| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0044/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 143
2020 03 17 2020/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д-ын Б, Г овогт Н-гийн А- нарт холбогдох эрүүгийн 19100 2243 0800 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Д.Б, Н.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 31 настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Д-ын Б /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа “Ану” нэртэй караоке ажиллуулдаг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Н-ийн А /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.А, Д.Б нар нь бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, баримт бичиг ашиглаж буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг мэдсээр байж хохирогч С.Бээс 10.000.000 төгрөг зээлж, уг зээлийн хүүнд нь тус орон сууцанд амьдруулна гэж 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,
- Мөн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, баримт бичиг ашиглаж буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол 21 дүгээр байрны 63 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг мэдсээр байж хохирогч С.Бээс 6.000.000 төгрөг зээлж, уг зээлийн хүүнд нь тус орон сууцанд амьдруулна гэж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” байгуулж, хохирогч С.Бийг төөрөгдөлд оруулж нийт 16.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б, Н.А нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна. Би анх 2016 онд таньдаг хүндээ 130.0 сая төгрөгийн зээлийг банкнаас авч өгч байсан. Гэтэл тэр хүн маань нөхөр бид хоёроос зээлсэн мөнгөө төлөхгүйгээр гадаад улс руу яваад өгсөн. Үүний улмаас нөхөр бид хоёр тэр хүний банкинд төлөх зээлийн өрөнд орж, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Нэг өдөр нөхөр бид хоёр фейсбүүк дээр “байр түрээслэнэ” гэсэн зарыг хараад, бид хоёр өөрсдийн түрээсэлж байсан байрыг түр хугацаанд “бусдад түрээслүүлэх” санаа төрж, хуурамч гэрээ байгуулж хохирогчоос нийт 16.0 сая төгрөгийг авсан.
Тухайн мөнгийг бид хоёр “түүнийг байр түрээслэнэ суух хугацаанд төлнө” гэж бодож байсан боловч амжаагүй. Дараагаар нь байрны эзэн байрны түрээсийн хугацааг сунгахгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан тул би хохирогчийг ээжийнхээ байранд хэсэг хугацаанд амьдруулсан. Бид хоёрын хуурамч гэрээ байгуулсан гэдгийг хохирогч мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин ийм асуудал гаргахгүй. Хохирогчийн хохирол болох үлдэгдэл мөнгийг ойрын хугацаанд нөхөн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Хан-Уул дүүргийн орон сууцны байрыг эхнэр, бид эхэлж өөрсдөө түрээсэлж байсан. Тухайн байрны хууль ёсны эзэмшигч нь Бямбасүрэн гэж хүн байгаа юм. Харин орон сууц түрээслэх гэрээг бид хоёр мөнгөний шаардлага гарсан тул хохирогчтой байгуулсан. Манай эхнэр анх өөрсдийн түрээслэж байсан байрыг бусдад түрээслүүлэх санааг гаргаж байсан. Бид өөрсдийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байгаа. ” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2243 0800 дугаартай хэргээс:
1. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр С.Б, Н.А нар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот буюу 41 мкв 2 өрөө орон сууцанд зээлийн хүүнд суухаар тохиролцон 10.0 сая төгрөг зээлдүүлсэн гэх “Зээлийн гэрээ, орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний хуулбар баримтууд /хэргийн 22-24х, 29-30х/,
2. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Б, Д.Б нарын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 21 дүгээр байрны 63 тоот буюу 47 мкв 3 өрөө орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний хуулбар баримтууд /хэргийн 25-28х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бийн хохирогчоор өгсөн:
“...2018 оны 5 дугаар сард фейсбүүк дээрээс “мөнгө зээлж, зээлийн хүүнд нь байрандаа суулгана” гэх зарын дагуу Б- гэх эмэгтэйтэй холбогдож уулзахад Б-ийнх гэх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоотод очиж үзэхэд тавилгатай байр байсан юм. Тухайн үед Б- нь “Би нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, байраа түрээслүүлэхээр хүмүүс нь мөнгөө бөөн өгч чаддаггүй, оюутан хүүхдэд түрээслэхээр замбараагүй байдаг, нэг бодлын та хоёроос мөнгө зээлж, хүүнд нь та нарыг суулгах юм чинь амар юм байна, манай байр таалагдаж байна уу” гэхээр нь “таалагдаж байна” гээд мөнгө зээлүүлж, зээлийн хүүнд нь уг байранд нь суухаар гэрээ хэлцэл байгуулан нотариатаар батлуулсан.
Б-ийн нөхөр А нь өөрийнхөө нэр дээр байдаг ордерийг банкны барьцаанаас авч үзүүлээд нотариатаар батлуулсан юм. Анх гэрээг нотариатаар гэрчлүүлэх үед Б- нь нөхөрийн хамт ирсэн. Тэгээд би гэрээгээ байгуулаад Аын данс руу 10.0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ингээд 2018 оны 5 сарын 06-ны өдрөөс 2019 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Б-, А нарын байранд ямар нэг асуудалгүй амьдарч байхад Б- ирж уулзаад “дахин 6.0 сая төгрөгийг зээлээд, зээлийн гэрээгээ 6 сарын хугацаагаар сунгах” талаар хүсэлт тавихаар нь нөхөртөө хэлж цалингийн зээл авахуулж, 6.0 сая төгрөгийг Б-ийн Хаан банкин дахь данс руу шилжүүлэн өгсөн.
Тэгээд нөгөө байрандаа амьдарч байхад 2018 оны 12 сарын сүүлээр нэг эмэгтэй манай гэрт орж ирээд “би энэ байранд 2018 оны 12 сарын сүүлээр нүүж орно. Б-, А хоёр байгаа юу, тэр хоёрт хэлээрэй, би энэ байрны эзэн нь байна” гэж хэлсэн. Би Б-тэй холбогдоод болсон явдлын талаар хэлэхэд “наад эмэгтэй чинь манай нөхөрийн дүү нь байгаа юм, энэ өвөл наад байранд чинь өвөлжөөд энэ байрыг авах санаатай байгаа” гэж хэлсэн.
Тэгээд манайхыг байраа суллан өөр байр луу нүүж орохыг санал болгож, Б-ийн ээж болон өөрийнх нь нэртэй байрны ордер үзүүлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 21-63 тоот 3 өрөө байр луу нүүлгэлцэж өгсөн. Ингэхдээ дахин мөнгө зээлж, зээлний хүүнд нь амьдрах тухай хэлцэл хийж нотариатаар батлуулаад амьдарч байхад 2019 оны 3 дугаар сарын сүүлээр байрны эзэн гэх хүн гарч ирээд Б-, А нарыг энд амьдарч байгаа эсэхийг асуусан. Тэр үед нь би “Б-, А нарыг өөрийн түрээслэн ажиллуулж байгаа пабдаа амьдарч байгаа, харин би энд амьдарч байгаа” талаар хэлсэн. Ер нь анх байранд орох үед Б- “хүн амьтан бид нарыг асуувал манай дүү гэж хэлээрэй” гэж захисан.
Тэгээд би Б-тэй утсаар ярьж байрны эзэн ирсэн талаар, мөн байрны ордерийг хуурамчаар хийж бид нараас мөнгө авсан талаар хэлэхэд Б-, А нар хүлээн зөвшөөрөөд зээлсэн мөнгийг чинь хурдан гаргаж өгье, байрны эзэнд битгий мэдэгдээрэй гэсэн юм. Ингээд мөнгө өгөхгүй 10 гаруй хоног болсоны дараагаар би байрны эзэнд болсон асуудлыг хэлэхэд бид нарыг байр суллаж өгөхийг шаардахаар нь байрыг нь суллаж өгөөд цагдаагийн байгууллагад хандсан.
Б-, А нар нь увуулж цувуулж 2.920.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Анх Б-, А нарт зээлийн гэрээгээр 16.0 сая төгрөгийг зээлүүлсэн. Цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа 13.080.000 төгрөгийг нэхэмжилж байсан, үүнээс 500.000 төгрөгийг нэмж өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 12.580.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол мөнгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х, 42-43х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Хүрлээбаатарын гэрчээр өгсөн:
“...Би Б- гэх эмэгтэй танина, 2018 онд над дээр ирээд байрны 2 ширхэг ордерийг хуурамчаар хийлгээд таньж мэддэг болсон. Одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2 ширхэг ордер хуурамчаар хийж өгч байсан. Тухайн үед надад “гэрээ хэлцэл хийх гээд ордер хэрэг болоод байна, хийгээд өг” гээд л би хийж өгсөн юм.
Б- гэх эмэгтэй ордерийн хаяг болон бусад дугаар, номер зэргийг хэлээд, би тэрний дагуу хийж өгсөн. Ордер тус бүрийг 30.000-50.000 төгрөгөөр хийж өгсөн байх.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Азжаргалын гэрчээр өгсөн:
“...Би Б- гэх эмэгтэйг зүс танина, манай нотариатын газраар үйлчлүүлж байсан юм. 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б- нь нөхөр А, мөн Ба гэх эмэгтэй нартай хамт ирээд “мөнгө зээлдүүлээд, зээлсэн мөнгөний хүүнд нь орон сууц хөлслүүлэх гэрээ хийлгэж баталгаажуулъя” гэж ирсэн. Тухайн үед би Баээс “мөнгөө өгсөн юм уу” гэж асуухад “би дансаар шилжүүлэн өгчихсөн” гэхээр нь “чи мөнгөө нотариатаар баталгаажуулсаны дараа мөнгө өгөх ёстой байсан” гэж хэлсэн.
Тэгээд би Б-, А нараас “хурууны хээгээр авсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн эсэх талаар лавлагаа байна уу” гэж асуухад “одоогоор аваагүй байна, авчихаад Бат өгчихнө” гэсэн. Тэгэхээр нь би Баээс “чи түрээслэн суух орон сууцруугаа орж үзсэн үү, байрныхаа түлхүүрийг авсан уу” гэхэд “би байраа очиж үзсэн, түлхүүрийг нь авчихсан” гэж хэлсэн. Ингээд би мөнгөө нэгэнт өгөөд, байрныхаа түлхүүрийг авчихсан гэсэн учраас 10.0 сая төгрөгийн зээлийн болон орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан.
Үүний дараагаар 2018 оны 11 сарын 06-ны өдөр буюу түрээсийн гэрээ дуусах өдөр Ба гэх эмэгтэй над дээр хүрч ирээд “Б- надад зээлсэн мөнгөө буцааж өгье” гээд байна. Би зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг дахин байгуулаад, нэмж 6.0 сая төгрөгийг өгөхөөр боллоо гэж хэлсэн.
Тэр үед би Бат хандаж “нөгөө хүмүүс чинь мөнгөө өгье гэж байгаа бол мөнгөө ав, дахин мөнгөө өгөх шаардлага байхгүй” гэж хэлсэн. Тэр үед Ба нь “Б-т мөнгөө шилжүүлээд өгчихсөн” гэж хэлсэн. Удалгүй Б-, А нар ирээд урьд өгсөн байсан 10.0 сая төгрөг дээр 6.0 сая төгрөгийг нэмж, 16.0 сая төгрөгийн зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг дахин байгуулан нотариатаар баталгаажуулсан.
Ингээд 1 сар гаран хугацааны дараа буюу 2018 оны 12 сарын 25-ны өдөр А, Б-, Ба нар нь “урьд хөлсөлж байсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот 41 мкв 2 өрөө орон сууцыг түрээслэхээ болиод, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 21-63 тоот 47 мкв 3 өрөө орон сууцыг түрээслэхээр болж дахин ирсэн. Би уг орон сууц хөлслөх гэрээг байгуулаад баталгаажуулж өгсөн. Мөн урьд хийсэн байсан 16.0 сая төгрөгийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад, Ааас Б- рүү үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
Тухайн ордер дээр нотариатын хуулбар үнэн гэж баталгаажуулсан тэмдэг байсан учир түүнийг үндэслэн би орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг баталгаажуулж өгсөн. Хэн гэдэг нотариат баталгаажуулсан байсныг одоо санахгүй байна, ямар ч байсан тухайн үед шинжилж хараад баталгаажуулж өгсөн юм. Мөн Ба нь мөнгөө өгчихсөн байсан учир зээлийн гэрээг байгуулж, хүүнд нь орон сууц хөлсөх гэрээг нь баталгаажуулж өгсөн. Хан-Уул дүүргийн 3-р хороо, 27а байрны 15 тоот нь Намсрайн А гэх хүний өмчлөлд байсан. Харин сүүлд хийсэн гэрээний орон сууц нь Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 дүгээр хороолол 21-63 тоот нь Дугарын Б-, Банзрагчийн Цэцэгмаа гэх хоёр хүний өмчлөл гэсэн ордерууд байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Мөнхзулын гэрчээр өгсөн:
“...Би Б- гэх эмэгтэйг танина, өөрийн байр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 21-63 тоот байрыг 2019 оны 01 сард байх, өдрийг нь санахгүй байна, Б- манай байрыг ирж үзээд сарын 750.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатайгаар түрээслэхээр болж гэрээ байгуулан орсон. Ингээд 2019 оны 3 сарын үед байх намайг гадагшаа явсан хойгуур Б- нь манай байранд өөр хүмүүсийг оруулсан байсан. Ингээд уг асуудлыг тодруулах гэхэд Б-тэй холбоогүй, манай байрны ордерийг хуурамчаар хийгээд хүнээс мөнгө зээлээд, зээлсэн мөнгөнийхөө хүүнд нь хүн оруулсан байсан. Тэр хүнийг нь байр суллаж өгөхийг 2-3 удаа шаардаад гаргасан юм. Манай байрны хувьд ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Уг байр нь миний нэр дээр байдаг, өөр хамтран өмчлөгч байхгүй.
Би Б-ийн нөхөртэй нь түрээсийн гэрээ байгуулж байсан. Тухайн үед эхнэр нь төрөх гээд эмнэлэгт хэвтчихсэн гээд А гэх залуу гэрээ байгуулсан бөгөөд тэгэхдээ Ат байрны ордерийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж өгсөн. Гэрээ байгуулах үедээ эхний гурван сарын төлбөрийг хоёр хувааж төлсөн. Одоо надад уг гэрээний хувь бараг байхгүй байх.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бямбасүрэнгийн гэрчээр өгсөн:
“...Би Б- гэх эмэгтэйг танина. Манай байр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а-15 тоот байрыг 2018 оны 4 сарын 22-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаатайгаар түрээсэлж суусан. Анх би Б-ийг гэр бүлийнхээ хүмүүсийн хамт амьдарч байгаа байх гэж бодсон. Тэгээд түрээсийн гэрээ дуусах үеэр байраа шалгаж очиход Б-ийнх биш өөр хүмүүс байсан.
Тухайн хүмүүс ямар хүмүүс болох талаар асуухад “Б-ийн нөхөрийн дүү нь” гэж хэлсэн. Ингээд сүүлдээ Б-ийн нөхөрийн дүү биш болохыг мэдээд хугацаа дуусах үед байрнаас гарах шаардлага тавьж гаргасан. Тэгээд байрнаас гаргах үед Б- нь “нэг сар суулгачих, дахиад нэг сар суулгачих” гэж гуйсаар байгаад шинэ жилийн өмнө байрыг маань суллаж өгсөн. Надад Б-тэй хийсэн түрээсийн гэрээ байгаа, хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна. Тухайн үед Б- надад байрны ордерийн хуулбарыг өгчих гэхэд нь “чамд ямар хэрэг болдог юм бэ” гээд би өгөөгүй. Б- байрны төлбөрийг хоёр хоёр сараар нь хувааж төлдөг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57х/,
8. С.Бийн Хаан банкин дахь 5607012218 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 72-79х/,
9. “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029933 дугаарт бүртгэгдсэн болон Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 21 дүгээр байрны 63 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002424 дугаарт бүртгэлтэй орон сууцнуудын хууль ёсны өмчлөгч нарын мэдээлэлтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 7/8049 дугаартай албан бичиг, “Үл хөдлөх, эр хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” баримтуудын хуулбар /хэргийн 82-86х/,
10. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Nur Capital” ХХК-иар зуучлуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэл сарын 550.000 төгрөгөөр 5 сарын хугацаатай хөлслөхөөр Д.Б болон “Nur Capital” ХХК-ийн зуучлагч А.Амандых нарын байгуулсан “Орон сууц хөлслүүлэх гэрээ” баримт /хэргийн 89-90х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Бийн гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би 2011-2014 он хүртэлх хугацаанд Sunday худалдааны төвд хувиараа лангуу түрээслэн ажиллуулж байхад миний түрээсэлдэг лангууны эзэн Мөнхчимэг нь “130.0 сая төгрөгийн зээл авах гэсэн юм, чи хамтран зээлдэгчээр ороод өгчих, оронд нь чи наад лангуун дээрээ 1 жил үнэгүй худалдаагаа хий” гэхээр нь “тэгье” гэж зөвшөөрөөд, хамтран зээлдэгчээр орсон.
Тэгэхэд Мөнхчимэг нь Австрали Улс руу надад хэлэхгүйгээр явчихсан бөгөөд нөгөө зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор Банк бус санхүүгийн байгууллага намайг хамтран зээлдэгчээр орсон болохоор “төл” гээд маргаан гарсан. Мөнхчимэгийн надад итгэмжлэл хийж өгсөн байрыг нь би Худалдаа хөгжлийн банкинд 75.0 сая төгрөгөөр барьцаанд тавьж, үлдсэн 35.0 сая төгрөгийг сар бүр төлье гэж уг Банк бус санхүүгийн байгууллагатай тохирсон.
Ингээд би сар бүр 5.0-6.0 сая төгрөгийн зээл төлөх болж, өрнөөс өрний хооронд амьдардаг болсон. Тэгээд фейсбүүкээс “мөнгө зээлж, зээлсэн мөнгөний хүүнд нь байранд сууна” гэсэн зар хараад, тухайн үед түрээсэлсэн байраа түрээслүүлээд оронд нь мөнгө зээлж болох юм байна гэж бодсон. 25 дугаар эмийн санд байдаг зурагчин, хэвлэл бэлтгэдэг хүн ордер янзалж өгдөг талаар сонсож байсан бөгөөд очиж уулзахад 30 гаран насны эрэгтэй хүн байсан.
Тэгээд тухайн үед түрээсэлж байсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 27а байрны 15 тоот байрны гэрчилгээний хуулбарыг үзүүлээд нэрийг нь А болгож янзлуулсан. Тэгээд байрны гэрчилгээг үзүүлээд, “уг байр манай нөхрийн нэр дээр байдаг, 1 жилийн хугацаатайгаар 10.0 сая төгрөг зээлээд оронд нь манай байранд суу” гэж тохиролцоод 2018 оны 5 сарын 06-ны өдөр Батэй манай нөхөр А бид хоёр гэрээ хийсэн. Тэгээд 2018 оны 12 сарын сүүлээр уг байрны эзэн “байрандаа оръё” гэж асуудал үүссэн учир Баийг өөрийн түрээсэлж байсан байр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 21-63 тоот байранд оруулсан. Уг байрны гэрчилгээг мөн өмнө нь гэрчилгээ янзлуулсан хүнээр Аын нэр дээр солиулж Бат үзүүлсэн. Ингээд мөн Баээс нэмж 6.0 сая төгрөг зээлж, 2018 оны 12 сарын 25-ны өдөр 16.0 сая төгрөг зээлсэн гэсэн гэрээг байгуулсан юм. Тэгэхэд байрны эзэн тагтнаас эд зүйлээ авах гэж байгаад Батэй уулзаад, энэ бүх асуудлын талаар мэдсэн байсан.
Би Баээс авсан нийт 16.0 сая төгрөгийг бүгдийг нь өр зээлэндээ өгсөн. Бат одоогийн байдлаар 3.0 сая төгрөгийг өгсөн байгаа, үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө. Өр зээлтэй байсан учир ийм буруу зүйл хийчихлээ. Би өөрийн гэм бурууг ойлгож ухаарсан, дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х, 63-65х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 92х, 95х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 98х/ баримт,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Аын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...2016 онд би борлуулагч хийдэг байсан бөгөөд манай эхнэр тухайн үед Sunday худалдааны төвд гутлын лангуу ажиллуулдаг байсан юм. Тэгэхэд манай эхнэр Мөнхчимэг гэх хүнтэй хамт зээл авч, лангуугаа өргөжүүлнэ гээд өөрийнхээ нэр дээр 130.0 сая төгрөгийн зээл авсан. Тухайн үед манай эхнэртэй хамтарч зээл авсан Мөнхчимэг нь тухайн мөнгийг аваад алга болчихсон. Тэрнээс хойш бид мөнгө төгрөгийн асуудалд орсон.
2018 оны 4 сард хүүхдийнхээ сургуульд ойрхон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот орон сууцыг сарын 500.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэж байсан. Тухайн байрыг түрээслэхдээ зуучилсан компанийн хүнтэй гэрээ байгууулж байсан юм.
Манай эхнэр Б- фейсбүүк үзэж байгаад “Хан-Уул дүүргийн ойролцоо мөнгө зээлүүлж, зээлсэн мөнгөний хүүнд нь байр түрээсэлж сууна” гэсэн зар байхаар нь холбогдоход Ба ирсэн. Энэ талаар би сайн мэдэхгүй байсан, манай эхнэр Б- энэ талаар ярилцаад яваад байсан.
Тэгээд би нотариатын газар эхнэрийн хамт очиж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот орон сууцыг Ба гэх эмэгтэйтэй түрээслэхээр 10.0 сая төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Өөрийн 499221682 дугаарын Голомт банкин дахь дансаар 10.0 сая төгрөгийг шилжүүлэн авсан. Тэгээд уг байранд Ба гэх эмэгтэйг оруулсан.
Байрны жинхэнэ эзэнд нь эхнэр бид хоёр түрээсийн мөнгийг бол төлж байсан юм. Тэгээд уг байрны эзэн нь түрээсийн гэрээ дуусаагүй байхад “бид нар өөрсдийн байрандаа ормоор байна, байр суллаж өг” гэсэн учир аргагүй эрхэнд Баийг 2018 оны 12 сард Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 21-63 тоот орон сууцанд оруулсан.
Уг орон сууцыг эхнэр Б- бид хоёр түрээслээд, Баийг амьдруулсан. Тухайн үед Баээс нэмж 6.0 сая төгрөгийг авсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50х, 67-68х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 99х, 102х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 105х/, Аын Анужин, Аын Ананд, Аын Хулангоо нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 108-110х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б, Н.А нарын гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Н.А, Д.Б нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002424 дугаарт бүртгэлтэй иргэн Э.Мөнхзулын өмчлөлийн /хожим Э.Мөнхзулаас Д.Бавуужавт өмчлөх эрх шилжсэн/ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-р хороолол, 21 дүгээр байрны 63 тоотын 3 өрөө орон сууцыг,
Мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029933 дугаарт иргэн Н.Даваамөнх, Н.Нямдулам, Л.Намнандорж нарын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот 2 өрөө орон сууцыг тус тус гэрээний дагуу хөлслөн амьдрах хугацаандаа Н.А нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч, Д.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-р хороолол, 21 дүгээр байрны 63 тоотын 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мэт ойлголт бусдад төрүүлэх зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ баримтуудыг хуурамчаар үйлдүүлэн, хохирогч С.Бт “уг орон сууцнуудыг өөрсдийн өмчлөлийн байр” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, “мөнгө зээлж авах, зээлийн хүүнд нь байрандаа үнэгүй суулгах” нэрийдлээр С.Бтэй Зээлийн болон Орон сууц хөлслөх гэрээг байгуулж, 2018 оны 5 сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 12 сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, захиран зарцуулсан болох нь:
- 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр С.Б, Н.А нар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот буюу 41 мкв 2 өрөө орон сууцанд зээлийн хүүнд суухаар тохиролцон 10.0 сая төгрөг зээлдүүлсэн гэх “Зээлийн гэрээ, орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний хуулбар баримтууд /хэргийн 22-24х, 29-30х/,
- 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Б, Д.Б нарын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 21 дүгээр байрны 63 тоот буюу 47 мкв 3 өрөө орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний хуулбар баримтууд /хэргийн 25-28х/,
- хохирогч С.Бийн: “...2018 оны 5 дугаар сард фейсбүүк дээрээс “мөнгө зээлж, зээлийн хүүнд нь байрандаа суулгана” гэх зарын дагуу Б- гэх эмэгтэйтэй холбогдож уулзахад Б-ийнх гэх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоотод очиж үзэхэд тавилгатай байр байсан юм. Тухайн үед Б- нь “Би нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, байраа түрээслүүлэхээр хүмүүс нь мөнгөө бөөн өгч чаддаггүй, оюутан хүүхдэд түрээслэхээр замбараагүй байдаг, нэг бодлын та хоёроос мөнгө зээлж, хүүнд нь та нарыг суулгах юм чинь амар юм байна, манай байр таалагдаж байна уу” гэхээр нь “таалагдаж байна” гээд мөнгө зээлүүлж, зээлийн хүүнд нь уг байранд нь суухаар гэрээ хэлцэл байгуулан нотариатаар батлуулсан. Б-ийн нөхөр А нь өөрийнхөө нэр дээр байдаг ордерийг банкны барьцаанаас авч үзүүлээд нотариатаар батлуулсан юм. Анх гэрээг нотариатаар гэрчлүүлэх үед Б- нь нөхөрийн хамт ирсэн. Тэгээд би гэрээгээ байгуулаад Аын данс руу 10.0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн.
Ингээд 2018 оны 5 сарын 06-ны өдрөөс 2019 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Б-, А нарын байранд ямар нэг асуудалгүй амьдарч байхад Б- ирж уулзаад “дахин 6.0 сая төгрөгийг зээлээд, зээлийн гэрээгээ 6 сарын хугацаагаар сунгах” талаар хүсэлт тавихаар нь нөхөртөө хэлж цалингийн зээл авахуулж, 6.0 сая төгрөгийг Б-ийн Хаан банкин дахь данс руу шилжүүлэн өгсөн.
Тэгээд нөгөө байрандаа амьдарч байхад 2018 оны 12 сарын сүүлээр нэг эмэгтэй манай гэрт орж ирээд “би энэ байранд 2018 оны 12 сарын сүүлээр нүүж орно. Б-, А хоёр байгаа юу, тэр хоёрт хэлээрэй, би энэ байрны эзэн нь байна” гэж хэлсэн. Би Б-тэй холбогдоод болсон явдлын талаар хэлэхэд “наад эмэгтэй чинь манай нөхөрийн дүү нь байгаа юм, энэ өвөл наад байранд чинь өвөлжөөд энэ байрыг авах санаатай байгаа” гэж хэлсэн. Тэгээд манайхыг байраа суллан өөр байр луу нүүж орохыг санал болгож, Б-ийн ээж болон өөрийнх нь нэртэй байрны ордер үзүүлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 21-63 тоот 3 өрөө байр луу нүүлгэлцэж өгсөн. Ингэхдээ дахин мөнгө зээлж, зээлний хүүнд нь амьдрах тухай хэлцэл хийж нотариатаар батлуулаад амьдарч байхад 2019 оны 3 дугаар сарын сүүлээр байрны эзэн гэх хүн гарч ирээд Б-, А нарыг энд амьдарч байгаа эсэхийг асуусан. Тэр үед нь би “Б-, А нарыг өөрийн түрээслэн ажиллуулж байгаа пабдаа амьдарч байгаа, харин би энд амьдарч байгаа” талаар хэлсэн. Ер нь анх байранд орох үед Б- “хүн амьтан бид нарыг асуувал манай дүү гэж хэлээрэй” гэж захисан. ...Б-, А нар нь увуулж цувуулж 2.920.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Анх Б-, А нарт зээлийн гэрээгээр 16.0 сая төгрөгийг зээлүүлсэн. Цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа 13.080.000 төгрөгийг нэхэмжилж байсан, үүнээс 500.000 төгрөгийг нэмж өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 12.580.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол мөнгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х, 42-43х/,
- С.Бийн Хаан банкин дахь 5607012218 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 72-79х/,
- “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029933 дугаарт бүртгэгдсэн болон Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 21 дүгээр байрны 63 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002424 дугаарт бүртгэлтэй орон сууцнуудын хууль ёсны өмчлөгч нарын мэдээлэлтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 7/8049 дугаартай албан бичиг, “Үл хөдлөх, эр хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” баримтуудын хуулбар /хэргийн 82-86х/,
- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Nur Capital” ХХК-иар зуучлуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 15 тоот орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэл сарын 550.000 төгрөгөөр 5 сарын хугацаатай хөлслөхөөр Д.Б болон “Nur Capital” ХХК-ийн зуучлагч А.Амандых нарын байгуулсан “Орон сууц хөлслүүлэх гэрээ” баримт /хэргийн 89-90х/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Хүрлээбаатар /хэргийн 51-52х/, Д.Азжаргал /хэргийн 53-54х/, Э.Мөнхзул /хэргийн 55х/, С.Бямбасүрэн /хэргийн 57х/ нарын гэрчээр өгсөн мэдүүлэг баримтууд болон шүүгдэгч Д.Б /хэргийн 47-48х, 63-65х, шүүх хуралдааны тэмдэглэл/, Н.А /хэргийн 49-50х, 67-68х, шүүх хуралдааны тэмдэглэл/ нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судласан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон ба хэргийн шүүгдэгч Н.А, Д.Б нар нь хэргийн үйл баримтад маргаагүй, өөрсдийн гэм бурууг тус тус хүлээн зөвшөөрсөн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.
Шүүгдэгч Н.А, Д.Б нарын дээрх үйлдэл нь бүлэглэн, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэх бөгөөд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх ба бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилэхээр хуульд тодорхой зааж зохицуулсан байна. /ЭХЕА-ийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйл/
Шүүгдэгч Н.А, Д.Б нар нь нэгдмэл нэг санаа зорилготойгоор, урьдаас хэлэлцэн тохирч, өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах гэсэн шунахай зорилго агуулж, хөлслөн амьдарч байсан орон сууцыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж өөрсдийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө мэт ойлголт төрүүлэх зорилгоор орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ баримтыг хуурамчаар хийлгэж, улмаар хохирогч С.Бт “орон сууцыг өөрсдийн өмчлөлийн байр” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, “мөнгө зээлж авах, зээлийн хүүнд нь байрандаа үнэгүй суулгах” нэрийдлээр Зээлийн болон Орон сууц хөлслөх гэрээгээр халхавчлан үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр нийт 16.000.000 төгрөгийг С.Бээс залилан авч, захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон тул тэдгээрийг “Залилах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн “бүлэглэн гүйцэтгэгч” нар үзнэ.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотловол зохих нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн шалгаж тогтоосон байна.
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Н.А, Д.Б нарын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Б, Н.А нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилан тогтоосон.
Шүүгдэгч нарын үйлдсэн Залилах гэмт хэргийн улмаас хохирогч С.Бт нийт 16.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “үлэмж хэмжээ”-ний хохиролд хамаарах юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж хуульчилсан.
Шүүгдэгч Д.Б, Н.А нарын үйлдсэн Залилах гэмт хэргийн улмаас хохирогч С.Бийн эд хөрөнгөд учирсан 16.000.000 төгрөгийн хохирлоос нэр бүхий шүүгдэгч нар нь 3.420.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 12.580.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...3.420.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирлоос үлдэх 12.580.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг болон шүүгдэг нарын мэдүүлэг баримтаар тогтоогдсон тул хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 12.580.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогч С.Бт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэр бүхий шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 98х, 105х/ тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна.
Шүүх, Н.А, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.А, Д.Б нарт тус бүрийг 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, тэдний хөдөлмөр эрхлэлтийн болон хөрөнгө орлогын байдлыг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт Д.Б, Н.А нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт Д-ын Б, Г овогт Н-ийн А нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Н.А нарыг тус бүрт 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б, Н.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Д.Б, Н.А нараас 12.580.000 /арван хоёр сая таван зуун наян мянга/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоот хаягт оршин суух бүртгэлтэй, /РД: /, Ч овогт С-ийн Ба-т олгосугай.
5. Энэ хэрэгт Д.Б, Н.А нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Б, Н.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД