг түүний сарын цалин 1.0 сая төгрөгийг сарын ажлын 22 хоногт хувааж, ажлын нэг өдрийн цалинг 45.454 төгрөг гэж тогтоон, 2019 оны 10 сарын 20-ноос 2019 оны 11 сарын 16-ны өдрийн хүртэл ажлын 20 хоногоор /1.000.000:22=45.454 төгрөг/нэг хоногийн/ х 20 хоног = 909.090 төгрөг/ тооцож ажилгүй байсан хугацааны цалин олговор 909.090 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цалин олговортой холбоотой /3.501.484 төгрөг/ шаардлагын хувьд хохирогч нь эмнэлгээс гарсан 2019 оны 11 сарын 16-наас хойшхи хугацаанд хамаарах эмнэлгийн магадлагаа баримт, өвчний улмаас ажлаас тодорхой хугацаанд чөлөөлөгдсөн талаархи ажил олгогчийн шийдвэр  тушаал баримтгүй, мөн “Арвин алтан Бумба” ХХК-д ажил үүрэг тухайн хугацаанд гүйцэтгээгүй гэх байдлыг нотлох баримт зэрэг нь хангалттай бус байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй хэмээн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шилжүүлж болно” гэснийг баримтлан хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

Иймд хохирогч М.А нь цаашид хийлгэх эмчилгээний зардал төлбөртэй холбоотой болон өвчний учир ажилгүй байсан хугацааны цалин олговортой холбоотой нэхэмжлэлд хамаарах нотлох баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.  

 

Иймээс дээр дурьдсан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч  Л.Мгээс хохирогчийн эмчилгээ, эм тарианы зардлын баримтаар тогтоогдсон дүн 3.101.088 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хохирогчийн гэмт халдлагад өртсөн 2019 оны 10 сарын 19-ний өдрөөс түүний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гарсан 2019 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож /өвчний түүх баримт 114-119х/ хэргийн  цалин олговорт 909.083 төгрөг, нийт 4.010.171 /дөрвөн сая арван мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Л.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 81х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Л.Мд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, энэ хэрэгт Л.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Г овогт Л-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Л.Мгээс 4.010.171 /дөрвөн сая арван мянга нэг зуун далан нэг/ төгрөг гаргуулж, хохирогч хххх хаят оршин суух, /РД: /, Б овогт М-ийн Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.501.484 /гурван сая таван зуун нэг мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.А нь цаашид хийлгэх эмчилгээний зардал төлбөр болон ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхтэй холбогдох гомдлын шаардлагад хамаарах нотлох баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт Л.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         С.БАЗАРХАНД