Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

    2020           03            17                                         2020/ШЦТ/144                                 

                                                                                                                      

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-гийн Эад холбогдох эрүүгийн 20100 0000 0019 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа /томилолтоор/, шүүгдэгч М.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, орцны жижүүр ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-гийн Э /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч М.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буянт-Ухаа спорт цогцолборт зохиогдож байсан шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа С.Огийн цүнхтэй эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:            

1. Шүүгдэгч М.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Мөн хэргийн үйл баримт, гэм буруугийн тал дээр маргахгүй тул шүүхэд нэмж хэлэх зүйл алга байна. Би тухайн өдөр нилээн согтолттой байсан, гэхдээ хохирогчийн цүнхийг аваад гарсанаа бол санаж байна. Шинэ жилийн арга хэмжээнээс гараад цүнхийг нь үзэхэд гарт гар утас баригдсан болохоор гар утсыг аваад, цүнхийг зам дагуу хаячихсан юм. Би урьд өмнө хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хэрэг болсон өдрийн маргааш нь хохирогчид гар утсыг нь хүлээлгэн өгсөн. 

Одоо миний зүрх өвдөж унаж татдаг. Гэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг, “Таван толгой түлш” ХХК-д борлуулагчийн ажил хийж сард 500.000 төгрөг, мөн орцны жижүүрийн ажил хийж сард 400.000 төгрөгийн цалин тус тус авдаг. Нийт сард 900.000 төгрөгийн орлоготой. Хохирогчид үлдэх хохирлыг 2020 оны 01 сараас хойш төлж барагдуулах гэсэн боловч хохирогчийг олоогүй, хэрэгт авагдсан утас нь холбогдохгүй байгаа. Би үлдэх хохирлыг төлж барагдуулна. Өнөөдөр хохирогч шүүх хуралдаанд ирвэл өгөх гээд хохирлын мөнгийг бэлэн аваад ирсэн.“ гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0000 0019 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Огийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа цогцолбор спорт зааланд “Таван толгой” түлш ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээнд оролцсон юм. Тэгээд 21:40 цагийн орчим өөрийн цүнхээ ширээн дээр орхиод бүжгийн заал руу гарч бүжиглэж байгаад дөрвөлжин хэлбэртэй гинжэн оосортой цүнхтэй эд зүйлсээ ширээн дээрээсээ алдаж, цагдаагийн байгууллагад хандсан.

Цүнхэн дотор Samsung Galaxy S9 plus маркийн гар утас, жолооны үнэмлэх, бэлэн 30.000 төгрөг, монетон ээмэг, бөгж байсан. Samsung Galaxy S9 plus маркийн гар утсын содон шинж тэмдэг гэвэл хөх өнгийн, шилэн наалттай, ногоон алаг өнгийн гэртэй, харин монетон ээмэг, бөгжний тухайд бол цагираган талстай, дугуй хэлбэртэй. Өөр содон шинж тэмдэг байхгүй.

Цүнхийг бол үнэлж мэдэхгүй байна, тухайн өдөр эгчээсээ гуйж авсан. Харин Samsung Galaxy S9 plus маркийн гар утсаа 700.000 төгрөгөөр үнэлж байна, монетон ээмэг 800.000 төгрөг, монетон бөгж 700.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Монетон ээмэг, бөгжийг 5 жилийн өмнө 1.470.000 төгрөгөөр үнэт эдлэлийн дэлгүүрээс авч байсан юм. ...Би алдсан гар утсаа буцааж авсан, бусад эд зүйлээ буцааж аваагүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06х, 08х/,

 

2. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн:

“...үнэлэгдэж буй арьсан цүнх нь 50.000 /тавин мянга/ төгрөг, Samsung Galaxy S9 plus маркийн гар утас нь 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг, монетон ээмэг 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг, монетон бөгж 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, жолооны үнэмлэх 10.000 /арван мянган төгрөг/, үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 13х/,

 

3. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 148 тоот актын:

“...1. М.Э нь шинж тэмдгийн цөөн уналт таталт, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь бага наснаас шинж тэмдгийн уналт таталтаар эхэлсэн байх боломжтой байна. М.Э нь хэрэг учрал болох үед шинж тэмдгийн цөөн уналт таталт, засрал сайжралын байдалд байсан байна. М.Э нь хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсоны дараа шинж тэмдгийн цөөн уналт таталт эмгэгтэй байсан байна. Дээрх эмгэг тодорхой үе шат, эхлэл давтамжгүй болно.

2. М.Эын дээрх эмгэг нь олдмол эмгэг болно.

3. М.Э нь юмыг зөвөөр тусган ойлгож, мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. М.Э нь өөрийн үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байсан байна.

5. М.Э нь сэтгэцийн хувьд хэрэг харицах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 31-33х/,

 

4. Эд зүйл түр хураан авч, хохирогч С.Од “Samsung Galaxy S9 plus” маркийн гар утсыг /650.000 төгрөг гэж үнэлэгдсэн/ хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 03-04х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Эын яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Таван толгой түлш” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээнд оролцсон юм. Би “Таван толгой түлш” ХХК-д гэрээт борлуулагчийн ажил хийдэг. Шинэ жилийн арга хэмжээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор дээр болоод, би архи уучихсан байсан болохоор согтсон байсан. Орой 22 цагийн үед байхаа, гэртээ харихаар явахдаа хажуу талын ширээн дээр байсан эмэгтэй хүний цүнхийг аваад гарчихсан. Архиныхаа халуунд л авчихсан юм шиг байна лээ.

Түүнээс бол би урьд өмнө хулгай хийж байгаагүй, тэгээд гадаа гарахад харанхуй байсан болохоор нөгөө авсан цүнх рүүгээ гараа хийхэд нэг утас баридсан. Тэр утсыг нь аваад, цүнхийг нь зам дагуу хаячихсан. Тэр үед цүнхэн дотор юу байсныг нь бол мэдээгүй. Тэндээсээ такси бариад шууд гэртээ харьсан. Маргааш нь буюу 2019 оны 12 сарын 20-ны өдөр намайг ажил дээр байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би хулгай хийсэндээ маш их харамсаж байна. Тухайн гар утсыг нь буцааж өгсөн. Цэнхэр өнгийн утас байсан, Samsung S9 билүү S8 маркийн гар утас байсан байхаа. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Батцэцэгийн мэдүүлэг /хэргийн 10-11х/, шүүгдэгч М.Эын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 22х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Эын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буянт-Ухаа спорт цогцолборт зохиогдож байсан шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа С.Огийн цүнхтэй эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч С.Огийн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа цогцолбор спорт зааланд “Таван толгой” түлш ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээнд оролцсон юм. Тэгээд 21:40 цагийн орчим өөрийн цүнхээ ширээн дээр орхиод бүжгийн заал руу гарч бүжиглэж байгаад дөрвөлжин хэлбэртэй гинжэн оосортой цүнхтэй эд зүйлсээ ширээн дээрээсээ алдаж, цагдаагийн байгууллагад хандсан.

Цүнхэн дотор Samsung Galaxy S9 plus маркийн гар утас, жолооны үнэмлэх, бэлэн 30.000 төгрөг, монетон ээмэг, бөгж байсан. Samsung Galaxy S9 plus маркийн гар утсын содон шинж тэмдэг гэвэл хөх өнгийн, шилэн наалттай, ногоон алаг өнгийн гэртэй, харин монетон ээмэг, бөгжний тухайд бол цагираган талстай, дугуй хэлбэртэй. Өөр содон шинж тэмдэг байхгүй.

Цүнхийг бол үнэлж мэдэхгүй байна, тухайн өдөр эгчээсээ гуйж авсан. Харин Samsung Galaxy S9 plus маркийн гар утсаа 700.000 төгрөгөөр үнэлж байна, монетон ээмэг 800.000 төгрөг, монетон бөгж 700.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Монетон ээмэг, бөгжийг 5 жилийн өмнө 1.470.000 төгрөгөөр үнэт эдлэлийн дэлгүүрээс авч байсан юм.

...Би алдсан гар утсаа буцааж авсан, бусад эд зүйлээ буцааж аваагүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06х, 08х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн:

“...үнэлэгдэж буй арьсан цүнх нь 50.000 /тавин мянга/ төгрөг, Samsung Galaxy S9 plus маркийн гар утас нь 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг, монетон ээмэг 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг, монетон бөгж 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, жолооны үнэмлэх 10.000 /арван мянган төгрөг/, үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 13х/,

- эд зүйл түр хураан авч, хохирогч С.Од “Samsung Galaxy S9 plus” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 03-04х/ болон шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 19-20х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн эзэмшилийнх болгож захиран зарцуулах бодит бололцоо бий болсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох материаллаг болон хэлбэрийн шинжтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан.

 

М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буянт-Ухаа спорт цогцолборт зохиогдож байсан шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа хэргийн хохирогч С.Огийн цүнхтэй эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нь нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.  

 

Шүүгдэгч М.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгч М.Эын гэмт үйлдэлд нь тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Эыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилан тогтоосон.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч С.Огийн эд хөрөнгөд учирсан хохирлыг 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөг гэж тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны үнэлгээний дүгнэлт, тайлан /хэргийн 13х/ хэрэгт авагдсан ба уг үнэлгээний тайлан дүгнэлтийг эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан, хохирогч болон шүүгдэгч нь талууд дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хууль ёсны үндэслэл бүхий гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.Э нь Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлтэд 650.000 төгрөгөөр үнэлэгдсэн “Samsung Galaxy S9 plus” маркийн гар утсыг хохирогч С.Од биет байдлаар нь хүлээлгэн өгсөн талаар хэрэгт эд зүйл түр хураан авч, хохирогч С.Од хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 03-04х/, “...гар утсаа хүлээн авсан” талаархи хохирогч С.Огийн мэдүүлэг баримт /хэргийн 06х, 08х/ баримт тус тус авагдсан ба хохирлоос үлдэх 1.060.000 /нэг сая жаран мянга/ төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэл/   

Шүүгдэгч М.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн /хэргийн 22х/ байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлж арилгасан нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүх, шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол, хор уршгийг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, хохирлоос үлдэх хэсгийг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Б овогт М-гийн Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 650.000 төгрөгөөр үнэлэгдсэн “Samsung Galaxy S9 plus” маркийн гар утсыг хохирогч С.Од биет байдлаар нь хүлээлгэн өгч нөхөн төлөгдсөнийг тэмдэглэж, хохирлоос үлдэх 1.060.000 /нэг сая жаран мянга/ төгрөгийг М.Эаас гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД: /, М овогт С-гийн О-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт М.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД